Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2021/00074/И |
Дугаар | 150/ШШ2021/00094 |
Огноо | 2021-09-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2021/00094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сум, 2-р дугаар баг 22-р байрны 56 тоотод оршин суух хаягтай, Харагчин овогт Г-н Г-р /РД: МЙ00000000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга *******од холбогдох Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******,нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Гэрэлбаяр Миний бие 2005 онд Соёл урлагийн их сургуулийг соёлын менежер мэргэжлээр төгссөн. Сургуулиар төгсөөд төрийн байгууллагад нийт 16 жил тасралтгүй ажилласан байгаа. Би сургуульд нийгмийн ажилтан, цэцэрлэгт арга зүйч, Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 2015 оны 01 сарын 15-ний өдөр сумын засаг даргын Б-02 тоот тушаалаар Соёлын ордны захирлын ажлыг гүйцэтгэж байсан. Анх соёлын ордонг авахад 3 давхраасаа 1 давхар хүртэл дээврээсээ ус гоожсон. Мөн захирлаар ажиллах хугацаандаа барилгын болон сан техникийн их засварын ажил, номын сан, орон нутаг сурталчлах танхим, музей шинээр тохижуулж, шинэ пайз, сандал, гадна талын камерын гэрэлтүүлгийг бүрэн хийсэн. Мөн тайзын бүрэн чимэглэл болон уран бүтээлчдийн тоглолтын хувцсыг бүрэн сольж, хүүхдийн музьекал жүжгийг найруулан тавьж, аялан тоглолтоор явж ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан. Гэтэл 2020 онд сонгуулийн дараахнаас миний ажлыг Угтахбаяр гэдэг залууд өгнө гэх яриа гарч эхэлсэнтэй зэрэгцэж. Манай байгууллагын менежер Оюундэлгэр намайг гүтгэсэн гомдлыг цагдаа, прокурор, аймаг болон сумын Засаг дарга, аймгийн төрийн албаны зөвлөл, сумын эмэгтэйчүүдийн холбоо, Аймгийн боловсрол соёл урлагийн газар, авлигатай тэмцэх газар 10-аад байгууллагад өгч намайг шалгуулсан. Би Оюундэлгэрийн гомдлоор сум болон аймаг, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 09 дүгээр сарын 02-ний өдрийн А105 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг болон Сайхан сумын засаг даргын тамгын газрын ажлын хэсэгт 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн А93 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус тус шалгаж илтгэх хуудсыг үндэслэн Сайхан сумын засаг даргын 2020 оны 11 сарын 06-ний өдрийн Б17 дугаартай тоот захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан захирамжаар******* намайг төрийн албаны тухай хууль, төсвийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн, санхүүгийн дутагдал гаргасан гэх үндэслэлээр 3 сарын цалингийн 20 хувийн арга хэмжээ авсан. Уг сахилгын шийтгэл хэдийгээр үндэслэлгүй байсан боловч ажлаа өг гэж үргэлж утасддаг байсан ба үүнээс миний бие залхсан учир сахилгын шийтгэлд гомдол гаргаагүй. Дээрх ажлын хэсэгт дурдагдсан санхүүгийн зөрчил гэдэг хүн ямар ч үндэслэлгүй байсан. Миний бие аймаг, сумын засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн болон камержуулах ажил, байгууллагын төсөв, орлого, орон тоонд багтаан ажилчдынхаа хандив тусламжаар хийж гүйцэтгэсэн ба өөрөө хүртэл хандивт туслалцаа өгсөн, ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаагүй учир над дээр нэг ч төлбөр акт тавигдаагүй. Харин эсрэгээрээ ажлаа сайн хийсэн гээд ур чадварын нэмэгдэл хүртэл өгч байсан. Мөн Сэлэнгэ аймгийн Аудитын газраас 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдөр 773 тоотоор аудитын санал хүсэлт гомдлоор шалгахад санхүүгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Авлигатай тэмцэх газраас шалгахад ямар ашиг байхгүй учир хэрэгсэхгүй хаасан гэх хариуг утсаар мэдэгдсэн. Харин менежер Оюундэлгэрт халдсан гэх асуудал ямар ч үндэслэлгүй шийдэгдсэн.Бодит байдал дээр амралтаар буцаж ирэхэд Оюундэлгэрийн урд талын сандал дээр сууж явсан. Машинд суугаад явж байхад миний бие юманд явж байж хүнтэй үнсэлцэж болохгүй байгууллагынхаа нэр төрийг бодооч гэж хэлснийхээ төлөө Оюундэлгэр намайг үсдэж, зодсон зүйл болсон. Үүнийг хамт байсан гэрчүүд нотолсон байгаа. Мөн урд өдөр нь манайхан амралтын газар байхдаа сагс, волейболын тэмцээн болж тоглож байхад унаад хөл, гар нь хөхөрсөн зургууд нь хүртэл байгаа. Маргааш өглөө нь нөхөртэй юу гэж хэлэх юм бэ? намайг ямар хүндээ хүчиндүүлчихсэн юм бэ? гэж хэлнэ гэдгийг нь сонссон. Харин манай ажлынхан нүд халтирлаа өмдөө өмсөөч ээ гэж хүртэл хэлсэн байдаг. Оюундэлгэр нь тэр болгоныхоо зургийг нь авч намайг зодсон мэтээр миний нэр хүндэд халдсан байдал өдийг хүртэл гаргасан байгаа. Гэтэл сахилгын шийтгэлийн арга хэмжээ дуусаагүй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Б20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжаар******* намайг төрийн албаны тухай хууль, төсвийн тухай хууль, төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан ажлаас чөлөөлсүгэй гэсэн захирамж гарсан. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр уг захирамжийг гардан авсан байгаа. Тиймээс энэ захирамжийг эс зөвшөөрч хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор энэхүү гомдлыг гаргасан. Энэхүү захирамж нь хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хөдөлмөрийн гэрээд тусгайлан зогсоосон заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагчаар цуцална. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 04ний өдрийн 06/6121 дугаартай албан тоот, Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 628 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн А105 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Сайхан сумын 2020 оны 09 сарын 02-ний өдрийн А106 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэж гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг үндэслэсэн талаар захирамж нь хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчлүүдийг удаа дараа гаргасан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар, ямар ноцтой зөрчил гаргасныг огт дурдаагүй. Учир нь миний бие уг зөрчлийг гаргаагүй Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6127 дугаартай албан тоотыг үндэслэсэн талаар Авлигатай тэмцэх газраас намайг шалгаад холбогдох гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн хөөн хэлэлцүүлэх тухай албан бичгээр ажлаас халах үндэслэл болохгүй. Авлигатай тэмцэх газар нь нь ёс зүйн зөрчлийг шалгадаг газар биш тус албан бичигт дурдагдсан санхүүгийн зөрчилд холбогдуулах маргаан Засаг даргын албан бичигт холбогдуулан 2020 оны 10 сарын 06-ний өдрийн 17 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Гэтэл надад ахин сахилгын шийтгэл оногдуулсан.Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн бичиг ажлаас чөлөөлүүлэх захирамжийг үндэслээд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 628 дугаартай албан бичигт ямар зөрчил гаргасан, хариуцлага оногдуулах талаар огт дурдаагүй байсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн А105 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд Сайхан сумын засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн А193 захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудсыг тус тус үндэслэн Сайхан сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн Б-17 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах захирамжаар цалингийн хувь болон сахилгын арга хэмжээ ноогдуулсан. Уг хоёр илтгэх хуудсыг үндэслэн нэг зөрчилд ахин ажлаас халах зөрчил оногдуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Б-20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож үүрэгт ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хэд хэдэн зүйлийг дурдаж байна. Үүнээс өмнө балгас байсан ажлыг хүлээн авч авч өөд нь татсан, цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл нь хэдийгээр үндэслэлгүй боловч ажлаа хүлээлгэж өг гэж дарамталдаг байсан учир залхсан байсан гэж дурдсан байна. Эдгээр асуудлуудыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ажилд эргүүлэн томилуулах асуудалтай холбоогүй учир ярих шаардлагагүй байсан гэж үзэж байна. Тиймээс дээр дурдсан зүйл дээр тайлбар өгөх шаардлагагүй байх. Тухайн үед гомдол гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулсан гэж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байх шиг байна. Өмнөх сахилгын шийтгэл бол тухайн Засаг даргад Оюундэлгэрийн гаргасан гомдол, сум дундын цагдаагийн газраас зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан баримт болон төрийн захиргааны ба үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар санхүүгийн алдаа дутагдал гаргасан байна гэсэн зүйлүүдийг иш татаж үндэслэсэн сахилгын шийтгэл байсан. Миний гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Б20 ажлаас чөлөөлүүлэх тухай захирамж бол Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсны хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 04-ний 066127 тоот хууль хэрэгжүүлэх тухай*******т хуульд заасан хариуцлага тооцох хугацаатай үүрэг бүхий албан тоотыг гол үндэслэлээ болгосон байгаа. Авлигатай тэмцэх газар нь энэ зөрчлийг шалгадаг газар биш гэдгийг нэхэмжлэгч тал гомдолдоо тусгасан байсан. Миний хувьд Авлигатай тэмцэх газрыг хоёр чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага гэж ойлгодог. Нэгт нь гэмт хэргийн шинжтэй хэргийг яллагдагчаар татаж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх, Хоёрт гэмт хэргийн шинжгүй мөртлөө ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй, зөрчлийг тогтоож хариуцлага тооцдог чиг үүрэгтэй байгууллага гэж ойлгодог. Тиймээс нэгэнт чиг үүргээрээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. Мөн хариуцлага тооц гэсэн хугацаатай албан тоот ирсэн. Тиймээс нэхэмжлэгчийн хэлж байгаагаар давхардуулсан зүйл байхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өмнөх засаг дарга ёс зүйн алдаа гаргасан гэж сахилгын арга хэмжээ авсан. Харин миний хувьд Авлигатай тэмцэх газар нь ашиг сонирхлын ноцтой зөрчил үүссэн байна гэж мэргэжлийн байгууллага нь тогтоосон байна. Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчил үүссэн учир хугацаатай албан бичгийн хариу ирүүлнэ үү гэснийг гол үндэслэлээ болгож ажлаас халах тушаал гаргасан байгаа. Тиймээс би Авлигатай тэмцэх газрын хугацаатай албан тоот бичгийг гол үндэслэлээ болгосон байгаа. Дээрээс нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэсэн. Энэ нь ажил олгогчийн санаачилгаар ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Миний хувьд дээр хоёр зүйлийг захирамжийнхаа гол үндэслэл болгон тусгасан байгаа. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 06 дугаар сарын 04-ний өдрийн ирсэн дүгнэлтийг үндэслэлээр Аймгийн засаг даргын орлогчийн хариуцлага тооцож сумын төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авах хугацаатай үүрэг ирсэн байдаг. Үүний дагуу зөрчлийг тогтоосны 1 сарын дотор хариуцлага тооцох зохицуулалтыг бариад 06 дугаар сарын 04-нд Авлигатай тэмцэх газрын дүгнэлт гарсан бол 07 дугаар сарын 02-ний өдөр хууль хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байгаа гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга *******од холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Сайхан сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын ордны захирлын албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа ба иргэн Г.Оюундэлгэрийн 2020 оны 07 дугаар сард Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Цагдаагийн байгууллага, Төрийн албаны салбар зөвлөл, АТГ гэх мэт газруудад*******т холбогдуулан гаргасан өргөдөл гомдлыг дагуу хяналт шалгалтын ажиллагаа явагдсан байна.
Шалгалтаар*******ыг 1-рт Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны болон Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн алдаа дутагдал гаргаж, байгууллагын албан хаагчийн дунд таагүй уур амьсгал бий болгож, үүссэн нөхцөл байдлыг арилгах талаар удирдлагын зүгээс арга хэмжээ аваагүй гэж,
2-рт Соёлын ордны батлагдсан 2 орон тоон дээр 2 ажилтныг ажилд томилж, ажилладаггүй албан хаагчийн цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж цалинг гаргасан нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэргийг зөрчсөн гэж дүгнэсэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн*******т холбогдох өргөдөл, гомдлын дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын илтгэх хуудас, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ажлын хэсгийн*******т холбогдох өргөдөл, гомдлын дагуу ажилласан тухай илтгэх хуудас зэргээр тогтоогджээ. /хх-ийн 53-56 хуудас/
Дээрх гаргасан зөрчилд нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга О.Буянаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/17 дугаартай захирамжаар*******ыг “Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн ёс зүйн болон санхүүгийн алдаа дутагдал гаргасан” гэж үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар*******ыг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 06/6127 дугаартай албан тоот, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/105 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Сайхан сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/193 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэл болгон “төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргасан” гэж ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 7 хуудас/
Хариуцагч Сайхан сумын Засаг дарга ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар сахилгын шийтгэлийг давхардуулсан зүйл байхгүй. Яагаад гэвэл өмнөх Засаг дарга ёс зүйн алдаа гаргасан гэж сахилгын арга хэмжээ авсан. Харин миний хувьд Авлигатай тэмцэх газар нь ашиг сонирхлын ноцтой зөрчил үүссэн байна гэж мэргэжлийн байгууллага нь тогтоосон байна. АТГ-ын ашиг сонирхлын зөрчил үүссэн учир хугацаатай албан бичгийн хариу ирүүлнэ үү гэснийг гол үндэслэлээ болгож ажлаас халсан байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтыг үндэслэсэн. Энэ нь ажил олгогчийн санаачилгаар ашиг сонирхлыг ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Миний хувьд дээрх хоёр зүйлийг захирамжийнхаа гол үндэслэл болгон тусгасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.
Хөдөлмөрийн сахилыг зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Харин хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж тодорхойлжээ.
Хариуцагч ******* нь ажлаас чөлөөлөх тухай захирамждаа нэхэмжлэгч*******ыг хэзээ ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасныг дурдаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Хариуцагч нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 06/6127 дугаартай хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийг гол үндэслэлээ болгосон гэж тайлбарлаж байх боловч уг албан бичгийн агуулга нь*******ын 2020 онд гаргасан Төсвийн тухай хууль зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх өмнөх сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлүүдийг дурдсан байгаа нь тодорхой байна. /хх-ийн 57-р хуудас/
Мөн гэрч О.Буянаагийн: ...Намайг ажиллаж байх хугацаанд Гэрэлбаярын ёс зүйн асуудлын талаар маргаан үүссэн тухай яригдаж байсан. Би энэ чиглэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэж сахилгын арга хэмжээ буюу 3 сар цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан...Удирдах ажилтан өөрийн удирдлагад ажиллаж байгаа хүнтэйгээ маргаан үүсгэж ёс зүйн алдаа болон санхүүгийн сахилга бат алдагдсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмээ авсан... гэх мэдүүлгээр АТГ-аас ирүүлсэн хууль хэрэгжүүлэх тухай албан бичигт дурдсан зөрчлүүдийн улмаас******* нь сахилгын арга хэмжээ авагдсан нь давхар нотлогдож байна. /хх-ийн 154-155 хуудас/
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан хуулийн заалтыг хариуцагч зөрчсөн байх тул нэхэмжлэгч*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заажээ.
Үүний дагуу******* нь ажилгүй байсан 2 сарын цалин хөлс 2.430.894 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч*******ын цалингийн тодорхойлолт, 2021 оны сүүлийн 3 сарын цалингийн дунджийн тодорхойлолт зэргээс 2021 оны 04, 05, 06 дугаар сарын цалингаас 1 сарын дунджийг тооцоход 1.215.447+1.215.447+1.215.447=3.646.341 төгрөг байна. 3.646.341:3=1.215.447 /нэг сарын цалингийн дундаж/ үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 1.215.447:21,5=56.532 төгрөг байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл ажилгүй байсан 48 хоногоор тооцвол нэхэмжлэгч 2.713.556 төгрөг нэхэмжлэх эрхтэй байжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн үнийн дүн буюу 2.430.894 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч *******од даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.430.894 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.844 төгрөг, нийт 124.044 төгрөгийг хариуцагч Сайхан сумын Засаг дарга *******оос гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Харагчин овогт ******* /РД:МЙ00000000/-ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын ордны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга *******оос ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2.430.894 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч *******од даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.430.894 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.844 төгрөг, нийт 124.044 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.М-с гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авахыг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН