| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: ******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002140231 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг, Усны аж ахуйн 1 дүгээр гудамж, 39 тоотод оршин сууж байгаа, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 0224459 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03- ний өдөр 1.62 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багаас 6 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл 16-01 УАС улсын дугаартай, Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Бямбадорж гэдэг хүний машин байгаа юм би хүний машин унаж байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр томилгоот хуваарийн дагуу орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн 6 дугаар багт байрлах Тумбааш дэлгүүрийн арын зам дээр хяналт шалгалт хийж байх хугацаанд Баянхонгор аймгийн 3 дугаар баг чиглэлээс цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж явахаар нь би дохиур модоо өргөж дохих үед зогсоолд зам дээр ухрах үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би очоод шалгасан. Машин дотроос нь архи согтууруулах ундааны зүйл илт үнэртсэн, тэгэхээр нь драйгер багаж үлээлгэж үзэхэд 1.62 хувьтай гарсан. Тухайн үед машин дотор нь Хараа гэсэн архины шил дотор архи байсан. ******* гэх хүнээс хаана уусан талаар асуухад “би энэ архийг ганцаараа уусан” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ болон эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 06/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 08-09/, илтгэх хуудас /хх-ийн 10/, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0224459 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 12/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0224459 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.62 хувийн промильтой согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багаас тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хүртэл өөрийн эзэмшлийн “Портер” загварын 16-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч ******* өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр томилгоот хуваарийн дагуу орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн 6 дугаар багт байрлах Тумбааш дэлгүүрийн арын зам дээр хяналт шалгалт хийж байх хугацаанд Баянхонгор аймгийн 3 дугаар баг чиглэлээс цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл ирж явахаар нь би дохиур модоо өргөж дохих үед зогсоолд зам дээр ухрах үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би очоод шалгасан. Машин дотроос нь архи согтууруулах ундааны зүйл илт үнэртсэн, тэгэхээр нь драйгер багаж үлээлгэж үзэхэд 1.62 хувьтай гарсан. Тухайн үед машин дотор нь Хараа гэсэн архины шил дотор архи байсан. ******* гэх хүнээс хаана уусан талаар асуухад “би энэ архийг ганцаараа уусан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* 2023 оны 04 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн / хуучин мөрдөгдөж байсан / 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.62 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багаас 6 дугаар баг хүртэл өөрийн эзэмшлийн Портер” загварын 16-01 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Харин шүүгдэгч *******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ