| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0170/Э/217/2023/0067 |
| Дугаар | 2024/ШЦТ/335 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/335
2024 07 24 2024/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Г.А
Хохирогч О.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М
Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 2325000000440 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Х.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан О.Б эзэмшлийн **** ОРА улсын дугаартай Тоёота ланд круйсер Прадо-150 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг гараараа цохиж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ “Би машиныг цохиж, гэрэл хагалаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. О.Б болон Н.Т нар найз нөхөд учраас худал мэдүүлж байна. О.Б нь намайг зодож гэмтэл учруулсан хохирол төлбөр одоо ч төлөгдөөгүй байгаа” гэв
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ “Ийм зүйл дээр надад худал ярих шаардлага байхгүй. Машины гэрэлийг гараараа цохиж хагалахыг би харсан. Хохирол 400.000 төгрөгөө нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 4-7-р тал/
2. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 9-р тал/
3. Хохирогч О.Б “Манай найз Ж.Т, Г.Г нар нь 2023.07.10-аас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарнаас гарч явна ирээд авчих гэж хэлсний дагуу би өөрийн эзэмшлийн **** ОРА улсын дугаартай Тоёота ланд круйсер Прадо жэй-150 маркиин тээврийн хэрэгслээ жолоодон Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын таксины зогсоол дээр ирэхэд Ж.Т нь дөрвөн залууд зодуулсан байдалтай зогсож байхаар нь Ж.Т, Г.Г хоёр дээр очиж юу болсон юм бэ гэсэн чинь нөгөө залуучууд нь над дээр ирсэн бөгөөд тус залуучууд дунд байсан Э гэдэг залуу Ж.Тийг цохиж авахаар нь дундуур нь орж салгахад миний нүүр хэсэг рүү Э 1 удаа цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд түүний нүүр хэсэг рүү цохисон. Тэгтэл найз Н.Т хажуугаар явж байхдаа намайг харж зогсон уг маргааныг салгах явцад Э надад уурласан уурандаа миний машины зүүн хойд талын их гэрэл рүү гараараа цохиж машины гэрлийг цуулсан тул гомдол гаргах болсон юм. Би Эыг цохисон үйлдэлд эрүүгийн 2325000000372 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байгаа. Х.Э нь шүдээ цохиулсан уурандаа миний тээврийн хэрэгслийн зүүн хойд их гэрлийг гараараа цохиж цуулсан би худал зүйл хэлээгүй, үнэн зөв мэдүүлж байна. Шинжээчийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хэрэг шийдэгдээгүй байсан болохоор гэрэл цуурсан байдал нь байж байх ёстой гэж бодсон бөгөөд тоос шороо ороод байсан болохоор солиулах гэж байгаад болиод смок хийлгэчихсэн юм. Би тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын эхэн үед Улаанбаатар хотод байрлах “UG” гэдэг нэртэй автомашин худалдааны газраас худалдаж авсан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн зургийг бүх талаас нь авч ээжийн “***********” гэдэг фейсбүүк хаягийн чатаар өөр лүүгээ авч байсан юм. Миний хувьд үнэлгээний дагуу хохирлоо барагдуулчих юм бол өөр гаргах санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны зүгээс нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 42, 134-р тал/
4. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-ОРХ/**** дугаартай “Тоёота ланд крүсэр Прадо 150 авто машины зүүн хойд гэрэл 400.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ. /хх-н 28-31-р тал/
5. Яллагдагч Х.Э-ы “Би найз Г, О, С нарын хамтаар 1-16 дугаар байрны урд талын таксины зогсоол дээр байж байтал “Вэйв” баарны чиглэлээс гурван танихгүй залуу явган ирээд энэ миний буудал гэж орилон ирсэн таксинд бид нараас түрүүлж суух гээд бид нартай маргалдаж эхэлсэн. Маргаан болоход Т гэдэг залуу намайг нэг алгадахаар нь би эргүүлээд нэг алгадсан. Тэгээд салаад байж байсан чинь Тоёота Ланд Круйсер прадо жэи-150 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл ирэхэд дотроос нь Б, Цээгий, Т гэдэг гурван залуу бууж ирсэн. О.Б анхнаасаа байж байсан бөгөөд “Вэйв” баарны чиглэлээс алхаж ирсэн. Би Б, Цээгий хоёрыг хальт таньдаг болохоор Бтай мэнд мэдээд зогсож байхдаа харсан чинь О.Б миний шүд рүү цохиж гэмтэл учруулсан. Тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явсан бөгөөд би шүдээ хугалчхаад машин цохих ямар ч үйлдэл болоогүй” гэх мэдүүлэг. /хх-н 42-р тал/
6. Хохирогч О.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 128-130-р тал/
7. Гэрч Д.О-ын “Машинаас бууж ирсэн залуучууд Т-ийг болиулаад таньдаг хэд нь нэг нэгэнтэйгээ мэнд мэдээд салцгааж байсан чинь анх Ттэй хамт автобусны буудал дээр ирсэн миний танихгүй залуу чимээгүй байж байснаа гэнэт Х.Э-ы нүүр хэсэг рүү 1 удаа цохиход Х.Э доош амаа дараад суусан чинь нөгөө цохисон залуу ганцаараа зам хөндлөн урд зүгийг чиглээд зугтаагаад явчихсан. Тэгтэл Х.Э наад залуугаа байлгаж байгаарай миний шүд уначихлаа гэж хэлэхээр нь би уг залуугийн хойноос нь гүйн ойролцоо очоод найзын шүд унагаачихсан байна шүү дээ, зүгээр хүрээд ир ярилцъя гэж хэлтэл өөрөө хүрж ирээд Х.Э дээр эргэж очоод бид нар бүгдээрээ Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү очихоор болж X.Э, С, Г бид дөрөв такси бариад нөгөө залуучууд машинтайгаа явсан. Би болсон үйл явдлыг өөрийн санаж байгаагаар хэллээ, пиво их уусан байсан болохоор согтолт ихтэй байсан, манай гурав болохоор гайгүй байсан. Гэхдээ С эрүүл байсан байх. Хар өнгийн прадо маркийн машин ирэх үед Х.Э бид нар бүгдээрээ машины хамрын баруун талд нь буюу ертөнцийн зүгээр хойд талд нь зогсож байсан. Би араас нь ганцаараа гүйсэн, өөр хүн байгаагүй. Х.Э машинтай ойртож харагдаагүй, цохиулсан хойно би араас нь гүйсэн байсан болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-н 137-138-р тал/
8. Гэрч Ц.Гын “О, С, Э бид дөрөв Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын автобусны буудал дээр такси барих гээд зогсож байсан чинь танихгүй 2 эмэгтэй, 2 эрэгтэй автобусны буудал дээр ирж 1 дүгээр микро миний буудал гэж орилон бид нарын суух гэж байсан таксинд суух гэж дайран О-тай арай өндөр залуу нь маргалдаж муудалцаж байхдаа гар утсаа гаргаж ирэн хүмүүс дуудаад байх шиг байсан бөгөөд хамт явж байсан хоёр охин нь таксинд суугаад яваад өгчихсөн. Тэгтэл нээх удалгүй хар өнгийн жийп загварын марк тодорхойгүй машин автобусны буудал дээр ирээд хүн бууж ирэлгүй байж байсан чинь мөнгөлөг өнгийн марк тодорхойгүй жийп загварын машин хар өнгийн жийп машины ард зогсоход 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгтэл залуучууд нь 1 дүгээр сургууль төгссөн нэрийг нь мэдэхгүй зүс таньдаг залуучууд байсан бөгөөд О, С бид гурав бууж ирсэн залуучуудтай юм яриад зогсож байсан бөгөөд бид нар сүүлд ирсэн машины харалдаа зогсож байсан юм, тэгтэл яг ард буюу ертөнцийн зүгээр баруун талд Э шүд цохичихлоо шүү дээ гэж орилохоор нь эргээд харсан чинь зүс харж байсан нэрийг нь мэдэхгүй өндөр залууг анх бид нартай маргалдсан залуу барьчихсан, Эаас холдуулж байсан, тэгээд Э дээр очсон чинь амнаас нь цус гарчихсан, 2 шүд нь тагнайдаа наалдсан байсан. Тэгээд бүгд цус хараад эмнэлэг явах санааг гаргасан. Тэгсэн чинь нөгөө өндөр залуу анх ирсэн хар өнгийн жийп машины жолооны хүрдний ард суугаад Э бид хоёр ард нь суугаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явж гадаа нь очиход ямар ч байсан маргаан болох үед байж байсан бүх хүмүүс ирсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-н 142-р тал/
9. Гэрч Ж.Т-ий “Би Г.Г найзынхаа хамтаар 2023.07.10- аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарнаас гарч ирээд Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын такси болон автобусны буудал дээр О.Б-ыг хүлээгээд зогсож байсан чинь буудлын саравчны сандал дээр ирээд “Супер питийн Б” гэж таних уу гээд томрон хэлэхээр нь би танихгүй шүү дээ гэсэн чинь чи намайг мэдэх үү гээд миний нүүр хэсэг рүү шалтгаангүй нэг удаа цохиход Г, Эыг татаж салгаад хамт явж байсан зүс таних О гэдэг залуу чи ямар том юм бэ гээд миний эрүү хэсэг рүү нэг удаа цохисон, мөн манай арван жилийн залуу болох С гэдэг залуу уг залуучуудтай хамт явж байсан бөгөөд найзууддаа хандаж миний таньдаг залуу байна гээд О найзыгаа татан авч салгасан. Энэ үед О.Б өөрийн эзэмшлийн Тоёота Прадо 150 маркийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа ирж тээврийн хэрэгслээ тус таксины буудалд урсгал дагуу харуулж байрлуулан зогсоож машинаас буун бид нар дээр ирсэн. О.Б нь эрүүл байсан болохоор бид хоёрыг аваад гэр гэрт нь хүргэж өгөх гэж байсан юм. Тэгээд Г.Г, О.Б бид гурав зогсож байсан чинь О, Э, Г гурав дахин бид нар луу дайрч харилцан барьцалдан бужигнахад нь О.Б Г.Г бид гурав хамтдаа зугтааж “Wave” баарны чиглэлд явсан бөгөөд би цааш зам хөндлөн гарахад Г.Г, О.Б хоёр миний ард үлдээд эргээд машин тавьсан газар луугаа явахаар нь би замаар гарчихаад эргээд зодоон болж байсан автобусны буудал дээр очиход Э О.Б машины баруун талд амнаас нь цус гарсан байдалтай шүд нь хугарчихлаа шүү дээ гээд бид нарыг ална гэж орилон дахин дахин дайрахад зүс таних Т гэдэг залуу машинтайгаа явж байгаад бид нарыг харчихаад салгах гээд машинаасаа буухад Б болон танихгүй нэг эмэгтэйн хамтаар бууж ирсэн. Тэгээд дайраад байхаар нь О.Б бид хоёр машин байрлуулсан байсан төв замыг урд зүгийн чиглэлд хөндлөн гарч урд зүг рүү зугтааж замынхаа урд гармагцаа эргээд харсан чинь Э тээврийн хэрэгслийн хойд талд зогсож байхдаа орилон уурлаж О.Б эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа 1 удаа цохиж харагдсан. Энэ үйл явдлыг Т яг харсан болохоор юу болсныг сайн мэдэж байгаа. Тэгээд О.Б бид хоёр замын эсрэг талаас харж байсан чинь Э, О, Г гурав О.Б бид хоёрыг хөөж ирэхэд Т, Г, Б нар нь араас ирж салган бид нар бүгдээрээ эргээд машин дээр очиход зүүн хойд талын их гэрэл цуурч хагарсан байсан. Э О.Бд цохиулсан уурандаа машиных нь гэрлийг гараараа цохиж хагалсан. Тэгээд Э гэдэг залууг эмнэлэг рүү авч явахаар болоход манай машинд заавал өөрсдийнхөө нэг хүнийг суулгана гээд О.Б машинд О гэдэг залууг суулгасан, Г бид хоёр О.Б машинд суугаад эмнэлэг дээр ирсэн. Харин үлдсэн залуучууд нь Тгийн машинд суугаад ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 144-145-р тал/
10. Гэрч Г.Ган-Эрдэний “Би өөрийн найз Ж.Т-гийн хамтаар 2023 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Зэст багт байрлах “Wave” баар луу орон үйлчлүүлж шөнийн 02 цагийн орчимд гарч ирэхэд Ж.Т-гийн найз О.Б ирж авна гэсэн болохоор Зэст багийн 1-16 дугаар байрны урд талд байдаг такси болон автобусны буудал дээр очиход сандал дээр зүс таньдаг О гэдэг залуу Э, Г, С гэдэг гурван залуучуудын хамт сууж байсан чинь Э гэдэг залуу бид хоёр дээр ирээд “Супер питийн Булгаа” гэж таних уу гэхээр нь Ж.Т танихгүй шүү дээ хөгшөөн гэсэн чинь ямар ч шалтгаангүй Э Тгийн нүүрэн тус газарт нэг удаа цохихоор нь салгаад байж байсан чинь О гэдэг залуу ирмэгцээ чи яасан том юм бэ гээд Тгийн эрүү хэсэг рүү нэг удаа цохитол О.Б **** ОРА улсын дугаартай Тоёота Прадо 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж тус таксины зогсоолд машиныг урсгал дагуу байрлуулж машинаасаа ганцаараа бууж бид хоёр дээр ирэхэд бид гурав луу Сгээс бусад гурван залуу дахин шалтгаангүй хэл амаар доромжилж дайрч эхлэхээр нь бид гурав Wave баарны чиглэлд зугтаахад Ж.Т цааш ганцаараа зам хөндлөн гараад явчихсан, тэгээд О.Б бид хоёр машин дээрээ очиж явах гэтэл Э нь О.Б руу дайрч нүүрэн тус газарт нэг удаа цохиход О.Б эргүүлээд түүний нүүр хэсэг рүү нэг удаа цохиход амнаас нь цус гарч шүд хугалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Энэ үед Ж.Т Wave баарны чиглэлд явчихаад эргээд ирж байсан, мөн зүс таних Т, Б гэдэг 2 залуу зам дагуу явж байгаад бид нарыг харж машинтайгаа зогсож ирэхдээ нэг эмэгтэй хүний хамт бууж ирсэн. Тэгсэн чинь Э цохиулсан уурандаа ална гэж уурлахад О.Б, Ж.Т хоёр цааш зам хөндлөн гаран зугтаахад араас нь анх муудалцсан дөрвөн залуу Б Т хоёрыг барин авахаар нь Т Б бид гурав аль болох нөгөө залуучуудыг тайвшруулж болиулан ярилцаж эргээд машин дээрээ ирсэн. Тэгээд шууд эмнэлэг рүү явахаар болж О.Б, Ж.Т, О бид дөрөв О.Б машинд суугаад Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төв рүү явж, үлдсэн залуучууд нь сүүлд ирсэн Т-н машинд суугаад араас нь явж очсон. Эмнэлэг дээр ирээд байж байсан Т, Б нар ярилцахдаа Э машины хойд их гэрэл цохиод хагалсан гээд яриад байсан” гэх мэдүүлэг. /хх-н 147-р тал/
11. Гэрч Ц.Б “Би найз Н.Т, Н.Т-гийн танил эмэгтэйн хамт 2023 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Н.Тгийн машинтай Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын авто замаар зүүнээс баруун зүгийн чиглэлд гэр гэртээ харих гээд явж байхад 1-16 дугаар байрны автобусны буудал дээр О.Б **** ОРА улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд ертөнцийн зүгээр тээврийн хэрэгслийн зүүн хойд талд О.Б, Х.Э нараас гадна нэрийг нь мэдэхгүй зүс мэддэг таван залуучууд бүгд хоорондоо муудалцаж нэг нэгэнтэйгээ барьцалдсан байдалтай байхаар нь Н.Т бид хоёр таньдаг хүмүүс байна гээд салгах гээд машинаа О.Б тээврийн хэрэгслийн урд талд байрлуулж машинаасаа буухад Х.Э-ы амнаас нь цус гарсан байдалтай О.Б-ыг “ална аа” гээд дайраад байхаар нь би дундуур нь орж Х.Э-ыг болиулахад тайвшир гэсэн чинь яаж тайван байх юм гэсэн. Тэгтэл О.Б, нэг найзынхаа хамт замын урд зүг рүү зам хөндлөн гараад зугтаахад Х.Э түүний араас хөөж байгаад тээврийн хэрэгслийнх нь хойд талд очиж зогсмогцоо тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг баруун гараараа савж цохихоор нь би болиулж тайвшруулсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн гэрлийг ямар болгосныг анзаараагүй. Тэгээд бүгд гайгүй тайвширч 2 машинд хуваагдаж суугаад Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж Х.Э-ыг эмчид үзүүлэхэд шүд нь хугарсан гэдгийг мэдсэн. О.Б эргээд бид нар дээр ирэхдээ Х.Э руу хандаж яагаад машин цохиод байгаа юм бэ гээд ирж байсан, тэгээд Х.Э-ыг эмнэлэгт үзүүлэх гээд машины гэрэлд ач холбогдол өгөөгүй. Би тээврийн хэрэгслийн гэрлийг цохисон хойно нь хараагүй болохоор яг яасныг нь мэдэхгүй байна. Х.Э-ыг машины гэрэл цохиход тухайн үед байж байсан хүмүүс бүгд харсан гэж бодож байна. Х.Э нь О.Б-ыг зугтаахаар нь уурласан уурандаа машины гэрэл рүү цохисон гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хх-н 151-р тал/
12. Гэрч Н.Т-гийн “Би найз Ц.Б, өмнөх өдөр бааранд танилцсан З гэдэг эмэгтэйн хамтаар Ц.Б тоёота ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр 2023 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэр гэртээ харих гээд Зэст багт байрлах 1-16 дугаар байрны урд талын авто замаар явж байхад автобусны буудал дээр найз О.Б тоёота прадо 105 маркийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд хажууд нь хүмүүс маргалдаж нь юу болж байгаа юм бол гэж бодоод тээврийн хэрэгслийг урд талд нь байрлуулаад Ц.Б хамтаар машинаас буухад О.Б машины зүүн хойд талд зүс мэдэх Г, Э, С, Отгоо нэрийг нь мэдэхгүй өндөр залуу тус тус зогсож байсан бөгөөд Э-ы амнаас нь цус гарчихсан байдалтай ална аа гээд орилж байсан. Тэгтэл яг энэ үед О.Б, Ж.Т хоёр Э-аас зугтааж араас нь хөөх гэж байхаар нь бид нар болиулсан чинь дахин ална аа гээд О.Б тоёота прадо 150 маркийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа нэг удаа цохихоор нь хөгшөөн машин тэрэг эвдэллээ болиорой гэж холдуулаад гэрлийг нь харсан чинь цуураад хагарчихсан байсан. Тэгээд нөгөө залуучууд Б, Т нарын араас очиход Б, Т хоёр ч өөдөөс нь ирж таарахад зодоон гарах вий гэж бодоод Б, Г бид гурав салгаж хооронд нь ярилцуулж хоёр машинд хуваагдаж суугаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явж Эыг эмчид үзүүлсэн. Намайг дуудсан хүн байхгүй. Зүгээр явж байгаад найзын машин харагдсан болохоор нь юу болж байгаа юм бол гэж бодоод зогссон юм. Хамт явж байсан Заяа гэдэг эмэгтэйн нэрээс нь өөр зүйл мэдэхгүй, тухайн үед яаж явж байгаад ч билээ өмнөх өдөр нь танилцаад орой нь уулзаад явж байсан юм, утасны дугаар, гэрийн хаяг, цахим хаяг зэргийг нь мэдэхгүй. Тэглээч бүх зүйл болоод дууссан хойно машинаас бууж ирсэн санагдаж байна. Х.Э нь О.Б-д цохиулсан уурандаа араас нь явж байгаад машиных нь гэрлийг цохиж цуулж хагалсан, энэ үйл явдлыг бүгд харсан гэж бодож байна. Замын эсрэг талаас хүртэл О.Б хараад зогсож байсан” гэх мэдүүлэг. /хх-н 152-р тал/
13. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний 32 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн **** лусын дугаартай land cruiser prado 150 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын тоормосны гэрлийн баруун доод хэсэг, дохионы гэрлийн баруун дээд хэсгийн гадна, бүрхүүлд ташуу болон хөндлөн байрлалтай үргэлжилсэн 85x34 мм хэмжээтэй цуурсан гэмтэл байна. Цуурсан гэмтлийн гадаргууг хар болон тунгалаг өнгийн хуулга мэт зүйлээр дарж, зах ирмэгийг засварласан байх тул ямар хүчин зүилийн үйлчлэлээр, хэзээ үүссэн цуурсан гэмтэл болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургууд. /хх-н 155-157-р тал/
14. “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24/02/06 дугаартай “**** ОРА улсын дугаартай land cruiser prado 150 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийн 1 ширхэг 400,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 162-166-р тал/
16. Гэрч Ц.Б, яллагдагч Х.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “Намайг машинаас бууж ирэх үед Х.Э Э нартай л байсан байх. Цагаан өнгийн Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Юм цохиж байгаа чимээ бол гарч байсан. Миний мэдэж байгаагаар Н.Т байсан өөр бусдыг нь мэдэхгүй байна. Бухимдсандаа цохисон байх. ...Ж.Т өгсөн мэдүүлэгтээ болохоор намайг эргээд харахад Э машиныгэрлийг цохиж байхдаа ганцаараа харагдсан гэдгийг хэлсэн. Гэтэл одоо Ц.Б намайг машинаас бууж ирэхэд миний амнаас цус гарчихсан байсан мөн Бын машины арын гэрлэн дохиог цохих үед Б Н.Т нарын хамтаар байсан гэдгийг хэллээ ингэхээр эдгээр хүмүүс худлаа мэдүүлэг одоог болтол өгсөөр байна гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-39-р тал/
17. Гэрч Н.Т, яллагдагч Х.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “Намайг машинаас бууж ирэх үед Х.Эы амнаас нь цус гарчихсан байсан. Мөн Б, Ж.Т хоёр замын эсрэг талд гарчихсан байсан. Тэгээд Э ална, тална гээд О.Б машиных нь хойно ирээд арын гэрлийг нь цохисон. Юм цохиж байгаа битүү чимээ бол гарч байсан. Хагарч унасан зүйл бол ойр хавьд нь байхгүй байсан. О.Бд цохиулсан шарандаа машиных нь арын гэрлийг цохисон байх. ...Миний хувьд болохоор хоёр шүдээ тагнааны ястайгаа мултартал нь цохиулчихсан, уруул нь сэтэрчихсэн байгаа хүн цочрол ороод хэсэг хугацааны дараа цочролоос гараад замын эсрэг тал руу явж очсон. Бөөнөөрөө эмнэлэг явсан. Манай найзууын зүгээс үзсэн харснаа үнэн зөвөөр гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэтэл намайг машины шил цохисныг харсан хүмүүсийн мэдүүлэг гурван өөрөөр өгч байгаа нь намайг гүтгээд байгаа нь илт байна гэж бодож байна. ...Гараараа саваад цохичихсон. Би эмнэлэг явахаас өмнө Б-д хандаж чиний машины гэрлийг цохичихсон гэдгийг бол хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-45-р тал/
18. Гэрч О.С, хохирогч О.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “Б Э-ыг цохичихоод Б Ж.Т-гийн хамтаар зүүн зүгийн чиглэлд явахад О араас нь дайрахаар нь дахиад зодоон болчихов дээ гэж бодоод араас нь очиж салгахад эргээд анх маргаан болж байсан Б-ын машины хойд талд ирж ирэхэд дахин маргаан үүсэхэд Б Ж.Т хоёр зам гараад явахаар нь О бид хоёр ямар ч байсан очиход баахан хүмүүс байсан, яг хэн хэн байсанг одоо санахгүй байна, Ц.Г байсан ч байж магадгүй. Э ямар ч байсан машины ард талд үлдсэн. Намайг явахад Э яасанг мэдэхгүй байна, би хараагүй болохоор машины гэрэл цохисонг мэдэхгүй байна. Э хоёр гурван пиво уусан байсан. Хохирогч О.Б хариулт: Эхлээд зүүн зүгийн чиглэлд зугтаагаад эргэж ирсэн чинь дахин маргаан үүсээд байхаар нь зам гараад Ж.Т-гийн хамтаар зогсож байсан чинь О, Г хоёр намайг зугтаах гэлээ гээд ирсэн. С нилээд сүүлд ирсэн. Гэрч Б.С-гийн хариулт: Хараагүй болохоор мэдэхгүй байна, цохисон эсэхийг мэдэхгүй байна. Б-д цохиулсаны дараа хоёр хөл дээрээ зогсож чадаж байсан, ухамсартай байсан. Амаа дараад шүд уначих шиг боллоо гээд байсан. Хохирогч О.Б хариулт: Э маргаан байхгүй миний машины гэрлийг цохисон, эхлээд О Г хоёр ирэх үед Э машины гэрэл цохисон юм, энэ үед би О Г хоёртой маргалдаад байж байхад С араас нь ирсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-53-р тал/
19. Гэрч Ц.Г, хохирогч О.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “Би өөрийн мэдүүлгээ газар дээр нь шалгуулахдаа хаана яаж зогсож байгаад Э-ыг харсан талаараа дэлгэрэнгүй хэлсэн байгаа би тухайн үед замын эсрэг талд зогсож байсан болохоор маш сайн харсан, гэрэлтүүлэгтэй бүх зүйл тод харагдахуйц байсан юм. Гэрч Ц.Гын хариулт: Энэ яриад байгаа маргаан нь Б-ын машины яг ард талд зам дээр болсон үйл явдал юм, тэгтэл гэнэт Э нь цохиулчихлаа гэж хэлэхээр нь юу болсон юм бэ гээд Э дээр очтол шүд нь тагнайтайгаа нийлчихлээ гээд надад харуулахаар нь хэн бэ гэсэн тэр залуу цохисон гээд замын эсрэг талд зогсож байсан Быг заахаар нь би Э-ыг дагуулаад Б дээр явж очиж уулзан бид нар бүгдээрээ эмнэлэг явахаар болсон. Би Э хамт нэг л удаа зам гарсан, энэ үед Э өөрийн биеэр алхаж явахад ямар нэгэн асуудал байгаагүй, ухамсартай байсан. Хохирогч О.Б хариулт: Би Э-ыг цохичихоод Ж.Т-гийн хамтаар зам гараад зогсож байсан чинь Ц.Г Отгоо нар нь намайг зугтаах гэлээ гээд над дээр эхлэж ирсэн юм тэгтэл замын эсрэг талд Э уурлаад би яаж ийм болчихоод тайван байх юм гэж хэлээд миний машины гэрлийг гараараа цохиж харагдсан. Тэгэхээр Э үйлдлийг Ц.Г харж чадаагүй байх гэж бодож байна. Гэрч Ц.Г-ын хариулт: Би нэг л удаа Э хамт Бтай очсон. Э машины гэрэл цохисонг нь би үнэхээр хараагүй харсан бол харсан гэдгээ хэлнэ, хараагүй болохоор мэдэхгүй байна. Хохирогч О.Б хариулт: Би хэрэглээгүй эрүүл байсан. Гэрч Ц.Г-ын хариулт: Би бааранд 4 шилтэй пиво уусан байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Гэрч Ц.Г-ын хариулт: Би цохисонг нь хараагүй. Уг нь хажууд нь л хамт байгаад байсан. Хохирогч О.Б хариулт: Би ямар ч архи уугаагүй байсан болохоор бүх үйл явдлыг маш тод сайн санаж байна, Ц.Г О хоёр түрүүлж ирчихээд надтай уулзаж байсан үед Э цохиж гэрлийг минь цуулсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56- 57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан О.Б эзэмшлийн **** ОРА улсын дугаартай Тоёота ланд круйсер Прадо жэй-150 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг гараараа цохиж хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ “Х.Э О.Б машины гэрэлийг цохиж хагалсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг маш их зөрүүтэй. О.Б машины гэрэл ямар үйлдлээр хэзээ хагарсан болох нь тогтоогдоогүй, Шинжээч тогтоох боломжгүй гэж үзсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгслийн лавлагаа, хохирогч О.Б “Х.Э нь шүдээ цохиулсан уурандаа миний тээврийн хэрэгслийн зүүн хойд их гэрлийг гараараа цохиж цуулсан, би худал зүйл хэлээгүй, үнэн зөв мэдүүлж байна” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-ОРХ/7589 дугаартай хохирлын үнэлгээ, яллагдагч Х.Эы “О.Б миний шүд рүү цохиж гэмтэл учруулсан. Тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явсан бөгөөд би шүдээ хугалчхаад машин цохих ямар ч үйлдэл болоогүй” гэх мэдүүлэг, хохирогч О.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Д.О-ын “Х.Э машинтай ойртож харагдаагүй, цохиулсан хойно би араас нь гүйсэн байсан болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-ын “Э шүд цохичихлоо шүү дээ гэж орилохоор нь эргээд харсан чинь зүс харж байсан нэрийг нь мэдэхгүй өндөр залууг анх бид нартай маргалдсан залуу барьчихсан, Эаас холдуулж байсан, тэгээд Э дээр очсон чинь амнаас нь цус гарчихсан, 2 шүд нь тагнайдаа наалдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Т-ий “О.Б бид хоёр машин байрлуулсан байсан төв замыг урд зүгийн чиглэлд хөндлөн гарч урд зүг рүү зугтааж замынхаа урд гармагцаа эргээд харсан чинь Э тээврийн хэрэгслийн хойд талд зогсож байхдаа орилон уурлаж О.Б эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа 1 удаа цохиж харагдсан. Энэ үйл явдлыг Т яг харсан болохоор юу болсныг сайн мэдэж байгаа. Тэгээд О.Б бид хоёр замын эсрэг талаас харж байсан чинь Э, О, Г гурав О.Б бид хоёрыг хөөж ирэхэд Т, Г, Б нар нь араас ирж салган бид нар бүгдээрээ эргээд машин дээр очиход зүүн хойд талын их гэрэл цуурч хагарсан байсан. Э О.Б-д цохиулсан уурандаа машиных нь гэрлийг гараараа цохиж хагалсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Г “Эмнэлэг дээр ирээд байж байсан Т, Б нар ярилцахдаа Э машины хойд их гэрэл цохиод хагалсан гээд яриад байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б “Х.Э түүний араас хөөж байгаад тээврийн хэрэгслийнх нь хойд талд очиж зогсмогцоо тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг баруун гараараа савж цохихоор нь би болиулж тайвшруулсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн гэрлийг ямар болгосныг анзаараагүй” гэх мэдүүлэг, гэрч Н.Т-гийн “О.Б, Ж.Т хоёр Э-аас зугтааж араас нь хөөх гэж байхаар нь бид нар болиулсан чинь дахин ална аа гээд О.Б тоёота прадо 150 маркийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа нэг удаа цохихоор нь хөгшөөн машин тэрэг эвдэллээ болиорой гэж холдуулаад гэрлийг нь харсан чинь цуураад хагарчихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний 32 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24/02/06 дугаартай дүгнэлт, гэрч Ж.Т, яллагдагч Х.Э нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг, гэрч Ц.Б, яллагдагч Х.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан мэдүүлэг, гэрч Н.Т, яллагдагч Х.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан мэдүүлэг, гэрч О.С, хохирогч О.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан мэдүүлэг, гэрч Ц.Г, хохирогч О.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Э нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан О.Б эзэмшлийн **** ОРА улсын дугаартай Тоёота ланд круйсер Прадо жэй-150 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг гараараа цохиж хагалсны улмаас 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Э бусдад цохиулж биедээ гэмтэл авсан үедээ санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгөд халдаж устгаж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “Хохирогчийн автомашины арын гэрэлийг Х.Э цохиж хагалсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргийг шинжлэн судлахад үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлгүүд байх боловч хохирогч О.Б “Х.Э миний машины арын гэрэлийн гараараа цохиж хагалахыг би харсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Т “Х.Э тээврийн хэрэгслийн хойд талд зогсож байхдаа орилон уурлаж О.Б эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын их гэрлийг гараараа 1 удаа цохиж харагдсан” гэх мэдүүлэг, Н.Т “Х.Э нь О.Б-д цохиулсан уурандаа араас нь явж байгаад машиных нь гэрлийг цохиж цуулж хагалсан, энэ үйл явдлыг бүгд харсан гэж бодож байна. Замын эсрэг талаас хүртэл О.Б хараад зогсож байсан” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрч Ц.Б “О.Б эргээд бид нар дээр ирэхдээ Х.Э руу хандаж яагаад машин цохиод байгаа юм бэ гээд ирж байсан, тэгээд Х.Э-ыг эмнэлэгт үзүүлэх гээд машины гэрэлд ач холбогдол өгөөгүй. Би тээврийн хэрэгслийн гэрлийг цохисон хойно нь хараагүй болохоор яг яасныг нь мэдэхгүй байна. Х.Э-ыг машины гэрэл цохиход тухайн үед байж байсан хүмүүс бүгд харсан гэж бодож байна. Х.Э нь О.Б-ыг зугтаахаар нь уурласан уурандаа машины гэрэл рүү цохисон гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Г “Эмнэлэг дээр ирээд байж байсан Т, Б нар ярилцахдаа Э машины хойд их гэрэл цохиод хагалсан гээд яриад байсан” гэх мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг шууд харсан гэх хохирогч О.Б, гэрч Ж.Т, Н.Т нарын мэдүүлгийг нотолж байх тул шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Хассүрэнгийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Э-аас 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч О.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ***** тоотод оршин суух, РД: АЮ**********, утас **********/-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А