| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2023/02087/И |
| Дугаар | 001/хт2025/00037 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 001/хт2025/00037
М.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03662 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2024/02026 дугаар магадлалтай,
35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч С.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.С-ад холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03662 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-аас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2024/02026 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч С.С-ад холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024.11.05-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн 03662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.25-ны өдрийн 02026 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:
4.1. М.Н нь 2013 онд Улаанбаатар хотод амьдардаг өөрийн найз Б.Б-т Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгсэл захиж байсан ба 2013 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод ирж хар өнгийн 0000 улсын дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон. 2014 оны 03 дугаар сард С.С нь М.Н рүү утсаар ярьж 0000 дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн үнийг шилжүүлээрэй” гэж хэлсэн тул М.Н нь С.С-ын Төрийн банк дахь 0000 тоот төгрөгийн дансанд 2014.03.18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014.03.19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014.05.12-ны өдөр 3,000,000 төгрөг. 2014.06.24-ний өдөр 2,000,000 төгрөг, төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлж, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн.
Гэтэл С.С нь М.Н-гээс төлсөн тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг машины өмчлөгч А.Г-ад шилжүүлэн өгөөгүйн улмаас 2022 оны 08 дугаар сард А.Г нь М.Н-д холбогдуулан 0000 улсын дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан.
М.Н-гээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг С.С нь А.Г-ад шилжүүлээгүй болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00943 дугаар шийдвэрээр тогтоогдсон (энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон) тул М.Н-гээс 35,000,000 төгрөг гаргуулж, А.Г-ад олгохоор шийдвэрлэсэн ба дээрх 35,000,000 төгрөгийг М.Н нь С.С-аас нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг тогтоосон юм.
4.2. С.С- нь М.Н-гээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг А.Г-ад шилжүүлээгүй, өөртөө авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул М.Н нь С.С-ад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн №03662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, С.С нь 0000 улсын дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн үнэ болох 35,000,000 төгрөгийг А.Г, эсхүл Б.Б- нарын хэн алинд нь шилжүүлээгүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэрэгт авагдсан тайлбар, баримтуудаар тогтоогдсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 35,000,000 төгрөгийг С.С-аас гаргуулж М.Н-д олгохоор анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн.
Тухайлбал, С.С нь “Дансанд мөнгө орсон даруйд тухайн мөнгийг бэлэн хэлбэрээр авч өөрийн ах болох Б.Б-т аваачиж өгсөн” гэх татгалзал нь С.С-ын Төрийн банк дахь 0000 тоот дансны хуулга болон гэрч н.А болон Б.М- нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. (М.Н-гээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч ашигласан байдаг)
С.С-ын “М.Н-гээс шилжүүлсэн мөнгийг тухай бүрд нь Б.Б-т өгдөг байсан” гэх татгалзал нь 2023.09.07-ны өдрийн шүүх хуралдаанд “Б-т 2 удаа 10 гаруй сая төгрөгөөр аваачиж өгсөн” гэх өөрийнх нь тайлбараар үгүйсгэгддэг. (Зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой боловч дээрх байдлаар зөрүүтэй тайлбар гаргадаг)
Мөн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн С.С-ын охин н.А зөвхөн “нэг удаа Б-т мөнгө хамт аваачиж өгсөн” хэмээн С.С-ын мэдүүлгээс зөрүүтэй тайлбар гаргадаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн.
4.3. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 00943 дугаар шийдвэрийн хянавал хэсэгт “... нэхэмжлэгч А.Г, хариуцагч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн...” хэмээн дүгнэсэн.
Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.25-ны өдрийн 02026 дугаар магадлалын хянавал хэсэгт “... Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулбал, М.Н нь Б.Б-той үүссэн эрх зүйн харилцааны хүрээнд тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргийг гүйцэтгэхдээ Б.Б-ын нэрлэн заасан этгээд болох С.С-ын дансанд шилжүүлжээ” хэмээн дүгнэсэн.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “эрх зүйн харилцаа М.Н болон А.Г нарын хооронд үүссэн” хэмээн дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр атал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “М.Н болон Б.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн” хэмээн хуулийг зөрүүтэй хэрэглэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зарчимд нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан атал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр болон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгч М.Н болон Б.Б нарын хооронд эрх зүйн харилцаа (ИХ-ийн 243.1) үүссэн хэмээн үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч М.Н нь 0000 улсын дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг нэг л удаа худалдан авсан болохоос биш Хөвсгөл аймгийн шүүхийн дүгнэсэнчлэн А.Г-аас, харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн Б.Б-оос буюу 2 удаа худалдан аваагүй.
Үүний улмаас нэхэмжлэгч М.Н нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 00943 дугаар шийдвэрээр А.Г-ад 35,000,000 төгрөгийиг төлж байгаа /шийдвэр гүйцэтгэлийн журмаар/ ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар С.С-ад шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг гаргуулан авах боломжгүй болж 70,000,000 төгрөгийн хэмжээнд хохироод байна.
4.4. Нөгөөтэйгүүр, Хариуцагч С.С нь М.Н-гээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг авч ашигласан буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь гэрч Б.М-ийн гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайлбал, Б.Б болон Б.М нарыг гадаад улсад зорчиж байх хугацаанд С.С нь Б.Б-оос байнга мөнгө нэхэж (охин нь гадаад улсад сургууль төгсөж байгаа гэх шалтгаанаар) утсаар ярьдаг байсан, Б.Б нь С.С-ад байнга мөнгө шилжүүлдэг байсан талаар гэрч Б.М шүүхэд мэдүүлсэн байдаг.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх гэрч Б.М-ийн гэрчийн мэдүүлгийг дүгнээгүй, дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж, нэхэмжлэгчийг хохироогоод байна.
Дээр дурьдсанчлан, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар үйлийн 492.1 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.4-т заасныг ноцтой зөрчиж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны үүхийн шийдвэр болон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.25-ны өдрийн 02026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн 03662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.28-ны өдрийн 001/ШХТ2025/00088 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.С-ад холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...М.Н нь 2013 онд найз Б.Б-т Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгсэл захиж байсан ба 2013 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод ирж хар өнгийн 0000 улсын дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон. 2014 оны 03 дугаар сард С.С нь М.Н рүү утсаар ярьж “0000 улсын дугаартай Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн үнийг шилжүүлээрэй” гэж хэлсэн тул М.Н нь С.С-ын Төрийн банк дахь ... төгрөгийн дансанд 2014.03.18-2014.06.24-ний хооронд нийт 35,000000 төгрөгийг шилжүүлж, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн. Гэтэл С.С нь М.Н-гээс төлсөн тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг машины өмчлөгч А.Г-ад шилжүүлэн өгөөгүйн улмаас 2022.08 дугаар сард А.Г нь М.Н-д холбогдуулан ... тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 00943 дугаар шийдвэрээр М.Н-гээс 35,000,000 төгрөгийг гаргуулж А.Г-ад олгохоор шийдвэрлэсэн. ...Өөрөөр хэлбэл, С.С нь М.Н-гээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг А.Г-ад шилжүүлээгүй, өөртөө авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ба М.Н нь 35,000,000 төгрөгөөр хохироод байна. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч С.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч нь миний төрсөн ах Б.Б-той байгуулсан гэрээний үүргээ биелүүлж түүнд автомашин худалдан авсан мөнгийг шилжүүлсэн ба ах Б.Б нь миний дансаар авах хүсэлтэй байсан тул нэхэмжлэгч нь над руу шилжүүлсэн үйл баримт л болсон. ...Дансанд мөнгө орсон даруйд тухайн мөнгийг бэлэн хэлбэрээр авч ах Б.Б-т өгсөн. ...Мөн миний хувьд М.Н гэх хүнийг огт танихгүй бөгөөд түүн рүү холбогдож, ярьж мөнгө нэхэж байгаагүй болно. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.27-ны өдрийн 493 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 3 дугаар магадлалаар ...нэхэмжлэгч А.Г, хариуцагч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. ... Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдаж төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцох саналыг талийгаач Б.Б зуучилсан ... болохыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.С-ын дансанд 35,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. ... Хариуцагч С.С нь хууль болон гэрээний үндсэн дээр М.Н-гээс 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн М.Н-гээс өөрийн дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг Б.Б-т дамжуулсан өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч С.С-ыг М.Н-гээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ... Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч С.С-аас гэрээний үүрэгтэй холбоотойгоор 35,000,000 төгрөгийг шаардаагүй тул энэ маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022.10.27-ны өдрөөс нэхэмжлэгч М.Н-г эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч С.С-ад холбогдуулан 2023.05.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулбал, М.Н нь Б.Б-той үүссэн эрх зүйн харилцааны хүрээнд тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргийг гүйцэтгэхдээ Б.Б-ын нэрлэн заасан этгээд болох С.С-ын дансанд шилжүүлжээ. Талуудын мэтгэлцээний хүрээнд С.С-ын данснаас зарлага хийгдсэн цаг хугацаа, үнийн дүн зэргийг шүүх дүгнэх нь буруу биш боловч төлбөр хийгдсэнээс 5 сарын дараа Б.Б нас барсан энэ нөхцөлд нотлох баримтыг М.Н-гийн дээрх тайлбартай харьцуулж үзэх шаардлагатай. Уг тайлбараар М.Н-гээс мөнгө шилжүүлсний дараа Б.Б тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авч явсан, улмаар тээврийн хэрэгсэл М.Н-гийн нэр дээр шилжсэн байх тул Б.Б 35,000,000 төгрөгийг С.С-аас хүлээж аваагүй гэж үзэхээргүй байна. Үүнээс гадна ... шүүхийн шийдвэрээр М.Н-г тээврийн хэрэгслийн үнийг А.Г-ад төлөөгүй гэж дүгнэсэн нь тухайн төлбөрийг С.С-аас шаардах үндэслэл болохгүй. Учир нь С.С нь зөвхөн Б.Б-ын хүсэлтийн дагуу тухайн цаг хугацаанд М.Н-гээс төлбөр хүлээн авсан этгээд бөгөөд С.С, А.Г нарын хооронд аливаа харилцаа үүсээгүй. Анхан шатны шүүх хариуцагч С.С-ыг нэхэмжлэгч М.Н-гийн шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг Б.Б-т дамжуулан өгсөн болохоо баримтаар нотлоогүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхтэй холбогдуулан маргааны үйл баримтыг өөр өөрөөр тогтоож, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн.
12. Хэргийн баримтаар нэхэмжлэгч М.Н нь 2013 онд Б.Б-оор дамжуулан А.Г-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг төлөхдөө Б.Б-ын хүссэний дагуу хариуцагч С.С-ын дансанд төлсөн боловч уг төлбөр А.Г-ад төлөгдөөгүй, улмаар А.Г нэхэмжлэгч М.Н-д холбогдуулан шүүхэд хандсанаар машины үнэд М.Н-гээс 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Б.Б нас барсан үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.
13. Зохигчийн маргааны зүйл нь М.Н-гийн машины үнэд шилжүүлсэн төлбөрийг С.С төлбөл зохих этгээдэд өгсөн эсэх, энэ нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болох эсэх асуудал болжээ.
14. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч М.Н болон А.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үнийг М.Н-г А.Г-ад төлөөгүй гэж үзэн гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь буруу биш байна.
15. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж тодорхойлсон.
Маргаан бүхий тохиолдолд хариуцагч С.С өөрийн ах Б.Б-ын хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан боловч цааш төлбөл зохих этгээдэд төлөөгүй гэж маргаж байгаагаас үзэхэд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ.
Учир нь “үүрэг үүсээгүй” гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байдаг тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарна.
16. Хариуцагч С.С нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнэ төлөх зорилгоор шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг цааш Б.Б болон А.Г нарын хэн алинд шилжүүлсэн болохоо нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж нотолгооны үүргийн талаар заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.
Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн болохоо нотолсон байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч тухайн шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэггүй болохоо нотлох буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцэж байгаа бол эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримтыг няцаасан байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь уг мөнгийг ах Б.Б-ын хүсэлтээр хүлээн авсан гэж мэтгэлцэж байгаа тохиолдолд А.Г болон Б.Б нарын хооронд гэрээний харилцаа үүссэний улмаас Б.Б-ын даалгаснаар үүргийг хүлээн авсан гэдгээ нотлох үүрэгтэй.
Гэвч хариуцагч С.С нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөрийн ах Б.Б-т өгсөн гэж тайлбарлаж, банкны дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг өөрийн эзэмшлийн данснаас бэлнээр авсан үйл баримтыг нотолсноос өөрөөр уг мөнгийг Б.Б-т өгсөн болохыг нотлоогүй, мөн гэрч Г.А, А.Г, Б.М нар мэдүүлэг өгсөн хэдий ч эдгээр гэрчийн мэдүүлгээр мөнгийг Б.Б-т өгсөн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй тогтоогдоогүй байна.
17. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийг дээрх тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох үүргийн зарчим болон нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй.
18. Харин давж заалдах шатны шүүх тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн үйл баримтыг үндэслэн хариуцагчийг Б.Б-т мөнгийг шилжүүлэн өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” байх нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.
Тухайлбал, талуудын хооронд тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлснөөр эзэмших эрхийг шилжүүлэх тухай тохиролцоо байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч М.Н-гээр А.Г-ад үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтыг үндэслэн С.С мөнгийг Б.Б-т төлсөн гэж үзсэн нь учир дутагдалтай.
Мөн давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн атлаа “М.Н-г тээврийн хэрэгслийн үнийг А.Г-ад төлөөгүй” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан нь төлбөрийг С.С-аас шаардах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл бүхий болсонгүй.
19. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2024/02026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч М.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.08-ны өдөр урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД