| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0297/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/301 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/301
2024 07 01 2024/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2425000000397 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Төгөл их дэлгүүрийн гадаа хохирогч Л.Г-ыг зүй бус үг хэлээр доромжлон маргаан үүсгэж түүний үснээс зулгааж газарт унаган нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн харуцлагыг зөвшөөрнө” гэв.
Хохирогч Л.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Г-ын “Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны 23 цагийн үед ганцаараа Баян худалдааны төвийн 6 давхарт байдаг Элей нэртэй лоунжинд орсон юм. Би хэн нэгэнтэй уулзах гэж ороогүй, зүгээр өөрөө үйлчлүүлэх гэж орсон юм. Би анх лоунж руу эрүүл орсон бөгөөд лоунжинд байхдаа 0,5 литрийн пиво задгайгаар 2 удаа, мөн нэг коктейл уусан юм. Тэгтэл шөнийн 01 цагийн үед миний төрсөн дүү Г нь над руу залгаж намайг авах гээд гадаа машинтайгаа ирчихсэн байна гэж хэлсэн. Ингээд би гарах гээд тус газрын нойл руу орсон бөгөөд нойлд зүс таних Э тааралдсан юм. Тухайн үед Э нь мөн зүс таних У-тай цуг явсан бөгөөд би Э-тэй хальт юм ярьж байгаад тэгээд суултуур хэсэг руу орж хаалгаа цоожилсон. Тэгтэл араас У нь ирээд нойлын хаалга өшиглөөд хөөе гичий минь ална аа, гараад ир гээд байсан. Тэгтэл тус газрын хамгаалагч нь ирээд тэр хоёрыг нойлын өрөөнөөс гаргаж байсан юм. Ингээд би тэр хоёрыг гарсныг дараа нойлоос гарч шууд гадагшаа гарсан юм. Гадаа гартал У, Э нар нь тамхи татаад зогсож байсан бөгөөд би машин руу буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт алхаж байтал У нь араас Г гичий минь, янхан минь наанаа зогсож бай, ална аа гээд орилоод байсан бөгөөд би тоохгүй алхаж явсан. Тэгтэл тэрээр гүйж ирээд үсдэж намайг газарт унагаагаад чирсэн, тэгснээ нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгээд миний хамраас цус гарсан бөгөөд зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн, тэгээд толгой руу гараараа 1 удаа цохисон юм. Тэгээд байж байтал тэрүүгээр явж байсан хүмүүс салгасан юм. Би тэгээд утсаараа дүүгээ дуудсан бөгөөд тэгтэл У нь зугтаачихсан юм. Тэгээд дүү маань цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирсэн. Ингээд цагдаагийн газар дээр ирсэн бөгөөд хамарны цус тогтохгүй байхаар нь би эмнэлэг руу явж оёдол тавиулсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд би түүнд гар хүрээгүй юм. Тухайн үед би нэлээн халамцуу байсан бөгөөд тэр 2-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй, харин дүү маань эрүүл байсан. Тухайн үед ямар нэг хэрүүл маргаан болоогүй бөгөөд яагаад намайг зодсоныг мэдэхгүй байна. У нь манай найз Х-н дүү бөгөөд тэр утгаар нь зүс таньдаг юм. У нь ******** гэсэн дугаартай, ээж нь ******* гэсэн дугаартай юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р тал/
2. Гэрч Л.Г-н “2024 оны 06 дугаар сарын07-08-нд шилжих шөнө манай эгч Г над руу утсаар залгаад эгчийгээ гэрлүү хүргээд өг гэхээр нь Баян худалдааны төвийн гадаа зогсоод эгчийг хүлээж байсан чинь цагдаа нар ирээд зогсоолтой газар зогс гэхээр нь би спорт комплексын урд талд нэг зогсоол олоод зогсож байтал гэнэт нэг охин миний машины урдуур гүйгээд өнгөрсөн. Тэгээд би шууд эгч рүү утсаар залгатал би хүнд зодуулчихлаа гэсэн тэгээд би шууд машинаасаа гүйж гараад Төгөл худалдааны төвийн урд талд очтол эгчийн нүүрэн хэсэг нь цус болчихсон газар сууж байсан тэгээд би босгоод юу болсон талаар асуухад У намайг зодчихлоо гэсэн тэгээд цагдаа дуудаад цагдаа нарын хамт цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан. Эгч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ ухаантай байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/
3. Яллагдагч Б.У-ийн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2024 оны 06 дугаар сарын 07-08нд шилжих шөнө би Төгөл их дэлгүүрийн гадаа Л. Г-тай хэрэлдэж маргалдаад үсдэж газар унагаагаад, нүүрэн тус газар луу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн тэгчихээд орхиод гэрлүүгээ явчихсан. Би Л.Г-д учруулсан бэртэл гэмтэлдээ эмчилгээний зардал болон нэхэмжилсэн мөнгийг гаргаж хохиролгүй болгож өгнө” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/
4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн 558 дугаартай “Л.Г-ын биед хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Төгөл их дэлгүүрийн гадаа хохирогч Л.Г-ыг зүй бус үг хэлээр доромжлон маргаан үүсгэж түүний үснээс зулгааж газарт унаган нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Г-ын “У нь араас гичий минь, янхан минь наанаа зогсож бай, ална аа гээд орилоод байсан бөгөөд би тоохгүй алхаж явсан. Тэгтэл тэрээр гүйж ирээд үсдэж намайг газарт унагаагаад чирсэн, тэгснээ нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгээд миний хамраас цус гарсан бөгөөд зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн, тэгээд толгой руу гараараа 1 удаа цохисон юм” гэх мэдүүлэг, гэрч Л.Г-ийн “эгч рүү утсаар залгатал би хүнд зодуулчихлаа гэсэн тэгээд би шууд машинаасаа гүйж гараад Төгөл худалдааны төвийн урд талд очтол эгчийн нүүрэн хэсэг нь цус болчихсон газар сууж байсан тэгээд би босгоод юу болсон талаар асуухад У намайг зодчихлоо гэсэн тэгээд цагдаа дуудаад цагдаа нарын хамт цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.У-н “Л.Г-тай хэрэлдэж маргалдаад үсдэж газар унагаагаад, нүүрэн тус газар луу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн тэгчихээд орхиод гэрлүүгээ явчихсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн 558 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.У нь 2024 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Төгөл их дэлгүүрийн гадаа хохирогч Л.Г-тай маргалдаж, түүний үснээс зулгааж газарт унаган нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-ын эрүүл мэндэд “хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-н У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А