Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2264

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/02283 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Нид холбогдох, хууль бус эзэмшлээс банкны өмчлөлийн эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Х.Тэмүүжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.Нтой Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нөхцөл тохирох гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших 6 дугаар хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байрны 104 тоот орон сууцыг авахаар тохирсон. “Х” ХХК нь уг 61,18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ү-2201042108 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Гэтэл Н.Н нөхцөл тохирох гэрээний 2.1, 4.2.1, 4.2.7-д заасан үүргээ биелүүлэхгүй, өмнөх өмчлөгч түлхүүрийг банкинд хүлээлгэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл уг орон сууцыг өмчлөгчийн хувьд эзэмшилдээ авч чадахгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу “Х” ХХК нь өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Х” ХХК-иас удаа дараа уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч Н.Н суллаж өгөхгүй гэх хариу тайлбар өгдөг. Иймд Н.Нийн хууль бус эзэмшлээс өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж бодитоор гаргуулахаар шаардаж байна. Худалдах, худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож хийсэн, нөхцөл тохирох гэрээгээр тухайн байрыг мөнгөө төлснөөр эргүүлж авах нөхцөлтэй гэрээ байгуулсан болохоос худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлээд авсан асуудал байхгүй. Өөрт нь тайлбарлаж өгөөд хүчээр байгуулсан зүйл байхгүй. Дансны хуулгаар мөнгө орсон гэдэг нь харагдана. Халхавчлах зорилгоор гэрээ байгуулагдаагүй. Банкны тухай хуулийн 7.1-т зааснаар банк санхүүгийн байгууллага нь зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авсан. Нягтлан бодох бүртгэлийн дагуу тайландаа тусгаж тухайн эд хөрөнгийг зарж зээлийг хаадаг жишиг банкны салбарт хэрэгжиж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрээс харахад хариуцагчаар иргэн Н.Нийг татаж, тэмдэгтийн хураамжийг “Монгол цавуу” ХХК төлсөн байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Н.Н “Монгол цавуу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компаниар “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд байраа тавьсан. Энэ хугацаанд зээл төлөх нөхцөл байдал хомс байсан учир нөхцөл тохирох гэрээ байгуулж 77 214 268 төгрөгийг 3, 4 сарын хугацаанд төлөхөөр тохирсон боловч төлөөгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2018 оны 12 дугаар сард графикт хугацаагаар төлөөд дуусах ёстой байсан. 5, 6 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байдаг. Зээлийг 5 сарын хугацаанд төлөөгүй байхад худалдах худалдан авах гэрээгээр халхавчлаад уг байрыг авсан гэж үзэж байгаа юм. Нөхцөл тохирох гэрээ гэдэг нь нэрлэгдээгүй гэрээ байх, зохицуулж байгаа зүйл нь 6 сарын хугацаанд 77 214 268 төгрөгийг төл гэдэг нөхцөлтэй боловч энэ хугацаанд төлөх боломжгүй байна гээд албан бичгээр хүсэлт гаргасан байдаг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдаас мөнгө хүлээж авснаар хүчин төгөлдөр болдог. Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнд харилцагчийн 5001758514 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон боловч “Монгол цавуу” ХХК-ийн данснаас хаачихсан байгаа. Энэ дансанд ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Нөхцөл тохирох гэрээний дагуу л шилжүүлээд өгчихсөн байдаг. Банкны хуулинд заасны дагуу төлбөр төлөх чадваргүй гэж үзээд нөхцөл тохирох гэрээг байгуулаад 6 сарын төлбөр төлөөгүй үндэслэлээр байрыг худалдах худалдан авах гэрээгээр халхавчлаад авчихсан байгаа нөхцөл байдлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн графикийн хугацаа дуусаагүй байхад худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж байрыг авсан. Эдгээр гэрээг нэг өдөр байгуулсан ч тохирсон данс руу мөнгө орсон зүйл байхгүй. Банкны тухай хуулийн 7.1-т зааснаар шилжүүлж авч болно, гэхдээ тэр хуулийн дагуу явагдах ёстой. Хуулийн дагуу явагдаагүй учраас маргаж байгаа юм. Барьцаанд үл хөдлөх хөрөнгө тавиад, худалдах худалдах авах гэрээг ойлгоод, нөхцөл тохирох гэрээг ойлгоогүй. Дараа нь хуульчаас тодруулж мэдээд маргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан 10 нөхцөл байдлыг тогтоох эсэх нь шүүхэд байгаа. Нөхцөл тохирох гэрээ гэдэг нь худалдах худалдан авах гэрээнээс илүү зүйл харагдаад байна. Би зээлийн үр шимийг хүртэх хүртэл зээлийн төлөлтийг царцаах зорилготой байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал/18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байрны 104 тоот орон сууцыг Н.Нийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Х” ХХК-иас 473 821 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа аль хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, ямар хэлцлийг халхавчилсан талаар дурдаагүй. Мөн уг гэрээг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар гэрээний бодит агуулга хүсэл зоригийг илэрхийлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд болох Зээлийн удирдлагын хорооны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 29-БУ-1308 дугаар шийдвэрийг гаргахдаа хариуцагчтай урьдчилан тохиролцож, зээлийн төлбөрт өөрийн өмчлөлийн хөрөнгөө шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсний хариуд маргаан бүхий орон сууцыг банкны өмчлөлд авсан. Банк Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж “Монгол цавуу” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөр 77 214 268 төгрөгт тооцож авсан. Ийнхүү гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргийг “Монгол цавуу” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгтэй харилцан тооцож дуусгавар болгох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8 дахь хэсэгт заасан үүргийг харилцан тооцохыг хориглох тохиолдолд хамаарахгүй тул хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг түр зогсоосон агуулгатай хэлцэл гэж буруу дүгнэсэн. Дээр дурдсанаар нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр “Монгол цавуу” ХХК-ийн зээлийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болж байгаа бөгөөд нөхцөл тохирох гэрээний дагуу 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцыг гуравдагч этгээдэд худалдахгүй байх талаар талууд тохиролцсон. Нөгөөтэйгүүр худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчийн үнийг төлөх үүрэгт худалдагчийн өөр хэлцлээр худалдан авагчийн өмнө хүлээсэн үүрэгтэй харилцан тооцохыг хориглосон зохицуулалт байхгүй. Иймд шүүх “...орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус ба нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг хуульд заасан арга хэрэгсэл болон шударгаар олж аваагүй болох нь тогтоогдож байна” гэж дүнэсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгчийн 184/ШЗ2018/08337 дугаартай захирамжаар маргаан бүхий орон сууцанд оршин сууж буй иргэд, өрхийн бүртгэлийн талаарх тодорхойлолтыг гаргуулахад Н.Н нь тухайн орон сууцанд бүртгэлгүй боловч амьдардаг тухай тусгагдсан байхад “...маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Монгол цавуу” ХХК нь “Х” ХХК-д шилжүүлсэн. “Х” ХХК нь “Монгол цавуу” ХХК гэх хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцсон байх атал “Монгол цавуу” ХХК-ийн өмнө хүлээх хариуцлагыг бүхэлд нь Н.Н нөхөн хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нэхэмжлэлийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн этгээд хэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, ойлгомжгүй болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заахаар хуульчилсан. Шүүх дээрх захирамждаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй болохыг дурдаад эрх бүхий этгээдээс маргаан бүхий орон сууцны хаягаар бүртгэлтэй болон одоо оршин сууж буй этгээдийн тодорхойлолт, холбогдох баримтыг гаргуулсан боловч уг баримтыг хэрэг шийдвэрлэхэд хэрхэн үнэлж байгаа талаар дурдалгүй орхисон. Энэ утгаараа шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.Нид холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Х” ХХК нь дээрх шаардлагын үндэслэлээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Нөхцөл тохирох гэрээ”-ний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 дугаар байрны 104 тоот орон сууцыг хариуцагч Н.Ноос худалдан авсан боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн хувьд “Монгол цавуу” ХХК, Х ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрсэн боловч гэрээний ерөнхий хугацаа болоогүй байхад нэхэмжлэгч орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн атлаа үнийг тохиролцсон дансанд шилжүүлээгүй, “Монгол цавуу” ХХК-ийн данснаас зээлийг хааж, өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Хэрэгт авагдсан буюу талуудын хооронд үүссэн маргааны үндэслэл болсон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх9-10/, Нөхцөл тохирох гэрээ /хх11-13/ зэргийг нэхэмжлэгч “Х” ХХК нь “Монгол цавуу” ХХК-тай байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн дээрх гэрээнд үндэслэж нэхэмжлэгч шаардлага гаргасан байхад шүүх тухайн харилцаанд оролцсон хуулийн этгээд болох “Монгол цавуу” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулаагүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар байна.

Нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу түүний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг тодруулснаар тухайн хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдох учиртай.

Гэтэл шүүх “Монгол цавуу” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан худалдах худалдан авах гэрээний бодит агуулга хүсэл зоригийг илэрхийлээгүй, зээлийн гэрээний үүргийг халхавчилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хэргийн оролцогч бус этгээдэд хамаарах асуудлаар буюу нэхэмжлэлээр шаардаагүй, талуудын маргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй байна.

Мөн “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагч Н.Нийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг гаргуулахаар шаардсан, энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хувьд 70 200 төгрөг /хх3/ төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д заасантай нийцэхгүй байна. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх талаар зохицуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу төлөөгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/02283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 021 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                                            

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА