Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

 

 

 

 

 

2024        8             26                                            2024/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржооос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тд холбогдох эрүүгийн 2435001140191 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ********************ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн ******************** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж торгох ял бүрэн биелэгдсэн, З ургийн овогт С.Т /РД:***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ******************** багийн ************ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Нтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Эрүүгийн 2435001140191 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Догмиддоржоос: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагаас: “Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 90, 93, 94, 95, 99 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судална. Шүүх хуралдаанд 1 хуудас баримт шинээр гаргаж өгнө. Энэхүү баримт шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт байгаа. Нотлох баримт судлахдаа уншиж танилцуулах саналтай байна” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч С.Таас: Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй. Би эхнэртэйгээ ойлголцсон. Өөртөө маш их дүгнэлт хийж байгаа гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч С.Т нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ******************** багийн ************ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Нтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (хавтаст хэргийн 1-37 дахь тал),

-Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би жижүүртэй байсан ба ажлаас буугаад айлын найранд очсон. Тэндээсээ ажлын эгч, хоёр дүүгийн хамт М төвийн караоке ороод тэндээ архи ууж, 2 цаг дуулсан. 2024 оны 7 дугаар сарын 19-ний 23 цаг 40 минутын орчимд манай нөхөр Түвшинжаргал ирсэн ба над руу утсаар яриад би байгаа газраа хэлээд ирсэн. Бид 00 цаг өнгөрөөд уг караокеноос гарсан. Нөхөр бид хоёр М төвөөс гэр ойрхон учраас алхаад явсан. Замд нөхрийн утас руу ажлын газрынх нь П утсаар яриад түүнтэй муудалцаад гэртээ түрүүлээд орсон. Гэрт ороход манай хадам ээж Ц манай хоёр хүүхэд унтлагын өрөөнд унтаж байсан. Т араас орж ирээд маргалдаж утсаар ярьсан хүнийхээ тухай ярьж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тул нэг мэдэхэд хадам ээжтэй хамт орцонд байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд манай нөхрийг аваад явж байсан ба “та ч бас хамт яв” гэхээр нь дагаад явж байсан. Мөн цагдаагийн газар ирээд нэг өрөөнд орж байснаа санаж байна. Нөхөр намайг зодсон талаар цагдаагийн алба хаагчтай юу ярьсан талаараа одоо санахгүй байна. ...Миний сэтгэцэд хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй, гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

-Гэрч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн ******************** багийн нутагт байрлах отгон хүү С.Тын гэрт байсан. Тэр өдөр тэдний хоёр хүүхдийн хамтаар байсан бөгөөд С.Т 17 цагийн үед өөрийн эзэмшлийн У гэх дэлгүүрт сууж байгаад гараад явсан, би түүний оронд дэлгүүрт сууж байгаад тэдний гэрт хоёр хүүхдийн хамтаар унтаж амарч байсан. Оройхон би бэр болон хүү рүүгээ утсаар яриад ирж байгаа эсэхийг асуухад удахгүй очлоо гэж хэлсэн. Түүний дараа ойролцоогоор 15 минутын дараа хаалганы код дуугарсан бөгөөд би тэд нарыг ирж байгаа юм байна гэж бодсон. Би унтлагын өрөөнд хоёр хүүхдийн хамтаар унтаж байхад тэд нар орж ирж байсан. Түүний дараа түс тас гээд дуу гараад бэр орилсон. Би юу болчихвоо гээд унтлагын өрөөнөөс гарахад үүдний хэсэгт С.Т бэр Б.Н нар зочны өрөөнөөс үүдний хэсэгт хэрэлдсэн маргалдсан байдалтай байсан ба би хүүгээ түлхээд бэр Нийг үүнтэй юу гээд маргалдаад байдаг юм гээд байрны орц руу дагуулаад гарахад удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Цагдаагийн алба хаагч нар яасан юу болсон юм гэхэд манай бэр цагдаагийн алба хаагчидтай ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

-Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажлын газрын эгч нартайгаа хамт манай асрагч Цэдэнгийн хүүхдийн хуримын үйл ажиллагаанд очсон. Найрын үйл ажиллагаанаас 22 цаг 20 минутын орчимд гараад З, Ж, Ц, Н бид нар ******************** багийн нутагт байрлах Марс төвд байрлах караоке луу орсон. Тэндээ суугаад бид нар 1 литрийн хэмжээтэй Эден нэртэй архийг хувааж уугаад 2 цаг дуу дуулсан. Бид нар караокены өрөөнөөс гарах дөхөөд ойролцоогоор 00 цаг 00 минут болж байхад Нийн нөхөр С.Т ирсэн. С.Т ирээд бид нар тооцоогоо хийгээд тараад гэр гэр лүүгээ явсан. ...Б.Н бид хоёр маргааш нь хонох ээлжинд хамт ажилласан. Орой 19:50 цагаас 20:00 цагийн хооронд ажил дээр уулзсан. Уулзахад зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “харин ийм л юм болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод нөхөртэйгөө маргалдсан юм байна гэж бодсон. Өөр хүмүүсээр зодуулсан гэж хэлээгүй. Хамгийн сүүлд нөхөр нь ирээд Б.Нийг авч явж байхад түүний биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх, сорви гэмтэл бэртэл байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...иргэн Б.Номингэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрийнхээ үүдэнд хадам ээж А.Цийн хамт байсан бөгөөд зүүн талын нүд нь хавдсан хүнд зодуулсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар тодруулахад манай нөхөр С.Т найз С.Пийг өмөөрөөд намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд гэр лүү нь яваад ороход С.Т нэлээн согтуу байсан бөгөөд цагдаагийн газар руу авч явна гэхэд шаардлагыг хүлээн зөвшөөрч явахаар болсон. Ажил руу С.Тыг авч явах гэхэд эхнэр нь явуулахгүй гээд автомашины хажууд очоод зогсоод байсан ба та бас хамт яв гээд Б.Н, С.Т нарыг цагдаагийн хэсэгт авчирсан. Тэгээд ажил дээр авч ирээд С.Таас тухайн үед юу болсон талаар асуухад гэр бүлд байдаг л асуудал шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

-Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эргүүлийн цагдаа Ц.Б, П.Б нарын хамтаар очиход тухайн үед иргэн Б.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрийнхээ үүдэнд хадам ээж Цагаанцоожийн хамт байсан. Номингэрэлийн зүүн талын нүд нь хавдсан хүнд зодуулсан байдалтай байсан. Бид биечилсэн сурвалжлага хийж хэргийн анхны мэдээллийг авах зорилгоор юу болсон талаар тодруулахад манай нөхөр Түвшинжаргал намайг зодчихлоо гэж Номингэрэл хэлсэн. Тэгээд гэр лүү нь ороход Түвшинжаргал нэлээд согтуу өөдөөс гараад ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өнөрмаагийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 321 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Б.Нийн биед баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь өөрийн хэлсэн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 орчим хувийн талбайг хамарч байгаа тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-Шүүгдэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******************** багийн нутагт байрлах өөрийн эзэмшлийн дэлгүүрт зогсож байгаад ойролцоогоор 17 цагийн үед Хархираа амралт руу явсан. Хархираа амралтад өөрийн хамт ажилладаг С.П ахыг авахаар очоод тэндээс аваад Улаангом сум руу орж ирээд С.Пийг гэрт нь хүргэж буулгачихаад эхнэр Б.Нтэй утсаар яриад М төвд ажлын газрын хүмүүстэй байна гэхээр нь очсон. Намайг очиход Б.Нтэй цуг ажилладаг ажлын газрын 4 эмэгтэйгийн хамт байсан бөгөөд тэдэнд би 1 шил архи авч өгсөн. Би уг архинаас нь бас уусан. Тэндээс ойролцоогоор 00 цагийн үед гараад бид хоёр алхаад харьсан. Бид хоёр алхаж байхад над руу С.П залгахад эхнэр утас аваад түүнтэй маргалдаад байсан. Би тухайн үед хоол идэхгүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас нэлээн согтчихсон. Гэртээ бид хоёр хамт ороод утсаар манай ажлын хүнтэй хэрэлдсэн маргалдсан асуудлаар хоорондоо маргалдаад би уурандаа түүний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Эхнэр надтай маргалдаад орилох үед миний ээж А.Ц унтлагын өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгаад эхнэрийг гэрээс авч гарсан ба тэр үед цагдаагийн алба хаагч нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг баримтууд болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Т хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг мөн тул түүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Мөн прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хэсэгт хамаарч байна гэж үзэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч Б.Н, шүүгдэгч С.Т нар гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх тул дээрх хуулийн заалтад хамаарч байгаа этгээдүүд мөн байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой. Учир нь, хохирогчийн биед баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн 321 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Н “Миний бие Б овогтой Н нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны шөнө нөхөр С.Ттай маргалдаж хөнгөн зэргийн гэмтэл авсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн нөхөр уучлалт гуйж эм авч өгч бариачид бариулж өгсөн. Миний бие ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл үгүй болно” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 99 дүгээр тал) нотариатчаар гэрчлүүлж хэрэгт ирүүлсэн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагаас “Гэм буруугийн талаар маргаагүй буюу үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчид торгох ял оногдуулбал уг ялыг биелүүлэх бүрэн боломжтой байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөл байдал, тодорхой цалин орлоготой байх тул шүүгдэгч С.Тд торгох ял оногдуулах санал гаргасан улсын яллагчийн санал үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З ургийн овогт С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Н сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН