| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000224 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 20 минутын үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт байрлах хогийн цэг дээр иргэн *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг архины шилээр зүүн шанаанд цохиж эрүүл мэндэд нь зүүн шанааны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний ч чих л сонсгол муутай болохоос би чөлөөтэй уншиж, бичиж чадна....гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр оройхон 18 цагийн алдад Баянхонгор сумын баруун талд байх хогийн цэг дээр мод түүх, лааз түүх зорилгоор эхнэр Цэрэнханд, хадам ээж гийн хамт очсон. Бид нар өвөө гэж дууддаг ******* гээд хөгшин лааз, төмөр түүгээд байж байсан. Тэгээд би лааз түүж байхад ******* намайг дуудаад жижиг дугуй шилтэй бор өнгийн виски задлаад түүнээс нь гурав, гурав бид 2 уугаад байж байтал эхнэр ирээд “модоо хагал” гэсэн. Тэгээд хадам ээжийн сууж байсан газар очоод модоо хагалаад байж байтал ******* “миний түүсэн юмнаас алга байна” гэсэн. Тэгэхээр нь “миний түүсэн шуудайнаас үз" гэсэн. Тэгсэн тэр шуудайтай миний түүсэн лаазны хогийг асгаж үзсэн. Тэр доороос өөрийнх нь түүсэн юм гарч ирээгүй. Тэгээд удаа ч үгүй “хэн уудаг юм” гэснээ нөгөө вискиний шилээр миний зүүн хацар руу цохисон. Тэгэхээр нь би барьж аваад хамрын дээд хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд зууралдаад жижигхэн жалга руу унасан, тэгээд босоод иртэл миний зүүн шанаанаас нэлээн цус гараад эхэлсэн, тэгсэн эхнэр цаанаас “хүн алчихлаа” гээд гүйж ирээд цагдаа дуудсан. Тухайн үед *******, би, манай хадам ээж дэргэд байсан, намайг вискиний шилээр *******ийн цохиж байхад эхнэр дэргэд байгаагүй, гомдол санал байхгүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,
4. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... П. нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 111,246 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжил байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би нөхөр , төрсөн ээж гийн хамт Баянхонгор сумын баруун талд байх хогийн цэг дээр түлээний мод, хөнгөн цагаан түүх гээд 18 цагийн үед очсон. Тэгээд нөхөр өвөөтэй уулзаад суусан, тэгээд би салж яваад мод, лаазаа түүсэн, ээж хогийн цэг рүү ордог хаалганы хажууханд сууж байсан. Тэгээд би лааз модоо түүж байгаад өвөө, нөхөр хоёр дээр буцаад иртэл архи уусан, манай нөхрийн дуу нь чангарсан байсан. Тэгэхээр нь би нөхрөө “мод хагал” гээд босгоод тэр ээжийн сууж байсан газар руу явсан. Өвөө цааш яваад өгсөн. Тэгээд байж байтал модоо аваад эргэтэл өвөө босоод ирж байсан. Тэгээд яваад очтол манай нөхрийн хацраас их цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь өвөөг “та хүн алчихаж байгаа юм биш үү” гэхэд “түй май” гээд урдаас салаавч гаргасан, тэгсэн ээж “наадах чинь шилээр цохисон” гэсэн, тэгээд айгаад шууд цагдаа дуудсан. Тэр цохисон гэх шил нь бутраад явсан байсан, жижигхэн амсар нь үлдсэн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,
6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тэгээд тэнд очтол нэг өвгөн байсан. Түүний манай охин, хүргэн хоёр таньдаг юм байна лээ. Тэгээд охин цаагуураа мод түүгээд би хогийн цэгийн үүд хавьцаа сууж байсан. Тэгэхэд манай хүргэн тэр өвгөнтэй хогийн цэгийн цаагуур яваад суугаад л байсан. Тэгж байгаад миний хажууд ирээд охины түүсэн моднуудыг хагалж байтал нөгөө өвгөн ирээд “чи энэ архийг уусан байна” гээд дээр шилээ түүнд үзүүлсэн. Тэгсэн “би уугаагүй” гэсэн чинь тэр өвгөн шилээрээ хацар руу нь цохисон, тэгээд нөгөө өвгөнийг сууж байснаа босож нөгөө өвгөнийг барьж аваад газар унагаагаад дээр нь гараад суусан. Тэгээд тэр хоёр удаач үгүй босож ирээд хоёулаа биенийгээ заамдаад аваад зогссон чинь зүүн хацраас цус их хэмжээгээр гарсан. Тэгэхээр нь би айгаад охиныгоо дуудсан. хацар руу цохихоос өмнө тэр өвгөн “миний түүсэн юмыг авсан байна” гэж ирээд шуудайтай түүсэн хогийг асгаад байсан, тэгснээ алган чинээ цагаан хайлшийг харчхаад минийх гээд байсан. Тэгж байгаад яваад өгсөн. Тэгсний дараагаар хоосон шил барьж ирээд “архи уусан байна” гээд хацар руу архины шилээр цохиод тэгээд барьцалдаж аваад газар унаад тэр хоёр босоод иртэл хацраас цус гараад ирсэн. Тэр хоёр зууралдаад газар унаад босоод ирэхэд нь тэр өвгөний хамрын дээд хэсэгт халцарсан байсан. би тэр өвгөнийг цохиж зодож байхыг хараагүй, тэгж хоорондоо зодоон болохоор юм болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,
7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай ах над руу залгаад “би хогийн цэг дээр нэг хүнтэй маргалдчихлаа, тэр хүнийг би цохичихлоо, тэр хүн намайг зодчихлоо” гэхээр нь яваад очтол цагдаа ирсэн, нэг хүний хацар нь зүсэгдсэн, манай ахын духан дээр хавдсан, эгэм нь эмзэглэлтэй байна гээд байсан. Тэгээд тэндээс шууд цагдаа руу явсан. Тэр өдөр хоёулаа нийлж архи уусан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 359 дугаартай шинжээчийн:....1. биед зүүн шанааны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаартай:....1. *******ийн биед хамрын нуруу, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй....гэх дүгнэлт /хх-ийн 61-62/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/, шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар архидан согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 20 минутын үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт байрлах хогийн цэг дээр улмаар шүүгдэгч ******* нь *******тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг архины шилээр зүүн шанаанд цохиж эрүүл мэндэд нь зүүн шанааны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******, нарын мэдүүлэг, шинжээчийн 359, 360 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нар нь архидан согтуурсаны улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, хохирогч ******* нь гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж түүний даатгалын сангаас 111.246 төгрөг гарсан талаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс уг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх 111.246 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн тул түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан вискины хагарсан хүзүүвч шилийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх вискины хагарсан хүзүүвч шилийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ