Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02450

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02450

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо,.......... гудамж, .... дугаар байр, .... тоот хаягт оршин суух Б овогтой Б.О /РД:........./-ийн нэхэмжлэлтэй  

  Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16-Р хороо ..... зам гудамж .... байр .... тоот хаягт оршин суух Ц овогтой Д.М /РД:......../-д холбогдох

  Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.М, нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2001 онд Д.Мтэй танилцаж, 2002 онд хамт амьдарсан. 2007.03.07 өдөр Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн № .......... тоот гэрчилгээтэй болсон. Бидний охин М.Э2003.03.07-нд төрсөн. М.Э 2006.12.21, ...... 201.01.11-нд, 2021 оны 10 сард бага охин тус тус мэндэлсэн. Сүүлийн 15 жил зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхийн нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Д.Мтэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, дундын, өмчийн эд хөрөнгөөс өөрт болон 4 охиндоо оногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 охиныг маань миний асрамжинд үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 16-р хороо ......... .... дугаар байрны өөрт болон 4 охинд ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Миний бие сая 2021 оны 10 сард төрж, охинтой болсон гэв.  

Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2001 онд эхнэр Б.Отэй танилцаж, 2002 оноос хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас охин М.Э2003.03.07-нд, охин М.М 2006.12.21, ...... 2018.01.11-нд, 2021 оны 10 сард бага охин Учрал нар тус тус төрсөн. Энэ 15 жилийн хугацаанд өөрийн боломжоороо ажил төрлөө хийж, гэр бүлээ боломжоороо авч явж ирсэн. Сүүлийн жилүүдэд зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байгаа бөгөөд энэ хүнд гэрлэлтээ цуцлуулах шалтгаан байгаа бол зөвшөөрч байна. Бага охин одоо 1 сар хүрч байгаа гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Д.Мэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Д.М, Б.О нар нь 2001 онд танилцаж, гэр бүл болж, 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2003 оны 03 сарын 07-нд төрсөн охин М.Э, 2006 оны 12 сарын 21-нд төрсөн охин М.М, 2018.01.11-нд төрсөн охин ......, 2021 оны 10 сард төрсөн охин М.У нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна./хх-ийн 9/

 

Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдлаас болж гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно. гэж заасан байх ба шүүх хуралдааны явцад дээрх үндэслэл тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, эхнэр Б.О нь 2021 оны 10 сард охин М.Уыг төрүүлсэн талаар талууд тайлбар гаргаж байгаа нь хуулийн дээрх үндэслэлд хамаарч байх ба гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Оийн хариуцагч Д.Мэд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 200 төгрөгөөс улсын орлогод 35 100 төгрөгийг хэвээр үлдээж, улсын орлогоос 343 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ