Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

Б.Төрмандах, С.Сүрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран

Прокурор                                                         Д.Нямдэлэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        М.Энхтуяа

Шүүгдэгч                                                          Б.Төрмандах

  С.Сүрэндорж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Н.Батхуяг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Төрмандах, С.Сүрэндорж нарт холбогдох эрүүгийн 2021002020199 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1994 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Цорс овогт Батдоржийн Төрмандах,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1995 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Боржигон овогт Сонинсайханы Сүрэндорж.

Шүүгдэгч Б.Төрмандах нь С.Сүрэндоржтой бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Батхуягийн өмчлөлийн үхрээс 5 настай хөх зүсмийн үнээ, улаан сарман гунж, цагаан алаг зүсмийн эр шүдлэн үхэр, 3 настай шар эрээн халзан гунж буюу нийт 4 тооны үхэр хулгайлж 5 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Батхуягийн өмчлөлийн үхрээс хар халзан зүсмийн гунжин үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- С.Сүрэндорж нь Б.Төрмандахтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Батхуягийн өмчлөлийн үхрээс 5 настай хөх зүсмийн үнээ, улаан сарман гунж, цагаан алаг зүсмийн эр шүдлэн үхэр, 3 настай шар эрээн халзан гунж буюу нийт 4 тооны үхэр хулгайлж 5 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Төрмандахыг бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолоор:

-  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Цорс овогт Батдоржийн Төрмандахын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчлөн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

- Шүүгдэгч Цорс овогт Батдоржийн Төрмандах, Боржигон овогт Сонинсайханы Сүрэндорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батдоржийн Төрмандахад 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Сонинсайханы Сүрэндоржид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрмандахад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Сүрэндоржид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох тус бүр 1000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэн Д.Сонинсайханд хадгалагдаж буй “Т” үсгэн тамгатай хүрэн зүсмийн 1 тооны адуу, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэн М.Батдоржид хадгалагдаж буй “Ширээтэй сэрээ” тамгатай цагаан саарал болон цавьдар зүсмийн 2 тооны адуу буюу нийт 3 тооны адууг тус тус хураан авч, худалдан борлуулж үнийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авч,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон материал бүхий 50 см урт иштэй төмөр сүх 1 /нэг/ ширхэг, тус бүр нь 27.5 см бүхий “Stainless steel” гэх бичиглэлтэй хар бариултай хутга 2 /хоёр/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга “Т” үсгэн тамгатай хүрэн зүсмийн адуу, “Ширээтэй сэрээ” тамгатай цагаан саарал болон цавьдар зүсмийн адууг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Төрмандахын ЖМ94071112 регистрийн дугаартай, шүүгдэгч С.Сүрэндоржийн ЖМ95041914 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүнд байна, хөнгөрүүлж өгнө үү гэх үндэслэлээр шүүгдэгч С.Сүрэндорж, Б.Төрмандах нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа бид ижил утга агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна.

С.Сүрэндорж, Б.Төрмандах нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн учир уг хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нийгмийн хор аюулыг арилгасан учир хориуцлагыг хөнгөрүүлэх боломж байсан. Шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн гол онцлог бол хохирлыг арилгах, хохирогчийг хохиролгүй болгох, хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн бол хэргийн байдал, хэрэгтний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөлөх, чөлөөлөх тэр байтугай хорих ял өгөхгүйгээр тэнсэх ч боломжийг хуульд заасан. Тиймээс анх удаа хэрэг хийсэн малчин залуу хүүхдүүд, эцэг эхээсээ айж нууж ийм хэрэг хийсэн. Өөрөөр хэлбэл найз нөхөдтэйгөө нийлж мөнгө үрсэн өр тавьснаа мэдэгдэхгүй хэлж чадахгүй, өр нэхэгдэхээр хийсэн байдаг. Хувийн зан төлөвийн хувьд дуугүй, томоотой, эцэг, эхийнхээ үгэнд ордог “захиргаатай” хүүхдүүд байгаа. Их зөв хүмүүжилтэй гэж хэлэгдэхээр төлөв төвшин хүүхдүүд байдаг. Ийм хүмүүсийг шоронжуулж эвдэх хэрэггүй гэж үзэж байна. Тиймээс боломж олгож ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч нар маш их санаа зовж сэтгэлээр шаналж байгаа, гэмшдэг. Энэ байдлыг нь харгалзан хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Н.Батхуяг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Хохирогч Н.Батхуяг миний бие шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хүндэдсэн байна гэж үзэж давж заалдаж байна. Анх удаа хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа хүүхдүүдэд хорих ял шийтгэл оногдуулж байгаа нь хэдэн зуун саяар нь идсэн биш дээ дэндүү шударга биш байна. Боломж олгох хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь алдсан алдааг ухамсарлуулах л чухал. Хохирлыг бүрэн төлсөн байхад заавал шоронд хийхгүй байх нь зөв. Тэгдэг биз дээ. Дахиад хэрэг хийхгүй л бол болоо. Хэрэг хийхгүй байх боломжтой хүүхдүүд гэж үзэж байна. Энэ хэргээс хойш танилцаж надад их тус болсон. Намайг өвчтэй байхад мал хунарыг минь хумьж өгч тус болсон байсан. Нүүдэл суудалд туслаж хамжсан байсан. Ийм хүүхдүүд ховор шүү. Хүн алдаж болно. Гол нь түүнийгээ ойлгох нь чухал гэж боддог. Энэ хоёр хүүхдэд итгэж ялыг нь өөрчилж хөнгөрүүлж өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан байдаг. Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хууль д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулах талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой заасан байна. Өмгөөлөгчийн ярьж байгаа шиг малын хулгайн гэмт хэргийг хэт нэг талыг барьж шийдэж байгаа асуудал байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малын хулгайн гэмт хэргийн санкци нэмэгдсэн байгаа. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж бага ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Н.Батхуяг нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас хохирогч Н.Батхуягийн дөрвөн үхрийг хулгайлж 5,900,000 төгрөгийн хохирол учруулсан; мөн шүүгдэгч Б.Төрмандах нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас хохирогч Н.Батхуягийн нэг үхрийг хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай  нь хохирогч Н.Батхуяг, гэрч С.Сонинсайхан, гэрч М.Цэвэлмаа, гэрч Т.Тамир нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Н.Батхуяг нарын гаргасан “ял шийтгэл хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Төрмандах, шүүгдэгч С.Сүрэндорж, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Н.Батхуяг нарын давж  заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Төрмандах, С.Сүрэндорж нарын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр наян тав хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                 З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                    Л.НАРАНБАЯР