| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0307/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/311 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/311
2024 07 03 2024/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн О.Гантулгад холбогдох эрүүгийн 24250000000395 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд **** СЭН улсын дугаартай Тоёото акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
2.“ SDNV CD-R 700MB Г энгэр камер бичлэг” гэсэн бичигтэй 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/
3. Гэрч Б.Б-ын “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Сахиа авто угаалгын урд талын автобусны буудал дээр дэд ахлагч Б.Б-ийн хамт шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байх үед баруунаас зүүн чиглэлийн урсгалд **** СЭН улсын дугаартай, цайвар цэнхэр өнгөтэй, Тоёота Акуа маркийн авто машиныг зогсоож шалгах үед тухайн тээврийн хэрэгслийг О-ны Г гэх хүн жолоодож явж байх бөгөөд О.Г нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байх ба уг хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир согтолтын зэрэг хэмжих “Аlcotest" 7510 драгер багажаар шалгаж үзэхэд О.Г нь 2.68 хувийн согтолттой байсан. О.Г нь ганцаараа уг тээврийн хэрэгсэлд явж байх бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулж журмын хашаа руу ачуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/
4. Гэрч Б.А “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн **** тоотод байж байх үед гар утас дуугараад О.Г залгаад ээжээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд машинаа барьж явж байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Би Г загнаад чи сарын өмнө бас архи хэрэглээд машин бариад жолоодох эрхээ хасуулчихсан биз дээ хаширдаггүй юм уу гэж хэлсэн. Хэрэг учрал болсон өдөр 13 цагийн үед Г гэрээсээ гараад явсан. Ямар зорилготой гэрээсээ гарсан талаар надад хэлээгүй.” гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/
5. Гэрч Д.Г-н “2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булгийн **** тоотод байж байх үед гар утас дуугарч Г залгаад ах нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодчихсон гэж хэлсэн. Г ах 2024 оны 05 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод жолоодох эрхээ нэг жилээр хасуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
6. Гэрч О.М “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед би ажлаасаа тараад өөрийн гэр лүү алхаад явж байх үед над руу Г залгаад хаана байгаа уулзах уу гэж асуусан. Би Дэнж руу гэр рүүгээ алхаад явж байна гэнэн Г яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй ахиж залгаад очиж чадахгүй юм шиг байна найз нь сая машин бариад явж байсан чинь замын цагдаа зогсоочихлоо найз нь архи уучихсан бас жолоодох эрхээ хасуулчихсан болохоор асуудалд орчихлоо өнөөдөр уулзаж чадахгүй юм байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
7.Гэрч Б.Б-н “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед би ажлаа тараад өөрийн гэр лүүгээ алхаад явж байтал О.Г-тай гудамжинд байсан. Бид хоёр машинд ойр зуурын юм ярьж байгаад пиво уухаар болоод 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивыг Эрдэнэ багийн самбарын хажууд машин дотор хувааж уусан. Пиво хуваан ууж дуусах гэж байх үед Г-ын гар утас дуугараад М гэх найз нь дуудаад байна явлаа гээд машинаа бариад яваад өгсөн. Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр над руу Г залгаад найз нь чамаас салаад Дэнжийн замаар уруудаад явж байгаад цагдаад баригдчихсан, өмнө эрхээ хасуулчихсан болохоор балраад байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
8. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/
9. Эрх бүхий албан тушаалтны “драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 2,68 хувь” тэмдэглэл. /хх-ийн 26-р хуудас/
10. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 773 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 30-32-р хуудас/
11. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-93-р хуудас/
12. Тоёота Акуа Р10 **** СЭН улсын дугаартай тэвэрийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Г нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд **** СЭН улсын дугаартай Тоёото акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрч Б.Б-н “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Сахиа авто угаалгын урд талын автобусны буудал дээр дэд ахлагч Б.Б-ийн хамт шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байх үед баруунаас зүүн чиглэлийн урсгалд **** СЭН улсын дугаартай, цайвар цэнхэр өнгөтэй, Тоёота Акуа маркийн авто машиныг зогсоож шалгах үед тухайн тээврийн хэрэгслийг О Г гэх хүн жолоодож явж байх бөгөөд О.Г нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байх ба уг хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир согтолтын зэрэг хэмжих “Аlcotest" 7510 драгер багажаар шалгаж үзэхэд О.Г нь 2.68 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.А-н “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн *** тоотод байж байх үед гар утас дуугараад О.Г залгаад ээжээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд машинаа барьж явж байгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-н “2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булгийн **** тоотод байж байх үед гар утас дуугарч Г залгаад ах нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодчихсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч О.М-н Удалгүй ахиж залгаад очиж чадахгүй юм шиг байна найз нь сая машин бариад явж байсан чинь замын цагдаа зогсоочихлоо найз нь архи уучихсан бас жолоодох эрхээ хасуулчихсан болохоор асуудалд орчихлоо өнөөдөр уулзаж чадахгүй юм байна гэж хэлсэн.. гэх мэдүүлэг, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны “драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 2,68 хувь” тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд согтуурсан үедээ **** СЭН улсын дугаартай Тоёото акуа загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа өөрийн эзэмшлийн **** СЭН улсын дугаартай Тоёото акуа загварын тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн О Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А