| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2023/03729/И |
| Дугаар | 001/ХТ2024/00310 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2024/00310
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01348 дугаар магадлалтай,
“А” ХХК, “Х” ХХК-д тус тус холбогдох
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,050,609,587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,
гэрээнээс учирсан хохиролд 742,979,830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг тус тус даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,
гуравдагч этгээд М, Т нарын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гуравдагч этгээд Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Б, Д, хариуцагч “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч, гуравдагч этгээд Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Д” ХХК нь “А” ХХК, “Х” ХХК нарт холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,050,609,587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 742,979,830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг тус тус даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М, Т нараас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай шаардлага гаргаж маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “А” ХХК, “Х” ХХК-аас 2,243,358,794 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 1,807,250,793 төгрөг болон “Д” ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 742,979,830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, мөн гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан “битүүмжлэх” эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай “А ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “Д” ХХК, “А” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... , ... тоот барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Т-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоотод байрлах, 107.8 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, М-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, ... тоотод байрлах, 71.6 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг “Д” ХХК, “А” ХХК нарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Д-ын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн ... , ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... тоотод байрлах, 76.2 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, уг байрны зоорийн давхрын 13 тоотод байрлах 14.58 м.кв талбайтай авто зогсоол, мөн түрээсийн зүйл болох ... улсын дугаартай BEIBEN Truck group-ийн ND2638SZ-ийн маркийн 15 ширхэг чирэгч толгой, ... улсын дугаартай BEIBEN Truck group-ийн Semi-trailer маркийн 15 ширхэг чиргүүлээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,648,229 /19,952,637+157,950+70,200+90,265+526,045+1,275,600+2,575,532/ төгрөг, хариуцагч “А” ХХК-аас төлсөн 4,311,610 /1,678,180+2,352,630+70,200+70,200 +70,200+70,200/ төгрөг, гуравдагч этгээд М-оос төлсөн 767,318 төгрөг, гуравдагч этгээд Т-аас төлсөн 1,103,512 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 11,444,944 /11,374,744+70,200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, “Д” ХХК, “А” ХХК нараас нийт 1,870,830 төгрөгийг хувь тэнцүү хэмжээгээр гаргуулж, гуравдагч этгээд М-д тус бүр 383,659 төгрөг, гуравдагч этгээд Т-т тус бүр 551,756 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01348 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2,243,358,794...” гэснийг “1,901,718,732” гэж, “...1,807,250,793...” гэснийг “2,148,890,855” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтын “...” гэснийг “...” гэж, “... УЧ, ...” гэснийг “... АА... ” гэж тус тус өөрчилж, “...” гэсний дараа “...” гэж нэмж, 4 дэх заалтын “...24,648,229/19,952,637+157,950+70,200+90,265+526,045+1,275,600 +2,575,532/ ...” гэснийг “20,797,097” гэж, “...11,444,944 /11,374,744+70,200/...” гэснийг “9,736,744” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Д” ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 9,264,403.96 төгрөг, хариуцагч “А” ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,100,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээд Д-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “А” ХХК, “Х” ХХК-ийг тус тус иргэний хариуцагчаар тогтоосон. Гэтэл уг компанийн хувьцаа эзэмшигч Д-ын өмчлөлийн эд хөрөнгөөр хариуцагч 2 хуулийн этгээдийн гүйцэтгээгүй үүргийг хангуулах шийдвэрийг шүүх гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.17-ны өдрийн 181ШШ/2024/01571 тоот шийдвэрийн 25 дахь талд “Нэхэмжлэгчээс барьцаалуулагч болох иргэн Д-ыг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тодорхойлоогүй хэдий ч тэрээр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байх тул тэрээр үр дагаврыг ойлгосон, мэдсэн гэж үзнэ” гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч иргэн нь хуулийн этгээдийн өмнөөс үүрэг хүлээх нь хэвийн асуудал мэт дүгнэлт хийсэн. Иргэн Д миний иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож, бие даан мэтгэлцэх, хувь хүний өмчлөлийн зүйлийн талаарх эрхээ бүрэн эдлэх боломжийг хязгаарлаж, шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрхийг бүрэн, бодитоор хэрэгжүүлэх боломжийг шүүх олгоогүй нь Үндсэн хуулиар хамгаалуулсан шударга шүүхээр шүүлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Шүүхээс 2 хуулийн этгээдийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгийн маань өмчлөгчийн эрхийг хэдэн хүн хэрэгжүүлж байдаг талаар мэдээлэл, баримт бичиг гаргах эрхийг маань хязгаарласан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.17-ны өдрийн 181ШШ/2024/01571 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.01-ний өдрийн 210/MA2024/01348 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…2,243,358,794 төгрөг гаргуулж” гэсэн хэсэг, 2 дахь заалтыг бүхэлд нь, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.01-ний өдрийн 210/МА2024/01348 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 2,243,357,794...” гэснийг “1,901,718,732” гэж, “…1,807,250,793 ...” гэснийг “2,148,890,855” гэж тус тус өөрчилж” гэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүн болох 4,050,609,587 төгрөгөөс үндсэн төлбөр, хүү, алданги, хохирлыг ялгаатай хасаж тооцсон, анхан шатны шүүх нэхэмжлэгч “Д” ХХК-ийг алданги шаардах эрхтэй гэж үзсэн ч алдангийг 50 хувиар бууруулж гаргуулахаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг алданги авах эрхгүй байна гэж дүгнэсэн, гуравдагч этгээд нарын итгэмжлэлийн талаар, нэхэмжлэгчийн хохирлын талаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг үйл баримт буюу нэг харилцаатай холбогдуулан хуулийн өөр өөр зүйл, заалтыг хэрэглэсэн байх тул Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага зүй ёсоор үүссэн гэж үзэж байна.
Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар алдангийн талаар шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “Талуудын хооронд гэрээний 2.6-д “төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн /2,252,771,553/ дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг зөрчил арилах хүртэл хугацаанд төлөх”-өөр тохирсон, энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийх” шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй... шүүх энэ шийдвэрийн 4-т дурдсан хэргийн нөхцөл байдал, хөл хорио болоод төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг 50 хувиар бууруулж тооцон 563,192.888 төгрөг гаргуулна” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс “5.5. Түүнчлэн талууд санхүүгийн түрээсийн гэрээний 2.6-д түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч нэхэмжлэгч нь дор дурдсан үндэслэлээр хариуцагчаас алданги 1,126,385,777 төгрөг төлөхийг шаардсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх “А” ХХК болон “Х” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тул “А” ХХК, “Х” ХХК алданги төлөх ёстой гэж зөв дүгнэсэн боловч алдангийг 50 хувиар бууруулж байгаа үндэслэлээ дутуу тайлбарласан буюу хэргийн ямар нөхцөл байдал алдангийг бууруулах нөхцөл болсон, хөл хорионоос үл шалтгаалан “А” ХХК нь орлого олж байсан талаарх Татварын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 2021 он, 2022 он, 2023 оны хагас жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нотлогдож байхад хөл хорионы талаар дурдаж алдангийг бууруулсан нь үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч нь 2020.01.24-ний өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд түрээсийн зүйлийн үнийг худалдагчид бүрэн шилжүүлэхээр анх төлбөрийн хуваарьт тусгаж үүрэг хүлээсэн боловч эхний төлбөр 1,651,500 юаныг 2020.01.31-ний өдөр шилжүүлснээс хойш дараагийн төлбөр 8 сар орчмын дараа буюу 2020.09.25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2020.10.21-ний өдөр тус тус хийгдсэн. Тодруулбал, нэхэмжлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн” гэж буруу дүгнэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргасан БНХАУ-ын “Ө ” ХХК/нийлүүлэгч/, “Д ” ХХК/худалдан авагч/ болон “А ” ХХК/түрээслэгч/-ийн хооронд 2019.12.30-ны өдөр 2019HQZWS1106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г давж заалдах шатны шүүх дутуу судалсан, “Д ” ХХК нь түрээсийн зүйлийн үнийг худалдагчид бүрэн шилжүүлэхээр үүрэг хүлээсэн гэж буруу дүгнэсэн байна. Мөн худалдагчийн үүрэг болох урьдчилгаа төлбөр шилжсэн өдрөөс эхлэн түрээсийн зүйлийг үйлдвэрлэх 45 хоногийн хугацааг нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн төлбөр төлж дуусгах хугацаа гэж тооцсон байгаа нь үндэслэлгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийн нөхцөлийг хэрхэн гүйцэтгэх талаар дарааллыг талууд тохиролцсон байдаг. Гэрээний 3.1-д зааснаар “Д” ХХК нь эхлээд төлбөрийн 30 хувийг шилжүүлэх үүрэгтэй. Урьдчилгаа 30 хувийн төлбөр хийгдсэн даруйд худалдагч тал нь түрээсийн зүйлийг үйлдвэрлэж эхлэх бөгөөд үйлдвэрлэж дуусан тээвэрлэлт эхлэхээс өмнө “А” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй чанарын шаардлага хангасан гэж дүгнэн, худалдагч тал болон “А” ХХК нь акт үйлдэж, “Д” ХХК-д ирүүлсэн үед гэрээний үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлэх, Монгол Улсын хилээр нэвтрэх үед үлдэгдэл 20 хувийн төлбөр, гаалийн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус төлөх үүрэгтэй байсан. Гэтэл “Д” ХХК-аас гэрээний үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлэхээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2020.04.29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор “Д” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, төлбөрийг шилжүүлэх боломжгүй болсон байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Д” ХХК-ийг хариуцагч “А” ХХК болон “Х” ХХК-аас алданги нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн хэдий ч анхан шатны шүүхээс үндэслэл дулимаг, алдангийг бууруулахгүй байх үндэслэл бүхий нотлох баримт “А” ХХК-ийн татварын тайлан байсаар байхад алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан 50 хувиар бууруулж тооцон 563,192,888 төгрөг болгосон бол давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх талаар дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг хасах болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2 өөр хуулийн заалт ашигласан нь зөрүүтэй байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хуримтлагдсан алданги 1,126,385,777 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гуравдагч этгээд нарын итгэмжлэлийн талаар дүгнэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “Хэргийн баримтаар өмчлөгч М болоод Д нарын зүгээс 2019.12.23, 24-ний өдрийн итгэмжлэлээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр иргэн Д д эрхийг олгосон байна. Энэ итгэмжлэлд төлөөлөгчид олгосон эрхийг үг үгчлэн тайлбарлавал хоорондоо цэг таслалаар хэд хэдэн тусдаа эрхүүдийг олгосон, үүнээс “барьцаалуулах” эрхийг олгосон байх тул зөвхөн зээлийн гэрээнд барьцаалахыг зөвшөөрсөн, харин түрээсийн гэрээнд барьцаалахыг зөвшөөрөөгүй тухай хариуцагч болоод гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлгүйг дурдав. Иймд хөрөнгөө барьцаалуулсан иргэдийг барьцааны гэрээнд оролцуулалгүй түрээслэгч, түрээслүүлэгч талууд хоорондоо гэрээг байгуулсан байгаа нь дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхээс “Барьцаа хөрөнгийн өмчлөгч М 2019.12.23-ны өдөр, Т 2019.12.24-ний өдөр тус тус Д д итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлүүдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбал үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах зэрэг эрх олгожээ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх... итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан ба дээрх итгэмжлэлүүдэд санхүүгийн түрээстэй холбоотой хүсэл зориг илэрхийлээгүй байна” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс барьцааны гэрээг иргэн Д тай байгуулах байсан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс санхүүгийн түрээстэй холбоотой хүсэл зориг илэрхийлээгүй байна гэж ялгаатай дүгнэсэн байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх “Д” ХХК болон “А” ХХК нь барьцааны гэрээ байгуулахдаа иргэн Д-д олгосон итгэмжлэлийг ашигласан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу “А” ХХК иргэн М, Т нараас огт итгэмжлэл аваагүй байж хөрөнгийг нь барьцаалах гэрээ байгуулсан байна. Харин “Д” ХХК нь иргэн Д тай барьцааны гэрээ байгуулсан бол гэрээ хүчин төгөлдөр байх байсан гэж дүгнэсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх иргэн М, Т нараас иргэн Д-д итгэмжлэл олгохдоо зээлийн барьцаанд бариулах зөвшөөрөл өгсөн. Гэтэл иргэн Д нь зээлийн барьцаанд биш санхүүгийн түрээсийн барьцаанд бариулахаар гэрээ байгуулсан нь зөвшөөрлийг буруу гэрээнд ашигласан гэж дүгнэсэн байна. Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны 17 дугаар тогтоолд “хүсэл зоригийн агуулга” гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар гэж тодорхойлсон. Хүсэл зоригийн агуулгыг тодорхойлоход үгийн шууд утгыг гол төлөв анхаарна гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын эрмэлзлийн мөн чанарыг буруу тодорхойлсон байна. Гуравдагч этгээдийн эрмэлзэл нь хөрөнгөө барьцаанд бариулах зорилготой. Зээлийн үү, санхүүгийн түрээсийн үү гэдэг нь эрмэлзэл биш бөгөөд төрлийн ялгааг илтгэж байгаа хэлбэр юм. Гуравдагч этгээд нар энэ итгэмжлэлээр Д нь зээлийн барьцаанд тавиад Д нь зээлээ төлж чадахгүй тохиолдолд гуравдагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулаад хөрөнгөө хураалгах юм бол асуудалгүй юм шиг барьцаалах хүсэл зориг, эрмэлзэл нь биелэгдэж байна. Гэтэл санхүүгийн түрээсийн барьцаанд тавиад Д нь зээлээ төлж чадахгүй тохиолдолд гуравдагч этгээд нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахгүй гэж байгаа нь гуравдагч этгээд нар барьцаалах хүсэл зориг, эрмэлзлээ үгүйсгэсэн болж байна.
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар зөвшөөрөл нь байгаа хэдий ч зээлийн биш санхүүгийн түрээсийн барьцаанд бариулсан нь зөвшөөрөгдөөгүй хэлцэл гэж үзээд байна. “Д” ХХК-ийн зүгээс 2023 оны 8 сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл иргэн М , Т нар 2019.12.25-ны өдрийн ... , ... тоот барьцааны гэрээг огт мэдээгүй, өмчлөлийнх нь хөрөнгийг барьцаалсан болохыг улсын бүртгэлээс огт мэдээгүй, бидний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна гэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. “Д” ХХК-аас иргэн М, Т нарт санхүүгийн түрээсийн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгө нь үүргийн гүйцэтгэл хангуулахаар болж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Мэдэгдсээр байхад огт хариу өгөөгүй, эсэргүүцээгүй байж шүүхэд маргаан үүсэх үед гэнэт мэдсэн мэт тайлбар гаргаж байгаа нь “А” ХХК-ийг анх санхүүжилт авах үед хөшүүрэг болсон барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг нь хувирч, итгэмжлэлд заасан утга, итгэмжлэлийг “А” ХХК-д олгоогүй гэж анхны хүсэл зоригоос няцаж байгаа нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийг төөрөгдүүлэх, мэхлэх зорилготой байна. Мөн 2 барьцааны гэрээний барьцааны эрх хэрэгжүүлэх үндсэн эрх нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй салшгүй холбоотой нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар салгаж үл болох эрх буюу аль нэг нь байхгүй бол дангаараа хэрэгжих боломжгүй байсан санхүүгийн түрээсийн гэрээ түүний салшгүй хэсэг болох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус эсэхийг шүүхээс шийдвэрлэхдээ санхүүгийн түрээсийн гэрээний асуудлыг давхар дүгнэлгүйгээр Иргэний хуулийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлийн үр дүнд бий болсон бүхий л зүйлийг буцаан шилжүүлэх үүргийг дан барьцаалагч тал буюу “Д” ХХК-д даалгаж, “Д” ХХК-ийн барьцааны эрхгүй болж байгаа түүнчлэн уг барьцааны гэрээнүүдээс үүдэлтэй “Д” ХХК-иас шилжүүлсэн бүхий л зүйлийг хэрхэн шийдвэрлэж хохиролгүй болгох тал дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх 2019.12.23-ны өдрийн ... дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан ашигласан байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэж, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 3 барьцааны гэрээнд заасан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар дүгнэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “5.5. Талуудын хоорондох гэрээний 5.2.10-т түрээслэгч нь “түрээсийн зүйлийг... түрээслэгчид шилжүүлэхтэй холбогдон гарах зардал болон бусад зардлыг гэрээ дуусгавар болох, гэрээний хугацаа дуусах хүртэл хариуцах”-аар, 4.1.10-т түрээслэгч “... зардлыг түрээслэгчээс нөхөн төлүүлэхээр шаардах” эрхтэй гэж заасан байх тул шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар тээврийн хэрэгслийг буцаан авах үүднээс хариуцсан ажилтнуудын томилолтын зардалд гарсан 3,910,925 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс “7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хамгаалахтай холбоотой зардал гаргасан нь хохиролд тооцогдох үндэслэлгүй тул хариуцагчаас хохирол 13,210,925 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зүгээс нэхэмжилж буй хохирол болох 13,210,925 төгрөгийг анхан шатны шүүхээс дүгнэхдээ түрээсийн зүйлийг буцаан авах ажлыг гүйцэтгэсэн ажилтнуудын томилолтын зардалд гарсан 3,910,925 төгрөгийг хохиролд тооцож шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс 13,210,925 төгрөгийн хохирлыг бүхэлд нь хохирол тооцох үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2 шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч “А” ХХК-аас төлбөрийн үүргээ санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу биелүүлж байсан бол, түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болоход төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн бол дээрх түрээсийн зүйлийг нэхэмжлэгч “Д” ХХК-аас буцаан авах ажлыг гүйцэтгүүлэхээр ажилтнуудыг томилолтоор явуулах, харуул хамгаалалттай газарт байршуулж, нэмэлт зардал гаргах шаардлага үүсэхгүй байсан тул үүрэг гүйцэтгэгчийн үүргээ зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйд холбогдуулан дээрх хохирлыг нэхэмжлэх нь хууль ёсны байхад анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Д” ХХК-д учирсан хохирол 13,210,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан ашигласан байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн түрээсийн зүйлийг буцаан авах ажиллагааны зардал буюу хохиролд 13,210,925 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар 326,006,100 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “... Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар тооцож 326,006,100 төгрөгийг тус тус хасч ...” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс “... Түрээсийн зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж байгаа учир хариуцагчийн төлсөн 326,006,100 төгрөгийг уг дүнгээс хасч тооцох үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 326,006,100 төгрөгийг “Д ” ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон. Давж заалдах шатны шүүх үндэслэлээ шууд заагаагүй ч түрээсийн зүйл нэгэнт нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа учраас урьдчилгааг шууд хасаж тооцно гэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь “Д” ХХК-ийн зүгээс түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргаагүй, түрээсийн зүйлийг ашиглан үйл ажиллагаа явуулахгүй гэж түрээсийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулах ашиг сонирхолтой, үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг харгалзаж үзээгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “А” ХХК-ийн урьдчилгаанд төлсөн 326,006,100 төгрөгийн талаар маргаагүй, хариуцагч “А” ХХК нь урьдчилгаандаа төлсөн 326,006,100 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулахаар маргаагүй, урьдчилгааг илүү төлсөн гэж маргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн нийт 4,050,609,587 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч “Д” ХХК нь анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа хариуцагч “А” ХХК-ийн урьдчилгаанд төлсөн 326,006,100 төгрөгийг хасаж тооцсон байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар хариуцагч “А” ХХК нь түрээсийн зүйл 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүлийг санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд ашиглаж байхдаа элэгдэлд оруулснаас болж түрээсийн зүйлийн үнэлгээ буурсныг дүгнээгүй ба түрээсийн зүйлийг худалдаж авсан 2,252,771,554 төгрөгийн үндсэн төлбөрөөс шууд 326,006,100 төгрөгийг хасаж тооцсон байгаа нь учир дутагдалтай байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “А” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 326,006,100 төгрөгийг “Д” ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон талаар хуулийг зөрүүтэй ашиглаж хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн 4,050,609,587 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Тав. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар 699,815,824 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс “... Энэ хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрт 2020.02.29-ний өдрөөс 2023.05.12-ны өдрийн хооронд 699,815,824 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид хуралдааны явцад маргаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс “... үүнээс хариуцагчийн төлсөн 699,815,824 төгрөгийг хасахад...” гэж дүгнэсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд “А” ХХК-аас уг гэрээний төлбөрт шилжүүлсэн нийт 699,815,824 төгрөгийг “Д” ХХК-аас анхнаасаа хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг алданги болон хүүгийн төлбөрт суутган тооцож үлдэх дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд “А” ХХК-ийн төлсөн 699,815,824 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасахыг хүлээн зөвшөөрсөн мэт тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн зүгээс “А” ХХК-аас 699,815,824 төгрөг төлсөн талаар маргаагүй. Энэ төлбөрийг санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд хүү болон алдангид суутган тооцсон, төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад дээрх төлбөрийг хасаж тооцсон талаар тайлбарласан байдаг. Харин давж заалдах шатны шүүх “А” ХХК-ийн төлсөн 699,815,824 төгрөгийг ямар үндэслэлээр, яагаад нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон талаар тайлбар, дүгнэлт өгөөгүй байна. Зохигч талууд уг дүн дээр маргаагүй, хариуцагч “А” ХХК-ийн зүгээс гэрээний хугацаанд төлсөн 699,815,824 төгрөгийн төлбөрийг хасуулах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас давхардуулан хасаж шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “А” ХХК-ийн гэрээний хугацаанд төлсөн 699,815,824 төгрөгийг “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон талаар хуулийг зөрүүтэй ашиглаж хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн 4,050,609,587 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Зургаа. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т зааснаар нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд: БНХАУ-ын “Ө” ХХК /нийлүүлэгч/, “Д” ХХК/худалдан авагч болон “А” ХХК/түрээслэгч/-ийн хооронд 2019.12.30-ны өдөр 2019HQZWS1106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г дутуу судлан, буруу дүгнэлт гаргасан. Татварын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 2021, 2022, 2023 оны хагас жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн талаар үнэлж, дүгнээгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс үүдэж дээрх алдаатай дүгнэлтийг хийсэн ба холбогдох гэрээний заалт, хуулийн зохицуулалтыг харилцан уялдаанд нь хамтад нь хэрэглээгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмжид дээрх заалтуудыг тайлбарласан. Тодруулбал, Зөвлөмжийн 1.2-т “... нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй” хэмээн тайлбарласан байдаг. Хариуцагчийг ковидын нөлөөнд байсан үйл баримт нийтэд илэрхий гээд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Гэтэл дээрх ковидын нөхцөл нь хариуцагчийн тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хязгаарлаагүй. Төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжтой байсан болохыг “А” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хангалттай нотолдог. Тайланд “А ” ХХК нь 2021 онд 1,213,359,795.12 төгрөг, 2022 онд 2,806,587,326.58 төгрөг, 2023 оны хагас жилд 1,476,451,256.01 төгрөг, нийт 2 жил хагасын хугацаанд 5,496,398,377.71 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан талаар тодорхой байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.17-ны өдрийн 181/ШШ2024/01571 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.01-ний өдрийн 210/МА2024/01348 дугаартай магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн 2,252,771,554 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 658,241,332 төгрөг, хуримтлагдсан алданги 1,126,385,777 төгрөг, түрээсийн зүйлийг буцаан авах ажиллагааны зардал буюу хохиролд 13,210,925 төгрөг, нийт 4,050,609,587 төгрөгийг хариуцагч “А” ХХК болон хамтран хариуцагч “Х” ХХК-аас тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл 15 чирэгч толгой, 15 чиргүүлээр хангуулах болон 3 барьцааны гэрээнд заасан эд хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
6. Гуравдагч этгээд Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01416 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “А” ХХК болон “Х” ХХК-д холбогдуулан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүрэгт 4,050,609,587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн болон барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа: “..."Д” ХХК, “А” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2019.12.25-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2019.12.25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 3 гэрээг тус тус байгуулсан. Улмаар түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг “А” ХХК 2020.10.30-ны өдөр хүлээн авсан. Цар тахал болон Монгол Улсын Засгийн газрын 2020.04.29-ний тогтоолоор “Д” ХХК-г татан буулгахаар шийдвэрлэсэн, түрээсийн зүйлийг хүлээн авах хугацаа сунжирсан зэргийг харгалзан талууд 2021.03.05-ны өдөр харилцан тохиролцож, хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг 2021.04.28-ны өдөр хүртэл, үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2021.05.28-ны өдөр хүртэл тус тус хойшлуулсан. Гэвч “А” ХХК 2021.04.28-ны өдөр хүүгийн төлбөр төлөх байсан ч 2021.05.11-ний өдөр 163,901,865 төгрөг төлсөн ба хуваарийн дагуу 2021.05.28-ны өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 2.6-д заасны дагуу алданги тооцогдож, үүргийн зөрчил эхэлсэн. Хамтран түрээслэгч "Х" ХХК-д энэ талаар мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй. Барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Д, Т, М нарт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар мөн мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Иймээс 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг “Д” ХХК нь өөрийн харуул хамгаалалтдаа түр буцаан авсан.
Түрээсийн зүйлийг түр буцаан авахтай холбогдсон зардлыг гэрээний 4.1.10-д заасны дагуу нөхөн гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч нараас үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,252,771,554 төгрөг, 2023.12.01-ний өдөр хүртэлх хуримтлагдсан хүүгийн төлбөр 658,241,332 төгрөг, алданги 1,126,385,777 төгрөг, тээврийн хэрэгслийг түр буцаан авах ажиллагааны зардалд 3,910,925 төгрөг, 2023.07.04-ний өдрөөс 2023.11.04-ний өдрийг хүртэлх 15 ширхэг чирэгч толгой болон чиргүүлийн харуул хамгаалалтын төлбөрт төлсөн 9,300,000 төгрөг, нийт 4,050,609,587 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэжээ.
8. Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “..нэхэмжлэгч нь гэрээний үндсэн хугацааг буруу тооцсон. Манай компани түрээсийн зүйлийг 2020.10.30-ны өдөр хүлээж авсан тул 2020 оны 11 сараас 2024 оны 5 сарыг дуустал 42 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөх ёстой, ... цар тахал болон “Д” ХХК-ийг татан буулгаснаас эрх зүйн байдал нь тодорхойгүй байсан зэргээс хамааран түрээсийн зүйлийг авах хугацаа хойшилсон. Аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөхөөр гэрээнд заасан. МҮХАҮТ-ын 2021.11.09-ний өдрийн Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр уг байдлыг баталгаажуулсан. “А” ХХК өнгөрсөн хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрт нийт 699,815,824 төгрөг төлсөн. “Д” ХХК нь эдгээр нөхцөл байдлыг харгалзахгүйгээр манай төлсөн төлбөрүүдийг бүхэлд нь алданги, торгуульд суутган тооцож гэрээний эрх тэгш байдлыг ноцтой зөрчсөн. ...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгч буюу манай компаниас хамаараагүй тул үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, алданги төлөх үндэслэлгүй, 1,126,385,777 төгрөгийн алданги тооцсоныг зөвшөөрөхгүй, мөн барьцаалбар үйлдэгдээгүй тул нэхэмжлэгчийн барьцааны эрх нь баталгаажаагүй.” гэж маргасан.
9. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.09.05-ны өдөр “Х” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.13-ны 181/ШЗ2023/17185 захирамжаар хамтран хариуцагчаар оролцуулж, 2023.10.25-ны өдөр нэхэмжлэлийг захирал М-д гардуулсан, “Х ” ХХК нь 2023.10.26-ны өдөр Б-д “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК, “Х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна. Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т өөрийгөө төлөөлүүлэхээр Б-д итгэмжлэл олгосон байна. /I-xx-149,167,168, 180, 219/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ХХК нь хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хамгийн сүүлд 2023.12.01-ний өдөр нэмэгдүүлсний дараа хариуцагч “А” ХХК, гуравдагч этгээд М, Т, хариуцагч “Х” ХХК хамтран 2024.01.10-ны өдөр нэг хариу тайлбар гаргажээ. /I-хх-239-240, II-xx-151-155/ Хамтран хариуцагч “Х” ХХК нь шүүхэд тусдаа, бие даасан хариу тайлбар гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна. Тэрээр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй боловч шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцохдоо “А ” ХХК-ийн татгалзлыг дэмжиж оролцсон байна.
10. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдуулан “Санхүүгийн түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 742,979,830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг тус тус даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж, эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох” сөрөг нэхэмжлэл гаргажээ. Тэрээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэхэмжлэгч нь 15 тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт шүүхийн захирамжгүйгээр битүүмжилснээс тус компани санхүүгийн чадамжгүй болсон. Тухайлбал, БНХАУ-ын ... компанитай 2022.12.19-ний өдөр Нүүрс тээвэрлэх гэрээг байгуулж ... үүрэг хүлээсний дагуу 2023.09.07-ны өдрөөс 12 сарын 17-ныг дуустал тээвэрлэлт хийсэн бол нийт 742,979,830 төгрөгийн орлого зайлшгүй олохоор байсан ч тээврийн хэрэгслийг битүүмжилснээс уг орлогыг бүхэлд нь алдсан тул энэ хохирлыг гаргуулна. Мөн “А” ХХК нь “Д” ХХК-д эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өөрчлөх шийдвэрийг гаргаагүй, ...давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бодитоор “Д” ХХК-д даалгах үндэслэлтэй. Гэрээний 8.9 дэх хэсэгт ... эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 сарын хугацаанаас илүүгүй байх ... гэж заасныг зөрчсөн тул түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах шаардлага гаргаж байна. “Д” ХХК нь хуульд тусгайлан заагаагүй битүүмжлэх аргыг гэрээнд тусгаж, түрээсийн зүйлийг лацдан битүүмжлэх эрх авсан хэлцлийн тухайн хэсэг нь хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулсан тул гэрээний 4.1.10, 9.1-д ... битүүмжлэх эрхийг олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл үндэслэлээр тухайн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулна. Санхүүгийн түрээсийн гэрээний онцлог нь түрээслэгч түрээсийн зүйлийг бодитоор ашигласны үндсэн дээр хариу төлбөр төлөх явдал юм. Гэтэл “Д ” ХХК хугацаа хэтрэлтийн асуудалд тулгуурлан түрээслэгч “А ” ХХК-ийн маргаангүй эдлэх эрх болох түрээсийн зүйлийг түрээслэх, ашиглах, эзэмшилдээ шилжүүлэн авах эрхийг хязгаарлан зөрчиж, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж байгаа тул эрх зөрчсөн энэ үйлдлийг таслан зогсоолгох шаардлага гаргах үндэслэлтэй” гэсэн агуулгаар тайлбарласан байна.
11. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... 2 хариуцагч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт төлбөрийн зөрчлийн талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч үр дүн гараагүй тул 2023.07.03-ны өдөр түрээсийн зүйлийг битүүмжлэх талаар мэдэгдэн түр буцаан авсан нь гэрээ болон хуулийн хүрээнд хийгдсэн. “А ” ХХК нь түрээсийн зүйлийг битүүмжилснийг мэдсээр байж бусад этгээдтэй тохиролцсон нь өөрийнх нь дотоод асуудал тул 742,979,830 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. “А ” ХХК-аас 2020.03.19-ний өдрийн хүсэлтэд заасны дагуу 2020.04.01-ний өдрийн тогтоолоор эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, эхний төлөлтийг 2020.08.28-ны өдөр болгон хойшлуулсан. “Д ” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бий болсон нөхцөлөөс хамааран талууд 2021.03.05-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан. Иймээс санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага үндэслэлгүй. Гэрээний 8.9 дэх хэсэг нь гэрээний стандарт нөхцөл бөгөөд энэ санхүүгийн гэрээний түрээсийн зүйл нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж биш ачаа чирэх зориулалттай тээврийн хэрэгсэл тул хамаарахгүй учраас түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээний 4.1.10, 9.1 дэх хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч компани нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан, түрээсийн зүйлийг битүүмжлэх, буцаан авах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тул Иргэний хуулийн 56.1.9-д заасан үндэслэлд хамааралгүй. Түүнчлэн түрээсийн зүйлийг гэрээний хугацаа дуусах 2023.06.28-ны өдрийг хүртэл хариуцагчийн ашиглалтад байлгасан, төлбөрөө төлөх нэмэлт хугацаа олгож байсан ч үүрэг биелэгдээгүй тул гэрээний хугацаа дуусгавар болсны дараа 2023.07.04-ний өдөр түр буцаан авах буюу битүүмжлэх эрхээ хэрэгжүүлсэн тул эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох гэсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.
12. Гуравдагч этгээд М , Т нар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан ба “... миний өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ...13 тоотод байрлах 74,6 м.кв гурван өрөө орон сууц, ...15 тоотод байрлах 107,8 м.кв гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Гэвч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. М , Т нар нь 2019.12.23, 2019.12.24-ний өдрүүдэд тухайн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг иргэн Д д олгосон. Гэтэл барьцааны гэрээнүүдэд төлөөлөх эрхгүй этгээд “А ” ХХК гарын үсэг зурж барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хариуцагч нарын энэхүү үйлдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль зөрчсөн хэлцэл”, 56.1.8 “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул “Д ” ХХК болон “А ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.12.25-ны өдрийн №... , №... тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
13. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд “...түрээслэгч тал 2021.05.28-2022.08.25-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдож байна. Талууд гэрээгээр алданги тохирсон ба алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмжээгээр тооцвол 1,126,385,776 төгрөг, ... хэргийн нөхцөл байдал, хөл хорио болоод төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн байдал зэргийг харгалзан алдангийг 50 хувиар бууруулж тооцон 563,192,888 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2023.06.28-ны өдрөөс 2023.12.01-ний өдөр хүртэл хугацааны хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний хүү, зардал өөрөө түрээсийн төлбөртөө багтах бөгөөд зээлийн хүү биш болно. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар тээврийн хэрэгслийг буцаан авах үүднээс хариуцсан ажилтнуудын томилолтын зардалд гарсан 3,910,925 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Харин 2023.07.04-ний өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд тээврийн хэрэгслийг бусдад хадгалуулсан харуул хамгаалалтын зардал 9,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, түрээсийн төлбөрт 2,702,076,905 төгрөг, алданги 563,192,888 төгрөг, хохиролд 3,910,925 төгрөг, нийт 3,269,180,718 төгрөг. Үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 699,815,824 төгрөг, Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар тооцож худалдагч талд төлсөн 15 хувийн төлбөр болох 326,006,100 төгрөгийг тус тус хасч, үлдэх 2,243,358,794 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Харин түрээсийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахдаа “...санхүүгийн түрээсийн гэрээний 2.7-д барьцаа хөрөнгө, түрээслэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан, эсхүл фидуцийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө байхаар гэрээгээр зохицуулсан, хариуцагч 2020.12.14-ний өдрийн 33 тоот албан бичигтээ түрээсийн зүйл гэрээний хугацаа дуусаж, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд “Д ” ХХК-ийн өмчлөлд байх талаар, нэхэмжлэгч 2020.11.09-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичигт санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусаж, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд “Д ” ХХК-ийн өмчлөлд байх талаар тус тус тусгасан, улмаар талууд бодит үйлдлээрээ хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар барьцааны гэрээг байгуулсан” гэж үзжээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Түрээсийн гэрээний хугацаа 2023.06.28-ны өдөр дуусгавар болмогц нэхэмжлэгч 2023.07.04-ний өдөр тээврийн хэрэгслүүдийг буцаан авсан нь талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд гэрээний хугацааг сунгаагүй, эсрэгээрээ нэхэмжлэгчээс хугацаа сунгахыг хүлээн зөвшөөрөөгүй талаараа хуралдаанд тайлбарласан тул гэрээний хугацаа дууссаны дараа Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан түр буцаан авах эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Харин гэрээний үүргийн биелэлт хангуулах бус, гэрээний хугацаа дууссанаар түрээсийн зүйлийг буцаан авсан үйлдэл байна. Хэрэгт авагдсан “А ” ХХК-аас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2023.05.11-ний өдрийн 045 тоот албан бичигт “Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс таван толгой” ХХК болон бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу 2023.04.01-ний өдрөөс эхлэн нүүрс тээврийн үйл ажиллагаа DAP буюу Ганц мод нөхцөлөөр нийлүүлэх болсонтой холбоотойгоор нүүрс худалдах-худалдан авах 218 гэрээг зогсоосон. Энэ шийдвэрийн улмаас нүүрс тээврийн үйл ажиллагаа 2023 оны 4 дүгээр сараас эрс муудсан, үүнээс улбаалж 1-2 ширхэг автомашинаар 8 хоногт 1 удаагийн тээвэр хийхээр тохируулга хийсэн, цаашид 0 зогсолтод хүрч болзошгүй, нүүрс тендерийн үйл ажиллагаа эхлээгүй гэж дурджээ. Үүнээс үзвэл хэрэв тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч буцаан аваагүй бол нүүрс тээврээс дөрвөн сарын хугацаанд олох ёстой орлого 742,979,830 төгрөг болох нь баримтаар тогтоогдоогүй, учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Түүнчлэн диспозитив зарчмын дагуу гэрээний оролцогч талууд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх эсхүл дуусгавар болгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаа өөрсдөө харилцан тохиролцох замаар шийдвэрлэх эрхийг эдлэх тул хариуцагчийн энэ талаар гаргасан шаардлагууд шүүхийн шийдвэрлэх асуудалд хамаарахгүй, гэрээний 4.1.10, 9.1 дэх хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д хамааралгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Бие даасан шаардлагын тухайд “...“Д ” ХХК, “А ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.12.25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/14 тоот барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан тул Д ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... , Ү-2204103746 дугаарт бүртгэлтэй хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Харин тухайн гэрээг “Д ” ХХК, “А ” ХХК хооронд байгуулсан, уг гэрээнд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулагч этгээд болох М , Д нарын төлөөлөгч Д ыг иргэний хувиар оролцуулалгүй түрээслэгч, түрээслүүлэгч талууд хоорондоо гэрээг байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна” гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тухайн хэлцлийн үр дагаврыг буцааж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Д ” ХХК болон хариуцагч “А ” ХХК-ийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагч нь түрээсийн зүйлийг ашигласан 2020.10.30-ны өдрөөс 2023.07.03-ны өдрийн хугацаанд тооцогдох түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Хариуцагч үндсэн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй учир түрээсийн хүүг гэрээний хавсралтад заасан 449,305,351 төгрөгөөр анхан шатны шүүх тооцсон нь алдаатай болжээ. Нэхэмжлэгч нь түрээсийн хүүг 2023.12.01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож байх боловч тэрээр түрээсийн зүйлийг 2023.07.03-ны өдөр буцаан авсан учир Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хүү төлөхийг шаардах үндэслэлгүй. Гэрээнд заасан үндсэн төлбөр 2,252,771,554 төгрөг, үүнээс дээрх ашигласан хугацаанд жилийн 11.25 хувиар хүү бодоход 674,769,102 төгрөг тооцогдох ба үүнээс хариуцагчийн төлсөн 699,815,824 төгрөгийг хасахад 2,227,724,832 төгрөг болно. Түрээсийн зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж байгаа учир хариуцагчийн төлсөн 326,006,100 төгрөгийг уг дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй.
Хариуцагч нь 949,556 юанийг гаргах үүрэг хүлээж, 2020.01.23-ны өдөр 610,000 юань буюу 242,353,000 төгрөг, 2020.01.27-ны өдөр 355,698 юань буюу 140,678,388 төгрөг, нийт 383,031,838 төгрөгийг “Д ” ХХК-д төлсөн нь илүү төлөлттэй гэсэн тайлбараа хуульд зааснаар баримтаар нотлоогүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 1,901,718,732 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Хариуцагч “А ” ХХК болон “Х ” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул анхан шатны шүүх тэдэнд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хамтран хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн талууд санхүүгийн түрээсийн гэрээний 2.6-д түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн боловч нэхэмжлэгч нь алданги 1,126,385,777 төгрөг төлөхийг шаардсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2020.01.24-ний өдрөөс 2020.03.05-ны өдрийн хооронд түрээсийн зүйлийн үнийг худалдагч талд бүрэн шилжүүлэхээр анх төлбөрийн хуваарьт тусгаж үүрэг хүлээсэн боловч эхний төлбөр 1,651,500 юанийг 2020.01.31-ний өдөр шилжүүлснээс хойш дараагийн төлбөр 8 сар орчмын дараа буюу 2020.09.25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2020.10.21-ний өдөр тус тус хийгдсэн байх тул нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн талууд гэрээгээр тохиролцохдоо “... аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно” гэсэн нөхцөлийг заасан. Гэрээний хэрэгжилтийн явцад Засгийн газрын 2020.04.29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор “Д ” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, уг ажиллагаа 2021 оны 8 сард дуусгавар болсон байна. Иймээс давагдашгүй хүчний шинжтэй дээрх нөхцөл байдлуудын улмаас хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хамгаалахтай холбоотой зардал гаргасан нь хохиролд тооцогдохгүй тул хариуцагчаас хохирол 13,210,925 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх томилолтын зардал 3,910,925 төгрөгт холбогдох шаардлагыг хангасан нь алдаатай болсныг залруулна” гэж дүгнээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 1,901,718,732 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, мөн техникийн шинжтэй алдааг залруулсан байна.
15. Гуравдагч этгээд Д , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
16. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г үндэслэн 4,050,609,587 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгч буюу хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслүүлэгч гэрээний үүргээ хэрэгжүүлсэн боловч түрээслэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэсэн агуулгыг илэрхийлсэн, харин хариуцагч нь түрээсийн зүйлийг хугацаандаа хүлээн аваагүй, гэрээний хэрэгжилтэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, түрээсийн зүйлийг шүүхийн зөвшөөрөлгүй битүүмжилсэн зэргээс төлбөр төлөх боломжгүй болсон гэж марган, сөрөг нэхэмжлэл гаргажээ.
17. Зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийг түрээслэгч зөрчсөн эсэх, үүрэг зөрчигдөхөд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн эсэх нь маргааны үндэслэл болжээ.
18. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэг талаас “Би Ди Эм лизинг” ХХК /түрээслүүлэгч/, нөгөө талаас “А ” ХХК /түрээслэгч/ болон “Х ” ХХК /хамтран түрээслэгч/ нарын хооронд 2019.12.25-ны өдөр СТГ-19/06 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр “Beiben trucks group”-д үйлдвэрлэсэн 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүлийг худалдан авах үнээс 5,380,818 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийг санхүүжүүлж, тээврийн хэрэгслийг түрээслэгчид ашиглуулахаар, түрээслэгч тал жилийн 11,25 хувийн хүүг үндсэн төлбөрт нэмж түрээсийн төлбөрт тооцож, нийт 42 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар, төлбөрийг төлж дуусгасан нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхээр тохирч гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарьт 2021.03.05-ны өдөр СТГ-19/06-01 тоот гэрээгээр өөрчлөлт оруулсан байна. Үүнтэй зэрэгцээд худалдагч тал болох “Ө ” ХХК-тай 2019.12.30-ны өдөр “Д ” ХХК, “А ” ХХК-ууд гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь урьдчилгаа төлбөр 30 хувь 1,651,500 юанийг 2020.01.31-ний өдөр, 2020.09.25-ны өдөр 2,752,500 юань, 2020.10.21-ний өдөр 1,101,000 юань, нийт 5,505,000 юанийг худалдагч талд төлсөн үйл баримт тогтоогдсон байна. Гэрээний зүйл болох 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүл Монгол Улсын хилээр 2020.10.28-ны өдрөөс 2020.11.06-ны хооронд орж ирснээр, 2020.11.10-ны өдөр түрээслүүлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн, түрээслэгч нь тээврийн хэрэгслийг хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулсан байна.
Дээрх СТГ-19/06 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019.02.25-ны өдөр Д ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, гурван өрөө орон сууц, Д ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 14,58 мкв талбайтай авто зогсоол, Т ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, 107,8 мкв талбайтай, гурван өрөө орон сууц, М ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 71,6 мкв талбайтай гурван өрөө орон сууцнаас хангуулахаар барьцааны гэрээнүүдийг байгуулжээ.
19. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ” гэжээ. Үүнээс үзэхэд талуудын хооронд үүссэн харилцаа нь анхдагч түрээс байна.
Санхүүгийн түрээсийн гэрээ нь гэрээний тусгай төрөл болохынхоо хувьд өөрийн гэсэн үндсэн шинжийг агуулна. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлд санхүүгийн түрээст тавих шаардлагуудын аль нэгийг нь хангасан байхыг шаарджээ. Тухайлбал, гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх, гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх, гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх гэсэн нөхцөлийг заажээ.
Гэрээний зүйл нь барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө байх бөгөөд гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна. Харин гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөрийн тухайд энэ нь түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр, түрээсийн хүү зэргээс бүрддэг байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний нөхцөл, маргааны үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн тухай болон “А ” ХХК болон “Х ” ХХК-ийг энэ нэхэмжлэлийн шаардлагын хамтран хариуцагч гэж тодорхойлсон нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг зөрчөөгүй, энэ тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд зөв байна.
20. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой буюу хариуцагч нараас нийт 2,578,664,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны болон түрээсийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслүүдийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэхээр тогтов.
20.1. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бүрэн хэрэгжсэн бол гэрээний үндсэн төлбөр, графикт дурдагдсан хүүгийн төлбөрийн хамт түрээслүүлэгч нь түрээслэгч нараас нийт 2,702,076,905 төгрөгийг хүлээж авахаар байна. /I-xx-24-25/ Түрээслэгч тал эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний хугацаа нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2023.06.28-ны өдөр дуусгавар болсон ч төлбөр бүрэн төлөгдөөгүй буюу хариуцагч тал түрээсийн гэрээний хугацаанд 699,815,824 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд гэрээний хугацаа дууссан ч үлдэх төлбөрийг төлөөгүй тул түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, өөрөөс гарсан зардлыг тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4,050,609,587 төгрөгөөр тодорхойлсон байна.
20.2. Санхүүгийн түрээсийн төлбөр эргэн төлөлтийн графикт заасан хугацаанд төлөлт хийгдээгүй нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаа байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хариуцагч тал тайлбарласан байна. Тодруулбал, түрээсийн зүйлийг хууль бусаар битүүмжилж орох байсан орлогыг алдагдуулж санхүүгийн чадамжгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн, цар тахлын улмаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул үйл ажиллагаа явуулаагүй гэжээ.
20.3. Хэргийн баримтаас үзэхэд цар тахал болон түрээслүүлэгчийг татан буулгасан Засгийн газрын тогтоол гарсан зэрэгтэй холбогдуулан түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан байх бөгөөд эхний төлөлтийг 2020.08.28-ны өдөр болгон хойшлуулсан, улмаар 2021.03.05-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарьт дахин өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын байгууллагаас ирүүлсэн тайлангаар хариуцагч “А ” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоогүй, 2021 онд 1,4 тэрбум төгрөгийн, 2022 онд 2,8 тэрбум төгрөгийн орлоготой, түрээсийн зүйлийг ашиглан нүүрс тээврээр орлого олж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар баримтаар няцаагаагүй байна. /II-xx-38-71,III-хх-81,82/ Гэрээний хугацаа 2023.06.28-ны өдөр дуусгавар болоход түрээслэгч нь нөгөө талдаа төлөх төлбөрөө бүрэн төлөөгүйгээс түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг буцаан авсан ийм үед хариуцагч нь 2023.09.07-2023.12.17-ны өдрийг дуустал хугацаанд нүүрс тээвэрлэхээр бусадтай гэрээ байгуулж, олох ёстой орлогоо алдсан гэсэн тайлбарт нэхэмжлэгчийг буруутгах баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс түрээслэгч тал Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.1-д заасан үүргээ гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 206 дугаар зүйлийн 206.1-д нийцээгүй, үүргийн зөрчил гаргасан байна.
Иймээс түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ бүрэн хэрэгжсэн хэмжээгээр тооцож, хариуцагчаас төлбөр гаргуулна. Тухайлбал, түрээслэгч тал 2023.06.28-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт нийтдээ 2,702,076,905 төгрөгийг /үндсэн төлбөр 2,252,771,553 + хүү 449,305,351/ хэсэгчлэн төлөхөөр хуваарь тогтоосон ба хариуцагч түрээсийн төлбөрт 2020.02.29-ний өдрөөс 2023.05.12-ны өдрийн хооронд 699,815,824 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй, нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин хариуцагчаас түүнээс өмнөх хугацаанд төлсөн төлбөрийг тооцоонд оруулаагүй гэж маргасан байх бөгөөд тэрээр 2020.01.23-нд 610,000 юань, 2020.01.27-нд 355,698 юань, нийт 949,556.25 юань буюу 383,031,838 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, энэ нь гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнэд өөрөөс төлөх ёстой урьдчилгаа 15 хувь болох 825,750 юаниас илүү гарсан, үүнийг тооцоонд оруулж хасаагүй гэжээ. Тээврийн хэрэгслийн үнийн 30 хувийг урьдчилгаа төлбөрт худалдагч талд төлөхөөр, үүний 15 хувийг хариуцагч тал төлөхөөр тохирч, тэрээр энэ хэсгийг төлсөн тухай талууд маргаагүй байна. Харин хариуцагч нь үүнээс 123,806.25 юань илүү төлсөн гэж тайлбарлах боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.
20.4. Санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөр, хүүг хугацаандаа төлөөгүй, гэрээ зөрчигдсөний улмаас нэхэмжлэгч уг төлбөрийг шаардах эрхтэй. Иймээс 2,702,076,905 төгрөгийн үүргээс хариуцагчийн төлсөн 699,815,824 төгрөгийг хасаж тооцоход үндсэн төлбөр болон хүүд 2,002,261,081 төгрөгийг түрээслэгч тал гэрээгээр тохиролцсон үүргийнхээ дагуу төлөх үүрэгтэй байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид 326,006,100 төгрөгийг төлсөн байх боловч үүнийг дээрх үүргээс хасаж тооцохгүй. Учир нь, энэ төлбөр нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу түрээслэгчийн өөрөө төлөх 15 хувь байх бөгөөд улмаар түрээсийн гэрээний эргэн төлөлтийн үндсэн графикийг тохирч байхад уг төлбөрийг оруулж тооцсон гэж үзэхээр нөхцөл тогтоогдсонгүй. /II-xx-151, III-xx-83,114,232/
20.5. Нэхэмжлэгч нь төлбөрийн зөрчил үүссэн өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаагаар тооцож, үндсэн төлбөр 2,252,771,554 төгрөг, хүү 658,241,332 төгрөг, нийт 2,991,012,886 төгрөг шаардсанаас эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр тооцож, хариуцагч нараас түрээсийн төлбөр, хүүгийн хамт 2,002,261,081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээнд нэхэмжлэл гаргах хүртэл төлбөр, хүүг тооцох талаар тусгайлан заагаагүй, нөгөөтэйгүүр гэрээний үүргийн хугацаа зөрчигдвөл алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.
20.6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн /2,252,771,553/ дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг зөрчил арилах хүртэлх хугацаанд төлөхөөр тохирсон, хариуцагч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул гэрээгээр тохирсон алданги төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь 1,126,385,777 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан ба хоёр шатны шүүх өөр шийдэл гаргажээ.
Давж заалдах шатны шүүх “…нэхэмжлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, гэрээндээ давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тохиролцсон, мөн Засгийн газрын “Д ” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж байсан, түүнчлэн цар тахал зэрэг давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлуудын улмаас хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэсэн үндэслэлээр алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Харин анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг багасгахдаа гэрээний хэрэгжилтийн явцад гарсан үйл баримт, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчаас 563,192,888 төгрөгийн алданги гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэлтэй хэрэглэсэн, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул хариуцагч нараас алдангийг энэ хэмжээгээр гаргуулсныг үндэслэлтэй гэж дүгнэв. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг хангагдана.
20.7. Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас нэхэмжлэгч тал хохирол учирсан үндэслэлээр шаардлага гаргасныг хангана. Учир нь, түрээслэгч тал төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, түүнчлэн гэрээний хугацаа дуусахад төлбөр төлөгдөөгүйгээс түрээслүүлэгч талаас түрээсийн зүйлийг буцаан авахтай холбоотой зардал гаргасан, баримт нь хэрэгт авагдсан байх тул хариуцагчаас энэ зардлыг гаргуулах нь талуудын байгуулсан гэрээний 4.1.10, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцнэ. Иймээс тээврийн хэрэгслийг түр буцаан авах ажиллагааны зардал 3,910,925 төгрөг, харуул хамгаалалтын төлбөр 9,300,000 төгрөг, нийт 13,210,925 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй тул нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан гомдол хангагдаж байна.
20.8. Анхан болон давж заалдах шатны шүүх тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд үндэслэн түрээсийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа гэж дүгнэж, түрээсийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд түрээслүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг түрээсийн болон барьцааны зүйлээс хангуулахаар шаардсан байна.
Харин санхүүгийн түрээсийн гэрээний 10.6-д “Түрээслэгчийн гэм буруугаар гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол Түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээ нь түрээсийн зүйлийн элэгдлийг тооцсон үнэ ба төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, алдангийн хуримтлагдсан дүнгийн нийлбэрээр тодорхойлогдох бөгөөд түүнийг түрээслэгч тал төлнө” гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т нийцсэн байх боловч нэхэмжлэгч энэ үндэслэл, агуулгаар шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг гэрээний 4.1.13-т “Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол гэрээний үүргийн биелэлтийг шаардах, холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэсэн заалтаар тодорхойлсон /I-xx-1-3/ байх тул түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслүүдийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч нараас түрээсийн төлбөр, хүү, алдангийг гаргуулах нь зохигчдын байгуулсан гэрээний 2.6, 4.1.13, 10.1 дэх заалтад нийцнэ.
20.9. Түрээсийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг “...санхүүгийн түрээсийн гэрээний 2.7-д барьцаа хөрөнгө: түрээслэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан, эсхүл фидуцийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө байхаар гэрээгээр зохицуулсан, хариуцагч 2020.12.14-ний өдрийн 33 тоот албан бичигтээ түрээсийн зүйл гэрээний хугацаа дуусаж, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд “Д ” ХХК-ийн өмчлөлд байх талаар, нэхэмжлэгч 2020.11.09-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичигт санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусаж, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд “Д ” ХХК-ийн өмчлөлд байх талаар тус тус тусгасан, улмаар талууд бодит үйлдлээрээ хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар барьцааны гэрээг байгуулсан” гэж дүгнэн энэ шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Түрээслэгч нь түрээсийн зүйлийн төлбөрт нийт 1,025,821,924 төгрөг /699,815,824+326,006,100/ төлсөн байх бөгөөд төлбөрийн ихэнх хэсэг биелэгдсэн тохиолдолд үлдэх үүргийг хангуулах зорилгоор түрээсийн зүйлийг барьцаалахаар талууд тохирсон гэж үзэх боломжтой байх тул түрээсийн зүйлийг хариуцагч нарт шилжүүлэх үндэслэлтэй байна. Харин хоёр шатны шүүх түрээсийн зүйл зохигчдын хэний өмчлөлд үлдэхийг тодорхой дүгнээгүй орхигдуулсныг энэ байдлаар залруулна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас энэ шаардлагын талаар тухайлан тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдаагүй, хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.
20.10. Гуравдагч этгээд М , Т нарын гаргасан бие даасан шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч үндэслэлийн хувьд ялгаатай дүгнэлт хийснийг залруулан дүгнэнэ. Хэрэгт авагдсан баримтаар М , Т нараас Д д олгосон итгэмжлэлээс үзэхэд өмчлөгч нар өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн зээлийн харилцаанд барьцааны зүйл болгож хэрэглэсэн нөхцөл байдлыг барьцаалагч нь мэдэж байсан тул барьцаалагчийг барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс үүргийн гүйцэтгэлийг бүх барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
20.11. Гуравдагч этгээд Д ын “…өмчлөгчийн хувьд, бие даан мэтгэлцэх, хувь хүний өмчлөлийн зүйлийн талаарх эрхээ бүрэн эдлэх боломжийг хязгаарласан” гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүх “…БГ-ҮХХ-АХ2019/14 тоот барьцааны гэрээний хувьд, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д нь “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. Барьцаа хөрөнгө болох Д ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугааруудтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Тухайлбал, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “А ” ХХК-ийг төлөөлж оролцохын зэрэгцээ ипотектой холбоотойгоор анхан шатны шүүхэд мэтгэлцсэн, тайлбар баримт гаргасан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага Д ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хэвээр үлдэнэ. Энэ талаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
20.12. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, шүүх гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан үзэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөв хэрэглэсэн байна. Нөгөөтээгүүр, хариуцагч нь энэ талаар хяналтын журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
21. Хяналтын шатны шүүх хариуцагч нараас санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүү 2,002,261,081 төгрөг, алданги 563,192,888 төгрөг, түрээсийн зүйлийг буцаан авсантай холбогдон гарсан зардал 13,210,925 төгрөг, нийт 2,578,664,894 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж тогтов.
22. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тэмдэгтийн хураамжийн тухайд үндэслэлгүй өөрчлөлт оруулсныг хасах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01348 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,901,718,732” гэснийг “2,578,664,894” гэж, “2,148,890,855” гэснийг “1,471,944,693” гэж, “9,736,744” гэснийг “13,051,274” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгээс “...24,648,229/19,952,637+157,950+70,200+90,265+526,045+1,275,600 +2,575,532/...” гэснийг “20,797,097” гэж,” гэсэн хэсгийг хасаж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээд Д хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 11,042,804 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН