| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/03854/И |
| Дугаар | 184/ШШ2021/03303 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2021/03303
| 2021 оны өдөр | 12 сар 09 р 184/ШШ2021/03303 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт Б.Г /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Толгойт дугаар гудамж, 3 тоот
Хариуцагч: М овогт Д.Д /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Толгойт дугаар гудамж, тоот
Гэрээний үүрэгт 4,080,000 /дөрвөн сая наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Д.Д-д 3,900,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 0.4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэтэл өдийг болтол нэг ч төгрөг өгөхгүй байх тул хариуцагчаас 4,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Д 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 87 дугаар гудамж, 4-б тоот 555 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэн Баяраагийн Д-с 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Б.Д-ийн бэр эгч Ц.П миний төрсөн эх Д.О-д 2019 оны 9 дүгээр сарын 30-нд зээл хэмээн 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөтэй холбоотой зээлийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 1-нд нөхөн хийсэн. Тус зээлийн гэрээгээр мөнгө өгч авалцаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 30-нд шилжүүлсэн 20,000,000 төгрөгөө 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу 1 хоногийн дараа Ц.П өөрийн дансандаа буцааж авсан. Шилжүүлгийн утга нь хашаа байшингийн төлбөр гэж бичигдсэн. Ц.П нь зээлсэн мөнгөний хүүгээ өг гэж шаардаад байсан учир өөрийн нэр дээр шилжүүлэн авсан газраа барьцаалж 2019 оны 12 дугаар сарын 19-нд “Т” ХХК-иас 4,000,000 төгрөгийн зээл авч 20,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 3,900,000 төгрөгийг миний ээж Д.О-д төлсөн. Миний бие “Т” ХХК-д төлөөд явж байтал Б.Г 3,900,000 төгрөгийн зээлийн гэрээ хийлгэж аваад “Т” ХХК-д миний авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг хаагаад Б.Д-с худалдаж авсан газрыг Б.Г өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б.Г-т газраа шилжүүлж өгөх болсон шалтгаан нь Ц.П зээлсэн мөнгөө бүрэн төлж чадаагүй тул маш их дарамтанд байсан учраас буцаан шилжүүлж өгсөн. Ц.П нь Б.Г-ийн эхнэр юм. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 555 м.кв газрыг Д.Д би тодорхой хугацаагаар өмчилсөн. Энэ бүхийн эцэст миний бие газар ч үгүй болж 3,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн хариуцагч боллоо. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй, харин татгалзлын үндэслэлээ гэрээгээр мөнгө болон эд зүйл хүлээн аваагүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.
Хариуцагч Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч Б.Гийн төрсөн дүү Б.Д-с өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87 дугаар гудамж, 4б тоот, 555 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, энэхүү газарт баригдсан гэрчилгээгүй хувийн сууц зэргийг худалдан авахаар тохирчээ. /хх-ийн 13/
Хэдийгээр гэрээнд 2,000,000 төгрөгөөр гэж тохиролцсон ч бодит байдлаар 20,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Ц.П-с зээлж, хашаа, байшингийн үнэ хэмээн буцаан шилжүүлсэн нь хариуцагчийн төрсөн эх Д.О-н Хаан банк дахь 502 тоот дансны хуулгаар тогтоогдох бөгөөд энэхүү үйл баримтын тухайд талууд маргаагүй. /хх-ийн 17/
Хариуцагч нь газар, хувийн сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, эзэмшиж байсан ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүйгээс газрыг буцаан шилжүүлсэн байна. /хх-ийн 19/
Талууд 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Г нь өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5034306513 тоот данснаас 3,900,000 төгрөгийг хариуцагч Д.Д-н Хаан банк дахь 5057351990 тоот дансанд шилжүүлсэн, мөн 1 жилийн хугацаатай, сарын 0.4 хувийн хүүтэй байхаар тохиролцжээ. / хх-ийн 4/
Энэ мөнгөөр хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байх хугацааны цахилгааны төлбөр 335,500 төгрөг, “Т” ХХК-иас авсан 4,000,0000 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,564,500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчийн “Т” ХХК–тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтаар нотлогдсон. /хх-ийн 14, 20/
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь тохиролцсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүргээ билүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Д.Д-с үндсэн зээл 3,900,000, хүү 180,000 төгрөг, нийт 4,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-с 4,080,000 /дөрвөн сая наян мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
2.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ