Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/03599

 

 

 

 

 

 

 

 

2021 11 08 101/ШШ2021/03599

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 00000000000000 тоотод оршин суух, Ц Б /РД: ЙЕ85090711/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 00000000000 тоотод оршин суух, С.Д /РД: ЙЛ0000000000/,

Хариуцагч: 0000000000 тоотод оршин суух, Ч.М /РД: УЗ0000000/ нарт холбогдох

15,081,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагч Ч.М,

Хариуцагч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь С.Д, Ч.М нартай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 3-р хорооны 28-р байр хаягт байрлах хуучин байсан орон сууцны зориулалттай, 2 давхар хувийн сууцыг нурааж, мөн 22*24 хэмжээтэй, 3 метр гүнтэй суурь ухаж газар шорооны ажлыг 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд бүрэн хийж гүйцэтгэсэн.

Бид 2019 оны 8 сарын 8-ны өдөр дээрх гэрээгээ бичгээр баталгаажуулан уг ажлыг хийж гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр 10.954.250 төгрөгийг 2019 оны 8 сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон ба хэрэв дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд 2 хувийн торгууль төлөхөөр тохирсон.

Хариуцагч С.Д, Ч.М нар нь 2019 оны 9 сарын 30-ны өдөр 900.000 төгрөгийг төлж үлдэгдэл 10.054.250 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагч С.Д, Ч.М нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10.054.250 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй торгууль 5.027.125 төгрөг, нийт 15.081.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Бтай гэрээ байгуулсан болон ажил гүйцэтгэсэн асуудлаар маргах зүйл алга байна. Ц.Бд ажлын хөлс төлөх нь үнэн. Газрын өмчлөгчид газрынхаа тал үнийг өгсөөр байхад газраа өөр хүнд худалдан Ч.М хөрөнгө оруулагчтай маргалдаад үүнээс болоод мөнгийг нь төлөх боломжгүй болсон.

Бид нэгэнт гэрээ байгуулсан учраас торгууль тооцохгүйгээр үндсэн 10.054.250 төгрөгийг нь хариуцагч Ч.Мтай хуваагаад тодорхой хугацаанд төлөх саналтай байна. Ч.Мыг яагаад мөнгө төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээг байгуулахад С.Д иргэний үнэмлэхгүй байсан учир намайг гарын үсэг зурчих гээд би гарын үсэг зурсан. Би газар худалдан авч бүтээн байгуулалт хийхийн тулд байраа барьцаалаад зээл авсан ба би байргүй болсон. Хэрэв шүүхээс намайг Ц.Бд мөнгө төл гэж шийдвэр гаргавал би яаж ийгээд төлнө гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч С.Д, Ч.Мт нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.081.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн төлбөр 10.054.250 төгрөг, торгууль 5.027.125 төгрөг/

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч С.Д, Ч.М нартай харилцан тохиролцож Баянгол дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, 28-р байр хаягт байрлах хашааны газарт хуучин байсан орон сууцны зориулалттай, 2 давхар хувийн сууцыг нурааж, 22*24 хэмжээтэй, 3 метр гүнтэй суурийг ухуулах ажлыг 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирч уг хугацаандаа хийж гүйцэтгэсэн талаар зохигч хэн аль нь тайлбарлаж байна.

 

Талууд дээрх тохиролцоогоо хожим бичгээр баталгаажуулан 2019 оны 8 сарын 8-ны өдөр төлбөр төлөх баталгаа үйлдсэн ба С.Д, Ч.М нар 0000000000 хаягт байрлах хашааны газарт хуучин байсан орон сууцны зориулалттай, 2 давхар хувийн сууцыг нурааж, 22*24 хэмжээтэй, 3 метр гүнтэй суурийг ухуулах ажлыг Ц.Баар 2019 оны 7 сарын 25-29-ний өдрийн хооронд гүйцэтгүүлэхээр тохирч, Ц.Б нь 2019 оны 7 сарын 29-ний өдөр дээрхи ажлыг бүрэн гүйцэтгэсэн,

Нийт ажлын хөлс 16.000.000 төгрөг, үүнээс трайлер 300.000 төгрөг, 2 тонн 315 литр буюу 4.745.750 төгрөгтэй тэнцэх түлш хийсэн, 10.954.250 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 сарын 8-14-ний хооронд Ц.Б Хаан банк дахь 000000000000000 тоот дансанд шилжүүлэхээр,

Хугацаа хэтэрсэн тохиолдолд 2 хувийн торгууль тооцно хэмээн тус тус харилцан тохиролцон хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан ба хавсралтаар Ц.Б, С.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Мын иргэний үнэмлэхний лавлагааг тус тус хавсаргажээ.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байна.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээ ёсоор хариуцагч Ч.М, С.Д нар нэхэмжлэгч Ц.Б Хаан банк дахь .................. тоот дансанд 2019 оны 9 сарын 30-ны өдөр 900.000 төгрөгийг суурийн шорооны төлбөр гүйлгээний утгатай шилжүүлсэн нь талуудын тайлбар, Ц.Б Хаан банк дахь депозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба ажлын хөлсний үлдэгдэл 10.054.250 төгрөг байгаа талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,

232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээнд 10.954.250 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 сарын 8-14-ний өдрийн хооронд Ц.Б Хаан банк дахь .................. тоот дансанд шилжүүлэхээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд 2 хувийн торгууль тооцно гэж заасан тул хариуцагч нар гэрээ ёсоор алданги бус торгууль төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба ба торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн юм.

2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээ ёсоор хариуцагч С.Д, Ч.М нар 10.054.250 төгрөгийн 2 хувь болох 201.085 төгрөгийн торгуулийг төлөхөөр байна.

 

Хариуцагч С.Д, Ч.М нарын гүйцэтгэх үүрэг:

-Үндсэн төлбөр 10.054.250 төгрөг,

-10.054.250 төгрөг*2 хувь=201.085 төгрөг, Нийт 10.255.335 төгрөг.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч С.Д, Ч.М нараас 10.255.335 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.826.040 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч С.Д, Ч.М нар өөрсдөдөө хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нь нэхэмжлэх эрхтэй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч С.Д, Ч.М нараас 10.255.335 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.826.040 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д, Ч.М нараас 179.035 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН