Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00322

 

 

 

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалтай,

Д ын нэхэмжлэлтэй,

“И ” ААТҮГ-т холбогдох

эмчилгээний зардал 19,627,400 төгрөг, 15 сарын цалин 30,477,450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, нийт 86,677,790 төгрөгийг гаргуулах, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө , Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д  нь “И ” ААТҮГ-т холбогдуулан эмчилгээний зардал 19,627,400 төгрөг, 15 сарын цалин 30,477,450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, нийт 86,677,790 төгрөгийг гаргуулах, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч И өөс 84,050,390 төгрөг гаргуулж Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,627,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “И ” ААТҮГ нь Д ын эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д  буюу түүний харгалзан дэмжигч З д олгож байхыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч “И ” ААТҮГ-аас 578,202 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...505.1...” гэсний дараа “... , Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1...” гэж нэмж, мөн заалтад “...84,050,390 төгрөг...” гэснийг “...37,477,450 төгрөг...” гэж, “...2,627,400 төгрөгийг...” гэснийг “...49,200,340 төгрөгийг...” гэж, “...З-д...” гэснийг “...З д...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...578,202 төгрөг...“ гэснийг “...345,337 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын 4-т “...хариуцагч талын гаргасан “...ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн нүд хараагүй болоогүй, ажил олгогчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоосон аливаа шийдвэр байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан Нүд судлалын үндэсний зөвлөлийн хурлын тэмдэглэл “....Анхны шинж тэмдэг: 2021.02.02-ны өдөр анх мэдрэлийн эмчид үзүүлсэн бөгөөд тухайн үеийн зовуурь нь баруун хөл гар суларч, хэл ам ээдэрч байна гэсэн байсан, Давтан мэдрэлийн үзлэг: 2021.02.22-ны өдөр үзүүлэхэд 7 хоногийн өмнөөс баруун нүдний хараа бүрэлзэнэ гэсэн зовуурьтай гэж өвчтөний картад бичигдсэн, мөн үйлчлүүлэгч нь анх 2021.02.22-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2021.02.24-ний өдөр Улсын нэгдсэн төв эмнэлгийн амбулаторийн нүдний кабинетад ойролцоогоор 7 хоногийн өмнөөс баруун нүд бүрэлзэнэ гэсэн зовуурьтайгаар үзүүлэн баруун нүдний торовчийн төв артер судасны бөглөрөл гэдэг онош тавигдсан. Нүдний торовчийн төв артери судасны бөглөрөл нь олон улсын судалгаагаар 100,000 хүн ам тутам 1 тохиолддог бөгөөд 46-аас дээш насны эрэгтэй, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт.... ихтэй хүмүүст хоёрдогчоор нүдэнд эдгэшгүй өөрчлөлт оруулдаг тархмал эмгэг юм...” гэсэн, мөн Д ын 2021.06.28-ны өдөр гаргасан “...2021.01.22-ны өдөр судасны бөглөрөл өгсөн, 2021.03.12-ны өдөр вакцин хийлгээд 24 цагийн дотор нүд бүрэн хараагүй болсон, ... вакцинаас болж харах нүдгүй болсон” гэх өргөдөл зэрэг баримтуудаас үзвэл манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн нүд хараагүй болоогүй, нэхэмжлэгч нь чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй байсан нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэг. Зөрчлийн улмаас үүсэх үүрэг. Тавин хоёрдугаар бүлэг. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг. 497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл. 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар хуульчилжээ. Гэтэл хэрэгт хариуцагч “И” ААТҮГ-ын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоосон хууль, шүүхийн байгууллагын аливаа нэг шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч үүнийгээ нотлоогүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Мөн магадлалын 6-д “...2021.04.01-ний өдрөөс 2022.07.01-ний өдөр хүртэл 15 сарын цалин 30,477,450 төгрөг, мөн сар бүр Луцентис 10 мг/мл тарилга хийлгэх шаардлагатай нь тогтоогдсон... гэж дүгнэн эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ” гэжээ. Нэхэмжлэгч Д  нь 2021 оны 3 сард 16 хоног ажилласан /хэрэгт авагдсан ээлжийн амралт гэх баримтаас харагдана/, 2021 оны 4 сард 4 хоног ажилласан, үүнээс хойш өвчтэй байсан /хэрэгт санхүүгийн болон ажилласан цагийн баримтууд авагдсан/ бөгөөд 2021.07.01-ний өдрөөс 2021.08.12-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан. /хэрэгт ГТҮШХА-ны 2021 оны 7 сард амрах ажилтнуудын ээлжийн амралтын хоногийн тооцоо гэх баримт, мөн ээлжийн амралт олгох хуудас авагдсан./ 2021.08.12-ны өдөр эхнэр З гийн гаргасан өргөдөлд “ХДЖ-д заасны дагуу 2021.08.12-ны өдөр ээлжийн амралт дууссан тул мөн өдрөөс эхлэн 3 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү” гэсний дагуу ГТҮШХА-ны даргын 2021.08.13-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар 2021.08.12-2021.11.12-ны өдрийг хүртэл хугацаанд цалингүй чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон байхад шүүх дээрх баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Үйл баримтын тухайд: Д  нь 1996 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар болох И ийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хяналтын албанд жолоочоор ажиллаж байгаад 2021.03.12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөн. Тодруулбал, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цайны газрын дэргэдэх автомашины гарашид албаны машиныг тавих гэж байгаад гарашийн хаалганд ар дагз руугаа хүчтэй савуулж цохигдон гэмтэж хүнд бэртсэний улмаас баруун нүд нь хараагүй болсон. Ингээд эмчилгээ хийлгэж чадалгүй хугацаа алдсаны улмаас хоёр нүд бүрэн харахаа больсон юм. Энэхүү үйлдвэрлэлийн осол нь хариуцагч байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хариуцлагагүй, буруутай үйлдлээс болсон бөгөөд хариуцагч байгууллага тухай үед үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулж холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй, нэхэмжлэгчийг тухайн осол гарах үед ажил дээрээ байгаагүй, ажиллаж байгаагүй гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн гүтгэж үнэхээр их хохироосон. Нэхэмжлэгчийн хувьд энэ хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул холбогдох бүхий л газарт гомдол гаргасны эцэст хариуцагч байгууллагын энэ үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож, осол болсон өдрөөс хойш 1 жил 6 сар 2 хоногийн дараа буюу 2022.06.14-ний өдөр ИНЕГ-ын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022.03.04-ний өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.06-ны өдрийн хурлын тэмдэглэл баталгаажуулах тухай 183/Ш32022/05617 дугаартай захирамжийг тус тус үндэслэн үйлдвэрлэлийн осолд нөхөн бүртгэж Үйлдвэрлэлийн ослын акт болон дүгнэлт гаргаж өгсөн. Улмаар 2022.06.22-ний өдөр ЭХМК-ын хурлаар орж үйлдвэрлэлийн ослын улмаас Н35.6 Торлогийн цус харвалт гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй тогтоож 2022 оны 7 дугаар араас группийн мөнгөө авч эхэлсэн байдаг. Осол болсноос хойш энэ хугацаанд нэхэмжлэгчийн хувьд БНСУ-д очиж үзүүлж ядаж нэг нүд нь хараатай болох боломж байсан боловч хариуцагчийн үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах гэсэн хууль бус, буруутай үйлдлээс болж яаралтай үзүүлж эмчилгээ авч чадаагүй, мөн цалин хөлсөө авч чадаагүй, листийн мөнгөө ч авч чадахгүй байсаар 2022.12.07-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Инчон эмнэлэгт үзүүлсэн. Гэвч хугацаа маш их алдсан байна, портез хийх боломжгүй 2 нүд хараагүй болсон байна, гэхдээ нэг нүд хараа орох магадлал тун бага байна гэж Монголд хариуцаж байсан эмчид маань хэлсэн. Ингээд бага ч гэсэн горьдлого тээж 2023.05.26-нд дахин Бүгд Найрамдах Солонгос улсад очиж анх үзүүлж байсан эмнэлэг дээрээ очиж үзүүлэхэд 2 нүд бүрэн хараагүй болсон, дахин үзүүлэх шаардлага байхгүй, нүдээ ширгээхгүйн тулд “луцентис” гэдэг тариаг сар тутам хийлгэж байхыг зөвлөсөн. Хариуцагч байгууллагын буруутай үйлдэл, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулснаас болж нэхэмжлэгч нь ажлаа хийж чадаагүй, бүхий л газар гомдол хүсэлт гаргаж байж 2022.06.14-ний өдөр үйлдвэрлэлийн ослын акт гарч, хоёр нүдээрээ, амьдралаараа хохирсноос гадна хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, цалин хөлс, нөхөн олговрыг авч чадахгүй хохирсоор ирсэн.

Хоёр. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалын тухайд: Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.07.07-ны өдрийн Б/159 дугаар “Д т тусламж олгох тухай” тушаал авагдсан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрмийн 3.5.7, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1 в, даргын зөвлөлийн 2022 оны 9 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэхэмжлэгч Д т олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх” гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1в-д “Улсын клиникийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын Монгол Улсад эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлт шийдвэр гарч, гадаад улсад эмчилгээ, оношилгоо, мэс засал зайлшгүй хийлгэх шаардлагатай болсон, эсхүл хийлгэсэн тохиолдолд тухайн эмнэлгийн тодорхойлолт, төлбөрийн баримт тэдгээрийн албан ёсны орчуулга, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн 10 сая хүртэл төгрөгийн буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно" гэж тус тус заасныг үндэслэн үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах гэсэн хууль бус үйлдэл нь илэрч, үйлдвэрлэлийн ослын акт гарсны дараа нэг удаа буцалтгүй тусламж олгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хууль болон дотоод журмын дагуу олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан эрүүл мэндэд учирсан гэм хор буюу эмчилгээний зардал юм гэж тайлбарлан шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөө хэлбэл, албан байгууллагаас олгож байгаа буцалтгүй тусламж, тэтгэмжийг буруутай этгээдийн үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг төлөх төлбөрт тооцон суутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хохирсон этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг уландаа гишгэсэн, улам дордуулсан үйлдэл болж байна гэж үзэж байна. Буруутай этгээдийн үйлдлийг ингэж улам өөгшүүлж, хохирсон этгээдийг улам хохироосон шийдвэр гаргаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Хавтас хэргийн 49 дүгээр хуудсанд нэхэмжлэгч Д ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн И ийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын 2022.12.26-ны өдрийн Б/154 дугаар тушаал авагдсан бөгөөд нэхэмжлэгч Д ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалт, 83 дугаар зүйлийн 83.1, 83.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд 80.1.3-т “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д ыг хоёр нүд нь бүрэн хараагүй болж хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувиар тогтоогдсон тул эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.01.27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 2.5, 82.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5, 8.5 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно" гэж, 82.1 А-р,“тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” гэж тус тус заасан. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоосон”, 8.3.5-д "15-25 жил ажилласан бол 25 сарын" дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгон, 8.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд энэ журмын 8.3, 8.4 дэх заалт нэгэн адил хамаарна ...” гэж тус тус заасны дагуу хууль болон журмын дагуу хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулан тэтгэмж олгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулан олгосон тэтгэмжийг үйлдвэрлэлийн ослын улмаас олгох ёстой нөхөн төлбөр юм гэж дүгнэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно”, 125.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол өс дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагын хувьд энэ нөхөн олговрыг олгоогүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байгаа. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаад олгож байгаа нэг удаагийн тэтгэмж, 125 дугаар зүйлийн 125.1-д заасан үйлдвэрлэлийн ослоос үүдэн олгох нөхөн төлбөр нь тус тусдаа ойлголт, тус тусдаа үр дагавар үүсгэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн уг ойлголтыг тусдаа ойлголт гэж дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нь ажилласан жилээс хамаарч “нэгээс дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” хэмжээтэй байдаг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд олгох нөхөн төлбөр нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас хамаарч “нэг сарын цалин хөлсийг таваас арван найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх” хэмжээтэй байна” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмж, 125 дугаар зүйлийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг нэг ойлголт гэж тайлбарлан дүгнэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх заалтыг зөрүүтэй дүгнэсэн, зөрүүтэй хэрэглэсэн байх бөгөөд мөн давж заалдах шатны шүүхээс дүгнэж байгаагаар эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн зохицуулалтаар олгож тэтгэмж, үйлдвэрлэлийн ослын улмаас нөхөн төлбөр олгох зохицуулалтаар олгож байгаа нөхөн төлбөр нь нэг ойлголт уу, буцалтгүй тусламжаар олгож байгаа тусламжийг гэм хорын хохирлын төлбөрт тооцох нь зөв үү гэдийг тодруулах шаардлагатай байна. Иймд гомдлыг хүлээн авч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.29-ний өдрийн 001/ШХТ2024/01440 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Д нь хариуцагч “И” ААТҮГ-т холбогдуулан эмчилгээний зардал 19,627,400 төгрөг, 15 сарын цалин 30,477,450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг, нийт 86,677,790 төгрөгийг гаргуулах, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “... Д нь 1996 оноос энэ байгууллагад ажилласан. ... 2021.03.12-ны өдөр орой 23 цагийн орчим автомашины гаражид албаны машиныг тавих гэж байгаад гаражийн хаалганд ар дагз руугаа хүчтэй савуулж цохигдон гэмтэж хүнд бэртсэний улмаас 2 нүд бүрэн харахаа больж, үйлдвэрлэлийн осолд өртсөнийг нөхөн бүртгээд Үйлдвэрлэлийн ослын акт болон дүгнэлт гаргасан. Миний бие 2022.06.22-ны өдөр ЭХМК-ын хурлаар орж үйлдвэрлэлийн ослын улмаас Н35.6 Торлогийн цус харвалт гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй тогтоолгосон. 2022.12.28-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасныг 2023.04.14-ний өдөр гардаж аваад 2021.06.21-ний өдрөөс ажлаас халсан өдрийг хүртэлх нийт 1 жил 6 сар 5 хоногийн цалин хөлс болох 41,791,328 төгрөгийг, мөн 2021.04.01-ний өдрөөс 2021.07.01-ний хоорондох 66 ажлын өдрийн лист авсны зөрүү цалин болох 1,872,587.43 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар гомдлоо байгууллагын болон дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байгууллагуудад гаргасан. Миний бие хөдөлмөрийн чадвараа 100 хувь хугацаагүйгээр алдсан тул 18 сарын дундаж цалин хөлс болох 50,000,000 төгрөгийг гаргуулахаар гомдлоо нэмэгдүүлсэн. Миний бие ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмжийг 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тогтоолгон 2023 оны 01 сард авсан боловч дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг аваагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.3-т зааснаар ажил олгогчоос хохирлоо нэхэмжилж байна” гэжээ.

8. Хариуцагч “И” ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзахдаа “...олгогдоогүй цалин 2021.04.01-ний өдрөөс 2022.07.01-нийг хүртэлх 15 сарын цалин 30,477,450 төгрөгийн тухайд Д  нь 2021 оны 3 сард 16 хоног, 4 сард 4 хоног ажилласан. Үүнээс хойш өвчтэй байсан. 2021.07.01-ний өдрөөс 2021.08.12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан, эдгээр баримт нь хэрэгт авагдсан. 2021.08.12-ны өдөр эхнэр З гийн гаргасан өргөдөлд “...дотоод журамд заасны дагуу 2021.08.12-ны өдөр ээлжийн амралт дууссан тул мөн өдрөөс эхлэн 3 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү” гэсний дагуу ... албаны даргын 2021.08.13-ны өдрийн Б78 тоот тушаалаар 2021.08.12- 2021.11.12-ны өдөр хүртэл цалингүй чөлөө олгосон. Үүнээс хойш өвчтэй байсан ба ажлын байрыг нь хадгалж байсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30,477,450 төгрөгийг олгох боломжгүй. Эмчилгээний зардлын хувьд ...албаны даргын 2021.08.16-ны өдрийн Б79 тоот тушаалаар 1 сарын дундаж цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж 1,218,784 төгрөгийг олгосон. Мөн дотоод журамд заасны дагуу ... ерөнхий газрын даргын 2022.07.07-ны өдрийн Б159 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д заасны дагуу 10,000,000 төгрөгийг олгосон. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн осол гэж хэлээгүй. Сахрын өвчтэй байсан тийм учраас эмчилгээний зардалд тус нэмэр болооч гэсэн өргөдөл бичиж өгсөн. ИНЕГ даргын 2023.01.27-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Д т 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж буюу 50,795,751 төгрөгийг өгсөн.” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.  

9. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийг 2021.03.12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөнийг нөхөн бүртгэхээр акт, дүгнэлт үйлдэж 2022.06.14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж акт тогтоожээ. Нэхэмжлэгч 2021.04.01-нээс 2022.07.01 хүртэл 15 сарын цалин 30,477,450 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Д  ажлын байран дээр үйлдвэрлэлийн осолд өртсөн, И 2022 оны 6 сард нөхөж үйлдвэрлэлийн осол бүртгэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул энэ хугацааны цалинг гаргуулах нь хуульд нийцнэ. Мөн И  Д т үйлдвэрлэлийн ослын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгоогүй байх тул хариуцагчаас 36,572,940 төгрөг гаргуулна. Д  нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байх тул түүний энэ хугацааны эмчилгээний зардалд 17,000,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож, харин онгоцны зардал 2,627,400 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангах боломжгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор курсээр хийх, бусад баримтад жороор олгож хийгдэж байгаа зэргийг үндэслэн хариуцагч И  Д ын эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д  буюу түүний харгалзан дэмжигч З д олгож байхыг даалгах нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “И ” ААТҮГ-аас 84,050,390 төгрөг гаргуулж, Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,627,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “И ” ААТҮГ нь Д ын эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д  буюу түүний харгалзан дэмжигч З д олгож байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүйн улмаас хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг буруу тогтоосон байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022.07.07-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар эмчилгээ хийлгэхэд нь зориулж 10,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг Д т олгохоор шийдвэрлэж, 2022.07.22-ны өдөр олгожээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан эмчилгээний зардал 19,627,400 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул уг үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулна.   Ажил олгогчоос эмчилгээний зардалд зориулан олгосон 10,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн шаардсан эмчилгээний зардлаас ялгаж зааглагдсан эсэх нь эргэлзээтэй. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.01.27-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Д т 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, 2023.02.31-ний өдөр 50,795,751 төгрөгийг олгожээ. Анхан шатны шүүх дээрх 50,795,751 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.01.27-ны өдрийн Б/09 дугаар тушаалд ...хөдөлмөрийн чадвар алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон... гэсэн үндэслэлийг дурдсан байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нь ажилласан жилээс хамаарч нэгээс дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байдаг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд олгох нөхөн төлбөр нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас хамаарч нэг сарын цалин хөлсийг таваас арван найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна. Иймд, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 36,572,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.“ гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлж, нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгч Д ыг үйлдвэрлэлийн осолд өртсөн, түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар, хугацаагүй тогтоосон тухайд талууд маргасангүй. Харин энэ ослоос үүдэлтэй нэхэмжлэгчид учирсан хохирлыг ажил олгогч ямар хэмжээгээр хариуцах талаар талууд маргасан байна.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, үйлдвэрлэлийн ослоос улбаатай нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч И өөс нэхэмжлэгч Д т үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 36,572,940 төгрөг, эмчилгээний зардалд 17,000,000 төгрөг, 15 сарын цалин хөлс 30,477,450 төгрөг, нийт 84,050,390 төгрөг олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

14. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Д т  хариуцагч буюу ажил олгогчоос өмнө нь олгосон мөнгөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар олгосон гэж, түүнчлэн эмчилгээний зардалд шаардсан 10,000,000 төгрөгийг өмнө нь нэхэмжлэгчид олгосон мөнгөнөөс зааглагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

15. Иймд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01668 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 579,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                               Н.БАТЧИМЭГ

                                                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД