| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 168/2020/0160/Э |
| Дугаар | 2020/ДШМ/31 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.5., 11.7.2.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ДШМ/31
Д.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Д.Отгонбаяр нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Отгонбаярт холбогдох эрүүгийн 1921000180179 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Зархай овогт Дамдинсүрэнгийн Отгонбаяр.
Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2018 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг сургуулийн нийтийн байрны 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу 1 нас 7 сартай М.Ариунааг баалаа, шээлээ, уйллаа гэх шалтгаанаар байнга зодож гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн,
- 2018 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг сургуулийн нийтийн байрны 02 тоотод хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хана болон паар руу шидэж эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлгийг хамарсан хүнд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.Ариунаа нь 2019 оны 6 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө дээрх тархины гэмтлийн шалтгаант гадрын үхжилт, хоёрдогч усжилт бүхий тархины гэмтлийн улмаас нас барсан, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Д.Отгонбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
- хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Зархай овогт Дамдинсүрэнгийн Отгонбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Зархай овогт Дамдинсүрэнгийн Отгонбаярыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярын цагдан хоригдсон 347 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Д.Отгонбаярын ЖЯ93012616 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Г.Цэрэндолгор нар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн хувьд Д.Отгонбаярт холбогдох хэргийг шүүхээр хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх зарчмыг баримтлахгүйгээр нэг хэрэгт хоёр удаа ял оногдуулсан буюу давхардуулан оногдуулсан гэж үзээд гомдол гаргаж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ хуулийн заалтын байнга гэдэгт холбогдолгүй байхад энэ зүйлчлэлийг давхардуулан хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон шүүхээс ял хүндрүүлэх нөхцөл байдал болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалттай маргах зүйлгүй. Гэхдээ энэ зүйлчлэлийн хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэхдээ 2 дахь хэсгийн 2.1-ийг баримтлан хүндрүүлж шийдвэрлэсэн. Үүнд 2.1 дэх заалтдаа 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийн эсрэг гэж зүйлчилсэн боловч энэ заалтын 2.8 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн заалт хуульчлан зохицуулсан байхад үүнийг хэрэглэхгүйгээр давхар 11.7 дугаар зүйлээр зүйлчилсэн нь буруу байна.
Шүүгдэгч Д.Отгонбаярын гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхцэцэгийн мэдүүлгээр хоёр удаагийн үйлдэл нотлогдсон байдаг.
Энэ хуулийн заалт нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцааг тодорхойлсон ба энэ үйлдэл нь тогтоогдсон бол хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэж хуульчилсан байгаагаас үзэхэд Д.Отгонбаярын үйлдсэн гэм буруутай үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж дүгнэсэн хэрнээ хуулиар зохицуулсан хүндрүүлсэн заалтыг хэрэглэхгүйгээр тусгайлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг давхар хэрэглэсэн байдал нь нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулах зарчмыг алдагдуулж эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нөхцөл бүрдүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнга гэж тодотгон өгсөн ба энэ нь тоон илэрхийллийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх хууль хэрэглээний ойлголт. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж нь 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байх ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг ойлгодог бие даасан гэмт хэргийн шинжтэй зүйлчлэл юм.
Шүүгдэгч Д.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн бие даасан шинжийг, мөн гэм буруутайд тооцох талаар шүүхээс шийтгэх тогтоолдоо хангалттай үндэслэлээр огт тайлбарлаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох гэснээр нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулах зарчмыг алдагдуулж ял шийтгэл оногдуулах, ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болсон учраас давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтуугаар, нэг нас долоон сартай дагавар охин М.Ариунааг 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хана, паар руу шидэж тархины гэмтэл учруулсны улмаас М.Ариунаа нь олон сараар эмчилгээ хийлгүүлж байгаад 2019 оны 06 сарын 18-наас 19-нд шилжих шөнө дээрх тархины гэмтлийн улмаас нас барсан; түүнчлэн шүүгдэгч М.Отгонбаяр нь амь хохирогч охины ээж Н.Мөнхцэцэгтэй 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдрах хугацаандаа М.Ариунааг алгадах гэх мэтээр нэг бус удаа гар хүрч байсан ба М.Отгонбаяр, Н.Мөнхцэцэг нарын мэдүүлгээр ийм үйлдэл дор хаяж 3 удаа, хамгийн сүүлд 2018 оны 12 сарын 29-нд болсон байна.
Прокурор, шүүх энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт болон мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар давхар зүйлчилсэн ба 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэхдээ “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх шинжийг нь хэрэглэсэн.
Харин давж заалдах гомдолд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь заалтаар зүйлчилсэн нь зөв боловч 2.1 дэх заалтаар зүйлчлэхдээ зөвхөн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэдгийг хэрэглэж, харин уг заалтад багтсан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгийг хэрэглэхгүйгээр орхиж, шүүгдэгчийн үйлдлийн энэ шинжийг тусад нь гэмт хэрэг болгон давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчмыг алдагдуулж байна гэж маргасан байна.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараахь нөхцөл байдлыг харгалзан, давж заалдах гомдолд дурдсан дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн болно. Үүнд:
1/ Давхар зүйлчлэхийг шаардсан илэрхий ойлгомжтой үндэслэл байгаагаас бусад тохиолдолд, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны баталгааг дордуулахаар байна.
2/ Шүүгдэгч Д.Отгонбаярын дээрх үйлдлийг ”хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж..., гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж..., энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх шинжээр нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсгээр зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчимд илүү ойр болох юм.
Хууль хэрэглээний энэхүү алдаанаас гадна, прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/33 дугаар тогтоолоор, Д.Отгонбаярын 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Н.Мөнхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэх заалт, 2020 оны 01 сарын 10-ны өдөр батлагдаж, мөн оны 02 сарын 23-наас дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэх заалтыг зөрчсөн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг зөв зүйлчлүүлэх, прокурорын хяналтын шатанд гарсан дээрх алдааг залруулах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 33.3 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлийн дагуу, шүүгдэгч Д.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР