Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2021/00108

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчдын гудамж, ХААДСангийн төв байранд байрлах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба РД:000000/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сум, 1-р баг, Орхон 0 хэсэг гудамжны 00 тоотод оршин суух, Тайж овогт Х*-н О-*/РД:МЙ0000000/-д холбогдох,

Үндсэн төлбөр 4.000.000 төгрөг, анз 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-а /цахимаар/, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Сэлэнгэ аймаг, Орхон сум, 1-р баг, Орхон 6  хэсэг гудамж, 30 тоотод оршин суух иргэн нь ******* нь 5.000.000 /таван сая/ төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор ажисын хамтад нь урьдчилгаа 20% болох 1.000.000 төгрөг төлөн үлдэгдэл 80% болох 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 22-нд 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 22-нд 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-нд 1.000.000 /нэг/ төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-нд 1.000.000 /нэг сая/ төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Бот/2016-230 тоот гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 2.000.000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, анз 2.000.000 /хоёр сая/ төгрөг нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг иргэн *******оос гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2016 онд байх урьдчилгаа 1.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөг байна. 2016 онд трактор аваад 2 жил хиртээ ашиглаагүй. 2018 оноос бага зэрэг ногоо тариад голын эрэг дагуу тул үерт автаад ургац алдсан. Тэгээд мөнгө төлөх боломж бололцоо байдаггүй. Банкнаас зээл аваад хойшлуулах гээд өдий хүрсэн. Энэ жил бас ургац алдаад банкны мөнгө хойшлуулах тал дээр хөөцөлдөөд явж байна... ” гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны итгэмжлэгдсэн

төлөөлөгч ******* нь 5.000.000 /таван сая/ төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор ажисын хамтад нь урьдчилгаа 20% болох 1.000.000 төгрөг төлөн үлдэгдэл 80% болох 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг алданги 2.000.000 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч *******д холбогдуулж 5.000.000 /таван сая/ төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор анжисны хамтад нь урьдчилгаа 20% болох 1.000.000 төгрөг төлөөд үлдэгдэл 4.000.000  төгрөгийг дөрвөн жилийн хугацаанд төлж барагдуулах, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.3 хувийн алданги төлөх гэрээг хоёр тал харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн болох нь хэрэгт авагдсан бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ/хх-ийн 8-10-р хуудас/-аар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээлээ төлчихвөл алдангиас чөлөөлнө гэж тохирсон байгаа  гэж мэтгэлцэж байна.

Шүүх 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 14-ны өдөр хариуцагч *******д нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг тайлбарласан /хх-16-р хуудас/байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж байгаа ч нэхэмжлэгч талтай трактор зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ хууль зөрчөөгүй хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

Зохигч нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэх  шинжийг бүрэн агуулсан байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар  зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос бага оврын трактор /анжис/ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө Аж ахуйг дэмжих ажлын албанд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албан нь улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******оос 110.950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Тайж овогт ******* /РД:МЙ000000/-оос бага оврын трактор/ анжис/ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө Аж ахуйг дэмжих ажлын албанд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******оос 110.950 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА