| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03251/И |
| Дугаар | 183/ШШ2021/02532 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/02532
| 2021 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2021/02532 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ****, өөрийн байранд байрлах И**** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ****-45, өөрийн байранд байрлах ****,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ...... чөлөө-26, Их хуралдай оффис, 13 давхарт байрлах ..... ХХК нарт холбогдох
Навигацийн үйлчилгээ, Нисэх буудлуудын үйлчилгээний төлбөрт 14 416 600 003.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч ****-ийн төлөөлөгч Э.Р, хариуцагч ..... ХХК-ийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****, ...... ХХК, ..... ХХК нар нь 2012 оноос эхлэн Монгол улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөгт үзүүлэх наигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээ буюу буулт, хөөрөлт, бүртгэх цэг, ашигласны төлбөр, буудлын хураамж, хүзүүвч ашигласны төлбөр, байрны түрээс, самбарын түрээс, бизнес танхим, вип үйлчилгээ, зогсоолын төлбөр, зорчигчтой сумалгаа, шатахуун цэнэглэх зэрэг үйлчилгээний төлбөл зохих нийт 16 359 440 715.40 төгрөгийг 2020.12.31-ний өдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Дээрх төлбөрийг төлбөр барагдуулах, төлбөр гүйцэтгэх гэрээ удаа дараа байгуулж, тэр даруйд нь төлнө хэмээн тохиролцдог боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. ****-ийн тухайд 10 100 032 084.03 төгрөгийн, ..... ХХК-ийн тухайд 4 316 567 919.05 төгрөгийг төлж барагдуулах тооцоотой болохыг Сангийн сайдын 2017.12.05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар батлагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэн баталгаажуулсан бөгөөд энэ төлбөрийг хүлээн зөвшөөрдөг гэжээ.
Хариуцагчийн ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн хөгжлийн яам, ..........., ****-ийн удирдлагуудын 2021.7.27-ны өдрийн хурлаар **** нь ........... болон түүний харъяа байгууллагуудад 2021.6.30-ны өдрийн байдлаар нийт 11 732 150 280.56 төгрөгийн өр төлбөртэйгөөр тооцоо нийлсэн. Тус төлбөрөөс зайлшгүй төлөх төлбөрийг төлж, үлдэгэл төлбөрт 2 барилга байгуулалмжийг газрын хамт тооцуулан барагдуулах шийвэрт хүрсэн. Уг хурлын тэмдэглэлийн дагуу 2021.8.13-ны өдрийн ....... дугаар өр төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах тухай албан бичгийг тооцоо нийлсэн акт, өглөг барагдуулах задаргаа дүн болон дээр дурдсан 2 барилга байгууламжийн үнийн мэдээллийн хамт ...........т хүргүүлсэн бөгөөд эвлэрэн хэлэлцэх, тохирлцо ажлууд явагдаж байна. Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхэд компанийн ТУЗ-д танилцуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрлөөр эвлэрлийн гэрээ байгуулах шаардлагатай. Мөн ****-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021.6.24-ний өдрийн хурлаад ****-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцсэн. Үүний дагуу Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар гурван чиглэлээр шийдвэр гаргуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлт хүргүүлсэн ба үүний нэг чиглэл нь ........... болон түүний харъяа байгууллагуудад төлөх 10.4 тэрбум төгрөгийн өглөгийг чөлөөлүүлэх асуудал байна. ****-ийн зүгээс уг төлбөрт маргаан байхгүй гэв.
Хариуцагч ..... ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйлчилгээний төлбөрүүд нь 2012 оноос хураимтлагдсан өр төлбөр боловч өнгөрсөн хугацаанд манай байгууллага холбогдох төлөлтийг зохих хэмжээнд барагдуулж ирсэн бөгөөд дийлэнх өр нь өмнөх компанийн үед буюу Монголиан Эйрлайнс ХХК-ийн 2014 оноос өмнө үүссэн, хойших өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулж тодорхой алхам хийн өдийг хүрсэн боловч 2020 оны эхээр тархсан шинэ төрлийн коронавирус 19 цар тахлын хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл агаарын тээврийн салбарт хамгийн хүндээр тус байна. Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 18 510 631 584 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээ авснаас 14 204 124 609 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний төлбөрийг төлж ирсэн байдаг бөгөөд 2014 оноос өмнө хуримтлагдсан өр төлбөрөөс хойших үүссэн өрийг тухайн цаг хугацаанд нь холбогдох гэрээний үүргийн дагуу төлж барагдуулж ирсэн гэжээ.
Хариуцагч ..... ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрэх асуудлаар ярилцаж, санал солилцох хэмжээнд явж байгааг хэлмээр байна. Мөн нэхэмжлэгч ........... нь нэхэмжлэлдээ Төлбөр барагдуулах, Төлбөр гүйцэтгэх гэрээ удаа дараа байгуулж гэсэн байгаа бөгөөд уг төлбөр нь 2012 оноос хойш ямар, ямар үйлчилгээнд хамаарч байгаа талаарх баримт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэрээнүүдээ хэрэгт баримтаар өгөөгүй, мөн тооцоо нийлсэн гэх баримтыг харахад тухайн орон нутгийн нисэх буудлууд нь төлбөр тооцоог шаардах эрхийг *****-т олгосон талаар баримт байхгүй байдаг. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн эвлэрэн хэлэлцэх боломжтой тул эвлэрүүлэн зуучлал руу шилжүүлж, хэргийг түдгэлзүүлэх боломжийг нэг удаа олгож өгөөч гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........... хариуцагч ****, ..... ХХК-д холбогдуулан Навигацийн үйлчилгээ, Нисэх буудлуудын үйлчилгээний төлбөрт хариуцагч ..... ХХК-иас 4 316 567 919.05 төгрөгийг, хариуцагч ****-иас 10 100 032 084.03 төгрөгийг гаргуулахаар тус тус шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд навигацийн үйлчилгээ, Нисэх буудлуудын үйлчилгээний дагуу ****-д 10 100 032 084.03 төгрөг, ..... ХХК-д 4 316 567 919.05 төгрөгийн төлбөр үүссэнийг Авлагын товчооны тайлан, тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар баталгаажуулж харилцан тохиролцжээ./хх-ийн 6-36/
Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ... гэж заажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөрийг Төлбөр барагдуулах, Төлбөр гүйцэтгэх гэрээ удаа дараа байгуулж, тэр даруйд нь төлнө хэмээн тохиролцдог боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. ...төлж барагдуулах тооцоотой болохыг Сангийн сайдын 2017.12.05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар батлагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэн хүлээн зөвшөөрдөг... гэснийг,
Хариуцагч ****-ийн төлөөлөгч ...нийт төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэг маргаан байхгүй. ****-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021.6.24-ний өдрийн хурлаад ****-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцсэн. Үүний дагуу Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар гурван чиглэлээр шийдвэр гаргуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлт хүргүүлсэн ба үүний нэг чиглэл нь ........... болон түүний харъяа байгууллагуудад төлөх 10.4 тэрбум төгрөгийн өглөгийг чөлөөлүүлэх асуудал байна... гэж тайлбар гаргажээ.
Харин хариуцагч ..... ХХК-ийн төлөөлөгч ...төлбөрүүд нь 2012 оноос хураимтлагдсан өр төлбөр боловч өнгөрсөн хугацаанд манай байгууллага холбогдох төлөлтийг зохих хэмжээнд барагдуулж ирсэн бөгөөд Ковид-19 цар тахлаас хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл агаарын тээврийн салбарт хамгийн хүндээр тус байна. ... эвлэрэх асуудлаар санал хүргүүлсэн. гэж, хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч ........... нь нэхэмжлэлдээ Төлбөр барагдуулах, Төлбөр гүйцэтгэх гэрээ удаа дараа байгуулж гэсэн байгаа бөгөөд уг төлбөр нь 2012 оноос хойш ямар, ямар үйлчилгээнд хамаарч байгаа талаарх баримт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Хавтаст хэргийн 6-36 дугаар талд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд авлага тооцооны үлдэгдэл, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан байх ба уг актаар ***** болон түүний харьяа Орон нутгийн нисэх буудлуудтай хариуцагч Хүннү айр ХХК нь төлбөр тооцоог баримтаар нэг бүрчлэн нийлж, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдэгийг дарж баталгаажуулсан байх ба ..... ХХК-ийн үлдэгдэл дүнг 4 316 567 919.05 төгрөгөөр тогтоожээ./хх-ийн 24-36/
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйн дээр, тус тооцооны үлдэгдлийн баталгаа баримтуудаар талууд дээрх гэрээгээ дүгнэж, үлдэгдэл төлбөрөө тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байх тул дээрх үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр, ИНЕ Газар Улаанбаатар хотод болон хөдөө орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг өөрийн салбаруудаар дамжуулан явуулдаг болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагч ..... ХХК-ийн өмгөөлөгч үнийн дүнг тохирч эвлэрэн хэлэлцэх боломжтой тул эвлэрүүлэн зуучлал руу шилжүүлж, хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангах боломжгүй ба шүүх талуудад эвлэрэн хэлэлцэх боломжит хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүйг дурдав.
Дээрхийг нэгтгээд хариуцагч ****-иас гэрээний үүрэгт 10 100 032 084.03 төгрөг, ..... ХХК-иас 4 316 567 919.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...........т олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****-иас гэрээний үүрэгт 10 100 032 084.03 төгрөгийг, хариуцагч ..... ХХК-иас гэрээний үүрэгт 4 316 567 919.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...........т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ****-иас улсын тэмдэгтийн хураамжинд 50 658 110 төгрөгийг, ..... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 21 740 790 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ