| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00103/И |
| Дугаар | 150/ШШ2021/00118 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2021/00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20-32 тоотод оршин суух Боржгон овогт Цагааны Өлзийсайхан /РД:ВЕ00000000/-ын хүсэлттэй,
Боржигон овогт Эрдэнэбаатарын Энхзул /РД:КК0000000-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, гэрч Л.Сайхантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Өлзийсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүхэд Э.Энхзулаас 371.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах гэтэл Э.Энхзулыг хаана байгааг нь мэдэхгүй сураг тасраад байна. Би Э.Энхзулд 2018 оны 06 дугаар сард зээлийн гэрээ байгуулж, 371.800 төгрөгийг Банкны зээл хаана гэж хэлээд 3 хоногийн хугацаатай өдрийн 1%-ийн хүүтэй зээлдүүлсэн юм. Э.Энхзул нь тухайн үед Сайхан сумын 2-р баг, 40А байрны 1 давхар 01 тоотод оршин сууж, 24 дүгээр цэцэглэгт туслах багшаар ажилладаг байсан юм. Э.Энхзултай уулзахад удахгүй өгнө одоохон гээд гэрт нь ороход нөхөр нь бас мэддэг өгнө эгчээ удахгүй гэж хэлээд алга болсон. 2018 оны 10 дугаар сард эвлэрүүлэн зуучлах газарт өргөдөл өгсөн чинь уулзалтад ирээгүй учир 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр утсаар ярихад Өмнөговь аймаг Цэцээ суманд гэрээт ажилд орсон. Удахгүй таны мөнгийг өгнө гэсэн болохоор үнэмшээд дараа нь ямар ч утас холбогдохгүй таг чиг 3 жил болж байна. Э.Энхзулын нөхрийнх нь ахын хүүхэд 22-06 тоот Сайханаа гэдэг эгч нь 22-43 тоот Батцэнгэл, Туул бас хамаатан нь би энэ хүмүүстэй уулзаагүй. Иймд Э.Энхзул нь одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгч миний хүсэлтийг хангаж өгнө үү. Энхзулын нөхөр нь үйлдвэрт тогтооч хийдэг Угтахбаяр гэдэг залуу байсан Боржигон овогт Э-н Э-л /РД:КК00000000/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Өлзийсайхан, хариуцагч Э.Энхзулыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Өлзийсайхан нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Энхзултай 2018 оны 06 дугаар сард зээлийн гэрээ байгуулж, 317.800 төгрөгийг банкны зээл хаана гэж хэлээд 3 хоногийн хугацаатай 1%-ийн хүүтэй зээлдүүлсэн байна.
Гэрч Л.Сайхантуяагийн шүүх хуралдаанд өгсөн: “...Энхзулын нөхөр Угтахбаярыг танина. Угтахбаярын ээжийнх нь хамаатан. Ээж нь болохоор манай аавын төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа. Би Энхзул гэж мэддэггүй юм. Анх бэр болоод ирж танилцахдаа Зулаа л гэж танилцаж байсан болохоор нь Зулаа гэж мэдэх болохоос Энхзул гэж мэддэггүй байсан. Одоо л мэдэж авлаа. Угтахбаяр, Энхзул нарыг хаана байгаа талаар мэдэхгүй. Ээжтэй нь хаяа утсаар холбогдож биеийг нь асууж холбоотой байдаг. Угтахбаярын ээжийг Оюунгэрэл гэдэг хүн байгаа. Улаанбаатар хотод байгаа. Аавыг нь Харцага гэдэг. Холбогдох утасны дугаар 95208023 юм. Аавынх дугаарыг мэдэхгүй. Ганцхан ээжтэй нь л хаяа даа холбогдож ярьдаг. Би Угтахбаярын дугаарыг мэдэхгүй. Сайхан сумаас Энхзул, Угтахбаяр гэдэг хоёр хүн явчихсан юм шиг байна. Би явлаа гэдгээ ч хэлээгүй. Ирсэн жилээ эхнэрээ танилцуулж байснаас биш өөр нээх орж гардаггүй. Угтахбаяр нь үйлдвэрийн гуанзанд ахлагч хийж байсан. Одоо ажиллахгүй ажлаасаа гараад явсан сураг байсан. Угтахбаярын ээж нь мэдээлэл хүргэх байхдаа. Батцэнгэл ах, Туул эгч хоёр чинь бас манай хамаатан байгаа. Энэ хоёр бас Улаанбаатар хот шилжсэн. Д.Батцэнгэлийн утасны дугаар 99634280, эхнэр Ш.Туулын утасны дугаар 99705870. Батцэнгэл, Туул нар нь Угтахбаярын нагац нар нь юм байна. Батцэнгэл гээд байгаа чинь миний төрсөн ах байгаа юм. Оюунгэрэлийн ээжид нь өргүүлчихсэн юм. Угтахбаяр, Энхзул нарыг хаашаа явсныг ёстой мэдэхгүй байна. Надад явлаа гэж ямар ч зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг,
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар Э.Энхзулыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Энхзулын нөхөр Угтахбаярын ээж Оюунгэрэл нь Улаанбаатар хотод орших суух хаягтай, утасны дугаар:95208023, түүний нагац Д.Батцэнгэл Улаанбаатар хотод орших суух хаягтай, утасны дугаар 99634280, Д.Батцэнгэлийн /эхнэр/ Ш.Туул 99705870 дугаарын утастай зэрэг мэдээлэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар Боржигон овогт Эрдэнэбаатарын Энхзул /РД:КК00000000/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Энхзулын нөхөр Угтахбаярын ээж Оюунгэрэл нь Улаанбаатар хотод орших суух, утасны дугаар 95208023, Э.Энхзулын нагац Д.Батцэнгэл Улаанбаатар хотод орших суух, утасны дугаар 99634280, Д.Батцэнгэлийн /эхнэр/ Ш.Туул 99705870 дугаарын утастай зэрэг мэдээлэлтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба хүсэлт гаргагч нь шүүхэд 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА