Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/693

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Г.Гантөр, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405007990905 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  “********”  ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 76-26г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Гөөг овогт Ганболдын Гантөр /регистрийн дугаар: ************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гантөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Г.Гантөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, хохирогч Ү.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/, Хаан банкны Ү.Батцэцэг эзэмшигчтэй, 5025872365 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34-35 дэх тал/, Хаан банкны 5025872365 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 дэх тал/, Хаан банкны 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 29/6855, 29/6856 дугаартай албан бичиг, хавсралтууд /хх-ийн 30-33 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 38-44 дэх тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах” гэж хуульчлан тодорхойлсон байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г.Гантөр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Гантөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.Гантөр хохирогч Ү.Батцэцэгт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан ба түүнд 1.535.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг баталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч Г.Гантөрийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405007990905 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гөөг овогт Ганболдын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантөрийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гантөр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гантөр нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН