| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00879/И |
| Дугаар | 155/ШШ2021/01033 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2021/01033
| 2021 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2021/01033 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын 4 дүгээр багийн 0000 тоотод оршин суух, Б Лн Х (Р2)-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын 8 дугаар багт байрлах, Н холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2021/00879/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Х нь Нгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 20.. оны 7 дугаар сарын 16-ны өдөр анх эмчээр түр хугацаагаар буюу шилжин ажиллаж буй ажилтны оронд томилогдон ажиллаж байсан бөгөөд үргэлжлүүлэн 20.. оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс мөн тасагт эмчээр үндсэн орон тоонд томилогдсон.
Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу мэргэжлийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллаж, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримталж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвхи санаачилгатай ажилласаар ирсэн ба тийм ч учраас сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.
Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажил хэрэгч соёлтой хувцаслан, эрүүл мэндийн үйлчилгээг үл ялгаварлан, хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлсээр ирсэн. Тиймээс ч ажил үүрэгтээ тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна.
Л.Х намайг энэ мэтээр эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг минь удирдлагаас дэмжин, сайшааж улмаар 20.. оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар тасгийн эрхлэгч, деспичрийн ажилд хүртэл дэвшүүлэн томилж байсан.
Гэтэл байгууллагын удирдлага солигдсонтой холбогдуулан дээрхи тушаалыг хүчингүйд тооцон, өмнөх Эмчийн ажилд томилсон байдаг.
Ингээд ямар нэгэн “ноцтой зөрчил” гаргаагүй, өдөр тутмын, урьд эрхэлж байсан үүрэгт ажлаа хийж байтал тус байгууллагын даргын 20.. оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/0 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Энэхүү тушаалыг би огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд маш их гайхаж хүлээж авсан.
Дээрхи тушаалыг үндэслэхдээ Л.Х намайг “...ноцтой зөрчил гаргасан” гэх хуулийн заалтыг барьсныг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь миний үерхэж байсан залуугийн /тус эмнэлэгт ажиллаж байсан/ зүй зохисгүй үйлдлийн улмаас байгууллагын албан ёсны цахим хуудаст “...албан хаагчийн нэр дурдагдсан...” дуу, дүрсний бичлэг тавигдсан үйл явдал болсон.
Энэхүү үйл явдлын улмаас миний нэр төр, алдар хүнд маш ихээр гутаагдсан тул дээрхи үйлдлийг гаргасан хүнд холбогдуулан Цагдаагийн байгууллагад хандаж, холбогдох хэрэг үүсгэн шалгуулж байгаа.
Гэтэл дээрхи өрөөл бусдын хууль бус үйлдлийг надтай хамаатуулан асуудлын үнэн бодит байдлыг олж тогтоогоогүй байж, намайг ажлаас чөлөөлсөнд маш их гомдолтой байгаа.
Одоо миний хувьд дээр дурдсан хууль бус ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, ажилдаа даруй эгүүлэн тогтоолгох шаардлага үүсч байгаа болно.
Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэн, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л овогтой Х 20.. оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нгийн эмчээр томилогдоод 2000 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл их эмч, диспичер болон эрхлэгчээр ажилласан. Энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллагаас зохиосон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тасгийнхаа чанар аюулгүй байдлын ахлагчийн ажлыг хийж байгууллагаа магадлан итгэмжлэлд оруулж байсан. Мөн тасгийнхаа дотоод хяналтын албаны ахлагч хийгээд дотоод хяналтуудыг нь хийгээд явдаг байсан. Идэвх чармайлт гаргаад явж байхад үүнийг маань үнэлээд 20.. оны 5 дугаар сарын 26-ны өдөр тасгийн эрхлэгч буюу д эмчээр намайг томилсон. Энэ ажлаа 3 хоног л хийсэн. Тэгээд байгууллагын удирдлага солигдсонтой холбоотой Н дарга н.О намайг дуудаад буцаад тасгийн их эмчийнхээ ажлыг хий гэсэн учраас тэрний дагуу их эмчийн ажлаа хийсэн. Өөр хэн нэгний буруутай үйлдлээс болоод намайг ажлаас үндэслэлгүй халсанд би гомдолтой байгаа учраас гомдол гаргасан байгаа. Намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Би н.Б гэгчтэй дотно харилцаатай байсан. Миний хувийн ярианы бичлэгийг энэ хүн шөнө тавьсан байсан. Би тухайн өдөр 24 цагийн жижүүр хийгээд байхад шөнө согтуу ирээд нэг юм хэлчихээд гараад явсан. Би юу хэлснийг нь ойлгоогүй. Тэгэхэд энэ бичлэг тавигдсан байсан. Би ийм бичлэг хийж байгаа гэдгийг ч мэдээгүй. Энэ бичлэгт яригдсан зүйлүүдийг би өөрийн хүслээр яриагүй. Удаан хугацаанд энэ н.Б гэдэг хүнд дарлуулж, зодуулж, цохиулж байсан. Миний бие махбодид хохирол хүчирхийлэл учруулж байсан. Би энэ байдлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Мөн ажлын байран дээр огт тийм зүй бус зүйл болж байгаагүй. Мөн талийгаачийн ар гэрээс гомдол гаргасан гэж надад хэлээгүй. Нэг удаа н.Б эмч намайг дуудаж уулзаад юу болсон талаар яриулж байсан. Би үнэнээ хэлсэн. Тэгтэл “за за цаад талаас юм яриад ирэхэд бид нар ярих юмтай байж байя гэж бодоод чамайг дуудаж асууж байгаа юм” гэж хэлж байсан. Түүнээс яг над руу залгаад би тэр дуудлагыг нь аваагүй гэсэн асуудал байхгүй. Би тэр дуудлагыг нь аваад дуудлагын багтаа дамжуулсан. Дуудлагаа авахдаа цагдаагийн байгууллагад хэлээрэй гэж хэлсэн. Яагаад гэвэл “орцонд ганцаараа унасан байна” гэх гэмт хэргийн өгүүлэмжтэй дуудлагыг цагдаагийн байгууллагад хэлдэг гэж бид нарын ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. Тэрнийхээ дагуу ажилласан. Би ажлын байраа орхисон, дуудлагыг нь аваагүй зүйл огт байхгүй. 2 удаа дуудаад ийм өгүүлэмжтэй дуудлага өгөхөд авахгүй түргэн тусламжийн эмч гэж байхгүй байх гэж бодож байна. Би 2 жилд ийм алдаа гаргаж үзээгүй. Эхлээд н.Ч дарга над руу утсаар яриад “ийм байна чи хүрч ирээд уулз” гэхээр очиж уулзсан. Дуудахад аль хэдийн чамайг томилчихсон ирж ажлаа хий гэсэн. Тэр үед би өвчтэй байсан учраас за гэж хэлчхээд өвчтэй байсан хугацаагаа дуусгаж ирээд энэ ажлыг 3 хоног л хийсэн. н.Б эмч манай тасгийн эрхлэгчээр 1 жил гаруй ажиллаж байсан. Намайг тасгийн эрхлэгчээр томилогдлоо гэхэд ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн юм байхгүй. Намайг ажлаа хийгээд явж байсан чинь нэг удаа утсаар “чи ер нь хэн юм бэ, тасгийн эрхлэгчийн суудалд санаархаад байгаа юм уу чи” гэсэн зүйл ярьж дарамталж байсан. н.Чдаргыг байх үед намайг томилоод дараа нь удирдлага солигдсонтой холбоотой н.О дарга намайг дуудаад би Н үүдэнд гүйж очиж уулзсан. Эхлээд намайг дн ажлаа хийгээд явж байсан чинь тасгийн арга зүйч “чамайг дарга уулз гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би очоод уулзсан чинь тэгж хэлсэн. “Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн зүйл байгаа юм уу” гэсэн чинь “байхгүй” гэсэн. “Би сая тасгийн эрхлэгчээр томилогдсон ш дээ” гэсэн чинь “өө тэрийг чинь цуцалчихна ш дээ” гэж хэлсэн. 6 дугаар сарын 19-ний өдрийн 02 цаг 14 минутад 2 группт бичлэг тавьсан байдаг. Нэг нь Нгийн эмч нарын групп, нөгөөх нь поликлиникийн группт тавьсан байдаг. Тухайн өдөр би 24 цагаар жижүүрлэж байхад н.Б гэгч ирээд “гараад ир уулзъя” гэхээр нь “би ажлынхаа байрыг орхиж явахгүй, гарахгүй” гэсэн. Тэгэхэд нэг юм хэлээд гараад явсан. Би мэдээгүй ажил үүргээ гүйцэтгээд явж байсан чинь манай байгууллагын одоогийн тасгийн эрхлэгч н.Бямбасүрэн над руу залгаад “ийм бичлэг тавигдсан байна ш дээ мэдсэн юм уу” гэхээр нь мэдээгүй юун бичлэг вэ гээд гайхаж байсан. Энэ хүн 2 группт тавьсан байсан. Би өөрийн хүслээр ярьсан юм байхгүй. н.Бандихүүтэй би 02 дугаар сард танилцаад хэн хэнийхээ гэр бүлтэй дотно харилцаатай танилцуулсан байсан. Ер нь жаахан архи уудаг байсан. Эхлээд согтуудаа хэлээд байна за гээд байдаг байсан. Гэтэл сүүлдээ бүр эрүүлдээ ингэж ярьсан. Сүүлдээ бүр ээж рүү маань залгаж “бичлэгт дурдагдсан хүмүүсийг дурдаад танай охин чинь ийм ш дээ та мэдэх үү” гэж ярьсан байсан. Миний ээж тэтгэврийн насны 61 настай хүн байдаг. Шөнө орой ээж рүү залгаж тэгж хэлсэн байсан. Би яагаад ингээд тэсээд яваад байсан бэ гэхээр хоёр талдаа танилцуулчихсан, ийм хүн гэдгийг нь мэдэхгүй за болох байх гэж бодоод яваад байдаг байсан. Сүүлдээ намайг эрүүлдээ хүртэл дарамталж, зоддог байсан. Энэ удаан хугацаагаар үргэлжилж байсан. Би нэг бус удаа учирлаж хэлж байсан. Би үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Мөн миний биед хохирол учруулсан талаар ч гэсэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байгаа. Би зүгээр ажил үүргээ гүйцэтгээд явж байхад намайг тасгийн эрхлэгч н.Б дуудаад “хуралтай шүү” гэхээр нь ямар хурал юм бэ гэсэн чинь “удирдлагын багийн хурал” гээд ороод гэнэт ийм шийдвэр гарсан. Би удирдлагын багийг хамгийн том шийдвэр гаргадаг том баг гэж боддог. Сайн мэдэхгүй байна. Нөгөө талаас хэлэхдээ удирдлагын багийн чиг үүрэг юу юм бэ гэхэд зөвлөх дүгнэлт гаргадаг гэж хэлсэн. Надад өмнө нь зөвлөсөн, дүгнэсэн эсвэл бүгдийг нь дуудаж ирээд үнэн зөвийг ярилцсан зүйл байхгүй. Би дуудлага зохицуулагч эмчээр ажиллаж байсан. Дуудлагын багт цаг хугацаа алдалгүй мэдээллийг өгсөн. Тэгээд би “цагдаа дууд” гэж хэлсэн. Яагаад гэвэл миний албан тушаалын тодорхойлолтод ч байгаа, иргэний үүрэг ч байгаа. Гэмт хэргийн өгүүлэмжтэй дуудлагыг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ, шаардлагатай бол хамтарч ажиллана гэсэн байдаг учраас би дуудсан байгаа. Дуудлагыг нь хүлээн авч дуудлагын багт мэдэгдсэн. Цаг хугацаа алдсан зүйл байхгүй гэж бодож байна. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Би ажилдаа хариуцлагатай хандсан. Нөгөө талаас хэн нэгний буруутай үйлдлээс болоод тэр бичлэг тавигдсан түүнээс би тэр бичлэгийг тавиагүй. Тэр хүн миний хувийн бичлэгийг тавиад би өөрөө гэмт хэргийн хохирогч болчихсон байхад тэр хүнийг удирдлагын багийн хурлаар оруулаагүй. Шууд намайг оруулсан. Эмчийнхээ ажилд эгүүлэн тогтоолгоно гэв.
Хариуцагч Нгийн захирал Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Хын нэхэмжлэлтэй танилцлаа. Л.Хыг 20.. оны 8 дугаар 06-ны өдрийн Б/000 дугаартай ажпаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.
1. 20.. оны 6 дугаар сарын 19-ний өдөр Л.Х эмч нь хамт ажиллаж буй эмч Ц.Д болон эмч Б.Т эмнэлгийн ажлын байран дээрээ бэлгийн харьцаанд орсон талаар худал мэдээллийг бусдад ярьж, бичлэг хийгдсэн байдаг. Тухайн бичлэгт Л.Х нь Ц.Д, Б.Т ажпын байран дээрээ бэлгийн харилцаанд орсон талаар ярьсан. “Нгийн эмч нарын групп” фэйсбүүкт байгууллагын дотоод чатанд Л.Хын найзалж байсан Н.Б эмч байршуулж эмнэлгийн ажилчдын дунд тарааж хамт ажилладаг ажилтныхаа нэр төрийг гутаасан.
Б.Т эмч болон Ц.Д эмч нарын эхнэр нь хамт ажилладаг. Тухайн үед Ц.Дын эхнэр нь дарга М.Б амаар гомдол гаргаж байсан. Л.Х эмчийн тухайн ярианаас болж эмч нарын дунд таагүй байдал үүсэж маш их эмзэглэж удирдлагад Л.Х эмчийг арга хэмжээ авах шаардлага тавьж байсан.
“Нгийн эмч нарын групп” фэйсбүүкийн чат нь албан үйл ажиллагаанд ашиглагддаг чат тул ажлын хамт олны өмнө ажлын байранд ашиглах зорилгоор бий болгосон дотоод группт байрлуулсан нь хамт олны өмнө ажилтныхаа талаар худлаа мэдээлэл ярьж нэр төрийг гутаасан.
Энэ нь байгууллагын ажилчдын нэр төрийг гутаасан, байгууллагын нэр төрийг гутаасан, ажилчдын гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулах мэдээллийг ярьж тараасан тул байгууллагын ажилчдын нэр төрийг хамгаалж, ажилчдын гэр бүлийн тогтвортой байдал, байгууллагын ажилтнуудын эв нэгдэлийг хангах үүднээс Н.Б эмч, Л.Х эмч нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.
20.. оны 7 дугаар сарын 09-ний өдрийн удирдлагын багийн хурлаар
1. Л.Х эмчийн талаар хэлэлцэх
2. Дотоод сүлжээнд тавигдсан бичлэг
3. Яаралтай түргэн тусламжийн дуудлаганд алдаа гаргасан асуудлын талаар хэлэлцсэн ба тухайн хуралд Л.Х эмч өөрөө оролцож өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Л.Х эмч бичлэг дээр ярьсан хүн бол би мөн би ичиж байна. Би холбогдох хүмүүстэй уулзаж уучлалт гуйсан. Гэхдээ тийм бодит юм болоогүй, тэр хүмүүстэй харддаг байсан. Би бодохгүйгээр ярьсан гэж хуралд өөрөө хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Тийм бодит зүйл болоогүй гэж өөрөө хэлсэн нь болоогүй зүйлийг болсон гэж худлаа ярьж Т эмч, Д эмчийг худлаа гүтгэсэн тул Л.Х эмчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.3 .... Ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.20 Ажлын байранд хамт ажиллаж буй хүнийхээ нэр төр, алдар хүндийг бусдын өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан ноцтой зөрчил гаргасан.
2. Мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 40 минутанд яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүрт гарч байхдаа 103 утсанд өвчтөн өөрөө ухаан алдаж унахын өмнө алаг-36 байрны орцонд байхдаа 3 удаа залгахад утас нь дуудаад байхад утсаа аваагүй 4 дэх дуудлаганд утсаа авч цагдаа дууд гэж хариу хэлсэн тухайн өвчтөнд орцонд байхдаа 3 удаа өөрөө залгаад хариу өгөөгүйгээс орцонд ухаан алдаж унасан байдаг. Тэгээд 4 дэх дуудлагад утсаа авч яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээний эмч гэрт нь оруулсны дараа очиж үзсэн. Энэ нь цаг хугацаа хойшлуулснаас болж хүний амь нас хохирсон.
Иймд эмнэлгийн ажилтны хариуцлагатай байх, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс бусдад хохирол учруулж байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.26 дах заалт Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ дураараа аашлан бусдад хохирол учруулсан зэрэг үндэслэлүүд болно гэсэн зөрчил гаргасан.
3. Х нь хамт ажиллаж байгаа албан хаагчтай харилцаа хандлагын хувьд ширүүн төвөгтэй харилцдаг талаар удирдлагын багийн хурал дээр яригдаж байсан.
Дээрх зүйлүүдээс үндэслэж Л.Х эмчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.3 дахь заалт Нгийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.26 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.20 дах заалтуудад заасан ноцтой зөрчил гаргасан тул ажпаас чөлөөлсөн.
Иймд Л.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х эмч 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр 10 цаг 24 минутад хүн ухаан алдаж унасан байна гэдэг яаралтай дуудлагыг хүлээн авахдаа “цагдаа дууд” гэж хэлээд дуудлагынхаа бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж аваагүй байдаг. 10 цаг 40 минутад дахин залгахад дуудлагынхаа багийн эмчид хэлсэн. 16 минутын дараа дахин залгахад дуудлагыг бүртгэж авсан. 16 минут гэдэг бол тухайн хүний амь насыг аврах боломжтой. Мөн ухаан алдаад уначихсан байна гэсэн хүнийг “цагдаа дууд, наад хүн чинь ухаантай байна уу, үгүй байна уу” гэж хэлж байгаа нь эмнэлгийн ажилтны эмчийн хариуцлагатай байх, мэргэжилдээ хариуцлагатай хандах, яаралтай түргэн тусламжийг түргэн шуурхай үзүүлэх гэх мэтчилэн эмчийн үүргээ биелүүлээгүй. Мөн энэ дуудлагын ар гэрээс манайд гомдол гаргаж байсан. н.Л эмчийн хүүхэд нь “танай эмч чинь 16 минутын дараа дахин залгахад утсаа аваад тусламж үзүүллээ гэж тухайн үед гомдол гаргаад н.Б эмч адилхан эмнэлгийн мэргэжилтэн гэдэг үүднээс асуудлыг цаашаа даамжруулахгүйгээр эв зүйгээр шийдвэрлэж байсан. Нэг ийм ноцтой зөрчил гаргасан гэж манайхаас үзэж байгаа. Хоёр дахь нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Нгийн группт ёс бус бичлэг тавигдсан байдаг. Тухайн бичлэгийг эмч нар үзээд “Л.Х эмч ярьж байна, Л.Х эмчид хариуцлага тооцох хэрэгтэй” гэж удирдлагад хандаж байсан. Тухайн бичлэг дээр н.Т эмч, н.Д эмч нартай ажлын байран дээрээ бэлгийн харьцаанд орсон талаар яригдсан байдаг. н.Төгөлдөр эмчийн ар гэр болон н.Д эмчийн эхнэр нь хамт ажилладаг. Мөн даргад шаардлага тавьж байсан. н.Т эмч, н.Д эмч нарын ажилдаа хандах хандлага, сэтгэл зүй хамт олонтойгоо харилцах харилцаа мөн тухайн бичлэгээс үүдэн хамт олны дунд маш их таагүй байдал бий болж байсан. Ийм ноцтой зөрчил гаргасан учраас Л.Х эмчийг удирдлагын багийн хурлаар авч хэлэлцээд өөрөө тухайн хуралд оролцоод “би бодохгүйгээр ярьсан, тийм бодит зүйл болоогүй. Би холбогдох хүмүүстэй нь уулзаж уучлалт гуйсан” гэж хэлсэн. Удирдлагын багийн хурал дээр гарын үсгээ зурсан байгаа. Энэ байдлаас үүдээд манайхаас 2 ноцтой зөрчил гаргасан гэж энэ хүнийг ажлаас халсан байгаа. Би тухайн хэргийн хэргийг судлаад 2 удаа дуудахад дуудлагыг нь авсан юм болов уу аваагүй юм болов уу гэдэгтэй холбоотой шалгахаар манайхаас Монголын цахилгаан холбоо руу албан бичиг өгөөд 103 утсанд 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ирсэн дуудлагыг нь шүүж үзэхэд 10 цаг 24 минутад 1 залгаад, 10 цаг 40 минутад 1 залгасан байдаг. Тэгэхэд Л.Х эмчийн дуудлага бүртгэх дэвтэр дээр нь 10 цаг 40 минутыг нь л бүртгэсэн байдаг. Хамгийн эхний дуудлагыг нь бүртгээгүй байсан. Хурлын тэмдэглэлийг хүний нөөцийн мэргэжилтэн бичиж авдаг. Хүний нөөцийн даргыг тухайн үед хурлын багийн хурал дээр бичигдсэн яриануудыг жаахан дутуу бичсэн байна гэж дарга хэлж байсан. Тэр хурлын тэмдэглэл дутуу бичсэн нь тэрийг бичсэн хүний нөөцийн хүнтэй л холбоотой байх гэж бодож байна. Дарга энэ хэсгийг нь бич тэр хэсгийг нь бич гэж хэлж байгаагүй. Би энэ хэргийг судалж байхад дарга удирдлагын багийн хурлын тэмдэглэлийг жаахан дутуу бичсэн байна гэж надад хэлж байсан. Төрийн албан хэрэг хөтлөлтийн журам дээр дарга тушаал шийдвэрийг гаргахдаа 1-ээс 7 хоногийн дотор гаргана гэж заасан байдаг юм байна лээ. Тэрнийхээ дагуу энэ хүнийг ажлаас нь чөлөөлнө гээд албан хэрэг хөтлөлтийн дагуу тушаалыг цаас хэлбэрээр гаргахдаа 3 хоногийн хугацааг авсан. Манайхаас Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.20 дээр “ажлын байранд хамт ажиллаж буй хүнийхээ нэр төр, алдар хүндийг бусдын өмнө доромжилж, хүний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэдэг зөрчлийг гаргасан. Хоёр дахь нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ бусдаас авлига, шан харамж авах, хуурамч баримт үйлдсэн, мэдээ тайлан буруу гаргасан, дураараа аашлан бусдад хохирол учруулсан зэрэг үндэслэлүүд болно гээд 9.1.26-д заасан энэ 2 зөрчлийг гаргасан гэж манайхаас үзэж байгаа. Энэ дээр хамт ажиллаж байгаа хүнийхээ нэр төр, алдар хүндийг гутаасан гэдэг бол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм дээр заасан байдаг. Тэр үүднээс эмнэлгийн мэргэжилтнийхээ ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй гэж манайхаас үзэж байгаа. Удирдлагын багийн хурал байгууллагын дотоод журамд заасны дагуу даргад зөвлөх эрхтэй 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг. Энэ багаас даргад зөвлөх дүгнэлтийг гаргаж байдаг.
Манай байгууллага дээр ёс зүйн хороо гэж байгаа. Нийгэм хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу ёс зүйн хороог 3 жилийн хугацаатай байгуулна гэж заасан байдаг. Дарга солигдоод дараагийнхаа ёс зүйн хороог байгуулаагүй. Өмнөх ёс зүйн хорооны 3 жилийнх нь хугацаа дуусаад татан буугдсан ч гэдэг юм уу хүчингүй болсон тийм ёс зүйн хороо байсан. Л.Х эмчийн гаргасан зөрчил нэг тал нь ёс зүйн зөрчил, нөгөө тал нь ажил мэргэжлийн зөрчил гаргасан учраас манайхаас шууд удирдлагын багийн хурлаар оруулсан. Энэ хүн нэг талаас ёс зүйн зөрчил гаргасан. Нөгөө талаас ажил мэргэжлийн алдаа гаргасан учраас манайхаас энэ хүнийг алдаа гаргасан, зөрчил гаргасан гэдэг үүднээс ер нь ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байгаа. Энэ хүнийг манайхаас нотлох баримтгүй байхад нь ноцтой зөрчил гаргасан байна гэж халаагүй. Бүх зүйл тэр СД бичлэгээр болон утасны түүхүүдээр нотлогдож байгаа учраас заавал ёс зүйн хороогоор оруулахгүйгээр шийдвэрлэсэ. 6 дугаар сарын 19-ний өдөр бичлэгийг тавьсан байсан. 6 дугаар сарын 19-ний өдөр групп дээр тавигдаад тэр өдөр мэдээж бүгдээрээ үзэхгүй. Эмч нар үзээд яриа болоод, удирдлага 7 дугаар сард мэдсэн гэсэн. Бичлэгтэй холбоотой н.Д эмчийн эхнэр гомдол гаргаж байсан. Байгууллагын ажилчдаас, удирдлагуудад Л.Х эмчид хариуцлага тооцох хэрэгтэй гэж хэлж байсан. Эмнэлгийн байгууллага гомдол мэдээллийг заавал бичгээр гаргана гэсэн хууль эрх зүйн мэдлэг амаар гаргаж болно гэдэг үүднээс амаар гаргаад явж байсан юм байна лээ. н.Д эмчийн эхнэр даргад энэ бичлэг ямар учиртай юм бэ та энийг судалж өг, үнэнийг нь тогтоож өг гэж тухайн өдөр даргад хэлж байсан байгаа юм. Байгууллагын ажилчдаас чанарын алба, хүний нөөцийн алба, санхүүгийн алба гээд удирдлагатай ойр ажилладаг хүмүүс “дарга аа Л.Х эмчид хариуцлага тооцох хэрэгтэй” гэж шаардлага тавьж байсан. Л.Х эмчийг тасгийн эрхлэгчээр томилсон гээд нийгмийн даатгалын дэвтэр дээр нь бичилт хийгдсэн байдаг. Тухайн үед н.Чагнаадорж дарга тасгийн эрхлэгчээр томилъё гэхэд нь тасгийн эрхлэгчийг орлож ажиллаж байсан н.Б дарга “би энэ хүнд ажлаа өгөхгүй. Ийм ёс зүйгүй, харьцаа хандлага муутай Л.Хд ажлаа өгөхгүй” гэж татгалзаад Л.Х эмчийн тушаалыг нь гаргаагүй явж байтал энэ хүнтэй холбоотой ёс зүйн зөрчлүүд гараад тэр тушаалыг гаргахгүйгээр дараагийнх нь тушаалыг гаргасан. Тушаалыг нь гаргаагүй байсан. Тэгж байтал өөрөө ноцтой зөрчил гаргахаар нь энэ тушаалыг нь болиулаад тэр дээр нь өөр тушаал гаргаад явчихсан гэсэн. Энэ хэрэгт Л.Х эмч тасгийн эрхлэгч байна уу?, эмч байна уу тэр нь ач холбогдол багатай. Яагаад гэвэл энэ хүн хоёрын хоёр том ноцтой зөрчил гаргачихсан, тодорхой баримтууд нь байгаа Эхнийх гэрээгээ хугацаагүй байгуулсан учраас дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм байна лээ. Энэ хүн 103 утсан дээр ажиллаж байхдаа эхний дуудлагыг аваагүй дараагийн дуудлагын авсан. Манай удирдлагын зүгээс энэ хүн эхний дуудлагыг авах ёстой байтал аваагүй. Мөн “цагдаа дууд, наад хүн чинь ухаантай юм уу ухаангүй юм уу” гэж хэлж байгаа нь эмч ажилчин хүний эрүүл мэндийг хамгаалах хүн тийм хариу хэлээд байж байна гэдэг боломгүй юм, дураараа аашилж байна гэж үзээд ийм үндэслэлээр ажлаас нь халсан. Тушаал нь гарсан байдаг. Тухайн үед хүний нөөцийн дарга хийж байсан хүн “энэ ёс зүйн зөрчил гаргачихлаа” гээд ураад хаячихсан. Урж хаянгуутаа тэр тушаалын дугаар дээр нь өөр агуулгатай тушаал гаргачихсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Н холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ... Ажлын байранд хамт ажиллаж буй хүнийхээ нэр төр, алдар хүндийг бусдын өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан ноцтой зөрчил гаргасан, ... Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ дураараа аашлан бусдад хохирол учруулсан... тул Л.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Л.Х дээрх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхээр хуульчилсан учир нэхэмжлэгч Л.Х нь шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчээс Нгийн даргын 20.. оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/000 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, НД№А1462004 дугаар Б Лн Хын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, нэг талаас Нгийн дарга С овогтой Ч, нөгөө талаас Л овогтой Х нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний эх хувь 2 хуудас, албан тушаалын тодорхойлолтын хуулбар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газарт гэж хаягласан гомдол эх хувиар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас эх хувиар 1 хуудас зэрэг бичмэл нотлох баримтуудыг,
Хариуцагчаас Нгийн даргын 20.. оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/000 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, хөдөлмөрийн гэрээний загварын хуулбар 3 хуудас, тохиолдлыг тасаг нэгжид бүртгэх хуудасны /Нэг хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ хуулбар 1 хуудас, удирдлагын багийн хурлын тэмдэглэлийн /Нэг хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ хуулбар 2 хуудас, түргэн тусламжийн явуулын бүх үйлчилгээг бүртгэх бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Нгийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас, Хөвсгөл АНЭ-ийн эмч нарын групп гэж хаяг бүхий цахим сүлжээнд тавигдсан бичлэгийн тавигдсан эсэхийг харуулсан гэрэл зураг 1 хуудас, уг бичлэгийг хуулбарласан гэх СД 1 ширхэг, цаг ашиглалтын бүртгэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Монголын цахилгаан холбооноос ирүүлсэн гэх 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 7038103 дугаарын утсанд гаднаас ирсэн утасны дуудлагын түүх 5 хуудас, Нгийн даргын 2021 оны 5 дугаар сарын /өдөр нь засвартай/ Б/222 /дунд тоог засварласан/ тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Нгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/81 дүгээр тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, эмч сувилагч тусгай мэргэжилтэн, бусад ажилчдын хувийн хэргийн бүрдэлт гэх гарчиг бүхий баримтын хуулбар 2 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус гаргаж ирүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын захирал Г.Он гаргасан М.Б, Д, Т нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, Хөвсгөл аймгийн эмч нарын групп фэйсбүүк дотоод чатад тавигдсан бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мын гаргасан хариуцагч байгууллагаас Л.Хыг яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч, диспечерийн ажилд томилсон тушаал болох 20.. оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/000 дугаартай тушаал болон түүнийг уг албан тушаалаас чөлөөлсөн тушаал, мөн эрхлэгч диспечерийн ажлаас чөлөөлж, их эмчийн ажилд томилсоны дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргуулах, С.Чс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доорх үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Нгийн эмчээр түр хугацаагаар ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар мөн тасгийн эмчээр томилогдон ажилласан, Нгийн захирал Г.Он 20.. оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/000 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зэрэг болно.
Энэ үйл баримтад талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан санал дүгнэлтдээ нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сард тасгийн эрхлэгч, эмчээр ажиллаж байсан, түүнийг уг албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг гаргалгүйгээр ажиллуулж байсан зэрэг нөхцөл байдлыг тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн өөрийн би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үедээ яаралтай түргэн тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан уг ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүний нөөцийн дарга уг тушаалыг урж хаясан, хариуцагч нь ажлаас чөлөөлөгдөхдөө яаралтай түргэн тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан гэх тайлбарыг тус тус гаргасан тул нэхэмжлэгчийн Нгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгчээр ажилласан, түүнийг чөлөөлсөн тушаал гараагүй зэрэгт шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.
Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Хыг 20.. оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/000 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Н хөдөлмөрийн дотоод журмын 9.1.17 заалтуудыг тус тус үндэслэн эмчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д ажил олгогч санаачилсан гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тус тус хуульчилсан.
Ажил олгогчийн нэхэмжлэгч Л.Хыг ажлаас чөлөөлсөн тушаалаас үзвэл ажил олгогч өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа учир Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцжээ.
Гэвч ажил олгогч ажилтныг чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталсан байх боловч энэ нь үндэслэлгүй, мөн тушаалд ажил олгогч ажилтны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг үндэслэснээ тусгаагүй нь эрх зүйн акт болохын хувьд тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзэв.
Учир нь:
1/ ажил олгогчийн ажилтныг чөлөөлсөн тушаалд ажилтны хэзээ, ямар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаар тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл тушаалд нэхэмжлэгч Л.Х хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан уу, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан гэдгийг ажил олгогч тодорхойлоогүй.
Тодруулбал хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг мэргэжлийн ажил үүрэгтэйгээ холбоотой дүрэм журмыг зөрчсөн /Дуудлагыг хүлээн авч цаг тухайд нь бүртгээгүй, авбал зохих арга хэмжээг аваагүй/, байгууллагын дотоод журмын 9.1.20-д заасан ажлын байранд хамт ажиллаж буй хүнийхээ нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэж заасан бөгөөд энэ ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Л.Х гаргасан гэж тайлбарласан боловч энэ талаараа ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд тусгаагүй байна.
Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.
2/ Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалд байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг үндэслэсэн. Учир нь нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан өөрөөр хэлбэл хамт ажилладаг хүнийхээ нэр төр, алдар хүндийг бусдын өмнө гутаасан доромжилсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцсэн. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг ажил олгогч ажилтан нар харилцан тохиролцож гэрээнд нэрлэн заахыг шаарддаг. Иймээс ажил олгогчоос гаргасан дотоод журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж үзэх боломжгүй тул Нгийн даргын 20.. оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/000 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Тодруулбал хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчлийг гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлсөн талаархи үндэслэлээ, үүнд тохирсон хөдөлмөрийн гэрээний тодорхой зүйл заалтыг баримтлаагүй буруутай.
Түүнчлэн байгууллагын дотоод журмын 9.1.20-д ажлын байранд хамт ажиллаж буй хүнийхээ нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан ноцтой зөрчлийг Л.Х гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч дээрхи заалтаас үзвэл энэ нь зөрчил гаргагчийн өөрийн идэвхтэй үйлдэл байхаар заажээ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журмын 9.1.20-д заасан байгаа гэж мэтгэлцсэн ба тухайлан зохицуулсан хэм хэмжээ байсаар байтал ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд байгууллагын дотоод журмын 9.1.17 дугаар зүйлийг үндэслэжээ. Энэ нь тухайн эрх зүйн актанд тавигдах шаардлагыг мөн хангаагүй байна.
Шүүх ажил олгогчийн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Л.Хыг Нгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б Лн Х (Р2)-ыг Нгийн эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Нгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
|
|