| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0295/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/314 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/314
2024 07 03 2024/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 2425000000386 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кингс” баарны гадаа хохирогч Б.Б-ын нүүрэн, ам тус газар толгойгоороо мөргөж, хавсарч унагаан эрүүл мэндэд нь “нэг шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ “Тухайн үед манай бар хаачихсэн байсан. Б манай ажилтныг зодож байсан. Би очоод салгах гэхэд надруу дайрахаар нь өөрийгөө хамгаалах гээд цохьсон. Нэхэмжилсэн хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, шүд хийлгэх эмчилгээний зардалд 2-3 сая төгрөг шаардлагатай гэсэн. Энэ зардлаа нэхэмжлэнэ” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б-оос Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан шүдний рентген бүхий мессенжер чатын зураг /хх-ийн 6-7-р тал/
2. Хохирогч Б.Б-ын “2024 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед би найз Ү, М нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг үйл ажиллагаа явуулдаг Kings нэртэй тайчигч бааранд орсон чинь бид 3-г суулгахгүй гээд уг баарыг хариуцаж байсан залуу бид нарыг хөөж баарнаас гаргасан. Тэгээд уг баарны гадаа нөгөө залуутай хэрүүл маргаан хийгээд зогсож байтал бид нарыг хөөж гаргасан залуугийн найзууд нь баарнаас гарч ирээд бид нартай маргалдаад байж байтал уг баарны зөөгчөөр ажилладаг Т гэх залуу шууд гарч ирэнгүүтээ орилж хашхираад юу болоод байгаа юм бэ гээд хөөш гээд том дуугаар надтай харьцсан тэгэхээр нь би урдаас нь яасан гэнээ гэж хэлсэн чинь шууд намайг толгойгоороо миний шүд рүү мөргөөд газар хавсарч унагаачихсан тэгээд боссон чинь манай найз Ү газар уначихсан хэвтэж байсан тэгээд шууд түргэн тусламж болон цагдаа дуудсан.Тухайн хэрэг явдал болсноос хойш 2 хоногийн дараа шүдний эмнэлэгт шүдээ үзүүлэхэд үүдэн 2 шүд хөдөлж нэг шүд нь угаараа хугарсан байсан.Тэгээд би Т гэх залуу руу чатаар миний 1 шүд угаагаараа хугарсан байна гэж хэлсэн чинь ойлголоо би шүдийг чинь янзлуулж өгье манай ах шүдний эмч гэж хэлсэн. Тэгээд би шүдийг маань янзлуулчих байх гэж бодоод 2-3 сар хүлээсэн чинь миний шүдийг янзлуулж өгөхгүй байсан учир би цагдаад өргөдөл гаргасан. Тухайн үед миний шүд хөдөлгөөнд орчихсон байсан. Харин яг унаагүй болохоор нь би гайгүй юм байна гэж бодсон. Тэгээд шүдний эмнэлэгт үзүүлсэн чинь угаараа хугараад үхэжсэн заавал авхуулах ёстой гэж хэлсэн, одоогоор би урд талын шүдээрээ юм хазаж идэж чадахгүй, үе үе өвддөг. Мөн хүйтэн халуун юм идэхээр өвдөөд байдаг болчихсон. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, үүдэн нэг шүдээ хийлгэчихвэл гомдол саналгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р тал/
3. Гэрч П.Ү-ийн “2024 оны 01 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө бид нар нэг найзынхаа гэрт пиво ууж байгаад Орхон аймаг Баян-өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Kings бааранд Ү,М, Б нарын хамт орохоор болоод баар руу орсон чинь бид нарыг нэг ажилтан гэх залуу нь суулгахгүй баарнаас хөөж гаргасан. Тэгээд бид нар тэр залуутай хэрэлдэж маргалдаад баарны гадаа байж байтал уг баарны зөөгч болох Т гэх залуу шууд орилж гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд Б руу орилсон чинь Б дөхөж очоод яасан гэнээ гэж асуусан чинь шууд үгийн зөрүүгүй Т толгойгоо Б-ын нүүр рүү буюу шүд рүү нэг удаа мөргөөд газар хавсарч унагаачхаад шууд баар руугаа гүйгээд орсон...Ер нь бол ямар ч шалтгаан байгаагүй. Т гэх залуу шууд баарнаас гүйж гарч ирээд Б руу орилоод үгийн зөрүүгүй шууд мөргөөд газар хавсарч унагаасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-р тал/
4. Гэрч П.М-ний “нэг залуу хүрч ирээд суудал байхгүй та нарт үйлчлэхгүй гээд бид нарыг хөөгөөд байж байтал Т гэх залуу баарны гадаа орилж гарч ирээд юу болоод байна гэж хэлээд Б руу орилсон чинь Б юу гэнээ гээд дөхөөд очсон чинь үгийн зөрүүгүй Т толгойгоороо нүүрэн тус газар руу мөргөөд, газар хавсарч унагаасан тэгээд шууд Т баар руу зугтаж гүйж ороод дотроосоо хаалгаа түгжчихсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 520 дугаартай “Б.Б-ын биед нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх- ийн 17-18-р тал/
7. “Шигтгэмэл” ХХК-ий эмч Ц.Л-ын тодорхойлолт, Б.Б-ын шүдний рентген зураг. /хх-ийн 19-20-р тал/
8. Яллагдагч Н.Т-ий “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2024 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Б.Б найзуудын хамт Уурхайчин багт байрлах Кингс клуб-д хаачихсан хүмүүсээ гаргах гээд байж байтал шууд үйлчлүүлэхээр дайрч орж ирсэн. Тухайн үед баараа хаачих гээд манай зохион байгуулагч хэлсэн боловч суух гээд дайраад байхаар нь хөөж гаргасан. Тэгээд удалгүй баарны гадаа Б.Б найзуудын хамт хэсэг бүлэг хүмүүстэй хэрүүл маргаан хийж барьцалдаад байж байсан. Манай баарны урд талд хэрүүл маргаан хийгээд зодолдох гээд байсан учир би болиулах гээд очсон боловч Б.Б үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар нэг гараараа цохисон. Тэгээд миний уур хүрээд толгойгоороо Б.Б-ын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж биед нь гэмтэл учруулсан. Уг нь би Б-ын шүдийг нь янзлуулах гэсэн боловч миний боломж бололцоо болоогүй байсаар байгаад өдийг хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кингс” баарны гадаа хохирогч Б.Б-ын нүүрэн, ам тус газар толгойгоороо мөргөж, хавсарч унагаан эрүүл мэндэд нь “нэг шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн нэхэмжилсэн 3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-оос Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан шүдний рентген бүхий мессенжер чатын зураг, хохирогч Б.Б-ын “Т гэх залуу шууд гарч ирэнгүүтээ орилж хашхираад юу болоод байгаа юм бэ гээд хөөш гээд том дуугаар надтай харьцсан тэгэхээр нь би урдаас нь яасан гэнээ гэж хэлсэн чинь шууд намайг толгойгоороо миний шүд рүү мөргөөд газар хавсарч унагаачихсан тэгээд боссон чинь манай найз Ү газар уначихсан хэвтэж байсан тэгээд шууд түргэн тусламж болон цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, гэрч П.Ү-ийн “Т толгойгоо Б-ын нүүр рүү буюу шүд рүү нэг удаа мөргөөд газар хавсарч унагаачхаад шууд баар руугаа гүйгээд орсон. Ер нь бол ямар ч шалтгаан байгаагүй. Т гэх залуу шууд баарнаас гүйж гарч ирээд Б руу орилоод үгийн зөрүүгүй шууд мөргөөд газар хавсарч унагаасан” гэх мэдүүлэг, гэрч П.М-ний “Т толгойгоороо нүүрэн тус газар руу мөргөөд, газар хавсарч унагаасан тэгээд шууд Т баар руу зугтаж гүйж ороод дотроосоо хаалгаа түгжчихсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 520 дугаартай дүгнэлт, “Шигтгэмэл” ХХК-ийн эмч Ц.Л-ын тодорхойлолт, Б.Б-ын шүдний рентген зураг, яллагдагч Н.Т-ий “Б.Б үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар нэг гараараа цохьсон. Тэгээд миний уур хүрээд толгойгоороо Б.Б-ын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж биед нь гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кингс” баарны гадаа хохирогч Б.Б-ын нүүрэн, ам тус газар толгойгоороо мөргөж, хавсарч унагаан эрүүл мэндэд нь “нэг шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т нь санаатай үйлдлээр бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд нь нэг шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүд суулгуулах үнэ 3 сая төгрөг байдаг тул 3 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ. Шүүгдэгч 3 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Н Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Т-ээс 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоотод оршин суух, РД: *********, утас ********/-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А