Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Баттөр нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн 2017 1000 0010 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,Сайншанд сумын 6-р баг, Жанчивын 20-26 тоотод оршин суух,  Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан  Жамбашарав овогт Лхагвасүрэнгийн Энхболд /ЕС81120111/

 

           Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1979 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. 38 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сайхандулаан суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Жаргалын Төмөрбаатар, /Е379021118/

 

           Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн,

 

           Шүүгдэгч  Л.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах Наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ж.Батсуурийн үзгэн тариур 2 ширхэг, зүү 4 ширхэг, амдолин 10 мг 10 ширхэг, утас цэнэглэгч 2 ширхэг, хумсны хутга 1 ширхэг тальк 1 ширхэг, акторпод 1 ширхэг, инсүлин 5м 2 ширхэг, диклодинк 100 мг 1 ширхэг, хөлс дарагч 1 ширхэг, кошлок 1 ширхэг, мертинем 1 хайрцаг, аспирин 1 хайрцаг, нокиа гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж түүнд 348200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Л.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгайн ан хийсэн. Мандах наран эмнэлэгт хэвтэж байсан өвчтөний өрөөнд орж кошляк авсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна. Биеийн эрүүл мэндийг харгалзаж үзнэ үү гэсэн мэдүүлэг,

 

 Шүүгдэгч Ж.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хөдөө Ганхуягийн гэрийг сахиж байсан. Тэгтэл Сайншандаас Энхболд хэдэн хүмүүстэй ирж хоносон. Өглөө цас орсон байсан. Энхболд бид 2 үхэрт яваад үхрээ олохгүй явж байтал Дэрсэн ус гэдэг газар чонын мөр таараад Энхболд хоёулаа айлд очиж буу авья гээд айлд очоод буу аваад хүрээд иртэл чоно байхгүй, нэг хулан  давхиж байсан тэр хуланг алсан. Айлын бууг хүргэж өгчихөөд буцаад давхиж байсан чинь хар сүүлт таарсан. Хар сүүлтийг мотоциклтой тууж богшоож алаад махыг нь хоёр хэсэг хувааж 2 удаа мотоциклоор тээвэрлээд гэрийн гадаа машинд хийсэн“ гэсэн мэдүүлэг,

 

    Хохирогч С.Энхзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховор ан амьтны ангилалд дээрх хоёр амьтан хоёулаа ордог бөгөөд агнахыг хуулиар хориглодог. Хулан, хар сүүлт зэрэг амьтдыг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр үнэлдэг бөгөөд Хулан 9.700.000 төгрөгөөр, хар сүүлт 1.700.000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Амьтны тухай хуульд заасны дагуу хууль бусаар агнасан тохиолдолд үнийг нь тус бүр хоёр дахин нугалж төрүүлдэг. Тэгэхээр нийтдээ 22.800.000 төгрөгийн хохирол болж байна...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Хөөвөр гэх газар нутаглаж байхад Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр мотоцикльтой ирээд Хөх эргийн тэнд чонын мөр байна буугаа өгчих гэхээр нь би өөрийнхөө Дробинк бууг өгөөд явуулсан. Ингээд тэр өдрийнхөө орой Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр миний бууг авч ирж өгөөд явсан. Эргэж манайхаар ирээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

             Хохирогч Ж.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед “Мандах наран” эмнэлэгт хэвтсэн юм. Би Мандах наран эмнэлгийн 6 тоот өрөөнд хэвтсэн бөгөөд үдээс хойш физик эмчилгээ хийлгээд өрөөндөө буцаад иртэл орны толгойд дэрний хажууд байсан ягаан өнгийн кошлоктой эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэр хавиар хайгаад олоогүй, тэгээд оройхон эмнэлгийн ажилчдад мэдэгдээд цагдаа дуудсан юм. Эмнэлгийн коридор нь хяналтын камертай байсан учир камерыг нь шүүгээд үзтэл нэг танихгүй залуу өрөө болгоноор шагайгаад явж байгаад миний хэвтэж байсан өрөө рүү ороод энгэртээ миний кошлокийг хийгээд аваад гарч яваа нь харагдсан. ...кошлок дотор байсан эд зүйлүүдээс 2 ширхэг үзгэн тариур, 1 ширхэг талк, иргэний үнэмлэхээ буцааж олж авсан, бусад нь олдоогүй...” гэсэн мэдүүлэг

 

             Гэрч П.Нямгаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...орой намайг ажлаа тарах гэж байтал манай ээж Ж.Батсуурь утсаар яриад ээж нь физик эмчилгээнд явчихаад иртэл орон дээр дэрний дэргэд байсан ягаан кошлоктой эм, тариа ойр зуурын юмнуудаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ээжийн хэвтэж байсан эмнэлэг дээр очоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд эмнэлгийн камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн ээжийн хэвтэж байсан өрөө рүү ороод ягаан өнгийн кошлокийг нь энгэртээ хийгээд авч гарч байгаа нь камерын бичлэгт орсон байсан...” гэсэн мэдүүлэг,

          

            Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-10/

            Эд мөрийн баримтыг шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 11/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-13/

            Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18/

            Хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /хх-ийн 19/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 55,58,64/

            Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56,59,62,65-66/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-126, 133,/

            Шинжилгээний бус байгууллагаар шинжилгээ хийлгэх тогтоол /2-р хх-ийн 08/

           Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /2-р хавтас хх-ийн 11/

            зэргийг шинжлэн судлав.

                      

           Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн,

 

           Шүүгдэгч  Л.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах Наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ж.Батсуурийн өрөөндөө орхисон кошлоконд байсан эд зүйл болох үзгэн тариур 2 ширхэг, зүү 4 ширхэг, амдолин10 мг 10 ширхэг. утас цэнэглэгч 2 ширхэг, хумсны хутга 1 ширхэг тальк 1 ширхэг, акторпод 1 ширхэг. инсүлин 5м 2 ширхэг, диклодинк 100 мг 1 ширхэг, хөлс дарагч 1 ширхэг, кошлок 1 ширхэг, мертинем 1 хайрцаг. аспирин 1 хайрцаг. нокиа гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж  348.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Л.Энхболд,  Ж.Төмөрбаатар нарыг  бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр  агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг

            Шүүгдэгч Л.Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн  92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох хохирогч С.Энхзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховор ан амьтны ангилалд дээрх хоёр амьтан хоёулаа ордог бөгөөд агнахыг хуулиар хориглодог. Хулан, хар сүүлт зэрэг амьтдыг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр үнэлдэг бөгөөд Хулан 9.700.000 төгрөгөөр, хар сүүлт 1.700.000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Амьтны тухай хуульд заасны дагуу хууль бусаар агнасан тохиолдолд үнийг нь тус бүр хоёр дахин нугалж төрүүлдэг. Тэгэхээр нийтдээ 22.800.000 төгрөгийн хохирол болж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Хөөвөр гэх газар нутаглаж байхад Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр мотоцикльтой ирээд Хөх эргийн тэнд чонын мөр байна буугаа өгчих гэхээр нь би өөрийнхөө дробинк бууг өгөөд явуулсан. Ингээд тэр өдрийнхөө орой Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр миний бууг авчирч өгөөд явсан. Эргэж манайхаар ирээгүй...” гэсэн мэдүүлэг,  Хохирогч Ж.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эмнэлгийн коридор нь хяналтын камертай байсан учир камерыг нь шүүгээд үзтэл нэг танихгүй залуу өрөө болгоноор шагайгаад явж байгаад миний хэвтэж байсан өрөө рүү ороод энгэртээ миний кошлокийг хийгээд аваад гарч яваа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Нямгаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...орой намайг ажлаа тарах гэж байтал манай ээж Ж.Батсуурь утсаар яриад ээж нь физик эмчилгээнд явчихаад иртэл орон дээр дэрний дэргэд байсан ягаан кошлоктой эм, тариа ойр зуурын юмнуудаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ээжийн хэвтэж байсан эмнэлэг дээр очоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Ө.Насан-Өлзий, Б.Золзаяа нарын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “...хулангийн мах мөн болохыг тогтоов...” гэсэн 1 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваанямын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Н32812 дугаартай Дробинка маркийн галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна...” гэсэн 1229 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Хохирогч Ж.Батсуурьт хулгайлагдсан эд зүйлсийн үнэ 294000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Энхболдоос гаргуулах төлбөргүй байна.

 

            Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь ховор ан амьтан болох хулан адуу 1, хар сүүлт 1-ийг агнахдаа Л.Энхболдын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Бени маркийн цагаан өнгийн мотоцикль болон Ч.Энх-Амгалангийн Н32812 дугаартай дробинк маркийн бууг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар мотоциклийг хураан авч улсын орлого болгож, Ч.Энх-Амгалангийн дробинк маркийн буу нь бүртгэлд бүртгэгдээгүй,бууны татвар төлөгдөөгүй тул хураан авч аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр  шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь хулан адуу болон хар сүүлтийн махаа Сайхандулаан сумаас Сайншандад  4992 ДГО улсын дугаартай Huindai маркийн саарал өнгийн микро тээврийн хэрэгслийг ашиглан авчирсан болохыг уг тээврийн хэрэгслийн жолооч Ч.Энхболд нь мэдээгүй тул хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй.

 

            Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 1 хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9700000 төгрөгийг, 1 хар сүүлтийн экологи эдийн засгийн үнэлгээ болох 1700000 төгрөгийг 2 дахин үржүүлж 22800000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.         

     Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал , шүүгдэгч Ж.Төмөрбаатарын биеийн эрүүл мэнд зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Л.Энхболд нь 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 кг 565 гр хар сүүлт, 98 кг 125 гр хулан адууны махыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87-р зүйлийн 87.3-т заасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 1 ширхэг сиди-г  энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.   

                                                           

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч Л.Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,  шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нарыг бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр  агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д  зааснаар шүүгдэгч Л.Энхболдыг 3 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нарыг тус бүр 2 жил хорих   ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдод оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар нийт 2 жил хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдын цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, ЭБШ хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г  энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Л.Энхболдын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн,цагаан өнгийн “Бени” мотоциклийг хураан авч /аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа/ улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ч.Энх-Амгалангийн Н32812 дугаартай дробинк маркийн бууг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Энхболдын эзэмшлийн 49-92 ДГО улсын дугаартай, саарал өнгийн микро маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ч.Энхболдод буцаан олгосугай.

 

9.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатар, Л.Энхболд нараас тус бүр 11400000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

                       

            10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 кг 565 гр хар сүүлт, 98 кг 125 гр хулан адууны махыг  Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

            11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатар, Л.Энхболд нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг шүүгдэгч Ж.Төмөрбаатарт 1 жилээр, шүүгдэгч Л.Энхболдод 2 жилээр тогтоон хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.     

           

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН