| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/03514/И |
| Дугаар | 101/ШШ2021/03995 |
| Огноо | 2021-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/03995
| 2021 12 02 | 101/ШШ2021/03995
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт оршин байрлах ******* ХХК /рд:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхон 72 дугаар байр, 227 тоот хаягт оршин суух Олхонууд овогт Цэдэндамбын******* /РД:УЗ90051886/-д холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Юу Би Эйч проперти ХХК нь *******тай 2016 оны 5-р сарын 6-ны өдөр 1,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний баталгаа болгож Баянзүрх дүүргийн 5-р хороо, 13-р хороолол, Хаппи таун хотхоны 71,72,73 тоот орон сууцнуудыг хуульд заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгажуулсан.
Юу Би Эйч проперти ХХК нь зээлийн гэрээг заасан хугацаанд биелүүлээгүй учир зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу банкны өмчлөлд шилжсэн.
Үүний дагуу талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд харилцагчын оршин сууж байгаа 72 дугаар байрны 227 тоот орон сууц байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэн барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан. Худалдаа хөгжлйин банк нь дээрх орон сууцны өмчлөх эрхийг О.Өрнөхбаяр гэх хүнээс шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 т заасан эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол түүний өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно гэж заасны дагуу орон сууцны шударга өмчлөгч болж байна.
Иймд Хаппи таун хотхоны 72 байрны 227 тоот орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгчид хэлэход одоо ч манай зүгээс эвлэрэхэд бэлэн байна. Байгууллагын хурлын шийдвэрээр одоо амьдарч байгаа иргэдийн зээлийг шуурхай судлаж, зээлд хамруулахаар шийдвэрлэсэн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие иргэн О.Өрнөхбаяр гэж хүнтэй гэрээ байгуулж орон сууц захиалсан. Энэ гэрээний дагуу тодорхой төлбөрийг төлсөн бөгөөд одоо энэ хүмүүс олдохгүй байгаа тул мөнгөө ч авч чадахгүй байгаа.
Биднийг энэ орон сууцыг худалдаж авч байх үед өмчлөх эрхийн гэрчилгээ О.Өрнөхбаярын нэр дээр гарсан байсан. Биднийг банкны зээлэнд хамрагдуулж өгнө гэж гэрээгээр тохиролцсон. Энэ байр худалдаа хөгжлийн банкны нэр дээр шилжсэнийг мэдээгүй. Энэ талаар бидэнд огт хэлээгүй. Шүүхэд нэхэмжлэл ирэх үед л мэдсэн бөгөөд зээл олгох банк нь *******ийг болсон гэж ойлгож байсан.
Бид зээл нь бүтэж байна уу гэж олон удаа О.Өрнөхбаяр болон Улаанбаатар банкны эрх бүхий ажилтантай холбогдож асуухад түр хүлээж бай л гэдэг зүйл яригддаг. Одоо Юу би эйч проперти ХХК нь эзэнгүй хариуцах хүнгүй хоосон контор л байна. Энэ хүнтэй байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй байхад гэнэт ******* орж ирээд чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ байранд манай хүүхдүүд амьдарч байгаа. Зээлэнд хамрагдуулна гэж байгаа боловч энэ шийдвэр нь 3 сарын дотор гарахгүй бол бид нарыг орон сууцнаас гаргах нөхцөл байдал үүсэх тул эвлэрэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын талбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч У.Бат-Өлзийд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 72 дугаар байрны 227 тоот орон сууцны өмчлөгч тул өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар түүний хууль бус эзэмшлээс албадан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК, Юу би эйч проперти ХХК нарын хооронд 2016 оны 5 сарын 06-ны №ЗГ/сс160506007-5 дугаар зээлийн гэрээ, ******* ХХК болон О.Өрнөхбаяр нарын хооронд №ЗБ/СС160506007-5-12 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 8-12 дугаар тал/
Дээрх гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК-иас Юу би эйч проперти ХХК-нд 48,725,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч нь зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн ба зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангах зорилгоор...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 72 дүгээр байрны ...227... тоот орон сууцуудыг барьцаалсан байна.
******* ХХК нь О.Өрнөхбаяртай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх гэрээг байгуулж, О.Өрнөхбаяр нь Юу би эйч проперти ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №ЗГ/СС160506007-5 тоот зээлийн гэрээний өр төлбөрийн тодорхой хэсгийн өр төлбөрт ... үл хөдлөх хөрөнгийн 000680066 тоот гэрчилгээтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078430 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, /13342/ хд 72 дугаар байрны ...227 тоот хаягт байршилтай (60.81 мкв) орон сууцыг 103,248,000 төгрөгөөр... тооцон банкны өмчлөлд шилжүүлэх, банк тус хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, зээлийн өр төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 16-17 дугаар тал/
Энэхүү гэрээний дагуу иргэн О.Өрнөхбаяр нь ******* ХХК-ийн өмчлөлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 72 дугаар байрны 222, 227, 228, 229, 231, 236, 240 тоот хаягт байршилтай 415,57 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээр, нэхэмжлэгч нь дээрх орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078430 дугаартай, №000681534 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 7 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 72 дугаар байрны 227 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй байна.
Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар эзэмшиж байна уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Хариуцагчаас дээрх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүн болох эх Ю.Сэвлэгмаагийн байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд гэрээний үүрэгт тодорхой төлбөрийг Юу би эйч проперти ХХК-нд төлсөн. Энэ гэрээний харилцаа дуусгавар болоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр О.Өрнөхбаяртай №HP18В00 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 72 дугаар байрны 227 тоот хаягт байрлах 60,81 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 30-31 дүгээр тал/
Энэ гэрээг байгуулагдах үед дээрх үл хөдлөх хөрөнгө нь иргэн О.Өрнөхбаярын өмчлөлд байсан болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан №000606893 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 32 дугаар тал/
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан.
Тодруулбал хариуцагч У.Бат-Өлзий нь гэрээний үндсэн дээр буюу гэрээ байгуулагдах үед хууль ёсны өмчлөгч байсан этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийг олж авсан хууль ёсны эзэмшигч байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд шудрага эзэмшигч гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ******* ХХК болон О.Өрнөхбаяр нарын хооронд байгуулсан гэрээний 2.1.7-д төлбөр төлөгч нь зээлийн өр төлбөрт шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар хөлслөгч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байгаа эсэх талаар банкинд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв бий бол тэдгээрийн эрхийн талаар зааж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсныг тодорхойлох үүрэгтэй гэж зааснаар энэ үүргээ шаардах эрх нь нэхэмжлэгчид байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр олж авч байгаа тохиолдолд эрхийн доголдолгүй хөрөнгө хүлээн авах, үүнтэй холбоотой шаардах эрх нь тухайн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэрээний талуудад байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон эсхүл түүнийг эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймээс хариуцагчийг тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 93 дугаар зүйлйин 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэх зарчим үйлчлэх тул нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны эзэмшигч У.Бат-Өлзийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч У.Бат-Өлзийд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол-2 /13342/, хд 72 дугаар байр, 227 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА