| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/03606/И |
| Дугаар | 184/ШШ2021/03236 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2021/03236
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2021/03236 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 6 байр, 7 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 22 хороо, 21 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /
Хариуцагч: дүүрэг, 12 хороо, 7 байр, 7 тоот хаягт оршин суух, овогт /РД: /
3 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, Э., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Э. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч Д.тай дүүрэг, 12 хороо, 7 байрны гаражид засвар хийж, авто угаалга ажиллуулахаар харилцан тохиролцон амаар гэрээ байгуулсан. Засварын ажил дундаа орж байхад гаражийн өмчлөгч нь Д. биш гэдгийг мэдээд эзэнтэй нь уулзахад орон сууцны доор авто угаалга хийж болдоггүй, орон сууцны барилгад цана цохидог гэж хэлсэн. Авто угаалга ажиллуулах засварын зардал 1 410 000 төгрөг, гаражид засвар хийсэн ажлын хөлс 1 200 000 төгрөг, хоолны зардал 380 000 төгрөг, зээлдүүлсэн 600 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгийг Д.гаас гаргуулмаар байна. 600 000 төгрөг зээлж авахдаа 300 000 төгрөгөөр нь гэрэлтүүлэг авч Д. өөрөө авсан. Д. нь биднийг зарим нэг багаж тухайлбал молдок эвдсэн гэж тайлбар гаргасныг зөвшөөрөхгүй, учир нь молдок эвдсэн нь үнэн боловч ажиллагаагүй болсон гэдэг нь худал юм. Молдок эвдсэн гэх тэр оройдоо Д. молдокоо ирж засаад ажлаа дуусгасан. Хариуцагчаас өмнө нь 3 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч одоо засвар хийсэн материалын зардал 1 200 000 төгрөг, хариуцагчид зээлүүлсэн 600 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг нэхэмжилж байна. Үерхдэг охиноос салснаас түрээслэхээ больсон гэдэг нь үндэслэлгүй, энэ нь хувь хүний хоорондын асуудал гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг гаражийг 2019 оноос хойш түрээсэлж байна. 2021 оны 07 сард миний хуурай дүү М.Оюунхорол нь өөрийн үерхдэг залуу Э.гийн хамт ирж, гараж түрээсэлж авто угаалга ажиллуулъя гэж гуйсан. Ингэхдээ өөрсдөө мөнгө, материал, ажиллах хүч, тоног төхөөрөмжөө гаргаж засвар хийе гэснийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 08 сарын 12-ны өдөр засвараа эхлүүлэх үед би амралтаар хөдөө явсан ба ирэхэд нэхэмжлэгч нар нь түрээсийн байранд архидан согтуурч, хаа сайгүй тамхины иш, пивоны шил, лааз хаяж эмх замбараагүй болгосон байсан. Миний бие хуурай дүүгийн үерхдэг залуу гэсэн болохоор л дэмжье гэсэн сэтгэлээр зөвшөөрсөн боловч наад захын шаардлага биелүүлэхгүй байгаад бухимдаж, шаардлага тавьж загнахад нэхэмжлэгч нар нь өширхөж 3 хоног ирээгүй, түрээслэхээ болилоо гэсэн. Түрээслэхгүй болсон шалтгаан нь миний дүүтэй үерхэж байсан, үерхэхээ больсон. Би нэхэмжлэгч нартай 2021 оны 09 сарын 20-ны өдөр уулзаад та 2 хүсвэл үргэлжлүүлээд түрээсэлж болно, би хүлээцтэй байя, хүссэн үйл ажиллагаагаа явуулж болно гэж хэлэхэд Ц.*******, А. нар түрээслэхгүй гэж хэлсэн. Өөрсдөө засварт оруулсан мөнгөө түрээснээсээ суутгах талаар ярьсан болохоос биш, больчихвол мөнгө өгөх, авах талаар тохиролцоогүй, засварын зардал миний тооцоогоор 1 200 000 төгрөг болсон, гэрлийн үнэ 300 000 төгрөг өгч болно, харин байранд амьдарсан 300 000 төгрөгийг суутгаж авахаар тохирсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Э. нар нь 3 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт засварын зардал 1 200 000 төгрөг, зээлүүлсэн 600 000 төгрөг нийт 1 800 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д. хүлээн зөвшөөрөхгүй маргана.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нарын 2021 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч Д.тай дүүрэг, 12 хороо, 7 байрны гаражид засвар хийж, авто угаалга ажиллуулахаар харилцан тохиролцон амаар гэрээ байгуулсан,
Хариуцагчийн 2021 оны 07 сард хуурай дүү М.Оюунхорол нь үерхдэг залуу Э.гийн хамт ирж, гаражийг түрээсэлж авто угаалга ажиллуулъя, өөрсдөө мөнгө, материалаа гаргаж засвар хийнэ гэснийг зөвшөөрсөн, 2021 оны 08 сарын 12-ны өдөр засвараа эхлүүлсэн гэх тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүсжээ. Тодруулбал нэхэмжлэгч нар нь дүүрэг, 12 хороо, 7 байрны зоорийн давхарт байрлах гаражид авто угаалга ажиллуулах саналыг хариуцагчтай нүүр тулан амаар гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хариу өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д заасан гэрээ байгуулагдсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ болно, учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулна, 318.4-т бичгээр байгуулах шаардлага хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Энгийнээр хэлбэл нэхэмжлэгч Ц.*******, Э., хариуцагч Д. нар аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор авто угаалга ажиллуулах түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой атал амаар байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул өгсөн, авсан зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч нар гаражид засвар хийж авто угаалга ажиллуулахаар бараа, материал худалдан авсан, засвар хийсэн болох нь барилгын бөөний худалдааны Гурвалжин төвийн зарлагын баримтууд, гаражид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогддог, хариуцагч мөн адил хөдөлмөрийн багаж зэвсэг тухайлбал молдокоо засварт нь зориулж ашиглуулсан, зоорийн давхрын 1 өрөөг 24 хоногийн турш нэхэмжлэгч Э.д ажиллах, амьдрах орчин нөхцөлийг нь хангаж амьдруулсан, энэ тухай талууд маргаагүй. /хэргийн 11-19, 28, 43-55 тал/
Нэхэмжлэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт засварын зардал 1 400 000 төгрөг бус 1 200 000 төгрөг шаардсан, хариуцагчийн засварын зардал миний тооцоогоор 1 200 000 төгрөг болсон гэх тайлбараар талууд засварын зардлын үнийн дүнд маргаагүй гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч нар зээлүүлсэн 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг шилжүүлсэн нь Э.гийн Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Д. 600 000 төгрөгийг зээлж аваагүй, түрээсийн төлбөр гэж авсан, үүнээс өрөөний хөлс, молдок эвдэлсний төлбөр суутгана гэж маргажээ. Нэхэмжлэгч Э. 24 хоног өрөө хөлсөлсөн, нэхэмжлэгч Ц.******* молдокт эвдрэл, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан авто угаалга ажиллуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 56.5-д зааснаар засварын зардал 1 200 000 төгрөг, зээлүүлсэн мөнгө 600 000 төгрөг нийт 1 800 000 төгрөг гаргуулах шаардлагаас өрөө хөлсөлсөн зардал 250 000 төгрөг, молдок зассан зардал 50 000 төгрөг нийт 300 000 төгрөгийг хасаж, үлдэх 1 500 000 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Э. нарт олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 1 500 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 38 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Э., хариуцагч Д. нарын байгуулсан авто угаалга ажиллуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Д.гаас 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Э. нарт олгож, үлдэх 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1 500 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 38 950 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Э. нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР