| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
2024 08 27 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 2404000000040 дугаартай хэргийг 2024 оны 08 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч Н.******* нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт. Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн 24 дүгээр хороо, *******ы 44 дүгээр гудамжны 12 тоот хаягт бүртгэлтэй боловч одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 11 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сар, 15 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* (РД:УГ04260609),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 03 дугаар арын 14-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны 21 дүгээр байр, 19 дүгээр байрны голд байрлах тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч 10 настай Г.*******г гэртээ харих замд нь “гар утсаараа яриулаач” гэж хэлж утсаар нь ярьчихаад цүнхэнд нь буцааж хийж байгаа мэт дүр үзүүлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утсыг нь залилан авч, 298.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө сургуулийн үүдэнд зогсож байсан 10 гаран насны эмэгтэй хүүхдээс “утсаараа яриулаач” гэж гуйж дүү рүүгээ залгахад гэртээ харьчихсан гэж хэлсэн. Тэгээд гар утсыг нь өгчихөөд тэр хүүхэд сургуулиас гараад хойшоо байрны дундуур явж байхад нь араас нь дуудаад “дахиад утсаараа яриулаач” гээд дүүтэйгээ ярих гэхэд дүү утсаа авахгүй байсан. Би тухайн охинд “эгч нь утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье” гэж хэлээд хийлгүйгээр авч үлдээд “цүнх рүү чинь хийчихлээ” гэж хэлэхэд тэр охин яваад өгсөн. Тэр утсыг “Бидний дэлгүүр”-ийн 2 давхарын гар утас засварын эгчид 60.000 төгрөгөөр зарж эм, хүнсний зүйл аваад гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24, 43, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оын 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед хичээлээ тараад сургуулийн үүдний хэсэгт найзыгаа хүлээгээд зогсож байхад нэг танихгүй эгч ирээд “утсаараа яриулаач” гэхэд нь би утсаа өгсөн, тэр эгч ярьчихаад надад өгсөн. Тэгээд би гараад 23 дугаар байр руу гэр рүүгээ харихаар тоглоомын талбай хэсэгт явж байхад нөгөө эгч араас дуудаад “дахиад утсаараа яриулаач” гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Тэр эгч ярьчихаад утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье гэхээр нь “хэрэггүй ээ эгч надад өгчих” гэхэд цүнхрүү хийж байгаа юм шиг болоод “хийчихлээ шүү” гээд яваад өгсөн. Гэртээ очоод утсаа авах гээд үзэхэд байхгүй байхаар нь эмээдээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12),
Гэрч Х.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед өдөр ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй ирээд “ломбарданд тавих гэсэн дэлгэц нь хагархай гээд авахгүй байна” гээд “Самсунг А52” загварын утас зарна гээд их л яаруу явж байсан. Би тэр утсыг кодыг нь тайлуулаад 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад гар утас зарсан охин 60.000 төгрөг өгсөн тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15),
Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “21 дүгээр байрны “” СӨХ-ийн камерт талбайн урд саравчны хажууд хохирогч гэх охины гар утсыг хар өнгийн куртиктай эмэгтэй авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсныг хуулбарлан авах явцад алдаа гарсан тул утсаараа бичиж авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 21),
Хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 25-28),
Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Тухайн дүрс бичлэгээр ******* дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрнаас урагш хэсэг харагдаж байв. Бичлэгийн 13:13:13 секунтэд баруун талаас цүнх үүрсэн бага насны эмэгтэй хүүхэд гүйж авто зогсоолд байрлуулсан машинуудын дундуур 13:13:30 секунтэд хар өнгийн куртка өмссөн эмэгтэй дээрх бага насны охины араас гүйн ирж уулзаж байгаа дүрс бичигдсэн байх ба сэжигтэн Н.******* цааш харан зогсох ба зэрэгцээд дээрх насанд хүрээгүй хохирогч охин зогсож байгаа дүрс харагдана. Бичлэгийн 00:57 секунтэд Н.******* нь цааш эргэн хохирогчийн ар талд зогсож цүнхний цахилгааныг нь татаж байх бөгөөд 01:05 секунтэд охиноос бага зэрэг холдон цааш алхан 19 дүгээр байрын урдуур гүйсэн байдалтай камерийн тусгалаас гарснаар бичлэг дуусав...” гэжээ. (хх-ийн 9),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Самсунг А52 загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгөв” гэжээ. (хх-ийн 110),
Хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар болон нас тоолсон тэмдэглэлээр “Г. нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10 нас 03 сар 28 хоногтой” гэжээ. (хх-ийн 107-109),
“Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Самсунг А52” загварын гар утас 298.000 төгрөг” гэжээ. (хх-ийн 30),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, тодорхойлолт болон хувийн байдалтай холбоотой жирэмсний хяналтын карт зэрэг баримтууд (хх-ийн 50-53, 94-98),
Шүүгдэгч Н.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 57-86, 89-91) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 03 дугаар арын 14-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны 21 дүгээр байр, 19 дүгээр байрны голд байрлах тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч 10 настай Г.*******г гэртээ харих замд нь “гар утсаараа яриулаач” гэж хэлж утсаар нь ярьчихаад цүнхэнд нь буцааж хийж байгаа мэт дүр үзүүлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утсыг нь залилан авч, 298.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “Тэр хүүхэд сургуулиас гараад хойшоо байрны дундуур явж байхад нь араас нь дуудаад “дахиад утсаараа яриулаач” гээд дүүтэйгээ ярих гэхэд дүү утсаа авахгүй байсан. Би тухайн охинд “эгч нь утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье” гэж хэлээд хийлгүйгээр авч үлдээд “цүнх рүү чинь хийчихлээ” гэж хэлэхэд тэр охин яваад өгсөн. Тэр утсыг “Бидний дэлгүүр”-ийн 2 давхарын гар утас засварын эгчид 60.000 төгрөгөөр зарж эм, хүнсний зүйл аваад гэртээ харьсан Гэм буруугийн талаар маргахгүй.” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн өгсөн “Гэр рүүгээ харихаар тоглоомын талбай хэсэгт явж байхад нөгөө эгч араас дуудаад “дахиад утсаараа яриулаач” гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Тэр эгч ярьчихаад утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье гэхээр нь “хэрэггүй ээ эгч надад өгчих” гэхэд цүнхрүү хийж байгаа юм шиг болоод “хийчихлээ шүү” гээд яваад өгсөн. Гэртээ очоод утсаа авах гээд үзэхэд байхгүй байхаар нь эмээдээ хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Х.*******ийн өгсөн “Нэг эмэгтэй ирээд “ломбарданд тавих гэсэн дэлгэц нь хагархай гээд авахгүй байна” гээд “Самсунг А52” загварын утас зарна гээд их л яаруу явж байсан. Би тэр утсыг кодыг нь тайлуулаад 60.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.гийн өгсөн “21 дүгээр байрны “” СӨХ-ийн камерт талбайн урд саравчны хажууд хохирогч гэх охины гар утсыг хар өнгийн куртиктай эмэгтэй авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсныг хуулбарлан авах явцад алдаа гарсан тул утсаараа бичиж авсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг ба хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Шүүгдэгч Н.******* нь насанд хүрээгүй хохирогчийн гар утсаар нь ярьчихаад цүнхэнд нь буцааж хийж байгаа мэт дүр үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утсыг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн эд хөрөнгөд 298,000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.******* нь хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч Х.*******ид 60,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.*******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдалд тогтооцсон болно.
Иймд шүүгдэгч Н.*******ын бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 8 (найм) сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ