Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0197

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0197

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүргийн 0 дүгээр хороо, 00/0 дугаар байр, 00 тоотод оршин суух Ө.О,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ө.О-гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ө.О-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Ө.О нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар холбогдох материалаа бүрдүүлэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн бөгөөд тус хэлтэс нь материалуудыг хүлээн авч, эмнэлгийн хуудсан дээр байцаагчийн болон байгууллагын тэмдгийг дарж баталгаажуулсан боловч тэтгэмж олгогдохгүй байсан тул 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр очиж уулзахад тэтгэмжийн даатгалын шимтгэлийг сүүлийн 6 сар тасралтгүй төлөөгүй байх тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох эрх үүсэхгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Ө.О-гийн хувьд 2018 оны 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар сарын тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн бөгөөд жирэмсний чөлөө авахаас өмнө 6 сар шимтгэлээ тасралтгүй төлсөн тул хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хууль ёсны эрхтэй гэж үзэж байна.

Материал хүлээн авсан улсын байцаагч нь хянаад тасралтгүй 6 сар шимтгэл төлж ажилласан гээд гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байхад дараа нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэж байгаа нь хууль бус бөгөөд аливаа төрийн захиргааны байгууллага нь хувь хүний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу хамгаалах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийг 6 сар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж хуулийн шаардлага хангасаар байхад албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас иргэнийг хохироож байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацаа тодорхойлох болон тоолох журмыг заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж, дээрх хуулийн шаардлага хангаж байгаа гэдгийг илэрхийлнэ.

Иймд Ө.О-гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ө.О-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Т нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ө.О өмнө нь албан журмын даатгал төлж, ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сараас ажлаасаа чөлөөлөгдөж, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын даатгалын гэрээ байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Жирэмсний чөлөөг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өрхийн эмчээр бичүүлэн авсан.

Тэтгэмжийн байцаагч хүлээж авсан материалыг магадлагч эмчээр баталгаажуулсны дараа программд шивж, тодорхой хугацааны дараа иргэний харилцах данс руу тэтгэмжийн мөнгийг шилжүүлэх ёстой. Гэтэл Ө.О-гийн тэтгэмж авахаар бүрдүүлж өгсөн эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбарыг хүлээн авсан тэтгэмжийн байцаагч сайн хянаж шалгахгүйгээр 6 сар шимтгэл төлж ажилласан гээд гарын үсэг, тэмдэг дарсан болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан хугацаанд шийдвэрлээгүй хугацаа алдсанаас болж иргэнд тэтгэмж нь олгогдох юм шиг сэтгэгдэл төрүүлсэн манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа.

Ө.О-гийн 2018 оны 03 дугаар сарын 29-нд төлсөн сайн дурын даатгалын шимтгэлийг бүтэн сараар тооцоход жирэмсний чөлөө эхлэх хугацаа хүртэл 5 сар 9 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасныг хангаагүй. Өөрөөр хэлбэл жирэмсний чөлөө авахаас өмнөх 12 сарын сүүлийн 6 сар тасралтгүй байх болзол хангагдсан байх ёстой. Гэтэл Ө.О-гийн 2018 оны 03 дугаар сараас 8 дугаар сарыг дуусталх хугацааны сайн дурын даатгалыг жирэмсний чөлөө авах хүртэлх буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ныг хүртэл тооцож үзэхэд 5 сар 9 хоног болж байгаа тул хуульд заасан жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг авах эрх үүсэхгүй байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/30 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэнд эмнэлгийн хуудас олгох журам-ын 3.6-д жирэмсний тэтгэмжийг эмнэлгийн хуудас авахын өмнөх сараас урагш 12 сарын цалин хөлсний дунджийг 21.2-т хувааж, ногдох ажлын өдрөөр үржүүлж, ... сайн дурын даатгуулагчид 70 хувиар бодож олгоно гэж заасан бөгөөд Ө.О-гийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад дээрх журмыг зөрчиж эмнэлгийн хуудас олгосон. Тэрхүү зөрчилтэй эмнэлгийн хуудсыг тус хэлтсийн тэтгэмжийн байцаагч хайхрамжгүйгээр хүлээн авсан нь хяналтын шатанд очиж буцаагдсан.

Дээрх журамд эмнэлгийн хуудас авахын өмнөх сар гэж тодорхойлж өгсөн нь тухайн эмнэлгийн хуудас авсан сарыг тооцохгүйгээр журамласан. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сараас сайн дурын даатгал төлж эхлэхдээ 800.000 төгрөгийн цалинтай гэж тооцуулж, 13 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад эмнэлгийн хуудас авдаг сардаа орлогын дүнгээ бууруулж төлсөн зэргээс харагддаг.

Эмнэлгийн хуудас бичүүлэхээс хэд хоногийн өмнө шимтгэлээ төлсөн хэдий ч эмнэлгийн чөлөө хэзээнээс үүсэж байгаа вэ гэдгээс шалтгаалж, хоног тооцогддог. Мөн хуульд ...өдрөөр... гэдэг үг орсон заалт байдаггүй, зөвхөн сараар тооцохоор зааж өгсөн. Иймд Ө.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.О нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Ө.О-гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ө.О-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 2 дугаар зүйлийн 2-т Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна, 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэж, 3 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно гэж, 191 дүгээр зүйлийн 1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчлан тогтоожээ. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд тэтгэмжийн даатгалд даатгуулагч эх шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхээр байна.

Нэхэмжлэгч Ө.О нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ[1]-г байгуулж, шимтгэлийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн[2], Ө.О-гийн жирэмсний амралт 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн болох нь хэрэгт авагдсан 5-1-2694 тоот гэрээ, Ө.О-гийн 0232573 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гүйлгээний жагсаалт, 0492729 тоот жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч талууд маргахгүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч нь ...тасралтгүй 6 сар төлсөн байх хуульд заасан шаардлагыг хангасан байхад жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохгүй байгаа нь хууль бус гэж, хариуцагч нь ...шимтгэл төлсөн хугацааг тооцож үзэхэд 5 сар 9 хоног болсон тул хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ө.О нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан сайн дурын даатгалын гэрээг үндэслэн 2018 оны 03 сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэсэн байх боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзэж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгоогүй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хууль бус гэж үзэх, тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн гэдгийг даатгуулагч эх жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх, дээрх 12 сарын сүүлийн 6 сард уг шимтгэлийг тасралтгүй төлсөн байх гэсэн 2 болзолт шаардлага нэгэн зэрэг хангагдсанаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ гэж ойлгоно.

Нэхэмжлэгч Ө.О нь сайн дурын даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн хэдий ч 6 дахь сар буюу 2018 оны 08 дугаар сарын шимтгэлийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлж, жирэмсний чөлөөг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө ... сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн ... байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Ө.О нь жирэмсний чөлөө авахаас өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 6 сар тасралтгүй тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой атал жирэмсний чөлөө эхлэх хугацаа хүртэл 5 сар 9 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлж, жирэмсний чөлөө авсан байх тул жирэмсний чөлөө авахаас өмнөх 6 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн тул тэтгэмж авах эрх үүссэн гэсэн тайлбар үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ө.О-гийн Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ө.О-гийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Ө.О-гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ө.О-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН