Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 0247

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: Э.Ундраххэрлэн

иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож

шүүгдэгчийн   өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Т.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Еншөөбү  овогт Тэгштөрийн Хүдэрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010345 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын  27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Еншөөбү  овогт Тэгштөрийн Хүдэр, 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалант  хаягт бүртгэлтэй, Улаанбаатар хотод ам бүл 5, ах, эгч, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 86а байрны 100 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй ,РД:ШУ92031015,

Холбогдсон хэргийн талаар:

 Т.Хүдэр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 86в байрны 2 дугаар орцны үүдэнд Ч.Санжмятавтай миний мөнгийг хулгайллаа гэснээс болж хувийн маргаан үүсгэн маргалдсаны улмаас иргэн Ч.Санжмятавыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч Т.Хүдэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгнө. 2016 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр орой ажлаа тараад харих замдаа нэг газар орж пиво уусан. Тэгээд би байрны гадаа хаалгыг чипээр онгойлгох гэж зогсож байтал хохирогч гэх Санжмятав намайг сугадаж явсан. Би бодохдоо намайг гэр рүү оруулах гэж байна гэж бодсон. Хохироч намайг орц руу дагуулж орсон. Би муу санаалаад өөрт байсан 2 ширхэг гар утас, бэлэн 120.000 төгрөгийг биедээ нуусан. Тухайн эд зүйлсээ өмсөж байсан хүрэмний дотор талын халаасанд нуусан байсан, тэгээд би орц руу хохирогчтой хамт ороод цааш нь юу  болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа. Би өглөө тас харанхуй газарт сэрсэн Тэгээд би сандраад босоод нэг завсраар гэрэл гарсан байхаар нь хөлөөрөө өшиглөж гарахад байрны подвалд хэвтэж байсан. тэгээд гараад явтал Санжмятавтай таарсан. Би тэгээд хохирогчоос миний эд зүйлийг яагаад авсан талаар асуутал өөдөөс намайг хэл амаар доромжлоод ирэхээр нь би хохирогчийг хавирч унагаасан, тэгээд хохирогч босоод ирэхээр нь нэг удаа алгадсан. Тэгтэл Сүхээ гэж харуул ирж бид хоёрыг салгасан. Би тэгээд гэртээ орчихоод гараад ирэхэд хохирогч эхнэртэйгээ цуг байж байсан. Тэгтэл 2 цагдаа ирээд хохирогч бид хоёрыг дагуулж дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Замд хохирогч надаас он гарах гэж байхад ах нь эрүүлжүүлэх байранд хономооргүй байна. Би чиний эд зүйлийг авсан үнэн гэж 2 цагдаагийн дэргэд гуйгаад байсан. Би хохирогчоос алдсан эд зүйлийг төл гэж хэлтэл хохирогч би Төгсөө ахаасаа мөнгө авч өгнө гэж надад хэлсэн. Тэгээд цагдаа дээрээс хохирогчтой цуг СӨХ-н дарга Төгссайхан  дээр очиж он гаргасан. Төгссайхан  надад хохирогчийг тэр хавиар архи уугаад явж байдаг талаар хэлж байсан. Хохирогч тухайн үед тамхи татлаа гэж гараад явсан тэгээд хохирогчтой уулзаж чадаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаагч ирж намайг барьж цагдан хорьсон гэв.

 Шүүгдэгч Т.Хүдэр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 03.00 цаг болж байхад гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 86в байрны 2 дугаар орц руу орох гэсэн чинь орцны үүдний чип байхгүй учраас харуулын путикны үүдэнд зогсож байтал Санжмятав ах гарч ирээд намайг дагуулж 86в байрны подвол руу ороод өөрийнхөө амьдардаг байр луу оруулаад гаднаас нь цоожилчихсон байсан. Би унтаад сэрсэн чинь миний кармаанд байсан эд зүйлс байхгүй болчихсон байхаар нь гарах гэсэн чинь гаднаас цоожилчихсон би ганцаараа байхаар нь хаалгыг нь эвдэж гараад орцны хаалгаар гарах гэсэн чинь Санжмятав өөдөөс согтуу орж ирж байхаар нь би мөнгөө нэхсэн чинь би аваагүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Санжмятавыг баруун хөлөөрөө хавирч унагаагаад нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд маргалдаад байж байхад тус Цагаан хуаран хотхоны 2 харуул ирээд бид 2-ыг салгаад би гэртээ өөрийн гэр болох 100 тоот руу орсон. Хэсэг байж байгаад гарч ирээд орой 18.00 цагийн үед Санжмятавын байр луу ороход тэр эхнэртэйгээ хоёулаа архи уучихсан сууж байхаар нь түүнийг дагуулж гараад СӨХ-ийн дарга Төгссайхан дээр очсон. Тэгээд танай энэ ажилтан чинь миний мөнгийг авчихсан байна гэсэн чинь наад хүн чинь манайд ямар ч хамаагүй, манайд ажилдаггүй гэж хэлсэн. Тэгтэл Санжмятав буцаж гэртээ ороод нэг тень аваад айлд оруулж өгнө тэгээд мөнгийг чинь өгий гэж хэлчихээд алга болчихсон. Намайг харуулын путкинд сууж байтал хөдөлгөөнтийн 2 цагдаа ирээд Санжмятав бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр авч ирээд цагдаа нь одоо шинэ жил болж байна маргалдаад яахав авсан зүйлийг нь буцаагаад өг гэсэн чинь Санжмятав одоо надад мөнгө төгрөг алга гэхээр нь би тоохгүй за одоо болий гэж хэлээд гэрлүүгээ явсан. Ингээд би Наранхүү гээд манаачийнд орж шинэ жил гаргасан. Шинэ он гаргачихаад буцаад харуулын путик орж тэнд байж байгаад суугаагаараа унтчихсан байсан байлаа. Өглөө сэрсэн чинь Санжмятав байхгүй байсан. Би ухаан орохдоо л асрамжинд байсан. Тэгээд асрамжинд  байхдаа Булган аймагт Мөнхжаргал гэдэг ламд өргүүлээд түүн  дээр өссөн. 6 жил лам байж байгаад төрсөн ах Ганзориг дээрээ хотод ирсэн. Надад хамаатан садан ах эгч байдаг боловч би уулзий гэж боддоггүй юм. Надад 120.000 төгрөг бэлнээр байсан. Мөн карт байсан алга болчихсон байсан юм гэжээ. /хх-ийн 42/

          Хохирогч Ч.Санжмятав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө би 01.00 цаг өнгөрч байхад 86в байрны 1 дүгээр орцны в1 давхрын шатны доор байдаг хувцас сольдог өрөөнд орж амрах гээд ороод сууж байсан чинь араас хаалга цохиод Хүдрээ гээд зүс таних залуу орж ирсэн. Орж ирээд хонох газар байдаггүй Санжаа ах та эндээ хонуулчихаач гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би хөнжил гаргаж өгчихөөд байж байсан чинь Хүдрээ намайг архи уух уу гэж хэлэхээр нь би тэгье гэсэн. Тэгтэл Гансүхийн виза картыг 20.000 төгрөгтэй хамт гаргаж ирээд та энэ мөнгөөр ганц шил архи олоод ир гэж  хэлэхээр нь би Хүдрээг гаднаас нь цоожилчихоод гараад явсан. Тэгээд би хойшоо такси барьж яваад бөхийн өргөөний хажууд байдаг Жулья дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Сархад архи аваад буцаад цагаан хуаранд ирсэн. Би Хүдрээг цоожилж орхисон өрөөндөө орсон чинь тэрээр гадна хаалга эвдээд гараад явчихсан байхаар нь  авсан архиа Бямбаатай хувааж уугаад 05.00 цаг болж байхаар нь би доошоо орж унтлаа гээд 86а байрны 1 дүгээр  орцоор доошоо нойл орчихоод грашаар дамжаад орц руу орсон чинь орцны гэрэл байхгүй харанхуй байсан. Ингээд би грашид тасраад сэрсэн.  Би тэндээсээ босоод дээшээ харуулын путик дээр очих гээд явж байтал Хүдрээтэй таарсанаа санаж байна. Нэг мэдэхэд би гэртээ ороод хэвтэж байсан.  Гэтэл Хүдрээ ахин орж ирээд надад 300.000 /гурван зуу гаруй мянган/ төгрөг байсан та авчихлаа миний мөнгө хаана байна гээд намайг хэвтэж байхад миний зүүн мөр рүү өшиглөөд таниас өөр хэн авдаг  юм  гээд миний кармааг нэгжиж байгаад босоод ирсэн чинь миний шанаа руу цохиод би хэсэг ухаан алдчихсан байсан нэг сэрсэн чинь эхнэр ирчихсэн уйлж орилоод түргэн дуудаад түргэн ирээд миний толгойд оёдол тавьчихаад явчихсан байсан. Тэгээд эхнэр Мянган-Аюуш надад хоол унд авчирч өгөөд би идэж байгаад унтаад сэрсэн чинь Хүдрээ  ороод ирчихсэн намайг ална миний мөнгийг өг, чамайг мөнгө өгөхгүй бол чигчий хурууг чинь тасдаж авна гээд цаасны хутга барьчихсан зогсож байсан. Би болсон зүйлийг бүдэг бадаг санаад байна. Миний ухаан санаа жоохон орж гараад байна. Ер нь бол би нилээн согтуу байсан. Хүдрээ намайг гадаа зогсоол дээр зодсон гэж Бямбаа, Гансүх 2 яриад байгаа юм. Би бол тэрийг сайн санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход би өрөөндөө бөөн цус нөж болчихсон байсан. Тэр гадаа зодуулахад миний тархи толгой хагарч  цус гарсан юм шиг байна лээ. Би тухайн үед жоохон манарчихсан толгой дүүнгэтсэн байдалтай байсан. Ер нь Хүдрээ хэд хэдэн удаа манай өрөөнд орж ирж намайг зодсон. Би маш их гомдолтой байна. Би эм тарианы мөнгө гэж ах дүүсээсээ гаргуулсан. Энэ мөнгөө авмаар байна гэжээ. /хх-н11-13 /

          Ч.Санжмятавын Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн үүсгэн шалгасан байна./ хх-н 3/

         Ч.Санжмятаваас асууж авсан тайлбар/ хх-н 4-5/, Ч.Санжмятавын захиргааны зөрчилийн талаарх баимтууд /хх-н 7-10/

           Гэрч Э.Гансүх  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би энэ хоёр хүнийг зүс мэдэхээс цаашгүй. 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр өглөө 10.00 цаг болж байхад би гэрээсээ гараад харуулын байран дээр харуул Бямбааг хүлээгээд сууж байхад Бямбаа 86б 12 давхараас бууж ирсэн. Бямбаа бууж ирэхгүй удаад байхаар нь 86б байрлуу алхаж байсан чинь 86б байрны 2 дугаар орцны үүдэнд Санжаа хөлөө жийгээд доошоо суучихсан Хүдрээ хажуунаас нь чи миний мөнгийг өг гээд зодох гээд дайраад байсан. Санжмятавын нүүр нь цус болчихсон Бямбаа голоор нь ороод салгаад байсан. Тэгээд би очоод Санжмятавыг 86в байрны 2 дугаар орц руу оруулж өгчихөөд явсан. Санжмятав нилээн согтуу байсан. Намайг харж байхад Хүдрээгээс өөр хүн Санжмятавыг зодож харагдаагүй гэжээ. /хх-н 14-15/

          Гэрч П.Бямбаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-ны шөнө намайг харуулд гарч байхад Санжмятав шөнө 05.00 цаг өнгөрч байхад харуулын байранд орж ирээд Жулья руу архинд явлаа гээд явсан. Тэгээд буцаж ирэхдээ 2 шил Сархад архи авлаа гээд барьчихсан ирээд тэр архиа манай манаачийн байранд уучихаад Тулгаа гээд лифтчин залууг дуудаж хамт архи ууж байгаад Тулгаа түрүүлээд орц руу орсон. Тэгээд Санжмятав манай байранд байж байгаад 86в байрны орц руу орсон. Өглөө 9.00 цаг өнгөрч байхад ээлж хүлээлцээд байж байсан чинь 86в байрны 2 дугаар орцны гадаа Санжмятавыг Хүдрээ гээд залуу газар унагаачихсан хөлөөрөө толгой руу нь дэвсээд байхаар нь би салгасан. Тэгээд манаач Гансүх, Хүдрээг салгаад манаачийн байр луу чиглүүлээд урагшаагаа аваад явсан. Би ажилтай байсан болохоор цаашаагаа явчихсан. Санжмятавын зулай хэсгээс нь цус гарч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө ээлж хүлээн авахад Санжмятавыг гэмтлийн эмнэлэг явсан гэж ярьж байсан. Санжмятав нилээн согтуу байсан. Тэр Хүдрээтэй л зодолдсон гэжээ. /хх-н  16-17/

         Гэрч Л.Отгонжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Хүдрээтэй 2 жилийн өмнө сагсны талбай дээр сагс тоглож байгаад танилцсан. Бид хоёр найзууд байгаа юм. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын дундуур Шангрилла төв дотор нано үзэх гэж явж байгаад таарсан. Холбоо барих утсыг нь мэдэхгүй юм. Хүдэр хааяа архи уучихдаг болохоос их сайн залуу байгаа юм гэжээ.  /хх-н 18/

          Гэрч Б.Мянган-Аюуш  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн өглөө 10.00 цаг өнгөрч байхад Цагаан хуаранд байсан Санжмятав дээр очсон. Би шууд 86в байрны подволд байрлах Санжмятавын байрладаг өрөө рүү ороход гадна цоож нь эвдэрчихсэн хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь Санжмятавын толгойноос цус гарчихсан орон дээрээ хэвтэж байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан тэгэхээр нь би шууд 103 дуудсан. 103-ын эмч 11.00 цагт ирээд дээд язарсан толгойд нь 8 оёдол тавьсан. Тэгээд түргэний эмч гэмтлийн эмнэлэг рүү явж гавал ясны зураг яаралтай авахуулаарай гэж хэлээд яваад өгөхөөр нь би Санжмятавыг нойлын өрөөнд авиачаад цус нөжийг нь угаагаад хувцасыг нь өмсүүлээд эмнэлэг явах гэсэн боловч автобусны мөнгө олдоогүй. Тэгээд би 15.00 цаг өнгөрч байхад Санжмятавтай хамт харуулын байранд Гантулга гээд лифтчин залууг хүлээгээд зогсож байтал гаднаас Хүдрээ гээд байгаа залуу орж ирээд Санжмятавтай миний виза карт мөнгө өг гээд маргалдаж эхэлсэн.  Тэгээд Санжааг гараад ир гээд дагуулж гараад Санжмятавын байрладаг подвол руу орохоор нь би араас нь дагаж ороод Хүдрээг чи яагаад манай нөхрийн тархи толгойг цус нөжтэй нь хольчихсон юм бэ гэхэд миний мөнгө картыг аваад өгөхгүй байсан юм гэсэн.  Тэгээд би нөхөртэй чинь ярьж байна таньд хамаагүй гээд байсан. Тэгэхээр нь би наад хүний чинь толгой тархинаас цус гараад тогтохгүй байна чи харж байгаа биз дээ гэхэд та хар нөхрөө өмөөрөөд байгаа юм уу өчигдөр наадхыг чинь гүйцээчихдэг байж харин ч гайгүй цохьсон шүү гээд байсан. Би тэр хоёрыг дагаад яваад байсан чинь Хүдрээ та гэртээ харь би нөхрийг чинь явуулахгүй гээд салж өгөхгүй шөнөжингөө дагуулж яваад энд тэнд авиачаад зодоод яваад байсан.  Манай нөхөр хүн амьтантай нэг их зодолдож хэрэлдээд байдаггүй юм. Тэр үед Хүдрээд л зодуулсан гэжээ. /хх-н  19/

  Гэрч Д.Отгонзул  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хүдэр бол айлын бага хүүхэд. Миний мэдэж байгаагаар манай нөхөр болон Хүдэрийн ээж аав  нь бага байхад нь нас бараад айлын 5 хүүхэд үлдээд тус тусдаа айлд өргөгдсөн юм байлаа. Манай нөхөр Ганзориг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Эрдэнэбилэг гэдэг айлд өргөгдөөд тэндээ өсөж хүмүүжээд 2010 онд надтай гэр бүл болсон. Надтай гэр бүл болохоос өмнө манай нөхөр Хүдэр гээд дүүгээ олоод өөр дээрээ байлгасан боловч Хүдэр хамт байхаас татгалзаад хамт амьдраагүй гэсэн. Ингээд надтай гэр бүл болсоноос хойш Хүдэр манайд ирэн очин байдаг болсон. Хүдэр сургуульд сурсан эсэхийг мэдэхгүй байна. Ганданд хэсэг лам байсан гэж ярьж байсан. Хүдэр ахынхаа үгнээс гардаггүй юм. Архи дарс ууж янз бүрийн ааш авир гаргадггүй их даруухан хүүхэд байгаа юм. Хүн зодсон талаараа ярьж байсан гэхдээ гайгүй байлгүй дээ гэж байсан гэжээ. /хх-н 20/

Гэрч  Н.Оюунтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хүдэр бол 86в байранд тогтмол амьдардаг хүн биш. Манай хүү Мэндсайхныг гэртээ байгаа үед нь хааяа ирж хонодог юм. Хүдэр яг хаана амьдардагыг нь би мэдэхгүй. Манай хүү Мэндсайхан тус байранд амьдардаг бөгөөд би хөдөө Булганаас ирж очин энд байдаг юм. Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 19-ны өдөр хүртэл Солонгос улсад байж байгаад ирсэн.  Мэндсайхан одоо хөдөө Булган аймагт байгаа. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Энэ байр миний нэр дээр байдаг юм. Би энэ байранд ирж очин байдаг юм гэжээ. /хх-н21/

Гэрч Б.Наранхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр өглөө 11.00 цаг өнгөрч байхад дуудлага хүлээн аваад очиход Санжмятав гээд эрэгтэй хүн хуйхандаа 1.5 см язарсан шархтай байсан.  Юу болсон талаар асуухад өглөө үүрээр таньдаг залуутай маргалдаад  цохиулчихсан гэж ярьсан. Санжмятав бол нилээн их согтолттой байсан. Тэгээд үзлэг хийгээд язарсан шарханд 3 оёдол тавьж шархыг тогтоож боолт хийж өгсөн.  Намайг үзэхэд биеийн байдал муу байсан бөгөөд би гэмтлийн эмнэлэгт очиж толгойны зураг авахуулаарай гэж хэлсэн. Эхнэр нь гээд нэг эмэгтэй байсан бөгөөд өөрийгөө саяхан ирлээ гэж хэлж байсан. Санжмятав харьцаа сайтай хэвийн явж босож байсан.  Асуултанд зөв тодорхой хариулж байсан гэжээ.  /хх-н 23/

  Гэрч Н.Төгссайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би сайн санахгүй байна. Санжмятав ойролцоогоор 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан.Тэгээд ажлын байран дээр архи уусан гээд ажлаас халагдсан байгаа. Эхнэр нь гээд Мянган-Аюуш гэж эмэгтэй манай СӨХ-д жижүүр үйлчлэгчээр ажиллаж байсан. Санжмятав манайд ажиллаж байхдаа 86в байрны 1 дүгээр орцны подволд амьдардаг байсан. Эхнэртэйгээ хамт байрладаг байсан. Ажлаас 12 дугаар сард гарсанаасаа хойш тогтсон ажил байхгүй манай ажил дээр ирж очоод хүмүүстэй уулзаад хүний машин тэрэг янзлаад яваад байдаг харагддаг юм байлаа. 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн орой 19.00 цагийн үед би гэртээ байж байхад манай хаалгыг Санжмятав тэр Хүдрээ гээд байгаа залуугийн хамт тогшихоор нь хаалгаа онгойлгоод уулзсан чинь Санжмятавын нүүр болон хувцас нь цус болчихсон толгойгоо боочихсон Санжмятав жоохон согтуу нөгөө залуу нь жоохон халамцуу байдалтай байсан. Тэгээд надаас Хүдэр гээд залуу нь Санжмятавт бодогдох цалин байна уу энэ миний мөнгийг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад хүн чинь манай ажлаас гарчихсан бодогдох цалин байхгүй гэж хэлээд гаргасан. Санжмятав архи их уудаг нь үнэн. Хэнд зодуулсан талаар нь мэдээгүй гэжээ. /хх-н 24/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 28/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1256 тоот акт:

1.Ч.Санжмятавын биед дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэгт цус хуралт няцрал, баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.  /хх-н 26/ ДҮГНЭЛТ:

Шинжээч эмч М.Энхтайван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Санжмятавт учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хатуу ултай тодорхой тооны жинтэй гуталтай үед үүсэх боломжтой. Толгойн дагз хэсгээр хатуу гадаргуутай хавтгай газар унах үед үүснэ.  Гавлын ясны хугарал цусан хураа нь 1 удаагийн үйлчлэлээр хуйхны шарх  зөөлөн эдийн няцрал нь 1 удаагийн үйлчлэлээр 2 ташааны цус хуралт нь 1, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ гэжээ.  /хх-н 29/

     Шинжээчийн дүгнэлт, байцаалтыг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 30-31/

Өвчний түүхийн хуулбар,/хх-н 46-59/

Сэжигтнийг баривчлах тогтоол /хх-н 32/ Тэгштөрийн Хүдэрийг 2017.02.02-ны өдөр баривчилсан байна./хх-н 32/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, авсан захирамжууд /хх-н 33-40/

          Т.Хүдэрийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 41-45/,

Т.Хүдэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:  /хх-н 46/,Т.Хүдэрийн захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-ийн 6/ зэрэг болно.

Т.Хүдэр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 86в байрны 2 дугаар орцны үүдэнд Ч.Санжмятавтай миний мөнгө, виза карт  өг гэж хэлээд Ч.Санжмятавыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.Санжмятавын биед дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэгт цус хуралт няцрал, баруун чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа баруун ташаанд цус хуралт бүхий амь насанд аюултай тул гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна гэсэн шүүх эмнэлэгийн үзлэгхийсэн акт /хх-н 28/

   Шинжээч эмч М.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн …мэдүүлэхдээ: Санжмятавт учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хатуу ултай тодорхой тооны жинтэй гуталтай үед үүсэх боломжтой. Толгойн дагз хэсгээр хатуу гадаргуутай хавтгай газар унах үед үүснэ.  Гавлын ясны хугарал цусан хураа нь 1 удаагийн үйлчлэлээр хуйхны шарх  зөөлөн эдийн няцрал нь 1 удаагийн үйлчлэлээр 2 ташааны цус хуралт нь 1, 1 удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн мэдүүлэг .  /хх-н 29/

        Хохирогч Ч.Санжмятавын  мөрдөн байцаалтад  өгсөн … Хүдрээ гээд зүс таних залуу орж ирсэн. Орж ирээд хонох газар байдаггүй Санжаа ах та эндээ хонуулчихаач гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би хөнжил гаргаж өгчихөөд байж байсан чинь Хүдрээ намайг архи уух уу гэж хэлэхээр нь би тэгье гэсэн. Тэгтэл Гансүхийн виза картыг 20.000 төгрөгтэй хамт гаргаж ирээд та энэ мөнгөөр ганц шил архи олоод ир гэж  хэлэхээр нь би Хүдрээг гаднаас нь цоожилчихоод гараад явсан. Тэгээд би хойшоо такси барьж яваад бөхийн өргөөний хажууд байдаг Жулья дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Сархад архи аваад буцаад цагаан хуаранд ирсэн. Би Хүдрээг цоожилж орхисон өрөөндөө орсон чинь тэрээр гадна хаалга эвдээд гараад явчихсан байсан,   Би тэндээсээ босоод дээшээ харуулын путик дээр очих гээд явж байтал Хүдрээтэй таарсанаа санаж байна. Нэг мэдэхэд би гэртээ ороод хэвтэж байсан.  Гэтэл Хүдрээ ахин орж ирээд надад 300.000 /гурван зуу гаруй мянган/ төгрөг байсан та авчихлаа миний мөнгө хаана байна гээд намайг хэвтэж байхад миний зүүн мөр рүү өшиглөөд таниас өөр хэн авдаг  юм  гээд миний кармааг нэгжиж байгаад босоод ирсэн чинь миний шанаа руу цохиод би хэсэг ухаан алдчихсан байсан.Хүдрээ  ороод ирчихсэн намайг ална миний мөнгийг өг, чамайг мөнгө өгөхгүй бол чигчий хурууг чинь тасдаж авна гээд цаасны хутга барьчихсан зогсож байсан. Би болсон зүйлийг бүдэг бадаг санаад байна. Миний ухаан санаа жоохон орж гараад байна. Ер нь бол би нилээн согтуу байсан. Хүдрээ намайг гадаа зогсоол дээр зодсон гэж Бямбаа, Гансүх 2 яриад байгаа юм. Би бол тэрийг сайн санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход би өрөөндөө бөөн цус нөж болчихсон байсан. Тэр гадаа зодуулахад миний тархи толгой хагарч  цус гарсан юм шиг байна лээ. Би тухайн үед жоохон манарчихсан толгой дүүнгэтсэн байдалтай байсан. Ер нь Хүдрээ хэд хэдэн удаа манай өрөөнд орж ирж намайг зодсон. Би маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н11-13 /

             Гэрч Э.Гансүхийн  мөрдөн байцаалтад өгсөн .. 86б байрны 2 дугаар орцны үүдэнд Санжаа хөлөө жийгээд доошоо суучихсан Хүдрээ хажуунаас нь чи миний мөнгийг өг гээд зодох гээд дайраад байсан. Санжмятавын нүүр нь цус болчихсон Бямбаа голоор нь ороод салгаад байсан. Тэгээд би очоод Санжмятавыг 86в байрны 2 дугаар орц руу оруулж өгчихөөд явсан. Санжмятав нилээн согтуу байсан. Намайг харж байхад Хүдрээгээс өөр хүн Санжмятавыг зодож харагдаагүй гэсэн мэдүүлэг  /хх-н 14-15/

          Гэрч П.Бямбаагийн  мөрдөн байцаалтад өгсөн ... Өглөө 9.00 цаг өнгөрч байхад ээлж хүлээлцээд байж байсан чинь 86в байрны 2 дугаар орцны гадаа Санжмятавыг Хүдрээ гээд залуу газар унагаачихсан хөлөөрөө толгой руу нь дэвсээд байхаар нь би салгасан. Тэгээд манаач Гансүх, Хүдрээг салгаад манаачийн байр луу чиглүүлээд урагшаагаа аваад явсан. Тэр Хүдрээтэй л зодолдсон гэсэн мэдүүлэг . /хх-н  16-17/

          Гэрч Б.Мянган-Аюушийн   мөрдөн байцаалтад  өгсөн … Санжмятавын байрладаг өрөө рүү ороход гадна цоож нь эвдэрчихсэн хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь Санжмятавын толгойноос цус гарчихсан орон дээрээ хэвтэж байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан тэгэхээр нь би шууд 103 дуудсан. 103-ын эмч 11.00 цагт ирээд дээд язарсан толгойд нь 8 оёдол тавьсан. Тэгээд түргэний эмч гэмтлийн эмнэлэг рүү явж гавал ясны зураг яаралтай авахуулаарай гэж хэлээд яваад өгсэн гэсэн мэдүүлэг . /хх-н  19/

  Шүүгдэгч Т.Хүдэрийн өгсөн … Санжмятав ах гарч ирээд намайг дагуулж 86в байрны подвол руу ороод өөрийнхөө амьдардаг байр луу оруулаад гаднаас нь цоожилчихсон байсан. Би унтаад сэрсэн чинь миний кармаанд байсан эд зүйлс байхгүй болчихсон байхаар нь гарах гэсэн чинь гаднаас цоожилчихсон би ганцаараа байхаар нь хаалгыг нь эвдэж гараад орцны хаалгаар гарах гэсэн чинь Санжмятав өөдөөс согтуу орж ирж байхаар нь би мөнгөө нэхсэн чинь би аваагүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Санжмятавыг баруун хөлөөрөө хавирч унагаагаад нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд маргалдаад байж байхад тус Цагаан хуаран хотхоны 2 харуул ирээд бид 2-ыг салгасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

       Т.Хүдэр өөрийнх нь хармаанд байсан гэх н.Гансүхийн виза карт, мөнгө зэргийг авлаа гэсэн зүйлээс болж маргалдан Ч.Санжмятавыг хавирч унагасанаас  хохирогч цементэн талбай дээр унаж тархиндаа хүнд гэмтэл авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг  хувийн сэдэлттэй гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Т.Хүдэрийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Ч.Санжмятав нь эмчилгээний зардал гарсан гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа жич бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч Ч.Санжмятавыг шүүхээс дуудсан боловч хэрэгт авагдсан хаяг дээр оршин суудаггүй, түүнийг ажлаасаа халагдсан гэж СӨХ-ийн захирал н.Төгссайхан мэдэгдсэн  болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Т.Хүдэрийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

        Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Еншөөбү  овогт Тэгштөрийн Хүдэрийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрийг 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Хүдэрт оногдуулсан хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Хүдэрийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлцагдан хоригдсон 62 хоногийг  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Т.Хүдэр бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Хохирогч Ч.Санжмятав нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хүдэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                           Э.ЧИНГИС