Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2021/00143

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******* /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын,  2 дугаар баг, Бургалтай хөдөө оршин суух, Аюуш овогт ******* /РД:ЙЮ0000000/-д холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 300.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүрэнцэцэг, прокурор Т.Дэлгэрсайхан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдөр сум хөгжүүлэх сангаас “Гэрийн модны үйлдвэр” төсөл хэрэгжүүлэхээр 5.000.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Иргэн ******* нь зээл зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулсан, зээлийн үндсэн төлбөр дутуу төлөгдсөн, гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд 0.2 хувийн алданги тооцох зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний 2.3, 2.5, дахь заалтыг зөрчиж байгаа тухай удаа дараа шаардлага тавьсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, хүү 300.000 төгрөг алданги 300.000 төгрөг нийт 5.600.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь 07 дугаар сарын 05-ны өдөр манайхаас 5.600.000 төгрөгийн зээлийг гаргуулсан. Энэ мөнгийг гаргуулахаар манай сумаас хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн боловч өгөх боломжгүй ээ танай сумтай асуудалтай байгаа. Шүүх хуралдаанаар  орж байж шийдүүлнэ гэсэн. Сум хөгжүүлэх сангийн зээлийг эхний ээлжид төсөл сонгон шалгаруулж авдаг. Засаг даргын зөвлөл хуралдаж хийх боломжтой хүмүүсийг дэмжих зорилгоор зээл олгодог. ******* нь эхлээд үйлдвэрлэл явуулсан боловч үйлдвэр нь зогссон байгаа. Шалтгаан нь мод өгөхгүй байна гэсэн. Манайхаас хүссэн модны гоожин бичиж өгсөн. Тэгсэн боловч танай сумтай асуудалтай байгаа гэж хариу өгсөн. ******* нь модоор гэрийн мод хийдэг...” гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сорогдон овогт Балжинням би 2019 онд Мод боловсруулах үйлдвэрийг өөрөө хөрөнгө гаргаж бас сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн дэмжлэг авч байгуулсан. Гэвч сумаас модон эдлэлийн гол түүхий эд болох Нарс, Хуш, Хайлаас хусны зөвшөөрлийг олгодоггүй өгсөн ч маш багыг олгодог учир үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон /3 сард өгсөн өргөдлийн хариу 9 сард сезон дуусаж байхад ирдэг. 9 сард хуш бэлдэх боломжгүй/ Иймд хүнд байдал үүсэх гээд байгаа талаар удаа дараа Сэлэнгэд биеэр ч бичгээр ч өгч байсан тогоогүй. Сүүлд хүсэлт тавьсан. Үйлдвэрлэл явуулах боломжгүй байна. Зээлээ хойшлуулаа ч гэж хэлсэн. Хариуд нь би мэдэхгүй Монгол банк мэднэ гэж хэлсэн. Хүнд суртал гаргаж модны зөвшөөрлийг хааж боосноос ийм байдал үүссэн. Одоо миний үйлдвэр зогссон учир надад төлбөрийн чадвар байхгүй болсон. Хэрвээ үйлдвэр маань хэвийн ажиллах нөхцөл нь бүрдвэл энэ зээлийг бүрэн төлөх боломжтой. Ард иргэд нь дэмжээд байхад дарга нар нь хөдөлдөггүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх миний хүсэлтийг хааж боолгүй хэвийн байлгаж модон материалыг нь цаг алдалгүй өгч болдоггүй юм уу. /зөвшөөрөл/. Иймд би Сэлэнгэтэй уулзаж уг мөнгийг 2022 оны 04 сараас эхэлж төлөх хүсэлтэй байна. Учир нь миний баруун хөл шилбээрээ 2 яс нь давхраараа хугарч одоо хэвтэж байна. /2021 оны 10 дугаар сарын 14-нд/, 2020-2021 оны хооронд ямар хүнд байгааг мэдэж байгаа байх би материалын доголдлоос болж 100 гаруй сая төгрөгийн захиалга авч материалгүй улмаар бүгдийг буцааж өөрөө 20 гаруй сая төгрөгийн урьдчилгааг нөхөн төлсөн байдал ийм байгаа тул миний асуудлыг зөв зүйтэй шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 5.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Иргэн ******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сум хөгжүүлэх сангаас мод модон материал бэлтгэн үйлдвэрлэл явуулах зорилгоор 5.000.000 төгрөгийн гэрээг байгуулсан. Сум хөгжүүлэх сангаас иргэдэд олгож байгаа зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй,  зээлийн хүү алданги нь бага байгаа. Зээлийн хуваарь гарсан бөгөөд зээлийн хүүд 300.000 төгрөг өгөхөөс эхлээд зээл байгуулсан. Зээл байгуулсан хугацаанаас эхлээд иргэн ******* нь гэрээнд заасны дагуу үйлдвэрлэл явуулж төсөл хэрэгжих ёстой. Гэтэл зээлийн гэрээгээр байгуулсан үүргээ үл хэрэгжүүлж удаа дараа шаардлага тавихад зээлээ эргэж төлөөгүй нь материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иргэн *******д уян хатан нөхцөлтэй гэрээ бөгөөд төлөлтийн хувьд боломжийн нөхцөлтэй. Гэрээ байгуулснаас хойш 2 дахь жил өнгөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг хангаж 5.600.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг прокурорын зүгээс дэмжиж байна. Хариуцагч 2021 оны 11 дүгээр сард хөлөө хугалсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сараас эхэлж зээлийг төлж эхэлнэ гэсэн тайлбар дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх боломжгүй гэсэн саналыг дэмжиж байна. Энэ хүнийг үйлдвэрлэл явуулахад сум орон нутгаас эрхийг нь хассан, саад учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Төсөл хэрэгжсэнээс хойш 2 жил өнгөрч байхад тодорхой хэмжээгээр зээл төлөх бүрэн боломжтой байсан. Сая 11 дүгээр сард хөл хугалсан гэсэн асуудал нь хүү алдангийг тооцоход хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Иймд иргэн *******аас 5.600.000 төгрөгийг гаргаж төрийн орлогод оруулах саналтай байна...” гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 300.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж сум хөгжүүлэх сангаас олгох зээл 5.000.000 төгрөгийг 2 жил буюу 24 сарын хугацаатай төлж барагдуулах, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги төлөх гэрээг хоёр тал харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 3-4 хуудас/-аар тогтоогдож байна.

Зохигч нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэх  зээлийн гэрээний шинжийг бүрэн агуулсан  хүчин төгөлдөр гэрээ байна.Гэрээнд зааснаар зээлийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү 300.000 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдөр 1.350.000 төгрөг,2020 оны 04 сарын 25-ны өдөр 1.350.000 төгрөг, 2020 оны 12 сарын 25-ны өдөр 1.350.000 төгрөг , 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.350.000 төгрөг тус тус төлж дуусгах үүргийг хариуцагч ******* хүлээсэн байна. /хх-5/ Гэрээний 4.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баруунбүрэн сумын 2 дугаар багт орших өвөлжөөгөө барьцаалсан байна.

Хариуцагч ******* нь зээл авсан өдрөөс хойш гэрээний дагуу зээлийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний есөд гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах талаар тохиролцсон байна. Гэрээний  9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн”,...9.2.4-т “ гэрээгээр хүлээсэн үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн эсвэл 15 дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн” бол зээлдэгч гэрээг цуцлах, улмаар зээл, хүү,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ гэж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баруун-Бүрэн сумын Засаг дарга, хариуцагч ******* нар өөрсдийн хүсэл зоригоо тохиролцож байгуулсан гэрээний зүйл заалтыг талууд өөрсдөө өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Учир нь миний баруун хөл шилбээрээ 2 яс нь давхраараа хугарч одоо хэвтэж байна. /2021 оны 10 дугаар сарын 14-нд/, 2020-2021 оны хооронд ямар хүнд байгааг мэдэж байгаа байх би материалын доголдлоос болж 100 гаруй сая төгрөгийн захиалга авч материалгүй улмаар бүгдийг буцааж өөрөө 20 гаруй сая төгрөгийн урьдчилгааг нөхөн төлсөн байдал ийм байгаа тул 2022 оны 04 сараас эхэлж төлөх хүсэлтэй байна...” гэх тайлбарыг ирүүлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагчийн 2022 оны 04 сараас эхэлж төлөх хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******аас Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 300.000 төгрөг, алданги 300.000 төгрөг нийт 5.600.000 төгрөг  гаргуулан *******д олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 104.550 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас 104.550 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Аюуш овогт ******* /РД:ЙЮ00000000/-аас Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 300.000 төгрөг, алданги 300.000 төгрөг нийт 5.600.000 төгрөг  гаргуулан *******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 104.550 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас 104.550 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА