Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/хт2025/00023

 

М.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04179 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/01949 дүгээр магадлалтай,

М.М-гийн нэхэмжлэлтэй,

Ч.Б-д холбогдох,

Зээл болон машины төлбөрт нийт 448,032,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээл болон машины төлбөрт нийт 448,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04179 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-гээс 260,032,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 188,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,556,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,458,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/01949 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04179 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч.Б-д холбогдох, 448,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.08-ны өдөр урьдчилан төлсөн 1,458,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...М.М-гийн нэхэмжлэлтэй Ч.Б-д холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.04-ний өдрийн 210/MA2024/01949 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар хяналтын гомдлыг гаргаж байна. Д.П нь цагдаагийн байгууллагад гомдол гарган мөнгө зээлсэн, хамтран ажиллаад хохирсноо тогтоолгох гэж таван жил шалгуулсан ч эрүүгийн журмаар шалгах зүйл биш иргэний журмаар хохирлоо гаргуулахаар хэрэг бүртгэлийг хааж шийдсэн байдаг. Улмаар элэгний өвчинөөр байнгын асаргаа, эмчилгээнд эмчлүүлж байгаад 2023 онд нас барсан. Эхнэр М.М нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй” гэсний дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч давж заалдах шатны шүүхийн бодит байдал нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, аваагүй зүйлийг авсан мэт, өгөөгүй зүйлийг өгсөн мэт, хэт нэг талд үйлчилж, шүүхийн шийдвэр шударга ёсны зарчмыг зөрчсөнд маш их гомдолтойгоор эцсийн найдвар болсон Улсын дээд шүүхэд энэхүү гомдлоо гаргаж байна.

4.1. Магадлалын үндэслэх хэсгийн 3.6-д Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019.09.16-ны 169 тоот дүгнэлтээр Ч.Б нь Д.П-д 260,032,000.00 төгрөгийн өглөгтэй гэж дүгнэсэн байдаг. Тухайлбал: Ч.Б нь 2018 оны ЗНЦ аудитын дүнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны дүгнэлт гарч “Ч.Б нь Д.П-гаас 2012.12.10-2016.07.08-ны хоорондох өр төлбөр нийт 538,191,000.00 төгрөгийн орлогыг бэлнээр болон харилцах дансаар хүлээн авснаас 278,159,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 260,032,000.00 төгрөгийн өглөгтэй байна” гэж тогтоогдсон (хх-10,11). Уг дүгнэлтүүдтэй танилцаж Ч.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан (хх-14-17), шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол, санал гаргаагүй. Ч.Б өрөндөө 2016 онд объект, орон сууцыг тооцоод өгчихсөн юм бол яагаад нэмж дахиж 260,000,000 төгрөг төлөхийг 2019 онд зөвшөөрсөн юм бэ. Гэтэл давж заалдах шатны шүүх объект, орон сууцыг 260,000,000 төгрөгт тооцон хаасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтуудыг эргэлзээгүй байх, үнэн зөв байх талаас нь үнэлээгүй байна.

4.2. Магадлалын үндэслэх хэсгийн 3.7-д “... 260,032,000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэснийг зохиогчдын хэн аль баримтаар няцааж маргаагүй” гэж дүгнэжээ. Тухайлбал: Өнгөрсөнд болсон бодит нөхцөлийг нотлох баримтад үндэслэн тогтоох нь шүүхийн үндсэн үүрэг. Авсан хүн нь төлөөгүй, өгсөн хүн нь аваагүй гэдгээ “шүүхэд аваагүй гэж хэлж, бичих”-ээс өөр ямар баримтыг гаргах өгөх боломжтой вэ. Дээрээс нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаан дээр “нэг ч төгрөг төлөөгүй ээ” гээд байхад талууд ямар баримтыг гаргавал шүүх нотлож байна гэж үзэх вэ. Ингэж дүгнэсэн мөртлөө үндэслэх хэсгийн 3.6-д Ч.Б нь Д.П-д 260,032,000 төгрөгийн өглөгтэй гэсэн үйл баримт тогтоогдсон гэж эсрэг тэсрэг дүгнэлтийг хийсэн байдаг. Давж заалдах шатны шүүх бодит байдалд нийцэхгүй, хэт өрөөсгөл зүйлийг шаардаж дүгнэсэн нь шүүхэд мэдүүлэх эрх, нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх суурь зарчмыг зөрчсөн дүгнэлтийг хийлээ.

4.3. Магадлалын үндэслэх хэсгийн 6.1, 6.2-т Ч.Б-н 2016.09.08-ны өдөр, 2019.09.30-ны өдрийн өгсөн мэдүүлэгүүдээр 600,000,000 төгрөгийн оронд объект, орон сууцыг Д.П-д өгч Х.Х-д, н.Э гэдэг хоёр хүн рүү шилжүүлсэн гэсэн хэсгийг магадлалын үндэслэл болгосон. Тухайлбал: Д.П нь Ч.Б-д залилуулсан талаар цагдаагийн байгууллагад 2016 оны 8 дугаар сард гомдол гаргаж 2016.09.28-ны өдөр хэрэг бүртгэлийг хэргийг нээсэн. Харин Ч.Б нь Х.Х-д төлбөртөө өгсөн гээд байгаа 0000 тоот хаягт байршилтай 864 м.кв объектыг 2016.09.06-ны өдөр буюу маргаж байх үедээ худалдсан байдаг. Мөн 0000 тоот хаягт байрлах 123.4 м.кв орон сууцыг Х.Х-д хэзээ, яаж, хэрхэн шилжүүлсэн талаарх тогтоосон ямар ч баримт хэргийн материалд огт байхгүй бөгөөд Х.Х-дын нэр дээр бүртгэгдэж байгаагүй талаарх лавлагаа нотлох баримтаар авагдсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн.

Д.П нь үнэхээр хөрөнгүүдийг төлбөртөө тооцон авсан юм бол яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөн өөрт нь холбогдуулан 3-н цагдаад гомдол гарган 5 жилийн хугацаанд шалгуулж, хөрөнгүүдийг аваагүй талаар 2016-2019 онуудад өгсөн мэдүүлэгүүд, дээд шатны байгууллагуудад гомдол гаргаж байсан бэ. Хэргийн материалд Д.П-гийн 2016 онд өгсөн 3 мэдүүлэг, 2019 онд 2 мэдүүлэгт энэ бүхэн тов тодорхой байхад эдгээр нотлох баримтуудыг огт үнэлээгүй, мөн зөвхөн хариуцагч Ч.Б-гийн мэдүүлэгүүдийг иш татан үнэлсэн нь шударга ёсны зарчимд харшилсан үйлдэл юм. Д.П болон Х.Х-д ямар харилцаатай эсхүл өр төлбөртэй байсан эсэх, ямар үндэслэлээр Х.Х-дын нэр рүү шилжүүлсэн эсэх, эсхүл Ч.Б-гээс худалдан авсан эсэх, эсхүл Д.П зарсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдоггүй. Зөвхөн Ч.Б, Х.Х-д нарын мэдүүлэг болон Сиди-д хийсэн үзлэгийн баримтыг үндэслэн үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн.

Х.Х-д, А.Э гэх хоёр Д.П-тай мөнгө зээлийн харилцаатай байж байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сар хүртэл Д.П 390,000,000 төгрөгийг зээлж буцааж 395,000,000 төгрөг төлж дууссан, 75,000,000 төгрөгийн хохирлын асуудал байгаа энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол шалгуулж байгаа тухайгаа 2018 оны 5 дугаар сард мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Гэтэл ийм харилцаатай хүмүүс объектыг 600,000,000 төгрөгийн өрөнд авах уу. Өөрөөр хэлбэл 75,000,000 төгрөгөө авч чадахгүй үзэлцэж байгаа хүнд Д.П 600,000,000 төгрөгийн үнэлгээтэй гээд байгаа хөрөнгийг өгөх үү. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй. (хх97)

Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаагаар 2024.05.10-ны Сонгинохайрхан дүүргийн 0000 тоот бүхий үйлдвэрлэл, аж ахуйн зориулалт бүхий объект нь 2016.09.06-ны өдөр 20,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Б-гээс Х.Х-дод шилжсэн. Х.Х-д нь 2023.07.06-ны өдөр Ц.Г гэх хүнд худалдах, худалдан авах гэрээгээр зарсан, одоо Г.М гэх хүний өмчлөлд байгаа болох нь нотлогддог. (хх159). Д.П нь Ч.Б-гээс уг объектыг өр төлбөртөө тооцон авсан талаарх нэг баримт байхгүй тухайлбал баталгаа, гэрээ, хэлцэл эсхүл тэдгээртэй адилтган үзэх баримтууд огт байхгүй мөн хэдэн төгрөгт тооцож үнэлсэн баримт байдаггүй.

4.4. Магадлалын үндэслэх хэсгийн 6.3-т гэрч Х.Х-дын шүүхэд өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг. Тухайлбал: Ч.Б 2016.11.02-ны өдөр мэдүүлэхэд “2014.12.24-ны өдөр Хас банкнаас зээл аваад төлж байгаад 2016.09-р сард Э, Х нар 133,000,000 төгрөгийг төлж уг объектийг 229,130,517 төгрөгөөр тооцон шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Х.Х-д Хас банкинд 2016.09.06-ны өдөр 133,690,000 төгрөгийг төлж объектийн барьцааг сулласан авсан байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Б-н авсан зээлийг төлсөн юм. Хоорондоо маргаантай Д.П-гаас авлагатай цагдаагаар шалгуулж байсан, уг хэрэг нь хожим бүр сүүлд 2019 онд хаагдсан байхад нэмж 133,000,000 төгрөг бэлнээр төлж хохирно гэдэгт бодит байдал нийцэхгүй байна. Х.Х-д анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Д.П надад 1 хөөрөгөө буцаан өгсөн. 3 хөөрөгийн төлбөр 178,790,000 өртэй байгаа 2016 оноос хойш хоёр жил шалгуулсан” мөн “Объектийг 2018 онд П-гаас худалдаж авч байсан. Объектийг үнэд бартераар 3 хөөрөг, 1 мөнгөн цар, мерседес бенз машин тооцож өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл 3 хөөрөг өгөөгүй, өмнө буюу 2016.5.1-2016.8-р сарын хооронд өгсөн 4 хөөрөгний асуудлыг өгсөн мэт хольж, гуйвуулан тайлбарладаг. 2018 онд Д.П-гаас худалдаж аваагүй, 2016 онд Ч.Б-гээс худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Б болон Х.Х-д нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байдаг. Ч.Б-н тайлбартай огт таардаггүй, зөрүүтэй өөр байхад нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх ажлыг давж заалдах шатны шүүх хийгээгүй болно.

Улсын ерөнхий прокурорын 2019.02.15-ны өдрийн 5/14 дугаар тогтоолд А.Э нь “... Х бид хоёр араас нь хөөцөлдөж байгаад 2016 оны дунд үеэр хамгийн сүүлд өгсөн барын сийлбэртэй халтар манан хөөрөгөө буцааж авсан. Одоо 4 ширхэг хөөрөгөө буцааж аваагүй байгаа” гэж мэдүүлэг өгч өргөдөл гаргасан ч уг 4 хөөрөгний төлбөргүй болох тухай тогтоогоод хэрэг бүртгэлтийг хаасан байдаг.

4.5 Магадлалын үндэслэх хэсгийн 6.4-д гэрч Сиди-нд хийсэн үзлэгийг тэмдэглэлийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг. Тухайлбал: Магадлалын үндэслэх хэсгийн 6.4-д Сиди-нд хийсэн үзлэгийг тэмдэглэлээр Д.П нь агуулахыг Х.Х-дод худалдан борлуулахаар харилцсан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Гэтэл уг Сиди-ийн бичлэг 2016 оны 1 дүгээр сард хийгдсэн болох нь Д.П-гийн 2016.12.07-нд өгсөн хохирогчын мэдүүлгээр нотлогддог. Сиди-нд бичигдсэн гэх зүйлүүд нь бодит байдлаар хэрэгжээгүй бөгөөд ямар нэг хөрөнгө, эд зүйл аваагүй юм. Хожим буюу 2016 оны 09 дүгээр сард цагдаад өргөдөл гаргасны дараа Ч.Б нь Х.Х-дод зарсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн урьдаас хөтөлбөргүй тогтоосон баримт мэтээр шууд дүгнэсэн. Сиди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018.11.07-ны өдрийн 1071 дүгээр тогтоол Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолыг Улсын ерөнхий прокурорын газрын 2019.02.15 ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор 1071 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг явуулах гаргасан.

Ч.Б 2016 оны 9-р сард Х.Х-дод өгчихсөн юм бол яагаад 2016 оны 1-р сард Д гэх хүнд зарах гээд Сиди бичлэг хийсэн бэ. Гэтэл Д гэх хүн эдгээр хөрөнгүүдийг огт аваагүй байдаг. Гэтэл Сиди-нд бичлэг хийсэн тэмдэглэлийг магадлалынхаа үндэслэл болгосон.

4.6. Магадлалын үндэслэх хэсгийн 7-д лицензийн 600,000,000 төгрөгийг бичгийг хамтран ажиллах үйл ажиллагаанд явагдсан төлбөр биш гэж үзэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Тухайлбал:

Ч.Б нь 2016.08.07-ны өдөр үндсэн зээлд 601,500,000 зээлийн хүүд 369,000,000 төгрөг нийт 970,600,000 төгрөгийн төлбөрийн линзенц зараад эхний ээлжинд 601,500,000 өрний асуудлыг шийднэ гэж хамтын үйл ажиллагааны хүрээнд орж ирэх төлбөрийг шийднэ гэж баталгаа гаргаж өгсөн.

Шүүхээс өр, төлбөр гэж бичсэн байх тул хамтын ажиллагаа биш гэж дүгнэж байгаа нь буруу юм. Д.П-гийн мэдүүлгүүдэд эхлээд Сонгинохайрхан дүүргийн барилгад нэмэлт бараа, материал хэрэгтэй гэж мөнгө зээлдэг байгаад 2015 оноос эхлэн Г аймгийн Т суманд алтны уурхай авсан хөрөнгө мөнгө хэрэг болоод байна, хөрөнгө оруулаад явж байгаад Хятадуудад зараад мөнгө олоод дээрээс нь ашиг авна гэсэн, Ч.Б өөр дээрээ 10 хувиа үлдээгээд компанийн орлогоор бусад төлбөрийг зохицуулна гэсэн бичгэн нотлох баримтууд байхад нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлээгүй. Баянгол дүүргийн прокурорын газрын 2020.10.22-ны өдрийн 3731 дугаар тогтоол “Г аймагт алтны уурхай байгуулж байгаа гэж итгэл үзүүлэн залилсан гэх гомдлыг гаргасныг мөнгөн зээл, хамтран ажиллах зорилгоор мөнгө зээл, лицензид хөрөнгө оруулаад зараад мөнгийг буцаан өгөхөөр “аман хэлбэрээр ажил гүйцэтгэхээр тохиролцож хамтран ажилласан байна” гэж дүгнэсэн нотлох баримт буюу хүчин төгөлдөр байгааг давж заалдах шатны шүүх огт үнэлж, дүгнээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буюу нэг талын тайлбарыг буюу гуйлтаар бичиж өгөөгүй. Үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй, тогтоогдоогүй байхад магадлалын үндэслэл болгосон.

Давж шатны шүүхийн магадлал нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй байх үндсэн зарчмыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1, 40.2. 40.3-т заасныг зөрчсөн болно.

Мөн маргаанд тодруулбал нэхэмжлэлийн шаардлага, харицагч нарын татгалзалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, бодит байдлыг шийдвэрээрээ үгүйсгэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хянаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.09-ний өдрийн 001/ШХТ2025/00045 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 260,032,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 машины төлбөрт 188,000,000 төгрөг, нийт 448,032,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, шаардлагын үндэслэлээ “...Нөхөр Б.П 2023.02.17-ны өдөр өвчний улмаас нас барж, ... би 2023.11.28-ны өдөр “Иргэн Ч.Б-с авах мөнгөн авлагын шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрх”-ийн Өвлөх эрхийн гэрчилгээг авсан. ...Ч.Б нь 2012 оноос эхлэн Д.П-гаас барилгын ажилд мөнгө хэрэгтэй байна гэж байнга мөнгө зээлэх болсон. Тухайн үед барилга дээр нь очиж барилгын ажлын явцтай танилцахад С дүүргийн 00 дугаар хороонд баригдаж байсан барилга нь хундамаа ухчихсан, карказаа зангидсан, эхний корпус нь 30-40 хувийн гүйцэтгэлтэй явж байсан тул Ч.Б-н үгэнд итгэж мөнгө зээлэх болсон. Ч.Б нь 2015 оноос лиценз авах шаардлагатай байна, хайгуулын ажил хийх хэрэгтэй байна гэж мөн ... их хэмжээний мөнгө зээлж авсан. Түүнчлэн, Ч.Б нь Д.П-г гуйж бусдаас нэг өдрийн болон сарын хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан бөгөөд энэ мөнгөнийхөө хүүг хугацаанд нь төлж чаддаггүй байсан тул Д.П нь Ч.Б-н өмнөөс хүүг нь төлдөг байсан. ... Д.П-гийн цагдаагийн байгууллагад хандсан гомдлын дагуу 2016.09.28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч ...Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021.08.16-ны өдрийн 1/576 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах” тухай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. ... Дээрх хэргийг шалгаж байх явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.09.16-ны өдрийн 169 дугаар шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор 260,032,000 төгрөгийн төлбөртэй болохыг тогтоосон. ... Мөн Д.П нь өөрийн унаж байсан машин, мөн өөрийн танил найз нөхдийн машиныг Ч.Б-д зарсан байдаг. Харин Ч.Б нь уг машины мөнгийг хэлэлцэн тохиролцсон хугацаанд төлөөгүй бөгөөд машины эзэд Д.П-гаас мөнгөө удаа дараа нэхдэг байсан учир Д.П өөрөө машины төлбөрийг төлж барагдуулсан.  ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Би анх Д.П-тай уулзаад машин тэрэг хэрэг болоод байна, орон сууцны захиалга авахаар мөнгийг чинь өгье гэдэг зүйл огт ярьж байгаагүй. ... Д.П-гаас өдрийн болон сарын хүүтэй мөнгө зээлж байсан зүйл огт байхгүй, бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байсан нь үнэн, энэ талаар Д.П цагдаагийн байгууллагад хандаж 5 жил гаран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. ...Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “З” ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсээс шинжилгээ хийж 260,032,000 төгрөгийн өглөгтэй гэж шинжээч дүгнэсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй. Шинжилгээг Д.П болон Ч.Б нарын харилцах дансны гүйлгээний дүнд үндэслэж хийсэн бөгөөд нэхэмжлэлд бичсэн дээрх үнийн дүнг банкны дансаар бус хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулсан. ...Шинжээчийн дүгнэлтэд дурдсан 260,032,000 төгрөгөөс илүү эд хөрөнгийг Д.П-гийн өр төлбөрт тооцуулан бусдад шилжүүлснийг тухайн эд хөрөнгийг хүлээж авсан иргэд нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч нотолсон байдаг. ... Тээврийн хэрэгслийн үнийг бусдад төлүүлсэн зүйл байхгүй ба Д.П-гаас тээврийн хэрэгсэл авч байгаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй нотлох баримтаар тогтоогдоогүй. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “...Д.П нь Ч.Б-гээс авах 600,000,000 төгрөгийн өр төлбөртөө тооцон түүний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Х.Х-дод шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч Ч.Б нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 260,032,000 төгрөг нь 600,000,000 төгрөгт багтаж байгаа, ингээд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр төлбөрийг бүрэн барагдуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, Түүний 2016.08.07-ны өдөр гараараа бичсэн 600,000,000 төгрөгийн агуулга нь хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд лицензээс орж ирэх мөнгөн хөрөнгөтэй холбоотой байна. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.09.16-ны өдрийн 169 тоот дүгнэлтээр Д.П-гаас Ч.Б рүү бэлнээр болон харилцах дансаар шилжүүлсэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны үлдэгдэл төлбөрийн үүргийн хэмжээг тогтоосон байна. Иймд хариуцагч Ч.Б нь Д.П-д зээлийн төлбөрийн үүргийн үлдэгдэл 260,032,000 төгрөгийг төлөөгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж түүний өвлөгч М.М-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нийт 6 тээврийн хэрэгслийн үнэ 188,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. ...” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймээс нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч.Б-гээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь ... Ч.Б-н 2016.08.07-ны өдөр “...миний бие уг лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг Д.П-д шилжүүлэн уг өрний асуудлыг шийднэ” гэж бичсэн бичгийн баримтын талаар ... агуулгыг анхан шатны шүүх хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд лицензээс орж ирэх мөнгөн хөрөнгөтэй холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь хэргийн баримтаар талуудыг эргэлзээгүйгээр хамтран ажиллаж байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна дээрх бичвэрт Ч.Б нь лицензээс орж ирэх 600,000,000 төгрөгийг өөрийн өр төлбөрт Д.П-д өгөх агуулгатай байна. Иймд хэрэгт авагдсан прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт, Сиди-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл, хариуцагч Ч.Б нь Д.П-гаас 2012.12.10-ны өдрөөс 2016.07.08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт зээлсэн 538,191,000 төгрөгөөс 278,159,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 260,032,000 төгрөгт 0000 тоотод байршилтай, 864 м.кв талбай бүхий агуулахын зориулалтын объект, 0000 тоотод байрлах, 123,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тооцон 2016.09.06-ны өдөр шилжүүлэн зээлийн өр төлбөрийг хаасан гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6 тээврийн хэрэгслийн үнэд 188,000,0000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дэлгэрүүлж дүгнэхгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.  

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөрүүтэй үнэлснээс хэргийн үйл баримтыг ялгаатай тогтоож, өөр өөр шийдэл гаргасан ба энэ талаарх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

12. Нэхэмжлэгч М.М-гийн нөхөр Д.П нь 2016 оны 09 дүгээр сард хариуцагч Ч.Б-д холбогдуулан “... мөнгө зээлэх нэрийдлээр ... нийт 1,128,500,000 төгрөгийг залилсан ...” гэсэн гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргаж, уг гомдолд 0000 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэлтийн ажиллагааг ... Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын 2020.10.22-ны өдрийн 3731 дүгээр тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан ба Д.П нь 2023.02.24-ний өдөр нас барсан, түүний эхнэр М.М нь 2023.11.28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авснаар түүний өмнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

13. Зохигч талууд Д.П болон хариуцагч Ч.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй боловч зээлийн гэрээний үүргийн хэмжээ, үүрэг дуусгавар болсон эсэх, мөн нийт 6 тээврийн хэрэгсэл гаргуулах тухай шаардлагын 3 тээврийн хэрэгслийн тухайд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, 3 тээврийн хэрэгслийн тухайд төлбөрийг Ч.Б-н өмнөөс Д.П бусдад төлсөн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн хувьд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болон бусдын өр төлбөрийг төлсөн болохоо нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотолж чадаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ талаар зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хяналтын шатны шүүхээс энэ шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

15. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Ч.Б нь Д.П-гаас 2012.12.10-ны өдрөөс 2016.07.08-ны өдөр хүртэл хугацаанд мөнгө зээлж байсан тухай үйл баримт тогтоогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүх Д.П, хариуцагч Ч.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн.

16. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт мөнгө гаргуулах шаардлагаа эрүүгийн хэрэгт тогтоогдсон үйл баримтад тулгуурлан холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлж, эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтэд заасан тооцооллыг болон хариуцагч Д.П-д бичиж өгсөн 600,000,000 төгрөгийг шилжүүлэх тухай агуулга бүхий бичмэл нотлох баримтыг үндэслэсэн байна.

Тухайлбал, 0000 дугаартай эрүүгийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.09.16-ны өдрийн №169 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...Д.П нь 2012.12.10-ны өдрөөс 2016.07.08-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Б-д нийт 538,191,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон харилцах дансаар шилжүүлэн өгснөөс Ч.Б нь 278,159,000 төгрөгийн төлбөрийг буцаан төлсөн баримттай тул хасч тооцоход үлдэгдэл болох 260,032,000 төгрөгийг авах авлагатай гарч байна. ...” гэж заасан, хариуцагч Ч.Б-гээс 2016.08.07-ны өдөр Д.П-д бичиж өгсөн баримтад “Ч.Б- миний бие уг лицензээс орж ирэх 600,000,000-г П-д шилжүүлж, уг өрний асуудлыг шийднэ.” гэсэн агуулга тусгагджээ.

17. Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үлдэгдэл төлбөрийг шинжээчийн дүгнэлтэд зааснаар 260,032,000 төгрөг гэж тогтоож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч 600,000,000 төгрөгийн талаарх бичгийн баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж алдаатай дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүхээс залруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Энэхүү 600,000,000 төгрөгийн өр төлбөрийн тухай бичмэл баримтын талаар дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийн асуудлаас тусдаа буюу хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд лицензээс орж ирэх мөнгөн хөрөнгөтэй холбоотой, хариуцагч Ч.Б-г уг 600,000,000 төгрөгийн өр төлбөртөө тооцон үл хөдлөх эд хөрөнгийг Х.Х-дын өмчлөлд шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

18. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх 600,000,000 төгрөгийн талаарх баримтыг Ч.Б өөрийн өр төлбөрт өгөх агуулгатай гэж дүгнэсэн нь буруу биш боловч хэргийн бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудын дийлэнх нь эрүүгийн хэргийн материалаас авсан байх бөгөөд тухайн нотлох баримтыг шүүх үнэлэхдээ хэргийн бусад баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

19. Зохигчийн тайлбар болон хэргийн бусад баримтаар хариуцагч Ч.Б нь Д.П-д 600,000,000 төгрөгийн өр төлбөртэй болох тухай баримтыг 2016.08.07-ны өдөр үйлдсэн, үүнээс хойш 2016 оны 9 сард Д.П нь цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт болон шинжээчийн дүгнэлтэд “... Д.П нь 2012.12.10-ны өдрөөс 2016.07.08-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Б-д нийт 538,191,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон харилцах дансаар шилжүүлэн өгсөн ...” гэж дурдсанаас үзэхэд энэхүү бичмэл баримт нь талуудын хооронд энэ хэмжээний өр зээлийн асуудал байсан болохыг нотолсон гэж үзнэ.

20. Улмаар эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтэд зааснаар Ч.Б-н Д.П-д төлөх төлбөрийг 260,032,000 төгрөг гэж тогтоосныг хариуцагч үгүйсгээгүй боловч Д.П-д зээлийн гэрээний үүрэгт 2 үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, үүргийг дуусгавар болгосон гэсэн татгалзал, тайлбар нь нотлогдоогүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

21. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”

22. Хариуцагч Ч.Б нь зээлийн гэрээний үүрэг болох мөнгө буцаан өгөх үүрэгтээ зээлдүүлэгч Д.П-гийн бусдад төлөх төлбөрт 2016.09.06-ны өдөр 0000 тоотод байршилтай, агуулахын  зориулалттай, 864 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 0000 тоотод байрлах 123.4 м.кв орон сууцыг тус тус Х.Х-дод шилжүүлсэн гэжээ.

23. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалтаар маргаан бүхий тохиолдолд зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь үүрэг гүйцэтгүүлэгч Д.П-д өөрт нь өгөөгүй өөр этгээдэд өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэх нөхцөл нь гэрээнд заасан эрх бүхий этгээдэд буюу үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцож, зөвшөөрсний дагуу түүний нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгснийг хэлэхээр байна.

Хариуцагч Ч.Б нь дээр дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг Х.Х-дын өмчлөлд шилжүүлсэн талаарх үйл баримт үгүйсгэгдээгүй боловч Д.П нь ийнхүү үүргийн гүйцэтгэлийг Х.Х-дод хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн буюу үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй.

Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэхдээ 0000 дугаартай эрүүгийн хэрэгт хураан авсан Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэсэн байх боловч уг баримтад тусгагдсан мэдээлэл нь хэргийн бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй, улмаар Д.П-гийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтэй хэргийн баримтуудыг харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

Энэ хэргийн хувьд зээлдүүлэгч Д.П нас барсан байх бөгөөд энэ тохиолдолд түүний хүсэл зоригийн илэрхийлэл болон зээлийн гэрээний үүргийн талаарх байр суурийг тодорхойлоход Д.П-гийн эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг ач холбогдолтой боловч дангаараа нотолгооны хэрэгсэл болохгүй тул хэргийн бусад нотлох баримтаар давхар дэмжигдэж байгаа эсэхийг харьцуулан дүгнэх нь зүйтэй.  

Тодруулбал, 0000 дугаартай эрүүгийн хэрэгт Д.П-гийн хохирогчоор 2016.10.05, 2016.12.07, 2019.09.23, 2019.10.16-ны өдрүүдэд тус тус өгсөн 4 удаагийн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд тэрээр 2016.12.07-ны өдөр “... Б надад үйлдвэрийн байраа шилжүүлж өгөхгүй байж байгаад намайг Б-д холбогдуулан өргөдөл гаргасны дараа Х руу шилжүүлж өгсөн байсан.” гэж, 2019.09.23-ны өдөр “ ... Б-н 3 хороололд байгаа байраа, үйлдвэрийн байр ... болох С дүүргийн нутаг дэвсгэрт байрлах агуулахаа Х-од өгсөн гэх 4 өрөө байраа П миний төлбөрт өгсөн гэдэг боловч тийм асуудал огт байхгүй. Миний нэр рүү шилжүүлж өгсөн ганц ч объект байхгүй. ...” гэж, 2019.10.16-ны өдөр “ ...Б нь Д, Э, Х, Б, Г нартай хуйвалдаж миний өр төлбөрийг өгөхгүй санаа зорилго агуулж өөрийнхөө өртэй хүмүүст өгсөн юмаа миний хүсэлтээр шилжүүлсэн гээд байгаа юм болов уу гэж би ойлгож байна. Яагаад гэвэл би Б дээр хүн дагуулж очоогүй. Энэ хүнд чи тийм зүйлээ шилжүүл гэж байгаагүй учраас мэдэхгүй байна. ...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд болон зохигчийн тайлбар, гэрч Х.Х-дын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Д.П үүргийн гүйцэтгэлийг Х.Х-дод хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

24. Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж заасан.

Энэ нь Х.Х-дод үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч Д.П зөвшөөрөөгүй хэдий ч тэрээр ашиг олсон нөхцөлд буюу маргаан бүхий тохиолдолд хариуцагчийн тайлбарт дурдсанчлан Д.П-гийн Х.Х-дод төлөх өр төлбөрт тооцож дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б Х.Х-дод хүлээлгэн өгсөн бол үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэж болно.

Гэвч хэргийн баримтаар Д.П болон гэрч Х.Х-д нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, Д.П нь ямар хэмжээний үүрэг хүлээсэн болох зэрэг нөхцөл байдал тодорхойгүй, тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, Х.Х-д шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... П-гаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч байсан. ... уг үл хөдлөх хөрөнгийн үнэд бартераар 3 хөөрөг, 1 ширхэг мөнгөн цар, мерседес бенз маркийн автомашин тооцож өгсөн.  ... Эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлтэд 178,790,000 төгрөгийн авлагатай гэсэн нь 3 хөөргөний мөнгө, 1 хөөргийг буцааж өгсөн, хасагдаад 178,790,000..., ...агуулахыг 600,000,000 төгрөгөөр, орон сууцыг 250,000,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан, ...” гэж мэдүүлсэн боловч Д.П-гийн гомдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2, 2.1-д зааснаар заналхийлэх гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулсан 0000 дугаартай эрүүгийн хэргийг хаах тухай Нийслэлийн Прокурорын газрын 2018.05.28-ны өдрийн 150 дугаартай тогтоолд “... гэрч А.Э-ийн: ...Д.П нь Х бид хоёроос 2016 оны 5 сар хүртэл нийтдээ 390,920,000 төгрөг зээлж авсан нь дансны хуулгаар харагдаж байна. Харин дээрх хугацаанд Д.П нь 395,693,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. ...Ингээд Х бид хоёр П-гаас нийтдээ 165,000,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хөөрөг авах ёстой. Одоо энэ асуудал дээр П-д холбогдуулан Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэрэг шалгагдаж байгаа ... ” гэж, Х.Х-д, А.Э- ... нарын гомдлыг үндэслэн Д.П-д холбогдуулан мөрдөн байцаалт явуулсан 0000 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020.05.08-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “...яллагдагч Д.П-д залилуулсан гэх хохирогч А.Э-ийн 4 ширхэг хөөргийн талаар мөрдөгч магадлагаа гаргахад Д.П нь хөөргийг барьцаалан зээлдүүлэх газарт (ломбардад) барьцаанд тавьж мөнгийг А.Э-ийн бизнесийн хамтрагч Х.Х-дын данс руу шилжүүлсэн, А.Э-т мөнгийг бэлнээр аваачиж өгсөн, А.Э-т хөөргийг буцаан өгсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон ...” гэж тус тус тусгагдсан байгаагаас үзэхэд Д.П нь Х.Х-дод өр төлбөртэй гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна.  

25. Иймээс хариуцагч Ч.Б-н үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Д.П-гийн заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгч үүргийг дуусгавар болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчаас 260,032,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцнэ.

26. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/01949 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч М.М хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.13-ны өдөр урьдчилан төлсөн 1,458,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                            П.ЗОЛЗАЯА