Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2021/03150

 

 

 

 

 

 

2021 11 29

 

184/ШШ2021/03150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ийн ******* /РД:/-ын

Хариуцагч: ******* ******* овогт *******гийн *******/РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98.831.370 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2015 оны 04 Дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж 13.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн барьцаанд хариуцагч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай ******* дүүргийн 14 дүгээр хорооны 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 289 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн болно. Ц.******* нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хүүгийн төлбөр болох 15.590.000 төгрөгийг төлсөн байдаг. Төлсөн задаргааг хэлбэл 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1.299.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1.340.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.473.000 төгрөг төлсөн. Үүнээс төлбөл зохих үндсэн хүү нь 1,300,000 төгрөг байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 9.100.000 төгрөгийг төлсөн бөгөөд хүүгийн үлдэгдэл 6.500.000 төгрөг үлдсэн. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 6.400.000 төгрөг төлсөн бөгөөд хүүгийн үлдэгдэл нь 9.100.000 төгрөг үлдсэн болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлэх хүртэлх хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд дах хүүгийн төлбөрийг бодож гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээний нэгдүгээр зүйлд заасан 13.000.000 төгрөг, мөн гэрээний 3 дугаар зүйлд заасан алданги болох 6.500.000 төгрөг, мөн гэрээний 4 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.4-т заасны дагуу дээрх хугацааны хүүгийн төлбөрт 79.331.370 төгрөг, нийт 98.831.370 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилсэн болно. Хэрвээ хариуцагч зээлийн төлбөрийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй бол Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай ******* дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 289 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Алданги болон хүүгийн тооцооллын хувьд Ц.*******гийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн 9.100.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 6.400.000 төгрөгүүд нь хүүд суутгагдсан бөгөөд алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуулийн хязгаарлалтын дагуу 13.000.000 төгрөгийнхөө 50 хувиар тооцсон болно. Хүүд 79.331.370 төгрөг гаргуулах тооцооллыг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүүгээс хариуцагчийн төлсөн 9.100.000 төгрөг, 6.400.000 төгрөгийг хасаад үлдэх хүү нь 79.331.370 төгрөг болж байгааТалууд гэрээ хийсэн, нэмэлт гэрээ хийсэн дээр маргаагүй байна. Хариуцагчийн гаргаж буй барьцааны гэрээг бүртгүүлээгүй гэх үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Барьцааны гэрээ нь бүртгүүлсэн хуулбараараа хэрэгт авагдсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна. Хариуцагч барьцаалсан орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь үнэн боловч зээлээ хугацаандаа төлөөгүй байнаХариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд 15.590.000 төгрөг төлсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа одоог хүртэл хүчинтэй бөгөөд энэ нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлээр зохицуулагдсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.4-т заасны дагуу хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу алдангийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* миний бие нэхэмжлэгч Б.*******той 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг 3 сарын хугацаатай хийсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацаагаа сунгаж нэмэлт гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан нь үнэн. Уг барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болно. Уг барьцаалсан гэх орон сууцандаа миний бие өнөөдрийг хүртэл амьдарч байна. Миний зүгээс 2017 оны 09 дүгээр сард хамгийн сүүлд төлөлт хийсэн бөгөөд талууд харилцан тохиролцож иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч намайг 15.590.000 төгрөг төлсөн гэж байна. Миний хувь уг нь 17.000.000 төгрөг төлсөн болно. Нэхэмжлэгчийг одоо яагаад гэнэт үндэслэлгүй ийм их хөрөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээТалуудын хооронд Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт заасан зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Энэхүү харилцаа нь 2017 онд дуусгавар болсон гэдэг нь талуудын гаргаж өгсөн баримт болоод тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сард хамгийн сүүлд төлөлт хийснийг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 09 дүгээр сард төлөлт хийсэн бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөнө. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэж зохицуулж өгсөн. Талуудын хоорондох гэрээ нь зөвхөн иргэд хооронд байгуулагдсан гэрээ учир хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээн дээр гэрээний хугацааг 3 сараар тооцож зээлдэгч Ц.*******г нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлнө гэж зааж өгсөн. Зээлийн гэрээний нэмэлт гэрээн дээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгав гэж хугацааг маш тодорхой зааж өгсөн. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж тооцогдох хууль зүйн зохицуулалттай байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ийм хэмжээний мөнгө төлөгдсөн байсан гэх тайлбарыг гаргаж байна. Энэ тайлбараас үзэхэд тухайн үед талууд гэрээгээ дүгнэсэн нөхцөл байдал харагдаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааг энэ үе буюу 2017 оны 04 дүгээр сараас тоолсон ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх баримт хэрэг дотор байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид утсаар мэдэгдэх гээд утас руу нь залгасан гэх тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгч нь 2017 оноос хойш шүүхэд нэхэмжлэгч гаргах үе буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагчид яаж мэдэгдсэн талаарх баримт байхгүй учир түүний гаргаж буй тайлбар нь өөрөө хийсвэр тайлбар гэж үзэж байна. Хариуцагч хариу тайлбараараа барьцаалсан гэх орон сууцанд миний бие өнөөдрийг хүртэл амьдарч байна гэх тайлбарыг гаргадаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь энэ олон жилийн хугацаанд зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг түүний хаягаар очоод уулзаж, хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах арга хэмжээ авах бүрэн боломжтой байхад хариуцагч талтай уулзах ямар нэгэн оролдлого хийгээгүй, зээлийн гэрээтэй холбоотой харилцаа дахиж үүсгээгүй, зээлийн гэрээний харилцаа нэгэнт дуусгавар болсон гэдэг нь тогтоогдож байна. Иймд хариуцагч нь ямар нэгэн хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч төрийн эрх бүхий байгууллагад хандан өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжит хугацаагаа нэгэнт алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98.331.370 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар зохигч талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт гэрээ гэгчийг байгуулан гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгаж, зээлийн гэрээний бусад нөхцлийг хэвээр үлдээхээр харилцан тохиролцжээ.

Тус зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Ц.*******гийн өмчлөлийн ******* дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 289 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зохигч талууд Барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж барьцаанд бариулж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч Б.******* 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ц.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай данс руу *******оос зээл гүйлгээний утгаар орлогодсон орлогын гүйлгээ хийгдсэн баримт хэрэгт авагдсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал тус гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд хүүгийн төлбөрт 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1.300.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1.300.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.300.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2.600.000 төгрөгөөр, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1.300.000, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1.300.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5.500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 390.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100.000 төгрөгнийт 15.590.000 төгрөг төлөгдсөн гэдэг.

Хариуцагч тал хариу тайлбартаа 17.000.000 төгрөг төлсөн талаар тайлбар ирүүлсэн, гэвч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайгаа баримтаар нотлоогүй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр маргаж байна.

Хариуцагч тал гэрээний дагуу 13.000.000 төгрөг авсан, нэхэмжлэгч талын 15.590.000 төгрөгийн төлөлт үндэслэлтэй эсэх талаар маргаагүй.

Гэвч шүүх хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн боловч зээлийн гэрээний үүргийг 1 жилээр сунгасан ч нэхэмжлэгч нь зээлээ буцаан шаардах болон тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах, шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдлаар хүү төлөх, урьдчилгаа олгох, баталгааг гаргах, түүнчлэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах зэргээр хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох болон тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь одоо шүүхэд тус гэрээнүүдийн үүргээс үндсэн зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлд заасан алдангид 6.500.000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүүгээс хариуцагчийн хүүнд төлсөн гэх эхний гэрээний хүү болох 9.100.000 төгрөг, нэмэлт гэрээний хүү болох 6.400.000 төгрөгийг хасаад үлдэх хүүний төлбөрт 79.331.370 төгрөг, нийт 98.831.370 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой аливаа шаардлага гаргасан болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох болон тасалдах хууль зүйн үндэслэл, цаашлаад Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтаанаар сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дах хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан, мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн үеэс шаардах эрх үүссэн гэж үзэж тоолохоор заасан тул 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш шаардсан талаар баримтгүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, түүнчлэн мөн зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Ц.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98.331.370 төгрөг гаргуулах, дагалдан үүсэх бусад үүрэг болох барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан тул зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шүүх дүгнэх боломжгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******д холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98.831.370 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ