Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/01023

 

 

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/01023

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багт байрлах, С албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ж сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн М сумын 1 дүгээр багийн 00 дүгээр байрны 38 тоотод оршин суух, Б овогт Бн Д (Р1)-т холбогдох,

Актын төлбөр 5,011,656 (таван сая арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 155/2021/00894/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, хариуцагч Б.Д, прокурор Б.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч С алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2021 оны 05 дугаар сард Ж сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн хяналт шалгалт хийхэд тус сумын Засаг дарга байсан Б.Дт 5.011.656 төгрөгийг давсан орлогоос олгосон нь санхүүгийн зөрчил гэж үзэн Б.Дт 5.011.656 төгрөг төлүүлэх акт тогтоосон.

   Уг актын үнийн дүн төлөгдөөгүй байх тул Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Доос 5.011.656 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Ж суманд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд санхүүгийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын ахлах байцаагч В.Н, дотоод аудитор н.Э, дотоод аудитор н.Ц нар хийж гүйцэтгэсэн. Үүндээ 2019-2020 оны санхүүгийн баримтыг хамруулж шалгасан. 2019 онд н.А гэдэг хүн уг тэтгэмжийг давхардуулж авсан гэдэг үндэслэлээр акт тогтоогдсон боловч өмнөх 2017 оны тогтоолоор Б.Д болон н.А гэдэг хүмүүс энэ тэтгэмжийг авсан байна гэдэг үндэслэлээр 2017 оны баримтыг үзэж уг актыг тогтоосон. Уг актыг тогтоох үндэслэл нь тухайн албан тушаалтнууд нь тухайн үед албан тушаалаасаа чөлөөлөгдсөн боловч дахин өөр улс төрийн албан тушаалд томилогдохдоо цалин хөлс авсан боловч давхардуулж энэ тэтгэмжийг авсан гэдэг үндэслэлээр тогтоож байгаа юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний нэгжийн удирдлагын тухай хуулийн 38.1-ийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр уг актыг тогтоосон байгаа. Одоо Б.Доос 5,011,656 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Актын үндэслэл нь Б.Д нь энэ хугацаанд тухайн сумын Иргэдийн хурлын даргын ажлыг эрхэлж цалин авч байсан бөгөөд цалин, тэтгэмж давхардсан гэсэн үндэслэлээр акт тогтоогдсон гэв.

   Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б Д 20.. оны 1 сарын 07 өдрөөс 20.. оны 11 сарын 08 өдрийг хүртэл Ж сумын засаг даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнд тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 зүйлийн 38 ийн 1-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын болон бүх шатны засаг дарга ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтын дагуу, Аймгийн засаг даргын 20.. оны 11 сарын 08 өдрийн Б.49 дугаар захирамж, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 1-р тогтоолын дагуу Сумын ЗДТГ-ын даргын 20.. оны 7 сарын 25 өдрийн дугаар А 11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авсан юм. Үүнээс хойш 20... оны улсын төсөвт дээрх ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж суугдан сумын төсөвт ирсэн учраас бид өмнө сумын хурлын шийдвэрээр авсан учраас хурлаар өөр шаардлагатай зүйлд хуваарлилт хийсэн юм.

Энэхүү тэтгэмжийн олголтыг С албаны улсын ахлах байцаагч акт тогтоосон шийдвэрийг надад 2021 оны 7 дугаар сарын 08 өдөр өгсөн бөгөөд акт тогтоохдоо надад мэдэгдэж хариу тайлбар аваагүй юм.

   Иймээс би дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Засгийн газрын 483-р тогтоолын 11 зүйлд зүйлд заасны дагуу улсын ахлах байцаагч буюу сангийн сайдад 7 сарын 09 нд гомдол гаргаж явуулсан бөгөөд хариу ирээгүй байна. Иймээс С албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013-2016 онд Ж сумын Засаг даргаар ажиллаж байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38.1 дүгээр зүйл дээр “аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дараа 2017 онд сумын иргэдийн хурлын тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/311 дугаар сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар чөлөөлөгдсөний тэтгэмж авсан. Миний ойлгож байгаагаар улс төрийн албан тушаалтнуудын цорын ганц баталгаа нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөн бол олгодог. Хуульд олгож болно гэсэн үг байхгүй олгоно гэж заасан байгаа. Миний ойлгож байгаагаар “энэ хүн сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн ч гэсэн дараагийн ажилд орсон бол олгохгүй гэсэн заалт байхгүй гэж ойлгож байгаа учраас би хууль журмын дагуу тэтгэмж авсан гэж үзэж байгаа. Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагч 5 дугаар сарын 28-ны өдөр акт тавьсан юм байна лээ. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр надад ийм акт тавьсан гэдэг бичиг өгсөн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.3-т шалгуулагч этгээдийн санал хүсэлтийг, 5.10-т шалгуулагч этгээдийн шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол шалгалтын тэмдэглэлд тусгана гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 27.2-т “сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ”, сонсох ажиллагааг дараах мэдэгдлээр явуулна. Дотоод аудитын дүрмийн 7.1.6-д “дотоод аудит санхүүгийн хяналт шалгалтын дүнг, 7.6.5-д аудитад хамрагдсан байгууллага нэгжийн үйл ажиллагаанд хамаарах асуудлаар холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа дотоод аудитын хороо юм уу төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулна” гэдэг шаардлагуудыг хангаагүй, надад мэдэгдээгүй акт тавьсан гэж үзэж байгаа. Тийм учраас би энэ тэтгэмжийн хууль ёсны дагуу авсан гэж үзэж байгаа гэв.

Прокурор Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Н би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.12 дахь хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тус шүүх хуралдаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцож байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан  нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад прокурорын зүгээс Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Доос улс төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөний 5,011,656 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан баримтуудаар нэхэмжлэгч талаас гаргасан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаартай төлбөр төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн акт нь хуулийн шаардлага хангаагүй. Хавтаст хэрэгт авагдсан болон хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн баримтуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Ж сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Захирамжаар тус албан тушаалаар ээлжит сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдөж улмаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалд шинээр томилогдсон байна. Энэ нь тус хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан “аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит ажлаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно” гэж заасан заалтыг үндэслэсэн байна. Иймд хууль зөрчсөн үйлдэл харагдахгүй байх тул нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Дүгнэлттэйгээ холбогдуулан тайлбар хэлэхэд хариуцагч талын гаргасан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Иймд тус асуудлаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хуульд зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахыг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг болон гэмт үйлдэл нь гэмт хэрэгт хамаарна гэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1-т заасан байдаг. Гэтэл Хөвсгөл аймгийн Ж сумын хэсэг бүлэг эрх бүхий албан тушаалтнууд нь улсын төсөвт сууж ирэх ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж тухайн сумын иргэдийн хурлын үйл ажиллагаанд зарцуулсан гэж байгаа нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул дээрх асуудлыг шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С алба нь хариуцагч Б.Дт холбогдуулан актын төлбөр 5,011,656 (таван сая арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч байгууллагаас С албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 36-01/100 дугаар “Төлбөр төлүүлэх тухай”  актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Сонсох ажиллагаа явуулах тухай тэмдэглэлийн хуулбар 1 хуудас, Монгол улсын сангийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13-2/5391 дүгээр  “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар болон эх хувь 2 хуудас баримтыг,

Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, хавсралтын хамт 2 хуудас, Хөвсгөл аймгийн Ж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт 2 хуудас, Хөвсгөл аймгийн Ж сумын засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/11 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хавсралтын хамт 2 хуудас, Хөвсгөл аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор О.Ганболдын “Аудитын гэрчилгээ” гэх албан бичгийн хуулбар 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хариуцагч Б.Д нь Хөвсгөл аймгийн Ж сумын засаг даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнгээр уг ажлаасаа чөлөөлөгдөн үргэлжлүүлэн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдон ажилласан бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан тэтгэмжийг цалин хөлстэй давхардуулан авсан тул энэ нь хууль зөрчсөн гэж үзэж акт тогтоосон гэж тайлбарласан бол хариуцагч Б.Д би хуульд зааснаар тэтгэмжийг авсан, сонгуулийн үр дүнд  миний ажил албан тушаал өөрчлөгдсөн бөгөөд хуульд тэтгэмжийг ажил албан тушаал эрхэлсэн эрхлээгүйгээс үл хамаарч олгохоор юм байна гэж би ойлгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Хөвсгөл аймгийн Ж сумын засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн үр дүнд уг албан тушаалаас чөлөөлөгдөн Хөвсгөл аймгийн Ж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажилласан ба 2017 оны 7 дугаар сард тэтгэмж урамшуулал болох 5.011.656 төгрөгийг сумын орон нутгийн давсан орлогоос авсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж хуульчилжээ.

Хариуцагч Б.Д нь Хөвсгөл аймгийн Ж сумын засаг даргаар ажилласан, 2016 оны ээлжит сонгуулийн дүнд уг албан тушаалаас чөлөөлөгдөн тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажилласан тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэх хуулийн нөхцөлтэй нийцэж байна.

Уг хуулийн дээрх заалтанд өөр нөхцлийг хуульчлаагүй тул хариуцагч урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийг өөр албан тушаалд томилогдон цалин авч байсан учир цалин тэтгэмж хоёр давхар олгогдохгүй, хариуцагчийг сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдөн ажилгүй байгаа тохиолдолд олгогдохоор байна гэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийг өөр албан тушаалд үргэлжлүүлэн ажилласан тул цалин тэтгэмж давхардах учиргүй гэсэн нь хуульд зааснаар хариуцагчийн тухайн тэтгэмжийг авах эрхийг хязгаарлаагүй юм.

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар  ...2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмжийг хуваарилсан жагсаалтын 3 дугаар хавсралтаар... хавсралтын 6-д Ж нийт дүн 18,064,1 /мян төг-өөр/ гэх тогтоол, Хөвсгөл аймгийн Ж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр ...Орон нутгийн байгууллагуудын төсөвт хийх тодотголыг 4 дүгээр хавсралтаар ... тус тус баталсугай гэх тогтоол, ...оос олгох тэтгэмж урамшуулал үр дүнгээр чөлөөлөгдсөн 6 гэж бичигдсэн хавсралт, Хөвсгөл аймгийн Ж сумын засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/11 дугаар 1. 2016-2017 онд орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр албан тушалаасаа чөлөөлөгдсөн дараах нэр бүхий албан хаагчдад урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосугай гэх “Тэтгэмж олгох тухай” тушаал, хавсралтын 1-д Буджавын Должинсоргодог засаг дарга, үндсэн цалин 835276, сар 6, нийт дүн 5011656 гэж бичигдсэн хавсралт зэргээр хариуцагч нь эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр 1 удаагийн тэтгэмжийг авсан нь тогтоогдож байна.

      Нэхэмжлэгч 2016 оны сонгуулийн үр дүнд ажлаасаа чөлөөлөгдсөн учир урьд нь эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр авсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцэж байх ба хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч С албаны  хариуцагч Б.Дт холбогдох актын төлбөр 5,011,656 (таван сая арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА