| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00866/И |
| Дугаар | 155/ШШ2021/00972 |
| Огноо | 2021-10-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2021/00972
| 2021 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2021/00972 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын 9 дүгээр баг оршин суух, Ж овогт Лийн Ө (Р1)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар баг оршин суух, Х овогт Бн М (Р6)-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 155/2021/00866/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Л.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Ө нь Б.Мтай 2017 онд танилцаж үерхэж байгаад 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү Бг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Б.М бидэн дээр ирэх нь бага болсон. Иймд Б.Мг миний хүү Б төрсөн эцгээр тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө нь хариуцагч Б.Мд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Ө, хариуцагч Б.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч Л.Ө нь жирэмсэлж тэдний дундаас хүү Ө.Б төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2019 оны 02 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Жонон овогт Өн Б бүртгэлийн 6701000000 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Хүү Ө.Б нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Д өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоор нотлогдлоо.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Л.Ө нь хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ад нэхэмжлэлийн хувийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гардуулсан ба хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргажээ.
Иймд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ж овогт Өн Б (Р6)-ий төрсөн эцэг Х овогт Бн М мөн болохыг тогтоож, эцэг Х овогт Бн М (Р6)-гаас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Л.Өн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 105.537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23:1-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ж овогт Өн Б (Р6)-ий төрсөн эцэг Х овогт Бн М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ж овогт Өн Б (Р6)-д эцэг Х овогт Бн М (Р6)-гаас хүүхдийг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Л.Өн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мс 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Өд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА