Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/312

 

 

 

2024       07         03                                            2024/ШЦТ/312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д-д холбогдох эрүүгийн 2425000000320 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Л.Д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Ингэт Таримал баг, Бухын гол гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа 1.162 м3 нойтон хус модыг 50-53 см хэмжээтэйгээр хөрөөдөн тайрч 39 ширхэг болгон бэлтгэж, байгаль орчинд 330 362 төгрөгийн хохирол учруулсан, хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг буюу 1.162 мЗ нойтон хус модыг өөрийн эзэмшлийн хар ногоон өнгийн **** ОРО улсын дугаартай Тоёота хайлюкс /Toyota Hilux/ загварын суудлын автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Д хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Буруу юм хийсэн. Эмээл хийх гэж байсан юм” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Байгаль Орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 97 дугаартай “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хяналт шалгалтаар Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын баруун тал чимээгүй хотын араас нойтон хус ачсан зохих эрхийн бичиггүй, **** ОРО Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн Л Д-н хууль бусаар бэлтгэснийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр илрүүлсэн” гэх албан бичиг, хавсаргасан гэрэл зураг. /хх-ийн 3-5-р тал/

 

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 8-11-р тал/

 

3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 15-19-р тал/

 

4. Иргэний нэхэмжлэгч С.Х-н “Би иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэгтэй танилцсан, эрх үүргээ ойлгож мэдсэн. Надад эрх үүрэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг хуулийн дагуу төлүүлэх хүсэлтэй байна. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дээрх иргэн нь мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ надаас аваагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байгаа. Яагаад гэхээр хаврын хуурайшилтын үе гээд ойд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байгаа. Надад өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

 

5. Гэрч Д.Ж-н “Би 2024 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газарт том машин жолоодоод шөнийн ээлжид явж байгаад үүрэглээд машин мөргөж аваар осол гаргаад нэлээн олон сая төгрөгийн өрөнд орчихсон байгаа тэгээд аав минь надад санаа нь зовоод туслах гэж байгаад хэрэгт холбогдчихлоо. Би үнэхээр их харамсаж байна. Хөгшин настай аавыгаа ийм хэрэгт оруулах гэж дээ” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

 

6. Гэрч Б.М-н “Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хариуцсан газар нутаг Баян-Өндөр ууланд эргүүл хяналт шалгалт хийн ажиллаж байхад чимээгүй хотын араас Шандын багийн чиглэлд **** ОРО улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэл явж байхад зогсоож шалгахад жолооч Л.Д нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсныг илрүүлэн ажилласан. Тэгээд цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч байгаа юм. Хус мод байсан. Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын давааны араас бэлтгэсэн гэж хэлсэн. Л.Д-н тээврийн хэрэгсэл, мод, хөрөө нь манай ажлын аж ахуйн хашаанд байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/

 

7. Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтний 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан №6 дугаартай “тухайн модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн мод байна. 0.50-0.53 метрийн урттай 39 ширхэг хус модын нийт эзлэхүүнийг тогтоохдоо MNS 2379:2010 стандартын 0.5-9.5м урттай хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзлэхүүний хүрдийг ашиглав. Тухайн модыг шинээр бэлтгэсэн мод байна. Орхон аймгийн БОАЖГ-ын аж ахуйн хашаанд байгаа 1.162 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласан төлбөр тогтоох мужлалын гуравдугаар муж, Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 330,362 төгрөгөөр тогтоов. 1.162 мЗ, бүх төрлийн нойтон мод 157,947 төгрөг, хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүр, хохирол нийт 330,362 төгрөг, Байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “ энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэж заасан” гэх дүгнэлт. /хх-ийн 46-47-р тал/

 

8. Яллагдагч Л.Д-н “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа нойтон хус модыг өөрийн эзэмшлийн **** ОРО тээврийн хэрэгсэлдээ ачиж Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт засмал замд нийлээд явж байтал Байгаль орчны байцаагч залуу намайг зогсоож шалгаад саатуулаад миний машиныг журамлаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Ингэт Таримал баг, Бухын гол гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа 1.162 мЗ нойтон хус модыг 50-53 см хэмжээтэйгээр хөрөөдөн тайрч 39 ширхэг болгон бэлтгэж, байгаль орчинд 330.362 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдрөө үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг буюу 1.162 м3 нойтон хус модыг өөрийн эзэмшлийн хар ногоон өнгийн **** ОРО улсын дугаартай Тоёота хайлюкс /Toyota Hilux/ загварын суудлын автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйл, модыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээгээр буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хугаагдсан 2.6 метр,куб хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөг улсын орлого болгох нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг байгаль орчны тухай хуульд зааснаар 3 нугалан шүүгдэгчээс гаргуулан байгаль орчны санд олгох нь зүйтэй гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Байгаль Орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн албан бичиг, хавсаргасан гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, иргэний нэхэмжлэгч С.Х-ын “дээрх иргэн нь мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ надаас аваагүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Ж-гийн “Би 2024 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газарт том машин жолоодоод шөнийн ээлжид явж байгаад үүрэглээд машин мөргөж аваар осол гаргаад нэлээн олон сая төгрөгийн өрөнд орчихсон байгаа тэгээд аав минь надад санаа нь зовоод туслах гэж байгаад хэрэгт холбогдчихлоо” гэх мэдүүлэг, гэрч Б.М-гийн “Л.Д нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсныг илрүүлэн ажилласан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан №6 дугаартай дүгнэлт, Яллагдагч Л.Д-н “Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Бухын гол гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа нойтон хус модыг өөрийн эзэмшлийн **** ОРО тээврийн хэрэгсэлдээ ачиж Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт засмал замд нийлээд явж байтал Байгаль орчны байцаагч залуу намайг зогсоож шалгаад саатуулаад миний машиныг журамлаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр Ингэт Таримал багийн Бухын гол гэх газарт ойд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа 1.162 мЗ нойтон хус модыг 50-53 см хэмжээтэйгээр хөрөөдөн тайрч 39 ширхэг болгон бэлтгэж, байгаль орчинд 330 362 төгрөгийн хохирол учруулсан, хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг буюу 1.162 м3 нойтон хус модыг өөрийн эзэмшлийн хар ногоон өнгийн **** ОРО улсын дугаартай Тоёота хайлюкс /Toyota Hilux/ загварын суудлын автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Л.Д нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

        Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Гэмт хэргийн улмаас ойн санд 330 362 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 991 086 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч төлсөн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураан авч битүүмжилсэн 39 ширхэг хус мод, **** ОРО улсын дугаартай Toyota Hilux маркын авто машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

  

            Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Л Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураан авч битүүмжилсэн 39 ширхэг хус мод, **** ОРО улсын дугаартай Toyota Hilux маркын авто машиныг улсын орлого болгож хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.А