| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0294/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/302 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/302
2024 07 01 2024/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн 2425000000381 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
З.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.Б нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-12 дугаар байрны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Д хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б “Мэдүүлэг өгөхгүй. Миний буруутай үйлдлийн улмаас ийм явдал болсон. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Хохирогч Л.Д “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Д-ийн “2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр найз Л болон түүний нөхөр Э нарын хамтаар Булган аймаг Орхон сумын Ар мэргэн гэх газар очиж салхинд гарч модны захад мах шарж идээд нөхрүүд виски бага зэрэг ууж хэрэглээд буцаад 20 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-22 байранд байх найз Э, Л нарын гэрт ирээд нөхрүүд 2, 2 лааз пиво уугаад гэрээс нь 21 цаг өнгөрч байхад гараад би 22 цагийн үед өөрийн ажилдаг Жинст эмийн санд ирээд байж байхад нөхөр Б араас ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би гэртээ харьж амар гээд явуулсан. Дахин ажлын хаалга нүдээд байхаар нь би эмийн сангаас гараад зам гараад гэрийнхээ чиглэлтэй гүйсэн чинь араас гүйж ирээд бариад явуулахгүй зууралдаад миний хоёр гарыг ард минь барьчхаад чирээд явж байгаад Уурхайчин багийн 3-12 дугаар байрны ойролцоо баруун гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохиход миний хамраас их хэмжээний цус гараад доош тонгойчихсон байж байхад хажуугаар өнгөрч явсан 2-3 эрэгтэй хүүхдүүд та эмэгтэй хүн зодохоо болиоч гэхэд нөхөр та нарт ямар хамаатай юм гээд тэр хүүхдүүд рүү дайраад байсан. Тэр үед мөн нэг эрэгтэй хүн ирээд би 3-13 дугаар байрны цонхоороо харж байсан чинь чамайг шууд цохиод авахаар нь ах нь гараад ирлээ гээд өндөр туранхай хүн ирж салгасан. Тухайн үед миний хамраас их хэмжээгээр цус гараад байсан болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадаагүй. Мөн миний утсыг салгахаар ирсэн хүүхдүүд авчирч өгч байсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн хүнийг би бол мэдэхгүй байна. Ямар ч байсан тонгойчихсон байхад хүүхдүүд цагдаа дууд гээд байсан магадгүй тэр хүүхдүүдийн нэг нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх. Миний хамрын таславч муруйсан. Хамрын яс чихэгдэж хамрын нуруу яс хугарсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13-р тал/
2. Гэрч Н.Л-ын “2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Л.Д түүний нөхөр З.Б миний нөхөр Э бид нар Булган аймаг Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах Ар мэргэн гэх газарт очиж модны захад сууж агаарт гарангаа мах шарж идээд нөхрүүд авч явсан нэг шилтэй Вискиг хувааж ууж дуусгаад тэндээсээ 20 цаг өнгөрч байхад манай гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-22-67 тоотод ирээд нөхрүүд 2, 2 лааз пиво хувааж уугаад Д ажилтай байсан болохоор явлаа гээд нөхөртэйгөө цуг явсан. 2024 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг болж байхад Д над руу “Би эмнэлэг явж байна” гэсэн зурвасыг 2024 оны 05 дугаар сарын 18-ны 23 цаг 17 минутад над руу бичсэн байсан. Тухайн үед би утасныхаа дууг хаачихсан байсан учраас зурвас ирснийг нь мэдээгүй. Тэгээд холбогдоод утсаар ярьсан чинь 09 цагт эмнэлэгт хүргээд өг гэхээр нь би 2024 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 30 минутын үед гэрт очоод эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байхдаа юу болсон талаар асуухад “Танай гэрээс гараад ажил руугаа явах гэсэн чинь Ба явж өгөхгүй байхаар нь 2-4 дүгээр байрны ойролцоо орхиод 2-6 дугаар байранд байх ажил руугаа орсон. Ажил руугаа орчихсон байж байхад нь нөхөр нь ажил дээр нь ирчихээд хаалга нүдээд байхаар нь чи гэртээ харь гээд Д явуулсан чинь дахиж ирээд нүдээд байхаар нь Д ажил дээрээсээ дагуулаад гэртээ дөхүүлэх гээд түрүүлээд гүйгээд явсан чинь нөхөр нь араас нь гүйж очоод барьж аваад хоёр гарыг барьж аваад явуулахгүй зууралдаж байгаад шууд нүүр рүү нь цохичихсон гэсэн. 2021 оны 07 дугаар сарын үед зодож байсан гээд над руу чатаар зураг явуулж байсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө зодож байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой зодсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
3. Гэрч М.Э-ын “Манай гэрт ирээд Б бид хоёр лаазтай пиво 2, 2-г хувааж ууж дуусгаад Д, Б хоёр гэрээс гараад явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор унтаад өгсөн. Харин маргааш нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Л надад Б Дг зодоод хамрыг нь гэмтээчихсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23-р тал/
4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай “Л.Д-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсзн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн рэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 32-33-р тал/
5. Яллагдагч З.Б “Прокурорын тогтоолтой уншиж танилцсан, хийсэн үйлдпээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэг ухаан орсон чинь эхнэрийн хамраас цус гарчихсан доошоо суучихсан байсан. Би эхнэрийнхээ нүүрэн тус газарт нэг удаа цохисон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 67-68-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Б нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагдэвсгэр 3-12 дугаар байрны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Д хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Д-ийн “хоёр гарыг ард минь барьчхаад чирээд явж байгаад Уурхайчин багийн 3-12 дугаар байрны ойролцоо баруун гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохиход миний хамраас их хэмжээний цус гараад доош тонгойчихсон байж байхад хажуугаар өнгөрч явсан 2-3 эрэгтэй хүүхдүүд та эмэгтэй хүн зодохоо болиоч гэхэд нөхөр та нарт ямар хамаатай юм гээд тэр хүүхдүүд рүү дайраад байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Л-ын “хоёр гарыг барьж аваад явуулахгүй зууралдаж байгаад шууд нүүр рүү нь цохичихсон гэсэн. 2021 оны 07 дугаар сарын үед зодож байсан гээд над руу чатаар зураг явуулж байсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө зодож байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой зодсон байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Э-ын “2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Л надад Б Дг зодоод хамрыг нь гэмтээчихсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай дүгнэлт, яллагдагч З.Б “нэг ухаан орсон чинь эхнэрийн хамраас цус гарчихсан доошоо суучихсан байсан, би эхнэрийнхээ нүүрэн тус газарт нэг удаа цохисон байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Б нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагдэвсгэр 3-12 дугаар байрны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Д хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-ийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900 000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт З Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А