Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/хт2025/00032

 

   ТАЗ-ийн нэхэмжлэлтэй иргэний

     хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/02005 дугаар магадлалтай,

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Б-ад холбогдох,

Төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Ц.Б-ад холбогдуулан төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Б-ад холбогдох төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ТАЗ-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/02005 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас 6,205,379 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,037,965 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 114,236 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын ТАЗ-өөс намайг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар тус Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А-ыг төрийн албанаас халсны үр дагавараас төрд учруулсан хохирлыг (14,243,344 төгрөг) төлүүлэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2024.09.23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаартай шийдвэр гарсан. Нэхэмжлэгч ТАЗ уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2024.11.22-ны өдрийн 210/МА2024/02005 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсанд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан. Уг магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу уг хуулийн 172.2.1. “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;”, 172.2.3. “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” 172.2.4. “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр, магадлалд хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй туссан тул энд давтаж нуршсангүй. Өмнө нь хэлэлцэгдсэн Ш.А-ын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн томилсон Захиргааны хэргийн шат шатны шүүхүүдийн шийдвэрүүд болон ТАЗ-өөс намайг буруутай албан тушаалтан гэж тогтоосон зүйл огт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, зөвхөн “нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоохгүй” гэдэг хуурай дүгнэлтээр өмнөх захиргааны шүүхийн шийдвэрүүдийн үндэслэлүүдийг авч хэлэлцсэнгүй. Ийнхүү хянаж үзвэл зохих үйл баримтыг хянаж үзээгүйн улмаас Ц.Б намайг төрд “шууд санаатайгаар хор хохирол учруулсан” гэж дүгнэж, хамт олон хүлээж авдаггүй, ажлаа хийдэггүй нь зохих хяналтын байгууллагаар тогтоогдсон ажилтныг төрийн албанаас чөлөөлөх үүргээ гүйцэтгэсний төлөө би өр төлбөрт унаад байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд энэхүү хэргийг хэлэлцэхдээ хууль хэрэглээг зөрүүтэйгээр хэрэглэсэн байна гэж үзэж байна. Энэ зөрүүг Улсын дээд шүүх арилгаж, нэг мөр хэрэглээ тогтоож өгнө үү.

Энэ хуулийг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүх анхаарал хандуулахгүй бол цаашид надтай адил ажил үүргээ биелүүлж шийдвэр гаргасан хүмүүс, өр төлбөрт орох үүд хаалга нээгдэж байна. ТАЗ хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас чөлөөлсөн шийдвэр, түүний үндэслэл, тэдгээрийг захиргааны хэргийн шүүхээс үнэлж дүгнэсэн байдлыг ялгамжтай авч үзэлгүйгээр, зүгээр л ажлаас халсан шийдвэр хүчингүй болсон л бол ТАЗ нэхэмжлэл гаргах ёстой гэсэн байдлаар хандсаныг давж заалдах шатны шүүх мөн сайтар хянаж үзэлгүй Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийн энэ төрлийн маргааныг өмнө нь шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэрүүдээс зөрүүтэй хэрэглэсэн.

Энэ төрлийн маргаан нь харьцангуй цөөн шийдвэрлэгдсэн байх бөгөөд Төрийн албаны хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлсний төлөө “шууд санаатайгаар төрд эд хөрөнгийн хохирол” учруулсан болдог юм бол энэ улсад ажил хийх хүн олдохгүй болох биз. Тиймээс Улсын дээд шүүх энэхүү хэргийг хяналтын журмаар хэлэлцэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг эхнээс нь тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.21-ний өдрийн 001/ШХТ2025/00083 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. ТАЗ- нь хариуцагч Ц.Б-ад холбогдуулан төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хариуцагч Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх үедээ тус газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Ш.А-ыг хууль бусаар төрийн албанаас халсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Уг шийдвэрийг биелүүлж төрөөс Ш.А-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 14,243,344 төгрөгийг олгосон тул төрд учирсан дээрх хохирлыг буруутай этгээдээс шаардах үндэслэлтэй.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн албан хаагчдын удаа дараагийн буюу 2022.03.31, 2022.05.02, 2022.06.13, 2022.06.14-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлийг үндэслэл болгон тухайн асуудлыг шийдсэн. Гэтэл хуульд заасан буруутай албан тушаалтан гэдэг ойлголтод ганцхан хүн буюу Засаг даргын Тамгын газрын дарга хамаарна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тухайн албан тушаалтныг ажилд томилоход төсвийн захирагч нь Төрийн сангийн удирдлагатай зөвшилцөж авах хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд хамтын шийдвэр гаргасан байтал нэг хүнд хариуцлага хүлээлгэнэ гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... хариуцагч Ц.Б нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халсан үйлдэлдээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар ... шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээнэ. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл хариуцагч Ц.Б нь Ш.А-ыг албан тушаалаас халах тухай 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаартай тушаалыг гарган төрд 14,243,344 төгрөгийн гэм хорыг шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр учруулсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилтны сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон, гагцхүү зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан нь буруу, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэн шийдвэр гаргасан албан тушаалтны тушаалыг хүчингүй болгожээ. Хариуцагч Ц.Б нь ажилтныг ажилд авах, зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу чөлөөлөх эрх хэмжээтэй, үүний хүрээнд зөрчил гаргасан ажилтныг ажлаас халсан байх боловч түүний гаргасан шийдвэр хууль хэрэглээний алдаатай байсны улмаас хүчингүй болж, зөрчил гаргасан нь тогтоогдсон албан хаагч ажилдаа эргэн орж байгууллагаас ажилтны цалин хөлсөнд 14,243,344 төгрөг төлсөн үйлдэл болон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад үндэслэн гэм хорын хохирлын маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэхийн зэрэгцээ гэм буруу, хохирлын шалтгаант холбооны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулан дүгнэх боломжтой байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Б-ын Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А-ыг ажлаас халсан 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Үүнтэй шалтгаант холбоотойгоор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Ш.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ц.Б нь шууд санаатайгаар төрд эд хөрөнгийн хохирол учруулсан болохыг нэгэнт тогтоосон учир тэрээр бусдыг ажлаас халах тушаал гаргаж буй үйлдэлдээ гэм буруутай. Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэлгэрүүлж тайлбарлахдаа тухайн магадлалаар нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд эд хөрөнгийн хохирол учирсан байх тул уг хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбараар Ц.Б нь 2023.03.06-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. Иймээс Ш.А-ыг 2023.03.06-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилоогүй үйл баримтад Ц.Б-ын гэм буруу байхгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Ш.А-д олгосон 2022.08.31-ний өдрөөс 2023.03.06-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,667,013 төгрөг, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 538,366 төгрөг, нийт 6,205,379 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэлээс үлдэх 8,037,965 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.  

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, маргаанд хамаарах хуулийг зөрүүтэй хэрэглэж, ялгаатай шийдвэр гаргасан байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

12. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах байхдаа 2022.08.31-ний өдөр Б/86 дугаартай тушаалаар Ш.А-ыг Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас 2022.08.31-ний өдрөөр тасалбар болгон халсан, энэхүү тушаалыг хүчингүй болгуулахаар Ш.А-аас шүүхэд хандсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж,  тушаалыг хүчингүй болгон Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн  сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй.

13. Дээрх шүүхийн шийдвэрээр Ш.А-ын ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023.11.23-ны өдөр Ш.А-д нийт 14,243,344 төгрөгийг олгосон бөгөөд уг төлбөрийг хариуцагч Ц.Б-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.

14. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагчийг хууль бусаар халсныг шүүхээс тогтоосон тохиолдолд бусдад учирсан гэм хорыг төр хариуцан арилгах ба гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэм буруутай этгээдээр хариуцуулан арилгуулахаар байна.

Тодруулбал, “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн утга агуулгаас үзвэл төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байхыг шүүх тогтоосон байх гэм хорын бүрэлдэхүүн бий болсон байхаар хуульчилсан байх боловч уг гэм хорын улмаас төрд учирсан хохиролд хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан этгээд гэм буруутай байх гэм хорын эрх зүйн үндсэн зарчим үйлчилнэ.[1] (ТАЗ ба Б.Б, 183/2023/03614/и УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2024/00251)

Энэхүү гэм буруугийн хэлбэрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээхээр байна. 

15. Маргаан бүхий тохиолдолд төрийн албан хаагчийг ажлаас халсан эрх зүйн акт хууль бус болох нь тогтоогдсон хэдий ч энэ нь шийдвэр гаргасан албан тушаалтны албан үүргээ зөрчсөн гэм бурууг шууд тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гагцхүү түүний шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон нөхцөлд гэм хорыг хариуцах үндэслэлтэй.

16. Улмаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн  сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А-ын ажилгүй байсан хугацааны олговорт Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 14,243,344 төгрөгийг олгосон явдалд хариуцагчийг  шууд санаатай буюу илтэд болгоомжгүй аль ч хэлбэрээр гэм хор учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ талаар анхан шатны шүүх хариуцагчийн үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь дээрх хуульд нийцсэний гадна нотлох баримтыг үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4-т заасан журмыг зөрчөөгүй байна.

17. Хэргийн баримтаар хариуцагч Ц.Б нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн албан хаагчдын 2022.03.31-ний өдрийн 01, 2022.05.02-ны өдрийн 02, 2022.06.13-ны өдрийн 03, 2022.06.24-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлд тусгагдсан Ш.А-ын талаарх санал, шүүмж, шаардлагууд, мөн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин 58.08 хувь буюу F үнэлэгдсэн, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, удаа дараа хэлтсийн хамт олон, бусадтай харилцахдаа ёс зүйн зөрчил гаргасныг үндэслэн 2022.07.26-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Ш.А-д цалингийн хэмжээг тодорхой хугацаанд бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба үүний дараа Ш.А-ын хувьд төрийн сангаар дамжин хийгдэх зарим байгууллагын гүйлгээг баталгаажуулаагүйгээс гүйлгээ хийгдээгүй хүлээгдсэн, ташаарч хийгдсэн гүйлгээг залруулах бичилтийг хийгээгүй зэрэг зөрчил гаргасны улмаас түүнийг 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар ажлаас халсан байна.

18. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалд 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон үндэслэлийг “...сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэж дүгнэсний гадна “... гүйлгээ баталгаажуулаагүй хүлээгдсэн...” талаарх албан бичгийг Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаар тушаал гарснаас хойш 5 хоногийн дараа ирүүлсэн тул уг албан бичгийг цаг хугацааны хувьд тушаалын үндэслэлд хамааруулах боломжгүй гэж, харин “... гүйлгээг залруулга бичилтийг хийгээгүй ...” үндэслэлээр ажлаас халсан гэж үзвэл зөрчлийн шинж байдалтай тохироогүй хүндэдсэн хариуцлага болно” гэж заажээ.

19. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ажилтан Ш.А-д сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан гэж дүгнэхдээ тухайн ажилтны өөр бусад гаргасан зөрчлийг үгүйсгээгүй ба гагцхүү нотолгооны зарчим болон зөрчлийн шинж байдлаас шалтгаалан ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчил биш гэж үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн  хуулийн 67.4-т зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй.

Хариуцагч Ц.Б нь энэхүү хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ албан тушаалын үндсэн чиг үүрэгтээ харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, төрийн албаны эрхэм зорилгоо зөрчиж, сахилга, хариуцлага алдсан, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдыг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Энэ тохиолдолд хариуцагчийг тухайн шийдвэрийг шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба түүний  хууль бус үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх шалтгаан холбоо тогтоогдоогүй, улмаар гэм хорыг арилгах урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзнэ.

20. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэм буруутай гэж үзэхдээ Ш.А-ыг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээр хариуцагчийг төрд шууд санаатайгаар хохирол учруулсныг тогтоосон гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гэм бурууд хамаарах шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар 2022.08.31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон хэдий ч зөвхөн энэ үйл баримтаар хариуцагчийг шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас төрд хохирол учруулсан гэж үзэх нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д нийцэхгүй.

21. Нөгөө талаас “Төрийн албаны чадахуйн зарчимд суурилан ажил үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагчийн шууд санаатай, илтэд болгоомжгүйгээс бусад гэм буруугийн бүрэлдэхүүнтэй үйлдэл, эс үйлдэхүй бүрд хариуцлага тооцохоор Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх нь нийтийн албанд өндөр мэдлэг чадавхтай мэргэжилтэн ажиллах, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, захирах, захирагдах ёсыг баримтлах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчимд суурилах зарчим алдагдах нөхцөлийг бүрдүүлэх сөрөг талтай.”[2] (ТАЗ ба Б.Б, 183/2023/03614/и УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2024/00251)

22. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/02005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ц.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.30-ны өдөр урьдчилан төлсөн 114,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД