Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2021/01102

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2021/01102

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймагт оршин суух, Т Нн С (Р8)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймагт оршин суух, И Хн Д (Р7)холбогдох,

 эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 31ий өдөр 155/2021/00378/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Н.С, хариуцагч Х.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.С нь 2019 оны 06 дугаар сард Х.Дтай танилцан үерхэж, 2020 оны 06-р сард жирэмсэн болж, 20.. оны 02-р сарын 19-ний өдөр С.Аыг төрүүлсэн. Х.Д охиныг минь гэдсэнд байхад нь өөр эмэгтэйтэй гадуур харилцаатай болж, улмаар охиноо өөрийнх нь охин гэдгийг хүлээн зөвшөөрөхөө больж, хэрүүл маргаан хийж эхэлсэн. Одоо утсаар хэрүүл хийж, чамайг болон хүүхдийг чинь очиж ална гэх мэтээр дарамталж, хүүхдээ огт зөвшөөрөхгүй, тэжээн тэтгэхгүй 2020 оны 12-р сараас хойш Т гэх бүсгүйтэй хамтран амьдарч байна.

          Иймд миний охин С.Аын төрсөн эцэг нь Х.Д мөн болохыг тогтоож, түүнээс хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч Х.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хадбаатар овогтой Х.Д нь 2019 оны 6 дугаар сард Н овогтой Н.Стэй танилцаад жил орчим үерхэж байгаад 2020 оны 05 сарын 01-нд хэрэлдэж муудаад сар гаруй уулзаагүй байсан. Гэтэл 6 сард дуудаж эхэлсэн. Очиж уулзахад хүүхэдтэй болсон гэсэн. 7 сарын 02-нд эход харуулсан, 2 сартай гэсэн. 5 сард би уулзаагүй юм чинь наад хүүхэд чинь минийх биш байна, хүүхдээ авахуул гэхэд “үгүй” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл надад хамаагүй шүү” гэж хэлээд салцгаасан. Гэтэл одоо надаас хүүхдийн тэтгэмж нэхээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 онд Улаанбаатар хотод эмчид үзүүлэхэд үргүй гэж оношлогдсон гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Х.Дд холбогдуулан эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Х.Д нь Н.Сийн жирэмсэн болсон тэр хугацаанд бид хоёр дотно харилцаанд ороогүй учир миний хүүхэд биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчээр, тус хүрээлэнгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийлгэх хүсэлтийг тус тус гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч шүүх хуралдаанд 6 хуудас эмнэлгийн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Х.Д нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч эр эмийн харьцаатай байх хугацаанд нэхэмжлэгч Н.С нь жирэмсэлж, тэдний дундаас охин С.А төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20.. оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т Н.Сийн Ан бүртгэлийн 6704000000 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, Цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2242 дугаар ...ДҮГНЭЛТ 1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Х.Д нь Ан биологийн эцэг байх боломжтой байна. 2. Х.Д нь Ан биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэх бичилт бүхий дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдулам, Б.Тэнүүн, Б.Шинэбаяр нарын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3981 дугаар ...ДҮГНЭЛТ 1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 15 локусын аллелиар Х.Д нь Амин-Учралын биологийн эцэг байх боломжтой байна. 2. Х.Д нь Аын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9%-ийн магадлалтай байна гэх бичилт бүхий дүгнэлт зэргээр тус тус нотлогдлоо.

Охин С.А нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар хэрэгт их эмч Ж.Алтанцэцэгийн тодорхойлолт авагджээ.  

 Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж,

 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Н.С нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Иймд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Тэнгэд Н.Сийн А (Р6)-ын төрсөн эцэг И Хын Х.Д мөн болохыг тогтоож, эцэг Их мэргэд Хн Х.Д (Р7)-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.

Хариуцагч нь  би үр тогтоох чадваргүй үүнийг 2019 онд тогтоосон эмнэлгийн дүгнэлт гэх 6 хуудас баримтыг шүүх хуралдаанд гаргаж нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримтууд дээрх дүгнэлтүүд монгол хэлээр бичигдээгүй бөгөөд үүнийг хариуцагчийн үр тогтоох чадваргүй болохыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Н.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Дгаас 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Тэнгэд Н.Сийн А (Р)-ын төрсөн эцэг И Хн Х.Д (Р7) мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Т Н.Сийн А (Р6)-д эцэг Их мэргэд Хадбаатарын Х.Д (Р7)-гаас хүүхдийг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Дгаас 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА