Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 62

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т, Т.З, Т.Б, Г.С, Т.О нарт холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Г.Т

 

         Т.З

 

          Т.Б

 

          Г.С

 

        Т.О

 

 

Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... гэх газарт байрлах ... -ний эд зүйл хадгалж байсан байранд тээврийн хэрэгсэл хэрэглэн агуулах саванд нэвтэрч 2 давхар төмөр ор, төмөр сейф, гал тогооны шүүгээ, уг кемпийн гадна байрлуулсан тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг тус тус хулгайлан бусдад 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  Т.О нь Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарыг бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... гэх газарт байрлах ... -ний эд зүйл хулгайлсан болохыг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Алтанширээ сумаас  Сайншанд  сум явж байгаад замаа буруу аваад Кемп дээр хүрээд очсон. Тэндээс дугуй, төмөр ор, төмөр сав авсан. О машинаас буугаагүй. Аймагт ирээд хашаандаа эд зүйлийг буулгасан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Зийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Орой нар шингэхийн алдад машинтай давхиж байгаад кемп дээр шууд хүрээд очсон. Тэндээс 3 дугуй, төмөр ор, авсан. Би тухайн үед битгий хэрэггүй, авч болохгүй гэж хэлж байсан. Би хулгай хийгээгүй гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хэдтэй цуг явж байгаад 3 дугуй, төмөр ор авсан. Тэндээс шууд Сайншандад ирсэн гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Г.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: Хамт явж байгаад кемп дээр очоод 3 дугуй авсан. Би дугуйг тайлж, ачилцаж өгсөн нь үнэн гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.О: Би тэнд очсон нь үнэн, гэхдээ машинаасаа буугаагүй болохоор энэ хэдийг юу хийснийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг,  

 

            Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг алдсан эд зүйлүүд нь бол ... -ийн кемпийн эд зүйлүүд мөн. Энэ төмөр шүүгээ, сейф зэрэг эд зүйлүүд нь сендвичид байсан эд зүйлүүд мөн байна. Харин содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Харин манай кемп дээр ашиглаж байсан эд зүйлүүд бол адилхан учир би таньж байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй. Манай ... нь алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг,

 

             Гэрч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 сарын дундуур байх гэж санаж байна. Т гэж хүнтэй гудманд таарсан. Тэгсэн Т намайг нэг автомашины дугуй байгаа мөн төмөр хайрцаг байгаа авахгүй юм уу гэж хэлсэн. Би тэгэхээр нь маргааш нь гэрт нь очиж үзсэн. Тэгсэн нэг том автомашины дугуй, төмөр хайрцаг хоёр үзүүлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг Тээс 320.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тухайн үед бол мөнгө төгрөг бол өгөөгүй байсан. Би мөнгийг нь тэгж байгаад л өгье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 19/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/

Үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25/

Эд зүйлд үнэлгээ хийлгэх тогтоол /хх-ийн 44-45/

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 46, 49/

Эд зүйлд үнэлгээ хийх тогтоол /хх-ийн 47/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-114/

 

Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... гэх газарт байрлах ... -ний эд зүйл хадгалж байсан байранд  нэвтэрч 2 давхар төмөр ор, төмөр сейф, гал тогооны шүүгээ, уг кемпийн гадна байрлуулсан тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 790.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч нар нь Г.Тийн эзэмшлийн ... улсын дугаартай Kia Frontier автомашинд хулгайлсан эд зүйлээ ачиж явсан тул машин механизм ашигласан гэж үзнэ.

  Шүүгдэгч Т.З, Т.Б, Г.С нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “шөнө замаа андуурч тэр кемпний гадаа очсон байсан.Тийг авч болох юмуу гэж хэлсэн. Хулгайн хэрэгт оролцоогүй...” гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Т.З, Т.Б, Г.С нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч  шүүгдэгч Г.Тийг хулгайн гэмт хэрэг үйлдэх явцад эд зүйлийг машинд ачилцах, зөөх, буулгах зэргээр санаатай хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг хангасан байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т гэмт хэрэгт гэмт хэрэгт хамтран оролцогчийн хэлбэрийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдхүүн болгон хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35,36-р зүйлийг журамлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  Т.О нь Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарыг бүлэглэн,тээврийн хэрэгсэл хэрэглэн  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... гэх газарт байрлах ... -ний эд зүйл хулгайлсан болохыг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэргийг үйлдсэн гэж аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Оийн үйлдэлд ЭБШ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Энэ гэмт хэргийн субъект нь хэрэг хариуцах чадвартай хэн ч байж болохоор заажээ. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Иргэн...өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг  заасан тул Т.О нь энэ эрхээ эдэлж өөрийн гэр бүлийн гишүүний...үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийн талаар мэдээлээгүй хэргийн субъект болохгүй гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгч  Г.Т Т.О нар нь эхнэр нөхөр буюу нэг гэр бүлийн  гишүүд болох нь хавтаст хэргийн  143-р талд авагдсан гэрлэлтийн баталгаа болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын  өмгөөлөгчөөс гаргасан  шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйл нь ... -ний эд хөрөнгийн тооллогын бүртгэлд тоологдсон эсэх, уг эд зүйлүүд актлагдсан, хөрөнгийн бүртгэлээс хасагдсан, ашиглалтын хугацаа дууссан эсэх, сахиул манаачтай байсан эсэхийг шалгаж үнэлгээг зөв тогтоох шаардлагатай. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43-р зүйлийн 43.4-т зааснаар уг аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх бүхий ажилтан биш” гэсэн хүсэлтийг хүлээн авах  үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарын 2017 оны 01 сарын 12-ны шөнө ... гэх газарт байсан кемпнээс хулгайлсан эд зүйлүүд нь  шүүгдэгч нарт үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж өөрт ашигтайгаар  авч байгаа нь  энэ гэмт хэргийн бүрэлдхүүний объектийг бүрдүүлж байна.

 

Хавтаст хэргийн 49-р талд авагдсан Ашид билгүүн ХХК-ний гаргасан эд зүйлийн үнэлгээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж хохирлын үнэлгээг тооцох үндэстэй гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 132-р талд  2017 оны 03 сарын 09-ний өдрийн ... -ний захирлын 02 тоот тушаалаар Б.Б нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42-р зүйлд заасан хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарын эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт Т.Тийн эзэмшлийн ... улсын дугаартай Kia Frontier маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба шүүгдэгч нар нь уг тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар уг тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.

 

Хохирогч Б.Бд хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан өгсөн ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нараас  гаргуулах төлбөргүй байна.

 

     Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.1-д зааснаар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246-р зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарыг бүлэглэн,тээврийн хэрэгсэл хэрэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Тийн эзэмшлийн .... улсын дугаартай Kia Frontier маркийн тээврийн хэрэгслийг хураан авч /аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа/ улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С нарт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг тус бүр 1 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Т.З, Т.Б, Г.С, нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН