| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2024/01580/И |
| Дугаар | 001/ХТ2025/00030 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2025/00030
Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03663 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/02095 дугаар магадлалтай,
Б-ын нэхэмжлэлтэй
“С” ХХК-д холбогдох
... газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
... газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Б-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ... газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Бд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03663 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан ... газрыг албадан чөлөөлүүлэх тухай Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ... газрын шударга эзэмшигчээр “Содмонгол групп” ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг “С “ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Бд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/02095 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 96 дугаар зүйлийн 96.3-т” гэснийг “90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 (дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Учир нь тус магадлалд Газрын дуудлага худалдааны төлбөр 29,540,000 төгрөгийг хариуцагч “С” ХХК нь 2017.07.17-ны өдөр ... Газрын албанд төлж барагдуулсан. Үүний дараагаас буюу 2017 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх газарт “С” ХХК нь шатахуун түгээх үйл ажиллагаа явуулсаар иржээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “С” ХХК нь өөрийн ажилтан Быг компанийг төлөөлүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцуулсан байна. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оролцож ялснаар газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээг авсан боловч газрын дуудлага худалдааны төлбөр, дэнчинг өөрөө төлөөгүйн зэрэгцээ газрыг зориулалтын дагуу эзэмшиж аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр газрын дуудлага худалдаанд өөрийн нэрээр оролцсон гэсэн боловч хэрэгт цугларсан баримтаар тэрээр хариуцагч компанийн ажилтны хувиар оролцсон, хариуцагч нь өнгөрсөн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж, холбогдох татвар, хураамж зэргийг төлж байсан байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг эзэмшигч гэж үзэхгүй.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас дуудлага худалдааны төлбөр, дэнчинд 30,000,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж буй боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд дурдсан агуулгад энэ талаар заагаагүй, уг тайлбарт холбогдох үйл баримтыг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн нэхэмжлэгч нь газрыг хариуцагчид түрээслүүлсэн, үнэ төлбөргүй ашиглуулсан, зээлийн хариу төлбөрт эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.
Иймд анхан шатны шүүх “С” ХХК нь өөрийн ажилтан Быг газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцуулж шатахуун түгээх станцын зориулалттай 5,000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон тул шударга эзэмшигч юм гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд нэгэнт газрын шударга эзэмшигч биш тул газрыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрх үүсээгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар үндэслэл бүхий болжээ.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, мөн нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж үнэлж, тайлбарласан. Тодруулбал, хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч “С” ХХК-аас нэхэмжлэгч Быг өөрийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцох үүрэг, чиглэл өгсөн, мөн газрын дуудлага худалдааны төлбөр болон дэнчинг төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 4.1-т "Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, дэнчин тавьснаар дуудлага худалдаанд оролцоно" гэж заасан буюу газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж оролцох эрхтэй байна.
Харин хариуцагч "С” ХХК нь өөрийн нэрээр дуудлага худалдаанд оролцох эрхтэй боловч тэр эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн ... салбарын даргаар ажиллаж байсан Быг маргаан бүхий газрын дуудлага худалдаанд оролцуулахдаа итгэмжлэл, үүрэг чиглэл, даалгавар өгсөн гэх тайлбар, мөн энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин нэхэмжлэгч Б нь ... газартаа өөрийн гэсэн газартай болж бизнес эрхлэх, газар эзэмших зорилгоор ... газрыг авахаар анх дуудлага худалдаанд оролцсон боловч давж заалдах шатны шүүхээс хариуцагч “С” ХХК нь өөрийн ажилтан Быг компанийг төлөөлүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцуулсан байна гэсэн нь үндэслэлгүй болсон. Улмаар дуудлага худалдаанд ялж газрын төлбөрийг төлөх боломжгүй байсан тул хариуцагч “С” ХХК-ийн ... салбарын даргаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан гэдэг утгаараа дээрх газрыг худалдан авах гэж байгаа талаараа компанидаа хэлж, хүсэлт тавьсны үндсэн дээр компаниас 30,000,000 төгрөгийг зээлж авахаар болж, улмаар тус газрын дуудлага худалдааны төлбөрийг хариуцагчаар төлүүлсэн. Энэ нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “С” ХХК-аас тус газрын төлбөр 29,520,000 төгрөгийг дээр газрын дуудлага худалдааны үнэ Бын өмнөөс гэсэн утгатай шилжүүлсэн 93 дугаартай төлбөрийн даалгавар, захирамжийн мөнгө 20,000 төгрөг, Ханги боомтын газрын дэнчин 480,000 төгрөгийг төлсөн болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зэргээр нотлогдож байна.
Гэвч давж заалдах шатны магадлалд нэхэмжлэгч нь хариуцагчаас дуудлага худалдааны төлбөр, дэнчинд 30,000,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж буй боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд дурдсан агуулгад энэ талаар заагаагүй, уг тайлбарт холбогдох үйл баримтыг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа “С” ХХК-иас 30,000,000 төгрөг зээлсэн бөгөөд нэхэмжлэгч зээлийн төлбөрийг буцаан төлөхөө илэрхийлсэн бөгөөд ингэхдээ зээл олгож, газрын үнийг төлүүлсэн учраас түүний хариу тусдаа буюу сайн дурын үндсэн дээр зээлийн төлбөрөө төлөх хүртэл түр хугацаагаар газрыг “С” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрснөөр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжсэн. Иймд тус газар дээр нэхэмжлэгч Бын зөвшөөрлөөр хариуцагч “С” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа өнгөрсөн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж, холбогдох татвар, хураамж зэргийг төлж байсан
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан ба нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд өөрийн газар дээрээ хариуцагч “С” ХХК-ийг ШТС-ын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр хариуцагчийн эзэмшилд шилжсэн буюу энэ тохиолдолд хариуцагч “С” ХХК-ийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд зээлийн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд өөрийн газар дээрээ хариуцагчийг ШТС-ын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч бүрэн эрх олгосон этгээд болох Б нь газрын эзэмшигч байна.
Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нь шаардах эрхтэй гэж дүгнэсэн.
Гэвч нэхэмжлэгч Б нь өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул хамгийн анх нэхэмжлэгч Б нь “С" ХХК-д 2023.10.23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариуцагч “С” ХХК нь өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөөгүй тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дэх хэсэгт “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2023.11.28-ны өдөр ... засаг даргад гомдол гаргасан боловч засаг даргаас 2023.12.21-ний 01/997 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас газар чөлөөлж өгөхийг шаардах өдөр хүртэлх хугацаанд “С” ХХК-аас өөрийн газраа чөлөөлүүлэхээр шаардаж байсан баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б нь ... сумын засаг даргын 2017.05.22-ны өдрийн А62 дугаар захирамжийн дагуу газар эзэмших, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулан тус газрын үнийг төлж, ... сумын Засаг даргын 2017.07.18-ны өдрийн А91 дугаартай захирамжаар ... газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, улмаар 2017.08.18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж тус газрыг эзэмшиж байгаа шударга эзэмшигч мөн байна.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох ... газрыг хариуцагч “С” ХХК-аас албадан чөлөөлүүлэх нь үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.01.21-ний өдрийн 001/ШХТ2025/00057 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Б нь “С” ХХК-д холбогдуулан ... газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...би ...өөрийн амьдарч буй газартаа өөрийн гэсэн газартай болж, бизнес эрхлэх, газар эзэмших зорилгоор газрын дуудлага худалдаанд оролцож, ... Засаг даргын 2017.07.18-ны өдрийн 04434-А91/2017 дугаартай захирамжаар ... газрыг “Шатахуун түгээх газар, агуулах”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Газрын дуудлага худалдааны үнэ 30,000,000 төгрөгийг “С” ХХК-аас зээлж, зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “С” ХХК-д үлдээсэн. Улмаар өөрөө газраа эзэмшихээр болж, “С” ХХК-д газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар газраа чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж байна...” гэж тайлбарласан,
Хариуцагч хариу тайлбартаа: “...“С” ХХК нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд тус газрыг дуудлага худалдаагаар авч, шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн үед салбарын даргаар ажиллаж байсан Быг дуудлага худалдаанд оролцуулж, дэнчин болон газрын үнийг төлж, газар эзэмших гэрээг байгуулан, шатахуун түгээх станцаа барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч Бд газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж,
“...Манай компанийн зүгээс Бтай зээлийн гэрээ байгуулж, зээл олгоогүй бөгөөд Б нь компанийг төлөөлөн дуудлага худалдаанд оролцож, газар эзэмших эрхтэй болсон. Уг газар эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг Баас удаа, дараа шаардсан ч шилжүүлэн өгөөгүй. Иймд тус компанийг шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоож, газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг иргэн Бд даалгаж өгнө үү...” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан,
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...“С” ХХК нь ажилчиддаа зээл олгодог учраас тус байгууллагад тогтвор суурьшилтай, олон жил ажилласны хувьд компанид хүсэлт тавьж, газрын дуудлага худалдааны үнийг компаниар төлүүлсэн, ...зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “С” ХХК-д үлдээж, өөрийн эзэмшлийн газарт түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. “С” ХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс газрыг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа: “...Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч Бтай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр газрын дуудлага худалдааны үнийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б нь “С” ХХК-ийн нэрийн өмнөөс газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож, ...газрыг эзэмших эрхтэй болсон байна. ...Иймд нэхэмжлэгч Быг шударга эзэмшигч гэж үзэхгүй... тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан шаардах эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар “С” ХХК-ийг маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд тус газар нь “С” ХХК-ийн эзэмшилд байгаа тул нэхэмжлэгч Б-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй. ...Дээрх үндэслэлээр маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр “С” ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Бд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.
9. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.
10.1. Хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч “С” ХХК-ийг ямар үндэслэлээр маргаж буй газрын шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь тодорхойгүй, энэ талаарх эрх зүйн үндэслэлээ шийдвэр, магадлалд тодорхой заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл, аливаа хөрөнгийг эзэмших эрхийг хуулийн эсхүл хэлцлийн үндсэн дээр олж авна.
Маргаж буй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б дуудлага худалдаагаар худалдаж авсан боловч уг газар нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа үйл баримт тогтоогджээ.
Харин хариуцагч дээрх газрын эзэмших эрхийг ямар журмаар олж авах эрхтэй болох, ийм эрх байгаа эсэх талаар шүүх тодруулаагүй байна.
Хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэл бүхий тогтоогдоогүй байх ба хариуцагч нь дуудлага худалдааны үнэ төлсөн, газар өмчлөгчтэй гэрээ байгуулж газрын төлбөрийг тогтмол төлж байгаа, нэхэмжлэгч тухайн байгууллагад ажиллаж байсан зэрэг нь сөрөг нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болохгүй юм.
10.2. Түүнээс гадна, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч байгаа тохиолдолд тэрээр мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ... газрыг шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар эзэмших эрхтэйг нотолсон Иргэний газар эзэмших эрхийн ... дугаар бүхий гэрчилгээг хэрэгт хавсаргаж өгсөн байна.
Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн 3 төрөлтэй байх ба иргэнд олгох гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмших газрыг хуулийн 29 дүгээр зүйлд заасан байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй хэмжээтэй газрыг, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй хэмжээтэй газрыг, Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тариалангийн газрыг гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан давуу эрхээр эзэмшүүлэхээр, үүнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлэхээр тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар эзэмших эрхтэй байгаа нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэх эсэх талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.
10.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т /өөрчлөлт орохоос өмнөх буюу газар эзэмших эрх олгох шийдвэр гарах үед үйлчилж байсан зохицуулалт/ энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэжээ.
Мөн Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1.2-т “газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө...-г үндэслэн зохион байгуулна” гэж, 6.1.2-т зааснаар “дуудлага худалдааны тов, тухайн нэгж талбарын хэмжээ, байршил, зориулалт, анхны үнэ, дуудлага худалдааны хэлбэр, дэнчингийн хэмжээг тогтоосон тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргах”-аар байна.
Маргаж буй газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, мөн тус газрын зориулалт, хэмжээ, байршлыг зааж дуудлага худалдаанд оруулах тухай эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр хэрэгт авагдаагүй байгаагаас тухайн газрыг иргэнд дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
10.4. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2002 он/ 15 дугаар зүйлийн 15.10.17-д “бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ” гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “...аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна” гэж тус тус зохицуулсан байхад хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.
Дээр дурдсанчлан, газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар борлуулах үйл ажиллагаатай холбоотой эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт байхгүйтэй холбогдуулан газар эзэмших анхны зориулалт өөрчлөгдсөн эсэх, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг эзэмшүүлэхээр дуудлага худалдаа явагдсан эсэхийг дүгнэх боломжгүй байна.
11. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхой тогтоогдсон байх шаардлагатай юм.
Ийнхүү хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/02095 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Баас 2024.12.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД