Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2227

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэртэй, Л.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 45 000 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын 3 488 370 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг, нийт 141 645 032 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Оэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "М" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Райнерын 1/16 тоот тушаалаар ерөнхий менежер албан тушаалын ажилд орж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 дугаар захирамжаар харилцан тохиролцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гүйцэтгэлд хандсан байгаа. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй, шийдвэрийг биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 13-аас шүүх хуралдаан хүртэл 9 сарын олговрыг нэг сарын 5 000 000 төгрөгөөр тооцон 45 000 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Мөн ажиллах хугацаандаа "нягтлан бодогч", "маркетинг борлуулалтын менежер"-ийн ажил үүргийг анхнаас нь хавсран гүйцэтгэх болсон. Гэвч нэмэгдэл хөлсийг олгож байгаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01 хүртэл хугацаанд хоёр ажил хавсран гүйцэтгэсэн бөгөөд цалин хөлсийг тохиролцоогүй тул үндсэн цалин 5 000 000 төгрөгөөр тооцон 8 сарын 42 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Намайг ажиллах хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгууллагын нийт борлуулалтын орлого 1 471 888 762 төгрөг байсан ба тус байгууллагад орох үеийн борлуулалтын орлогоос 3 хувиар тооцож урамшуулал олгохоор компанийн удирдлагатай амаар тохиролцсон. Иймд миний ажилласан хугацааны борлуулалтын орлогоос 3 хувийн урамшуулал 44 156 662 төгрөгийг нэхэмжилж байна.

Миний бие 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллах хугацаанд ээлжийн амралт авч байгаагүй тул Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд заасны дагуу 1 сард ногдох ээлжийн амралтын хоног 1.25 бөгөөд үүнийг ажилласан хугацаанд ногдуулвал 13.75 өдрөөр тооцогдоно. Ингээд 2005 оны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэг хоногийн дундаж цалин хөлс 232 558 төгрөгийг 15 хоногт тооцвол нийт 3 488 370 төгрөг авах ёстойг нэхэмжилсэн. Хариуцагч нь 1 931 818 төгрөг өгсөн гэдэгт маргахгүй тул хасч тооцон үлдэх хэсгийг гаргуулна.

Анх ажилд ороход ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд урамшуулал олгохоор амаар тохиролцсон ба 7 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан контрактын гэрээг "М" ХХК-тай бус "Эм Эс Эм групп" ХХК-тай байгуулсан тул энэ гэрээний дагуу нэхэмжлээгүй. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй ч уг үүргээ биелүүлээгүй. Тус байгууллагын удирдлагын нэг болох Лауренс Мелшерстэй урамшууллын талаар амаар тохиролцсон учир урамшууллыг шаардаж байгаа. Хэрэгт авагдсан мэйлээр уг тохиролцоо нотлогдоно. Нэхэмжлэгч анхнаасаа гурван хүний ажлыг давхар хийдэг байсан. Тус байгууллагад нягтлан бодогч гэж хүн байсан ч түүний ажлыг би хийж, тэрээр зөвхөн бичиг баримтад л гарын үсэг зурдаг байсан. "М" ХХК-д бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэдгийг эвлэрэл батлах үед мэдэж байсан. Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар "адил чанарын ажил, албан тушаал" санал болгоогүй, харин "маркетингийн менежер" гэсэн ажил санал болгосон нь адил чанарын албан тушаал биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Л.Оийн ажиллаж байсан орон тоо хасагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдсэн учир түүнийг шинэ ажлын байранд ажиллах талаар мэдэгдэж байсан боловч тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Компанийн зүгээс Л.Оийг ажлаас халаагүй, бүтцийн өөрчлөлтийн дагуу компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байсныг харгалзан шүүхийн шатанд түүнтэй эвлэрсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02853 тоот шийдвэрээр талуудын эвлэрлийг баталгаажуулж Л.Оэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 131 074 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэхээр шийдвэрлэсэн. "М" ХХК нь дээрх шүүгчийн захирамжийг бичгээр хүлээж аваад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай" гүйцэтгэх захирлын тушаалаар Л.Оийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар "Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулна" гэсний дагуу талуудын аль аль нь ажлын байр, түүний нөхцлийн талаар тохиролцох үүрэгтэй. Компанийн зүгээс уг үүргээ бүрэн биелүүлж ажилд эгүүлэн тогтоох тушаал, хөдөлмөрийн гэрээний төсөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг Л.Оэд хүргүүлж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлж тохиролцохыг мэдэгдсэн боловч Л.Оэ хариу өгөөгүй, компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Түүнээс гадна 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Л.Оийн ажилдаа эргэж ороогүй үйлдэлд компани буруугүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Л.Оэ анх ажлын байраа орхиж явснаас хойш өнөөдрийг хүртэлх нийт найм орчим сарын хугацаанд компанийн төлөөлөгчтэй ердөө нэг удаа биечлэн ирж уулзсанаас өөрөөр ажлаа хийх, хөдөлмөрийн харилцааг эхлүүлж үргэлжлүүлэх алхам огт хийгээгүй. Харин эсрэгээр компаниас түүнд ажлаа хийх тухай удаа дараа мэдэгдсээр байсан. Шүүхэд гаргасан урамшуулал, нэмэгдэл хөлстэй холбоотой шаардлагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаанд хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч нь эдгээр маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасны заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх ёстой атал өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлүүлэхээр хандаж байгаагүй.

Талууд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан борлуулалт болон ажлын гүйцэтгэлийн урамшуулал олгохоор тохиролцож байгаагүй бөгөөд гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хэмжээний цалин хөлс олгож байсан. Бусдын ажлыг хавсран буюу хослон гүйцэтгэсэн зүйл байхгүй. Энэ нь тухайн үед мөрдөж байсан тус компанийн дүрэмд "ерөнхий менежер"-ийн хийх ажил үүрэгт "төсвийн төслийг бэлтгэн гаргаж танилцуулах" гэж зааснаар өөрийн чиг үүргийн ажлаа хийж байсан нь харагдана. Мөн "нягтлан бодогч" гэсэн орон тоонд албан ёсоор өөр хүн ажиллаж байсан нь хэрэгт байгаа санхүүгийн тайланд гарын үсэг зурснаар харагдана. "Маркетинг борлуулалтын менежер" гэсэн орон тоо нэхэмжлэгчийг ажиллах үед тус байгууллагын бүтцэд байгаагүй. Угаасаа ерөнхий менежер борлуулалтын чиг үүргийг гүйцэтгэдэг байсан. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлаар харилцан тохиролцож байгаагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ээлжийн амралт авч байгаагүй гэж худал бичжээ. Л.Оэ нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 7 сар хүртэл ажилласан долоон сарын хугацаанд хамаарах ээлжийн амралтаа эдэлж, түүнд 1 931 818 төгрөг олгосон. Нотлох баримтыг хэрэгт өгсөн. Л.Оийн цалин хөлстэй холбоотой гаргасан шаардлага хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, агуулгын хувьд үндэслэлгүй байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-иас 8 659 353 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Оэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 131 059 863 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “М” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874 950 төгрөгөөс илүү төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 153 499 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх, хариуцагч байгууллагын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон талаар дүгнэлт хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд буцааж аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй болно. Түүнчлэн ажил хавсран гүйцэтгэсний хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг шүүх баримтаар нотлоогүй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхээс гадна, нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасан. Уг асуудлыг хэрэгт цугларсан баримтаар хариуцагч байгууллагын хувьцаа эзэмшигч Лауренс Мелшерс-ийн ирүүлсэн цахим шуудангаас борлуулалтын 3 хувиар урамшуулал олгох асуудал, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг байхаар, олон ажил хавсран гүйцэтгэж байсан зэрэг нь тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Л.Оэ нь хариуцагч “Мастертайм” ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 45 000 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 1 556 552 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг, нийт 139 713 214 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 181/ШШ2017/02853 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч /1хх4-5/ Л.Оэ нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 131 074 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар хариуцагч “Мастертайм” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч тал дээрх шийдвэрт үндэслэж нэхэмжлэгч Л.Оийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн R-09/17 тоот тушаалаар /1хх39,40/ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн этгээд заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын тохиролцоо бүхий 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаас хойш ажил олгогчийн тушаалд заасан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр түүнийг ажилд нь тогтоосон гэж дүгнэж, тухайн хугацаанд ногдох цалингийн олговорт нийт 7 408 032 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийг бүтцийн өөрчлөлт хийсэн, “маркетингийн менежер” гэх албан тушаал санал болгосон, ажилд томилсон тушаал гаргасан, түүнийг хүлээн авсан, хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар мэдэгдсэн зэрэгт маргаагүй.  Харин тухайн тушаал, гэрээний төсөлд заасан нөхцлийг зөвшөөрөх боломжгүй байсан гэж тайлбарлах боловч тэдгээр нь өөрийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхолд нийцэхгүй байгаа талаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байдал тогтоогдоогүй болно. Үүнийг анхан шатны шүүх “ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарснаас хойш үүссэн харилцаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны ээлжийн амралтад ногдох хоногийг 13.75 өдрөөр тооцож ажил олгогчоос 3 183 139 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас олгосон 1 931 818 төгрөгийг нэхэмжлэлийн энэ шаардлагаас хасч үлдэгдэл 1 251 321 төгрөгийг шаардсан үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй болно.

Түүнчлэн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42 000 000 төгрөг, борлуулалтын урамшуулал 44 156 662 төгрөг, ажлын гүйцэтгэлийн урамшуулал 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Оэ “нягтлан бодогч, “маркетинг борлуулалтын менежер”-ийн ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, талуудын хооронд ажил хавсран гүйцэтгэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

Мөн борлуулалтын болон ажлын гүйцэтгэлийн урамшуулал авах талаар ажил олгогчтой амаар тохиролцсон, үүнтэй холбоотойгоор компанийн удирдлагуудтай цахим шуудангаар харилцаж байсан гэх үндэслэл зааж, тэдгээр цахим хаягт үзлэг хийх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Шүүх дурдсан ажиллагааг явуулсан боловч үүгээр ажил олгогч нь Л.Оэтэй дээрх урамшуулал тус бүрийг олгохоор тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, өөр хуулийн этгээдийн албан тушаалтантай харилцсан, мөн ажил олгогч талтай хөдөлмөрийн харилцаа үүсэхээс өмнөх цаг хугацааны үйл баримт болох нь нотлогджээ.

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэмжээнд хамаарах хэсгийг нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэгч нь “хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1\

. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 820 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА