Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2021/02653/И |
Дугаар | 183/ШШ2021/02533 |
Огноо | 2021-11-10 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/02533
2021 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2021/02533 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, **** дүгээр гудамж, *** тоот хаягт оршин суух З овогт Ш.Ц /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2019.09.09-ний өдрийн 1856 дугаар захирамжаар Ш.Ц, **** ХХК нараас 265 985 813 төгрөг гаргуулж,*** ХХК-д олгохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Ш.Ц миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах хувийн сууц, хүнсний дэлгүүр, газрын хамт битүүмжилж, 2021.8.10-ны өдөр хураасан. Шийдвэр гүйцэтгэгч 2021.8.10-ны өдөр зах зээлийн үнийн санал авахад би үл хөдлөх эд хөрөнгөө 900 000 000 төгрөгийн үнийн саналыг өгсөн. Гэтэл хариуцагчаас миний үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний **** ХХК-иар 547 264 100 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.08.21-ний ***** дугаар мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч надад 2021.08.21-ний өдөр гардуулсан бөгөөд уг үнэлгээг зах зээлийн ханшаас хямд үнэлсэн гэж би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хуулиар хариуцагч нь шинжээчийн үнэлгээ болох 547 264 100 төгрөгийн 50 хувь буюу 273 632 050 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд орууллаа гэхэд дуудлага худалдаагаар тэгтлээ дээшээ үнэ өсдөггүй болохоор манай гэр бүл орон гэртээ болох зөрүү мөнгөтэй үлдэх боломжгүй болсон. Хөрөнгийн үнэлгээ нь үнэлгээ хийсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүйн улмаас үнэлгээнд хэрэглэсэн үнэ, цэнэ суурь буурч үнэлгээнд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн бид ***** ХХК-иар үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон бөгөөд 550 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харин Хөрөнгийн эстимэйт ХХК нь миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах 451.6 мкв талбай бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ****** дугаартай гэр бүлийн зориулалттай 313 мкв талбай бүхий газрын хамт шинжээч 547 264 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ нь дээрх үнэлгээнээс бага байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн **** дугаартай захирамжаар Ш.Ц, **** ХХК нараас 265 985 913 төгрөг гаргуулж,*** ХХК-д олгохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Цийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** дүгээр гудамж, *** тоот хувийн сууц, газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2021.7.22-ны өдрийн 20291286/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021.8.10-ны өдрийн 20291286/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Ш.Цийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****, ****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах хувийн сууц, газрын хамтаар 547 264 100 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2021.8.19-ний өдрийн **** дугаар албан бичгээр талуудад баталгаат шуудангаар мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулан заажээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна тохижилт, байршилтай, ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** 11 дүгээр гудамж, *** тоотод байрлах 451.6 м.кв бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 313 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн **** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба нэхэмжлэгч нар нь 2021 оны 8 сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 8 сарын 26-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Тус дүүргийн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаартай захирамжаар Ш.Ц, **** ХХК нараас 265 985 913 төгрөг гаргуулж, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** 11 дүгээр гудамж, *** тоотод байрлах 451.6 м.кв бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 313 м.кв талбай бүхий газрыг хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оруулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14/
Төлбөр төлөгч Ш.Ц 265 985 913 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 10 сарын 07-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.Цийн өмчлөлийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** 11 дүгээр гудамж, *** тоотод байрлах 451.6 м.кв бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 313 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 сарын 22-ны өдрийн 20291286/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 сарын 10-ны өдрийн 20291286/102 дугаар тогтоолоор тус тус, уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцож, мөн өдөр төлбөр төлөгч Ш.Ц 900 000 000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн /хх-49/ тул 2021 оны 8 сарын 13-ны өдрийн 8/158 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор **** ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 52/
Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
**** ХХК нь 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 01/21 тоот Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын, орлогын хандлагын, өртөгийн хандлагын аргаар нийт 574 264 100 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 58-81/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь ...хариуцагч нь шинжээчийн үнэлгээ болох 547 264 100 төгрөгийн 50 хувь буюу 273 632 050 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд орууллаа гэхэд дуудлага худалдаагаар тэгтлээ дээшээ үнэ өсдөггүй болохоор манай гэр бүл орон гэртээ болох зөрүү мөнгөтэй үлдэх боломжгүй болсон. Хөрөнгийн үнэлгээ нь үнэлгээ хийсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүйн улмаас үнэлгээнд хэрэглэсэн үнэ, цэнэ суурь буурч үнэлгээнд нөлөөлсөн гэж үзэж байна. гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотолж чадаагүй байна.
Тодруулбал, хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ***** ХХК-иар үнэлгээ хийлгэж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон бөгөөд 550 000 000 төгрөгөөр үнэлсэн. ... **** ХХК 547 264 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ нь дээрх үнэлгээнээс бага ... гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, **** 11 дүгээр гудамж, *** тоотод байрлах 451.6 м.кв бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ****** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 313 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн **** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Цийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ