Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0284

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0284

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүргийн 00 дугаар хороо, 000 дүгээр байр, 000 тоотод оршин суух Ч.О,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: ОХУ-ын иргэн Р. Р. М

Нэхэмжлэлийн шаардлага: Ч.О-ыг Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-ыг Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:Ф ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд компанийн хувьцааны 76 хувийг Ч.О, 24 хувийг Р. Р. М нар эзэмшиж, компанийн гүйцэтгэх захирлаар Р. Р. М томилогдсон юм. Гэтэл гүйцэтгэх захирал компанийн хөрөнгийг завших үйлдэл гаргаж, үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй болсон тул компанийн 76 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О би гүйцэтгэх захирлыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах саналыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан гэж заасны дагуу гүйцэтгэх захиралд гаргасан.

Ийнхүү гүйцэтгэх захирал хуулийн хугацаанд ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзэн, хурлыг товлож, гүйцэтгэх захирал Р. Р. М-ыг чөлөөлөх, гүйцэтгэх захирлаар Ч.О-ыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр хурлын зарыг хүргүүлсэн. Гэтэл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Р. Р. М хувьцаа эзэмшигчдийн хуралд хуульд заасан журмын дагуу хүрэлцэн ирж оролцоогүй тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу компанийн хувьцааны 76 хувийг эзэмшигч Ч.О оролцож, хэлэлцэх асуудлын хүрээнд ээлжит бус хурлыг хуралдуулж, хурлаас Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал Р. Р. М-ыг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.О-ыг томилсон.

Тус шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль болон компанийн дүрэмд заасан ирц бүрдсэн, хурал хойшлуулах үндэслэл байхгүй байтал Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хувьцаа эзэмшигч бүр гарын үсэг зурсан байхыг шаардаж, компанийн гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан.

Иймд тус асуудлаар гомдол гаргасныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Б******* 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8/718 тоот албан бичгээр Ээлжит бус хурал хуралдуулах тухай таны шаардлагыг гүйцэтгэх захирал хүлээн авсан болон шийдвэр гаргасан эсэх баримт байхгүй байх тул бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн гэх хариуг өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Улсын ерөнхий бүртгэгч буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр гомдол гаргахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2/3081 тоот албан бичгээр хүсэлтэд дурьдсан асуудлаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8/718 тоот албан бичгээр өмнө нь хариу өгсөн, шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг

өгсөн.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч бүр гарын үсэг зурах ёстой гэж хуульд тусгайлан заагаагүй, харин 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцвол хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Хуулийн дагуу Ф ХХК-ийн хувьцааны 76 хувийг эзэмшигч хуралд оролцож, хурлын шийдвэр хүчин төгөлдөрт тооцогдож байхад гарын үсэг зурагдаагүй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй.

Мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасны дагуу гүйцэтгэх захирал хуулийн хугацаанд шийдвэрлээгүй учир хувьцаа эзэмшигч Ч.О хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж, Монгол Улс дахь хаягаар хүргүүлсэн байхад Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Ээлжит бус хурал хуралдуулах тухай таны шаардлагыг гүйцэтгэх захирал хүлээн авсан болон шийдвэр гаргасан эсэх баримт байхгүй гэсэн нь дээрх заалтад нийцэхгүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн, хуулиас гадуур баримт шаардаж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй.

Компанийн гүйцэтгэх захирал байхгүй байгаагаас үүдэн компани татварын хэлтэст тайлан гаргаж өгөх боломжгүй болж, өдөр тутмын үйл ажиллагаа зогсож, хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/796 дугаар мэдэгдэх хуудсаар Р. Р. М  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Алтанбулаг боомтоор хил нэвтэрснээс хойш одоог хүртэл Монголд буцаж ирээгүй бөгөөд тэрээр өөрийг нь компанийн эд хөрөнгийг завшсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг мэдээд ОХУ руу зугтаж гарсан, буцаж ирэхгүй нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлагыг гүйцэтгэх захирал хүлээн авсан болон шийдвэр гаргасан эсэх баримт байхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэгэнт гадаад руу зугтаж гарсан хүнд ээлжит бус

хурлын мэдээллийг мэдэгдэх боломжгүй байна.

Түүнийг шүүхээс гуравдагч этгээдээр татаж, гуравдагч этгээдээр дуудахад ирж оролцохгүй байна. Хэрэв эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл ирэх ёстой. Мөн хувьцаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, гүйцэтгэх захирлын ажлаа хийхгүй нутаг буцсан нь тодорхой байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.О-ыг бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ф ХХК нь анх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ч.О 76 хувь, ОХУ-ын иргэн Р. Р. М  24 хувийн хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар ОХУ-ын иргэн Р. Р. М-ийг томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Ч.О нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлагыг гүйцэтгэх захирал ОХУ-ын иргэн Р. Р. М-д хандан гаргасан байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар гүйцэтгэх захирал уг санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 10 өдөрт багтаан хурал хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргахаар хуульчилсан. Гэтэл ОХУ-ын иргэн Р. Р. М-д уг санал, шаардлага нь хүргэгдсэн талаар баримтгүй байхад өөрөө хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргаж байгаа нь Компанийн тухай хуульд нийцэхгүй бөгөөд хуульд заасан хурлыг зарлан хуралдуулах журмыг зөрчсөн.

Ч.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 14 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулах-аар шийдвэр гаргасан байх боловч Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж заасантай нийцэхгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж зарласан, хуралдсан хурал байхгүй байх тул уг хурлаас гарсан хууль бус шийдвэрийг улсын бүртгэлд хөтлөх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж заасны дагуу бүртгэхээс татгалзсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Ч.О-ыг Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-ыг Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ф ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор компанийн дүрмийг баталж, Ч.О нь компанийн 76 хувийн хувьцаа, ОХУ-ын иргэн Р. Р. М Р 24 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр Р. Р. М-ийг томилсон байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь ...хувьцаа эзэмшигчдийн хурлаас гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох шийдвэр хуулийн дагуу гарсан байхад хуульд заагаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй" гэж, хариуцагч нь ...Компанийн тухай хуульд заасан журмыг зөрчиж гүйцэтгэх захиралд хурлын товыг мэдэгдэхгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж гарсан шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй тул бүртгэл хийхээс татгалзсан гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ф ХХК-ийн 76 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал Р. Р. М-д  хандан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шаардлага хүргүүлсэн байх бөгөөд улмаар гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаагүй үндэслэлээр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч Ч.О нь хувьцаа эзэмшигчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9 цагт хуралдуулах шийдвэр, хурлын зарыг Р. Р. М-д хүргүүлэх тухай мэдэгдлийг гаргажээ.

Улмаар Ф ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, хурлаас 04 дүгээр тогтоол гаргаж, Р. Р. М-ийг  гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Ч.О-ыг гүйцэтгэх захирлаар томилж, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, 19.1.2-д үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсаныг буруутгах буюу хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна, 61.1.2-д ...саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан, 61.2-д Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй гэж заасны дагуу Ф ХХК-ийн 76 хувийн хувьцаа эзэмшигч Ч.О нь гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинэ гүйцэтгэх захирал томилох асуудлаар компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж, гүйцэтгэх захирлын хаягаар хүргүүлсэн боловч гүйцэтгэх удирдлага нь ээлжит бус хурал хуралдуулах тухай ямар нэг шийдвэрийг, мөн хуулийн 61.4Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасан хугацаанд гаргаагүй тул 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно зааснаар хувьцаа эзэмшигчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах тухай 03 тоот шийдвэрийг гаргасан гэж маргаж байх боловч энэхүү шийдвэр болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлагыг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Р. Р. М-д түүний Монгол Улсад бүртгэлтэй хаяг болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, С-308 тоот хаягаар хүргүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэхүү нөхцөл байдал нь нотлогдохгүй байх тул Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй, хурлын зарыг мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ээлжит бус хурал хуралдуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шаардлага, хурлын зарыг 24 хувийн хувьцаа эзэмшигч Р. Р. М-д мэдэгдээгүй /хүргүүлээгүй/ атлаа 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах тухай 03 тоот шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлосон байх бөгөөд уг хуралдаанаар Р. Р. М-ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх, Ч.О-ыг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх гэж заасныг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна, 11.5.2энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасны дагуу Ч.О-ын Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох тухай өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, хянаад ээлжит бус хуралдааныг товлон хуралдуулсан, шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, 19.1.2-д үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2018/5329 дугаар захирамжаар Ч.О-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох Оросын Холбооны Улсын иргэн Р. Р. М-ийг  гуравдагч этгээдээр татсан, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2-5а/2239 дугаар лавлагаагаар Р. Р. М  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын хилээр гарч явсан бөгөөд Монгол Улсад дахин ирээгүй байх бөгөөд гуравдагч этгээд Р. Р. М Рнь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахаар бүрдүүлсэн материалд Оросын Холбооны Улсад оршин суух хаягаа Новосибирск хот, Красный проспект, 104 байр 5 тоот гэж тодорхойлсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс Р. Р. М-ийг  Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, тайлбар ирүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах талаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1548, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/5968, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/7758, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/2598, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/3140 тоот албан бичгүүдийг М******* ХК-ийн баталгаат шуудангаар Оросын Холбооны Улсад бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн, шүүхийн удаа дараагийн мэдэгдлээр тогтоосон хугацаанд гуравдагч этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй, хариу тайлбар ирүүлээгүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсгүүдэд заасан гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хангасан гэж үзэж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 61 дүгээр зүйлийн 61.161.7, 65 дугаар зүйлийн 65.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2 дахь заалтыг тус тус баримтлан Ч.О-ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ч.О-ыг Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О-ыг Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН