Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/315

 

 

 

2024       07          03                                        2023/ШЦТ/315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн С.Т-т холбогдох эрүүгийн 2425000040401 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

С.Т

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр 5-14 дүгээр байрны зүүн талын авто зам дагуу байрлуулсан **** УЕА улсын дугаартай Тоёото кроун-210 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж, хугалан 765 000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ “төрсөн өдрөө тэмдэглэж яваад хэсэг залуучуудад зодуулаад нилээд ууртай явж байгаад машины толийг өшиглөж эвдсэн. Миний буруу. Хохиролд 765 000 төгрөг төлсөн. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Бүрэнбүст баг 5-14 дугаар байр луу чиглэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 13-16 дугаар хуудас/

 

2. Төгөл худалдааны төвийн СU дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд “2023-11-01-ний 03 цаг 57 минутад саарал малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, нэг мөрөвчтэй үүрдэг цүнхтэй эрэгтэй хүн кассан дээр тооцоо хийж, хаалгаар гарч явсан” гэх үзлэгийн тэмдэглэл, /хх-ийн 18 дугаар хуудас/

 

3. Хохирогч Б.А-ын “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19-20 цагийн орчимд 5-14 дүгээр байрны гадаа зогсоол дээрийн өөрийн эзэмшлийн Тоёото кроун-210 маркийн **** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн үед тээврийн хэрэгслээ асаах гээд гарахад миний тээврийн хэрэгслийн зүүн талын толь суурьтайгаа хамт хугарсан байсан. Нэг цонхны үйлчилгээн дээр камер шүүгээд үзэхэд саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн хяналтын камерт бичигдэж үлдсэн байсан. Надад 765.000 төгрөгийн хохирол учраад байна. 05 дугаар сард Төгөлдөр гэх залуу надтай уулзаад машины чинь толийг хагалсанд уучлаарай гээд 765,000 төгрөг өгсөн. Одоо надад тэр залуутай холбоотой гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24, 26 дүгээр хуудас/

 

4. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн “зүүн толь 750,000 төгрөг, эд анги солих зардал 15,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан. /хх-ийн 23-р хуудас/

 

5. СU дэлгүүрээс 2023-11-01-ний өдөр 03:43 минутад 15200 төгрөгийн гүйлгээ хийсэн төлбөрийн баримт. /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

6. С.Т эзэмшигчтэй Хас банкны ******* тоот данснаас 2023-11-01-ний өдөр 15 200 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Т нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр 5-14 дүгээр байрны зүүн талын авто зам дагуу байрлуулсан **** УЕА улсын дугаартай Тоёото кроун-210 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж, хугалан 765 000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Бүрэнбүст баг 5-14 дугаар байр луу чиглэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Төгөл худалдааны төвийн СU дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.А-ын “2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн үед тээврийн хэрэгслээ асаах гээд гарахад миний тээврийн хэрэгслийн зүүн талын толь суурьтайгаа хамт хугарсан байсан. Нэг цонхны үйлчилгээн дээр камер шүүгээд үзэхэд саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн хяналтын камерт бичигдэж үлдсэн байсан” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн үнэлгээний тайлан, СU дэлгүүрээс 2023-11-01-ний өдөр 03:43 минутад 15 200 төгрөгийн гүйлгээ хийсэн төлбөрийн баримт, С.Т эзэмшигчтэй Хас банкны ********* тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр 5-14 дүгээр байрны зүүн талын авто зам дагуу байрлуулсан **** УЕА улсын дугаартай Тоёото кроун-210 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж, хугалан 765 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А 765 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн С Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А