Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Хохирогч ***        

         Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа

         Шүүгдэгч ***, ***, *** нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***, *** нарт холбогдох 201607000097 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр***  аймгийн *** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***н мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Есөнбулаг сумын *** багийн *** тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа 3 тал хашаатай, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн *** гэв.

          Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр*** аймгийн Х*** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр хүүхдийн хамт, *** аймгийн *** сумын *** багт оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2014 онд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэгдсэн, аминдаа 2 тал хашаа, нэг гэртэй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ийн *** гэв.

           Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр*** хүүхдийн хамт Говь-Алтай аймаг *** сумын *** багийн *** тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, аминдаа *** тал хашаатай, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-тын *** гэв.

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *** аймгийн *** сумын төвд яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, яллагдагч ***, *** нартай бүлэглэн хохирогч ***-г зодож танхайрсан, яллагдагч ***, *** нар нь бүлэглэн, догшин авирлан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн ***-г зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: *** сумд Хаан банкны барилга барьж байхад би жоохон архи уусан согтоогүй байсан. Тоосго өрж бай гээд орчихоод гараад ирсэн энэ гурав машинд байж байхаар би очоод шаардлага тавьсан. Тэгэхэд нөгөө хоёр буугаад явсан чинь *** буухгүй байсан. Тэгээд би чи буулдаа гээд зүүн талаас нь очоод зүүн шанаа руу нь хоёр гурван удаа нударсан. Хөгжмөө унтраачихаад буугаад явахаар нь араас нь очоод чи ажлаа хийлдээ гэхэд намайг заамдаад авахаар нь эргүүлээд заамдаад авсан чинь гурав тоолно шүү тавихгүй бол цохино шүү гэсэн. Тэгээд намайг хавсарч унагаасан. Гэрээс ***, *** нар гарч ирж салгасан. *** өөрөө гэр рүүгээ гүйгээд явсан. Тэгээд *** гэдэг залууг дагуулж ирсэн. Тэр ирээд шууд *** хаана байна гэхээр нь би байна гэсэн чинь шууд намайг үгийн зөрүүгүй цохиод авсан. Аав, ээж нь мөн сумын хэсгийн төлөөлөгч ирээд бид нарыг аваад явсан тэгээд салсан. Ийм хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Энэ хэрэг архи ууснаас болсон. Миний эхнэр, хоёр хүүхдийг харгалзан үзэж хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Дэлгэр сумын хаан банкны барилга дээр ажиллаж байсан. Намайг эндээс явахад манай нэг найз надад нэг 0.5-тай архи авч өгсөн. Тэр нь миний цүнхэнд байсан тэгээд үдийн цайны цаг болсон байсан тэгээд ажилчиддаа өгсөн. Нэг шил архи уучихаад *** түрүүлээд гараад явсан чинь ***-тэй муудалцаад  бариад авсан байсан. Тэгээд гэрээс *** ах, *** бид гурав гарч ирсэн. *** ах очоод ***-г салгаад явуулсан. Би очиж цохиж салгасан зүйл байхгүй. Хохирогч бол *** миний баруун шанаа руу гараа атгаж байгаад хоёр удаа цохисон гэж мэдүүлээд байгаа. Энэ худлаа. Миний хувьд бол гомдолтой байна. Би ***-д гар хүрээгүй. Би удаа дараа ч гэсэн ээжид нь хэлж байсан танай хүүхдэд гар хүрээгүй гэж над руу байнга дайрч давшилж байсан. Чи зодсон арга хэмжээ авахуулна гэдэг байсан. Бид нараас 6.000.000 төгрөг нэхэж байсан мөнгө төгрөг өгөх чадваргүй, барилгын ажил хийж мөнгө олж гэр бүлээ тэжээдэг байсан, гомдолтой байна гэв.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тэр өдөр гэрт байж байгаад гараад ирсэн чинь *** дор нь орсон *** дээр нь гарсан дарсан байж байсан. Би гарч ирээд татаад салгасан. *** гүйгээд явсан. Тэгээд *** гэдэг ахыгаа хоёр гурван залуутай дуудаж ирсэн.***, *** нарыг *** нь нилээд хэд цохисон юм шиг байсан. Тэгээд Сумын цагдаа ирээд бүгд салаад явсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр *** аймгийн *** сумын хаан банкны барилга дээр ажиллаж байсан. Тэр өдөр үдээс хойш тог тасраад нэг цаг тог тасрана гээд тог тасарсан ажилчид гэрт архи уугаад сууж байсан. Тэгээд ***, *** хоёртой портер машинд сууж байхад *** гарч ирээд тоосгоо зөө гэсэн би хөгжмөө унтраах гэж байсан чинь намайг хурдан буу гээд хавирга руу нэг удаа цохисон. Та яаж байна гээд эргээд харсан чинь баруун хацар руу хоёр удаа алгадаад авсан. Тэгээд би хөгжмөө унтраачихаад бууж ирээд жижиг гэрээс бээлий авах гээд алхсан чинь араас ирээд мөрнөөс татсан эргээд харахад заамдаад бариад авсан. Намайг тавь гэсэн чинь тавихгүй байсан би унахдаа ***-ы дээр нь унасан. Тэгэхэд ажилчид гэрээс гараад ирсэн чинь *** доороос намайг заамдаж барьчихаад тавихгүй *** наад гөлөгөө цохиод ав гээд орилоод байсан. *** нь ирээд баруун шанаа руу гараа атгаж байгаад цохисон чинь эрүү тас гээд тэрүүхэн зуур ухаан манартаад яваад өгсөн. *** нь доороос дух руу нэг удаа, *** нь баруун шанаа руу хоёр удаа толгой ар дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би босоод зугтаах гэсэн чинь дээрээс дараад, доороос барьчихаад намайг зугтаалгахгүй ар нуруу руу ээлжилж цохиод би тэндээс мөлхөж зугтаад гэртээ очоод аав, ээжийгээ дагуулаад ирсэн. Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн төлбөр гэж 600.000 төгрөг өгсөн. 1.850.000 төгрөгний хохирол барагдуулаагүй байгаа. Намайг ***, ***, *** энэ гурван этгээд зодож гэмтээгээгүй байсан бол ийм зардал гарахгүй байсан. Манайх малаа айлд өгч харуулсан байгаа мал хариулганы хөлс 300.000 төгрөг болсон. Ээж цайны газар буудал ажиллуулдаг байсан сар гаран намайг эмнэлэгт хэвтэхэд энд хоол цай зөөсөн учир олох байсан ашиг алдагдсан учир, олох байсан ашиг 750.000 төгрөг байгаа. Би барилга дээр өдрийн 20.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан учраас сарын 600.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан энэ нэг сарын цалин 600.000 төгрөг дээрээс нь хууль зүйн зөвлөгөө авахын тул өмгөөлөгч 240.000 төгрөгөөр авсан. Нийт 1.850.000 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулж авахыг хүсэж байна гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр үдийн цай өнгөрсөний дараа байсан 2-3 цагийн хооронд байх, гэртээ уйлсан байдалтай нэг талын шанаа нь шороо болсон гүйж орж ирээд том өрөө рүүгээ гүйхэд нь би анзаараагүй хүүхдээ хүнд зодуулсан зодоон хийсэн гэдгийг нь мэдээд харахад нэг талын шанаа нь шороо болоод хувцас нь шороо болсон шүднээс нь цус гараад уруул нь доод хэсэгтээ шалбарсан, баруун талын шанаа нь хөхөрсөн байдалтай байсан. Эхлээд орж ирэхдээ шууд том өрөө рүүгээ гүйгээд орсон тухайн үед хүнтэй байсан учраас юм хэлээгүй. Тэгээд эргээд гараад гүйгээд явахаар нь  аав нь хүүхэд чинь хүнд зодуулчихсан юм шиг уйлаад гараад явлаа гэхээр нь араас нь гарахад мотоцикльтой хүн хүргэж ирсэн байсан. Тэр залуугаас юу болсон юм яагаад *** уйлчихсан байгаа юм гэхэд эгч би юу ч мэдээгүй намайг гэрт хүргээд өг намайг барилгын залуучууд зодлоо гэхээр нь хүргэж ирсэн миний хувьд мэдсэн зүйл байхгүй гэж мотоцикльтой хүргэж ирсэн залуу нь хэлсэн. Тэгээд би хүүхдээ зодуулсаныг мэдээд өөрөөс нь асуусан чинь ээжээ би эргэж ажилдаа очмооргүй байна энэ хүмүүс архи уучихаад намайг зодлоо. Би тэр залуучуудаас салаад цагдаагийн газар очсон чинь хүн байхгүй байна тэгэхээр нь би наашаа хүрээд ирлээ  гэж хэлсэн. Би хүүхэддээ 650.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Энэ хүмүүс 650.000 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн байгаа. Тэрнээс гадна наашаа цаашаа явсан бензин шатахуун, хоол хүнсний зардал гарсан. Хуулийн зөвлөгөө авахаар өмгөөлөгч 240.000 төгрөгөөр хөлсөлж авсан. 4,5,6 сар миний ажлын гол үе байдаг. Би Дэлгэр сумд хувиараа цайны газар, буудал ажиллуулдаг. Хүүхдээ энэ хүмүүст зодуулаад аймагт эмнэлэгт хэвтэж байхад нь хоол цай зөөж хараад байж байхдаа өөрийн ажиллуулдаг цайны газар, буудлын орлогыг алдсан байгаа. Миний хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байгаа. Би аймгийн төв дээр ганц хүн танихгүй байж байхдаа нөхрөө нааш нь татаж авах шаардлагатай болоод хүүхэддээ өдөрт хоёроос гурван удаа эргэлт өгдөг байсан. Зарим үед нь алхаад зарим бороотой үед такси барьж явдаг байсан. Тооцоолоод үзэхэд 2.000.000-3.000.000 төгрөгний бодит зардал гарсан байгаа гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар гэрт байсан чинь гадаа ***, *** хоёр муудалцаад хүн дуугаралдаад байхаар нь гарсан чинь энэ хоёр муудалцаад *** уначихсан *** дээрээс нь дарчихсан байдалтай байсан. *** гарч ирээд би гарч ирээд, араас *** гарч ирсэн. *** доор нь орчихсон ***-аас энэ ***-г цохиотох гэсэн *** цохиогүй, *** хажуу талаас нэг алгадсан тэгээд *** босоод явсан. ***, ***-гийн нүүр рүү нь нэг удаа цохисон гэв.

Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр би үдээс хойш гэртээ ирсэн. Дөнгөж гэртээ орж ирээд байж байхад манай хүүхэд гэртээ орж ирсэн. Тэгэхэд бүх хувцас нь шороо болсон, нүүр ам нь шороо болсон  баруун завьжнаас нь цус гарсан ажлын хувцастай ирсэн. Орж ирсний дараа нь би 30 орчим минутын дараа миний хүү очиж бай цагдаа нь очиж байгаа байлгүй гээд манай хүүхэд түрүүлээд явсан. Араас нь би 30 минутын дараа очсон тэгэхэд энэ хүмүүс бүгд согтуу байсан. Би хүүхдээ цохиж алгадах зүйл болоогүй. Энэ хүмүүс намайг гүтгэж байна. Бага байхдаа мориноос унаад гараа хугалсан учир мэдээ маш муу. Өмнөх 1.800.000 гаран төгрөгнөөс өгсөн 650.000 төгрөг хасаад 1.200.000 төгрөг. Үүн дээр нэмээд сүүлийн материал 1.850.000 төгрөг байгаа. Үүнийг нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд гэрч нарын мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт уншигдсаныг дурдаж, ийм учраас энэ хүнд ийм гэмтэл учирсан гэдгээр бичсэн байгаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нар, хохирогч, гэрч нар мэдүүлгээ өгсөн учраас дахин дахин давхардуулах шаардлагагүй гэж үзэж байна. Хэсгийн төлөөлөгч ***-гийн илтгэх хуудас нэгдүгээр хавтас /хх-78х/, хохирогч ***-гийн тухайн үеийн зодуулсан гэх зураг, шүдэндээ апрад зүүсэн, хүзүү нь улайсан байдалтай зураг /хх-232-233х/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-55х/ энэ мэдүүлгийг яагаад шинжлэн судлуулж байгаа юм гэхээр шүүгдэгч *** өмнө нь тахилга наадам дээр *** хүмүүстэй маргалдаж зодолдсон гэж байсан учраас тэнд энэ гэмтлийг авсан байж болзошгүй гэдэг байдлаар мэдүүлгээ өгч байгаа учраас энэ мэдүүлгийг шинжлэн судлуулж байгаа юм гэснийг, хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: улсын яллагчийн яллах дүгнэлтийн нотлох баримттай давхардаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн зарлагын падаан, хохирлын жагсаалт /хх-180-199х/, хохирогчийг 3 дахь удаагаа байцаасан мэдүүлэг /хх-142х/ зэрэг нотлох баримтуудыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр Нэгдүгээр хавтаснаас гэрч ***-ын мэдүүлэг /хх-52х/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх-42х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-41х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-37-38/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-31-32х/, хоёрдугаар хавтасны шүүх хуралдааны тэмдэглэл /хх-118-119х/ өмнөх шүүх хуралдаанд орсон гэрч ***-ын мэдүүлэг, гэрч ***-ын мэдүүлэг, ***, ***, *** нарын ял шалгах хуудас /хх-161х, 167х, 169х/, шүүгдэгч нарын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-165х,171х,167х/, хохирол төлсөн баримт 650.000 төгрөг төлсөн баримт, нэгдүгээр хавтасны хохирлын баримт /хх-191х/ эмчилгээтэй холбоотой бүх зардлыг нь түүж аваад хохирлын 650.000 төгрөг төлүүлсэн байгаа. Зарлагын баримтуудыг нь үзэхэд 6 дугаар сарын 28, 6 дугаар сарын 17-ны баримтуудаас нь харахад энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй архи, пиво, төмс, сонгино, маонеуз гээд дандаа гуанзанд хэрэглэсэн зардлын баримт байсан. Үүнээс нь зөвхөн эмчилгээтэй нь холбоотой гэж эм тарианы баримтыг нь түүж хохирол төлүүлсэн байгаа. Үүнээс хойш хавтаст хэрэгт хохирогч эмчилгээ хийлгэсэн болон эм тариа авсан баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа гэснийг тус тус шинжлэн судлав.

   Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

   Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвд Хаан банкны барилга дээр ажиллаж байхдаа шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, шүүгдэгч ***, *** нартай бүлэглэн хохирогч ***-г зодож танхайрсан, шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, догшин авирлан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж иргэн ***-г зодож түүний биед эрүүний баруун булангийн хугарал, баруун шанаанд цус хуралт зулгаралт буюу гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан байна.

   Уг гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, *** нар үйлдсэн гэм буруутай болох нь нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хохирогч ***-ы  “…*** намайг заамдсан чигтээ *** энэ гөлөгийг цохиод ав гэж хашгирсан. *** миний баруун шанааруу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. *** нь мөн миний баруун эрүүрүү 2 удаа, толгойн ар хэсэгруу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. *** намайг цохих үед баруун эрүү тас хийж дуугараад, хэсэг зуур манарсан. Тэгэхэд миний эрүү хугарсан байх…” гэх мэдүүлэг, гэрч ***-ын “...манай хүү *** хүнд зодууллаа гээд баруун шанаа нь шалбарчихсан, хоолой нь урагдаж цус гоожсон, хувцас нь шороо болчихсон ирсэн. Тэгэхээр нь би зодсон хүмүүс дээр нь очиж уулзсан. ***, ***, *** гэдэг хүмүүс зодсон гэсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***, ***, *** нарын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***-гийн биед эрүүний баруун булангийн хугарал, баруун шанаанд цус хуралт зулгаралт буюу гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож  байх тул ***, *** нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзлээ.

   Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн “…хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс харахад *** нь бүлэглээд танхайрсан нь  эргэлзээтэй байгаа тул Д.Банзрагчид холбогдох хэргийг миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэснийг хангах үндэслэлгүй байна.

   Шүүх шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч ***-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, ***, *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, бүлэглэж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 3 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч ***-ийг 3 жил 2 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

     Шүүхээс шүүгдэгч ***, ***, *** нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, ***, *** нарыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

        Хохирогч *** нь “...Манайх малаа айлд өгч харуулсан байгаа мал хариулганы хөлс 300.000 төгрөг болсон. Ээж цайны газар буудал ажиллуулдаг байсан намайг эмнэлэгт хэвтэхэд сар гаран энд хоол цай зөөсөн учир олох байсан ашиг алдагдсан. Иймд олох байсан ашиг 750.000 төгрөг байгаа. Би барилга дээр өдрийн 20.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан учраас сарын 600.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан нэг сарын цалин 600.000 төгрөг, дээрээс нь хууль зүйн зөвлөгөө авахын тулд өмгөөлөгч 240.000 төгрөгөөр авсан. Нийт 1.850.000  төгрөгийг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримттай нийлээд 1.942.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байгаа боловч эдгээрээс зарим хохирол нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа болон барилга дээр туслахаар ажилласан гэх 600.000 төгрөгний нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 Шүүх хохирогч ***-гийн нэхэмжилсэн 1.942.000 төгрөгнөөс дээрх үндэслэлээр  692.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 546.723 төгрөг төлөхөөс 650.000 төгрөгийг төлсөн, 103.277 төгрөгийг илүү төлсөн, хохирогч *** нь ажил үүрэг гүйцэтгэснийхээ 600.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй болон энэ хэрэгт ялтан нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ***, *** нарын бичиг баримт шүүхэд ирээгүй,  шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Шүүх шүүгдэгч ***, ***, *** нарыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын ар гэрийн байдал зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч *** овогт ***-ын ***, *** овогт ***-ийн *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, бүлэглэж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.4, 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 3 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч ***-ийг 3 жил 2 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан ***, *** нарт тус бүрт нь оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял   тус бүрийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, ялтан ***, *** нарт тус бүрт нь оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ***-гийн нэхэмжилсэн 1.942.000 төгрөгнөөс 692.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 546.723 төгрөг төлөхөөс 650.000 төгрөгийг төлсөн, 103.277 төгрөгийг илүү төлснийг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7.Энэ хэрэгт ялтан нар нь цагдан хоригдоогүй, ялтан ***, *** нарын бичиг баримт шүүхэд ирээгүй,  ялтан нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч *** нь ажил үүрэг гүйцэтгэсэнийхээ 600.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ын иргэний үнэмлэхийг буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш  давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан ***, ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх аслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА