Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/304

 

2024      07         01                                          2024/ШЦТ/304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Б

    Улсын яллагч Ц.Л

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

    Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 2425000000396 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Э.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт **** ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /2.19%/ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй, гэм буруугаа ойлгож байна. Миний буруу” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Эрх бүхий албан тушаалтны зөрчил илрүүлсэн тухай “драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 2,19 хувь” гэх тэмдэглэл. /хх-ийн 6 дугаар хуудас/

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 9-12 дугаар хуудас/

3. Гэрч Б.М-ы “Би өнөөдөр 17 цагаас 31-ний өглөөний 08 цаг хүртэл хугацаанд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 18 цагийн үед хэсгийн байцаагч О над руу залгаад Уртын гол багт согтуу жолооч явж байна гэсэн дуудлага өгөхөөр нь очсон. Намайг очиход **** ОРХ улсын дугаартай Тоёото прусс-20 тээврийн хэрэгслийн жолооч А гэх эрэгтэй хэсгийн байцаагч О-н хамт зогсож байсан. А гэх эрэгтэйгээс юу болсон талаар асуухад Эрдэнэ багт ахтайгаа 2 ширхэг пиво уучхаад ахыгаа гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан гэсэн бөгөөд 2,19 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/

4. Гэрч Н.О-н “хэсгийн байцаагч З.А-н хамт хаяг шалгахаар Уртын гол багийн нутаг дэвсгэрт төв замаар явж байгаад эмээ, өвөөгийн дэлгүүр лүү засмалаар урагшаа эргэтэл яг урдаас огцом **** ОРХ улсын дугаартай Прусс-20 тээврийн хэрэгсэл төв зам руу орж ирсэн. Тухайн үед би машинаа мөргүүлэхгүйн тулд баруун тийшээ дарж бултсан. Тэгээд цонхоо онгойлгож **** ОРХ дугаартай машины жолоочид машинаа зогсоогоод байрлуул, согтуу юм уу яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн жолооч Номуундалай дэлгүүрийн ойролцоо зогссон. Би жолоочийг дуудаж машинаас нь буулгаад, та архи уусан уу, яг мөргөх гэж байна, хүн байсан бол мөргөлөө гэж хэлэхэд ахтайгаа хамт пиво уусан, ахыгаа хүргэж өгөх гэж байсан юм гэсэн. Би замын цагдаа руу залгаж, дуудлага өгөөд замын цагдаа нар ирэхээр нь явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/

5. Гэрч С.Г-н “А машинтайгаа явж байгаад надтай таарсан. Би машинд нь суугаад сонин юу байна гээд хэсэг юм ярьсан. А машиныхаа арын суудал дээрээс 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво гаргаж ирээд ах хоёулаа хуваагаад уучих уу гэж хэлсэн. Би А-д болох юм уу, чи машин барьж яваа гэж хэлсэн. А бид хоёр машинтай нь Дэнж баг руу өгсөж уулын энгэрт машин дотор нь 2 савтай пиво ууж дуусгасан. А машинаа жолоодож намайг Уртын гол Баянзам руу ээжийн гэрт хүргэж өгөхөөр болсон. Ингээд 18 цагийн үед Уртын гол багийн Номуундалай дэлгүүрийн дээд талд А-тэй явж байхад машинтай цагдаа цонхоороо А-ийг зогс гээд зогсоосон” гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/,

6. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/655 дугаартай шийтгэвэр /хх-ийн 45- 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.А нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд **** ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /2.19%/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 27000 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Б.М “А гэх эрэгтэйгээс юу болсон талаар асуухад Эрдэнэ багт ахтайгаа 2 ширхэг пиво уучхаад ахыгаа гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан гэсэн бөгөөд 2,19 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.О “засмалаар урагшаа эргэтэл яг урдаас огцом **** ОРХ улсын дугаартай Прусс-20 тээврийн хэрэгсэл төв зам руу орж ирсэн. Би жолоочийг дуудаж машинаас нь буулгаад, та архи уусан уу, яг мөргөх гэж байна, хүн байсан бол мөргөлөө гэж хэлэхэд ахтайгаа хамт пиво уусан, ахыгаа хүргэж өгөх гэж байсан юм гэсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Г-н “А машиныхаа арын суудал дээрээс 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво гаргаж ирээд ах хоёулаа хуваагаад уучих уу гэж хэлсэн. Би А-д болох юм уу, чи машин барьж яваа гэж хэлсэн. А бид хоёр машинтай нь Дэнж баг руу өгсөж уулын энгэрт машин дотор нь 2 савтай пиво ууж дуусгасан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/655 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/655 дугаартай шийтгэвэр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт **** ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2.19 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Э А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А