| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2018/0551/З |
| Дугаар | 128/ШШ2019/0359 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2019/0359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор С.У дүгнэлттэй Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0175613 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.У, хариуцагчийн төлөөлөгч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор С.У шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д иргэн Э.А Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан бүртгэлийн 321 дугаартай материалыг хянахад:
Улсын байцаагч Х.Д нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Э.Алтанбаганыг дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэсэн зөрчлийг хуульчилсан ба аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан байдаг.
Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана гэж заасан.
Иргэн Э.А нь Гжель рестораны менежер ажилтай байх тул дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх үүрэг бүхий этгээд биш байна. Иймд Э.А Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн иргэн Э.А шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.У 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай Прокурорын дүгнэлттэй
танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д би, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/72 дугаар удирдамжийн хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Жуковын 55-д байрлах Гжель рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад менежер Э.А нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөх байгууллагын дотоод хяналтын журам мөрдүүлээгүй зөрчлийг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Дотоод хяналтын баг томилох тухай С ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, холбогдогч Э.Алтанбаганын мэдүүлэг зэргийг үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар Гжель рестораны менежер, байгууллагын дотоод хяналтын багийн ахлагчийн ажлыг давхар хариуцаж ажиллаж байгаа Э.Алтанбаганад 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл оногдуулж, барагдуулсан.
Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана гэж заасан бөгөөд байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтны үүргийг Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажилалагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 3,4 дэх хэсэгт үйл ажиллагааны онцлогийг харгалзан хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулаг, эрх бүхий албан тушаалтаар батлуулан, мөрдөж ажиллана гэж заасан.
Иймд иргэн Э.А-ын байгууллагын журмын дагуу дотоод хяналтын төлөвлөгөө батлуулж, мөрдүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар 100000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.У 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаар дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0175613 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Улсын байцаагч Х.Д нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0175613 дугаар шийтгэлийн хуудсаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Жуковын 55-д үйл ажиллагаа явуулдаг Гжель рестораны менежер Э.А-д үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын журмыг баталж мөрдүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан 100 нэгж буюу 100,000.00 төгрөгөөр торгосон байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг баталсан байна.
Дээрх журмын зохицуулалт ёсоор аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд баталж мөрдүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү журмыг баталснаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилготой.
Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх хуулийн заалт нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагаандаа дотоодын хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын журам баталж мөрдүүлээгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.
Иймээс Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д нь хяналт шалгалтын журам баталж мөрдүүлээгүй зөрчилд Гжель рестораны менежер Э.А-д биш тус рестораны өмчлөгч болох С ХХК-д шийтгэл ногдуулах ёстой байсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор С.У 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Д 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0175613 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ