Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/313

 

 

2024       07         03                                          2024/ШЦТ/313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-д холбогдох эрүүгийн 2425000250383 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Л.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.О нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** дүгээр байрны урд талын Дэнж баг явдаг автобусны буудлын зогсоол дээр А.О-с гар утсаараа нэг яриулаад өгөөч гэж хуурч, хохирогчийн эзэмшлийн Huawei nova v90 загварын гар утсыг авч 700 000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.О-ыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ “Ийм болчимгүй алдаа хийсэнд уучлаараа. Миний тэнэгээс боллоо. Архиндаа болоод ийм хэрэг хийсэн” гэв.

 

Хохирогч А.О “шүүх хуралдаанд оролцохгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч А.О-ын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнх нь эзэмшлийн Huawei nova V90 загварын гар утсыг “утсаараа нэг яриулаад өгөөч” гэж хэлээд авч зугтааж залилсан гэх эрэгтэйн гэрэл зургийг таньж олуулах гэж байгааг тайлбарлаж, ажиллагаа эхлэхийн өмнө 1-ээс 4 хүртэл дугаарласан гэрэл зургийг тэгнээнд байрлуулж, сэжигтэн Л.О-ны гэрэл зургийг 1 гэсэн дугаарын өмнө байрлуулав. Үүний дараа хохирогч А.О-ыг 201 дугаартай албан өрөөнд оруулж ирэн 1-4 хүртэл дугаарласан гэрэл зургууд дундаас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таны гар утсыг авч явсан эрэгтэйн гэрэл зураг байна уу? гэж асуухад 1 дугаараар тэмдэглэсэн сэжигтэн Л.О гэрэл зургийг зааж "тухайн үед миний утсыг авч зугтаасан эрэгтэй мөн байна.” гэснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үүний дараа хохирогч А.О-ыг дахин өрөөнөөс гаргаж дээрх гэрэл зургуудын дэс дарааллыг сольж байрлуулан. А.О-ын заасан сэжигтэн Л.О-ны гэрэл зургийг 4 дугаарын өмнө аваачиж байрлуулав.Үүний дараа хохирогч А.О-ыг өрөөнд оруулан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гар утсыг нь залилсан гэх эрэгтэйн гэрэл зургийг заана уу гэж хэлэхэд 4 дугаараар тэмдэглэсэн сэжигтэн Л.О-ны гэрэл зургийг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж таньж олуулах ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 11-13-р тал/

2. Хохирогч А.О-ын “Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 14 цагийн үед бараан захаас гараад Хүлэг хүнсний захын урдуур гараад Дэнжийн автобусанд суух гээд явж байсан юм. Тэгсэн чинь захын урд нэг үл таних залуу таараад “гар утсаараа нэг яриулаад өгөөч” гэсэн юм. Тэгээд би өөрийн Huawei nova V90 загварын гар утсаа гаргаад өгсөн чинь хэсэг ярьж байгаа юм шиг байж байгаад гэнэт захын урдаас Даниста захын урд тал руу гүйгээд явчихсан. Тэгээд би араас нь хөөж гүйгээд гүйцээгүй. Тэгээд гар утсаа уг этгээдэд дээрэмдүүлчихсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Би одоо харвал тухайн этгээдийг танина. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Мобикомоос 999.000 төгрөгийн зээлээр худалдан авч байсан юм. Бөөрөнхий камертай, бүдэг ногоон өнгөтэй, өнгөгүй гэртэй гар утас байсан юм. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гар утас байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. О гэдэг хүн худал ярьж байна. Тухайн үед би ганцаараа явж байсан ба Уурхайчин баг Хүлэг захын баруун талын явган хүний замаар доошоо уруудаад алхаж байхад О гэх эрэгтэй бараан өнгийн хувцас, цагаан өнгийн саравчтай малгай өмсчихсөн над руу хүрч ирээд утсаараа нэг яриулаач, эгч рүүгээ залгая гэж хэлээд эхлээд миний утсан дээр нэг дугаар бичээд залгасан. Ингээд шууд Эрдэнэт их дэлгүүрийн чигтээ зугтаагаад гүйчихсэн. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Надад О гэдэг хүнтэй хамт архи уусан зүйл байхгүй. Гар утасны үнэлгээн дээрх мөнгөө гаргуулж авмаар байна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18, 20-р тал/

3. Гэрч Б.Ү-ийн “Би тухайн өдөр эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах А-ийн хамт хотын төвд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр гурав хоногийн өмнө гар утсыг маань аваад зугтаасан хүн энд явж байна гээд дуудлага өгсөний дагуу бид хоёр очиж тухайн гар утас авсан хүнийг авч ирж цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хийх гэтэл гэмт хэргийн холбогдолтой хүмүүс авахгүй гээд жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгөөд дараагийн дуудлага мэдээлэлд явсан юм. Царай төрхийг нь бол санаж байна. Яг нэр усыг нь мэдэхгүй байна. Уг нь зах дээр архи уугаад яваад байдаг залуу байгаа юм. Миний гар утас нь дээр зураг нь байгаа. Тухайн өдөр гурван дуудлага мэдээлэл очиж шалгасан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

4. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ- ОРХ/8503 дугаартай “Huawei nova V90 загварын гар утас 1 ширхэг 700 000 төгрөг /зах зээлийн дундаж үнэ/” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /хх-ийн 32-34-р тал/

5. Яллагдагч Л.О-ны “Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дэнж багт амьдардаг байсан талийгаач эгч Х-ын гэрээс 11-12 цагийн орчим горд орохоор гарсан. Мөн тэр үед эгч надад бэлнээр 30,000 төгрөг өгч үсээ засуулаарай гэсэн юм. Ингээд би Х эгчийн гэрээс гарч яваад Дэнжийн гурван байрны ойролцоо таньдаг хүмүүстэйгээ гурвуулаа 1 том пиво,  1 шил архи хувааж уусан. Би тэд нараас 13 цагийн орчим салаад горд руу алхсан. Бас замдаа би дэлгүүрээс 0.5л хэмжээтэй 1 шил архи авч усны саванд хийгээд алхангаа уусан. Тэр үед би Төгөл худалдааны төв рүү чиглээд алхаж байсан бөгөөд захын ойролцоо явж байгаад нэг эмэгтэйгээс утсаараа яриулаач гэж гуйсан. Ингээд тэр эмэгтэй надад утсаа өгсөн, утас нь Huawei загварын бүдэг ногоон өнгөтэй, өнгөгүй кейстэй ухаалаг утас байсан. Би тэр утсыг нь авч хүн рүү залгаж байгаа шиг чихнийхээ хажууд барьж байгаад доошоо буюу Даниста руу чиглээд гүйсэн. Худалдааны гудамж руу гүйгээд ороод ирсэн чинь нөгөө эмэгтэй алга болчихсон байсан. Тэгээд би орой нь зах дээр явж байгаад нэг залууд “энэ миний утас байгаа юм ганц шил юм аваад өгөөч, би чамд шил архи авхуулаад нөгөө утсаа өгье гэж хэлээд дэлгүүрээс 0.5л хэмжээтэй 1 шил архи авхуулаад нөгөө эмэгтэйн утсыг өгөөд явуулчихсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.О нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1 дүгээр байрны урд талын Дэнж баг явдаг автобусны буудлын зогсоол дээр А.О-с гар утсаараа нэг яриулаад өгөөч гэж хэлэн хуурч, хохирогчийн эзэмшлийн Huawei nova v90 загварын гар утсыг шилжүүлэн авч 700.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч А.О-ын “захын урд нэг үл таних залуу таараад “гар утсаараа нэг яриулаад өгөөч” гэсэн юм. Тэгээд би өөрийн Huawei nova V90 загварын гар утсаа гаргаад өгсөн чинь хэсэг ярьж байгаа юм шиг байж байгаад гэнэт захын урдаас Даниста захын урд тал руу гүйгээд явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ү-гийн “Царай төрхийг нь бол санаж байна. Яг нэр усыг нь мэдэхгүй байна. Уг нь зах дээр архи уугаад яваад байдаг залуу байгаа юм” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ- ОРХ/8503 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, яллагдагч Л.О-ны “нэг эмэгтэйгээс утсаараа яриулаач гэж гуйсан. Ингээд тэр эмэгтэй надад утсаа өгсөн, утас нь Huawei загварын бүдэг ногоон өнгөтэй, өнгөгүй кейстэй ухаалаг утас байсан. Би тэр утсыг нь авч хүн рүү залгаж байгаа шиг чихнийхээ хажууд барьж байгаад доошоо буюу Даниста руу чиглээд гүйсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.О нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** дүгээр байрны урд талын Дэнж баг явдаг автобусны буудлын зогсоол дээр А.О гар утсаараа нэг яриулаад өгөөч гэж хэлж Huawei nova v90 загварын гар утсыг нь авч зугатаан 700 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.О-ны шууд санаатай үйлдлээр бусдыг хуурч, эд зүйлийг авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.О-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Л.Отгончулууны үйлдлийн улмаас хохирогч А.О-д 700 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Шүүгдэгч Л.О-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ны цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Л О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ы цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-наас 700 000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод оршин суух, РД: *********/-т олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А