| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0186/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
2024 8 26 2024/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа,
Улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б-н Б.Хд холбогдох эрүүгийн 2435000000196 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******************ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****************** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Багахангай дүүрэг, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт Б.Х /РД:***************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ согтуугаар Toyota prius-41 загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ согтуугаар Toyota prius-41 загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Б.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал), гэрч Ц.Уийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал), гэрч Т.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал), гэрч Б.Аийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудас (хавтаст хэргийн 48 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, мөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид сануулав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Хд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН