| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00456/И |
| Дугаар | 183/ШШ2021/02376 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/02376
|
2021 оны 10 сарын 25 өдөр |
Дугаар 183/ШШ2021/02376 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол, ............. гудамж, ... байрны ... тоотод оршин суух Э овогт Б.О /РД:......./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, .......... дүүрэг, .... дугаар хороо, ....... байрны .. тоотод оршин суух .... овогт Х.Г /РД:......./-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ..... дүүрэг, .... хороо, .... байр,.......... тоотод оршин суух О.С, Ц.Н,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .......... ХХК
2020 оны 08 сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.С, Ц.Н, .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Э, гэрч Х.О, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.О нь 2020 оны 08 сарын 25-ны өдөр ......... дүүргийн Наадам центрийн урд байранд байрлах ББСБ-ын захирал Х.Гтай уулзан зээл хүсэж, Зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн ......... дүүргийн ..... хороо, *** байранд байрлах 1 өрөө болон 2 өрөө орон сууцыг барьцаалуулахаар ярилцсан юм. Тухайн үед Х.Г нь манай Банк бус санхүүгийн байгууллага зөвхөн авто тээврийн хэрэгсэл барьцаалж зээлийн үйлчилгээ үзүүлдэг юм, харин үл хөдлөх хөрөнгийн хувьд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байж зээлийн үйлчилгээ үзүүлдэг гэсний дагуу дээрх 2 гэрээг байгуулсан. Та тохирсныхоо дагуу cap бүрийн хүүгээ төлж яваад үндсэн зээлж авсан мөнгөө төлөөд барьцаанд тавьсан орон сууцнуудаа эргүүлээд өөртөө шилжүүлээд авч болно гэж хэлж тайлбарлаж байсан болно. Би тэгэхэд нь зээлийн гэрээгээ ингэж хийдэг журамтай л юм байх гэж ойлгоод ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, 54 тоотын 71.2 мкв 2 өрөө орон сууцаа барьцаалж 80 000 000 төгрөг, мөн ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, *** тоот, 54,82 мкв 1 өрөө орон сууцаа барьцаалж 60 000 000 төгрөг, нийт 140 000 000 төгрөг зээлж авсан юм. Ингээд Х.Г нь мөнгө шилжүүлэхдээ 2020 оны 08 сарын 26-ны өдөр 60 000 000 төгрөг, 2020 оны 09 сарын 02-ны өдөр 80 000 000 төгрөгийг тус тус миний ....банкин дахь данс руу шилжүүлсэн. Дээрх 2 байр нь ах Х.Оын байр бөгөөд тухайн үед ....... банкнаас чөлөөлөхдөө миний нэр дээр гэрчилгээг авсан байсан ба яаралтай мөнгөний хэрэг боллоо чи зээл аваадах гэж ярихаар нь Х.Гтай яриад зээл авч өгсөн. Ингээд сарын хүүг 5% гэж тохирсон бөгөөд зээлийн хүүнд ах Х.Оын данснаас Х.Ггийн ....банкны ******** тоот данс руу 2020.09.26-нд 3 000 000 төгрөг, 2020.10.02-нд 4 000 000 төгрөг, 2020.10.26-нд 3 000 000 төгрөг, 2020.11.03-нд 4.000.000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг төлсөн байсан. Үүнээс хойш 2020 оны 11, 12, 01 дүгээр саруудад Монгол улсад бүх нийтийн ендөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан манай компанийн үйл ажиллагаа доголдож, миний бие тохирсон зээлийнхээ хүүний мөнгийг төлж чадахгүйд хүрсэн билээ. Гэтэл Х.Ггийн зүгээс ...чи бид 2-ын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ гэрээнүүдийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар албан ёсоор бүртгээд өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр шилжсэн, би орон сууцнуудаа худалдан борлууллаа, миний орон сууцнуудыг чөлөөлж өг гэж хэлээд янз бүрийн шахалт, дарамт үзүүлэх болсон. Миний бие Б.О нь өнөөг хүртэл Х.Гтай Зээлийн гэрээ л байгуулсан, энэ гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа билээ. Харин Х.Г нь надтай Зээлийн гэрээг халхавчилж, өөр гэрээг байгуулаад миний өмчлөх эрхийг зөрчихөөс гадна би ихээхэн хэмжээний хууль бус өр төлбөрт орж болзошгүй нөхцөлд ороод байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Улаанбаатар хот, ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, 54 тоот, 71,2 мкв 2 өрөө орон сууцыг чөлөөлж авсан. Харин Х.Г нь 1 өрөө орон сууцыг бусдад худалдаж, бидний өмчийг зарсан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2, 56.1.3-т заасны дагуу энэ гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул 2579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаж буй ......... дүүргийн 11 дүгээр хороо, ......... гудамж, *** байрны *** тоот, 54.82 м.кв бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Гн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч Х.Г иргэн Б.Отэй эртний танилууд. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.О нь Х.Гтай уулзаад надад 60 000 000 төгрөгийн яаралтай хэрэгцээ байгаа учраас та надад байгаа ......... дүүргийн 11 дүгээр хороо, ......... гудамж, *** байрны *** тоот хаягт байрлалтай, 54.82 м.кв 1 өрөө байрыг худалдаж аваач гэсэн агуулгаар хүсэлт гаргасан. Түүний дагуу Х.Г нь орон сууцыг худалдаж авсан. Энд банк бус санхүүгийн байгууллагаар, банкаар, эсвэл барьцаалан зээлдүүлэх зэрэг хэлбэрээр авсан зүйл байхгүй, энэ нь иргэд хоорондын худалдах-худалдан авах гэрээ. Нэгэнт энэ байрыг худалдаж аваад төлбөрөө төлсөн учраас гэрээний хэлбэр болон агуулгын шаардлагыг хангасан, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Нэгэнт хууль ёсны өмчлөгч болсон учраас дараа, дараагийн хүн рүү захиран зарцуулах эрх нь хуулийн дагуу нээлттэй учраас энэ байрыг худалдсан. 2 дахь байрны тухайд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахиад байраа зарахаар боллоо гэсэн, тухайн үед байраа худалдсан уу гэвэл худалдсан. Гэхдээ яагаад худалдах гээд байгаа, энэ асуудал чинь хуулийн дагуу юм уу, яагаад давхар давхар байрны асуудал гаргаж ирээд байна гэхээр н.Дгэдэг хүнтэй шүүхийн асуудалтай, энэ хүн Х.О бид хоёрыг цагдаад дуудан асуудал үүсгэж байгаа учраас энэ байрны асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй байна гэж тухайн үед хэлсэн. Хэрэв н.Днь буцааж авах магадлал байгаа бол сард 2 удаа хүү, төлбөрөө төлөөрэй гэсэн асуудлууд яригдсан. Яг үүний дагуу төлбөрөө төлөөд явж байгаад болихоор нь маргаантай байгаа юм байна, эхний байр асуудалтай, 2 дахь байр ч асуудалтай юм байна, гэхдээ энэ байрнуудаас салъя гэдэг байдлаар манай үйлчлүүлэгч 2 байраа зарсан. Яг ингээд зарсны дараа Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу очиж нэхэмжлэлийг гардаж аваад дахин уулзаад энэ асуудал дээр эвлэрье гэдэг байдлаар хоорондоо тохиролцсон. Эвлэрье гэдэг байдлаар тохиролцонгуут Б.О, Х.О нарыг цагдаагийн байгууллагад өгсөн н.Дгэдэг хүн орж ирээд 2 өрөө байр нь миний мэдлийнх учраас энэ 2 өрөө байрыг 4 автомашинаар болон өмнө нь өгч байсан тэр зээл, төлбөр тооцоогоор хааж байна гэдэг асуудал ярьсан. Үүний дагуу 2021 оны 5 дугаар сарын 12-ны дагуу үнэн зөв, бодит, бүрэн дүүрэн тайлбарыг яг ингэж гаргаж өгсөн тул 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2 дахь байр асуудалтай, хүний байр байсан учраас Б.Оийн нэрийн өмнөөс Х.О төлбөрийг нь сунгалт хийх байдлаар төлж байсан зэрэг асуудлууд нь илэрч гарч ирсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2 өрөө байрыг машинаар сольсон асуудалтай холбоотойгоор бид хүсэлт өгсний дагуу Авто тээврийн үндэсний төвөөс машины лавлагаанууд гарч ирсэн. Ингээд баримтууд нь бүрэн дүүрэн гарч ирсэний дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан учраас 2 өрөө байран дээр аль, аль нь маргаан байхгүй. Нэг өрөө байрны хувьд хууль ёсны дагуу худалдан авч, өмчлөгч нь болсон, тэгээд байраа буцааж зарсан асуудал байгаа гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.С, Ц.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боловсролын байгууллагад багшийн ажил хийдэг жирийн нэгэн эмэгтэй, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Ер нь ипотекийн 6 хувийн зээлээр энэ орон сууцыг худалдаж авсан бөгөөд худалдаж авахдаа зарын дагуу судлаад, байраа үзэж сонголтоо хийгээд авсан. Энэ мэдээ болон шүүхийн асуудлыг сонсоод би маш их цочролд орж, сэтгэл санаагаар хямарч, улмаар ажил төрлөө хийж чадахгүй, санаа зовсон, тогтворгүй байдалд орсон. Яагаад гэхээр энд байгаа бүх хүн мэдэж байгаа, ипотекийн 6 хувийн зээлийн болзол, шаардлагыг хангана гэдэг нь өөрөө амаргүй зүйл. Би үүнд бэлдэж, өөрөө зээлийнхээ шаардлагыг хангаж, зарсан хүндээ ч гэсэн төлбөр мөнгийг нь төлж дуусгаад энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Одоо би өөрийгөө энэ байрыг шударгаар эзэмшиж байгаа, өмчилсөн хүн гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд .......... ХХК-ийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... ХХК нь иргэн Б.Н О.С нартай зээлийн гэрээ байгуулаад энэ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад нь зориулж зээл олгосон, тэгээд энэ хөрөнгийг барьцаалсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зээлийн болон барьцааны шаардах эрх нь Монголын ипотекийн корпорацид шилжсэн ийм зээл байгаа. Банк хамтран үүрэг гүйцэтгэгчээр уг харилцаанд оролцож байгаа. Ерөнхийдөө анхны гэрээ хэлцлүүдтэй холбоотой ямар нэгэн байдлаар зээлийн болон худалдах-худалдан авах гэрээ гэж хэлээд байгаа хэлцэл нь хүчин төгөлдөр бусд тооцогдсон эсэхээс үл хамаараад уг эд хөрөнгийг шударгаар олж авсан болон хуульд заасан журмын дагуу барьцаалсан этгээдүүдийн ашиг сонирхлыг хөндөх ёсгүй. Ямар нэгэн байдлаар тэр гэрээтэй холбоотой хүчин төгөлдөр бусд тооцогдох агуулга байгаа бол бидний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулаад тухайн гэрээ хэлцлээр авсан зүйлээ буцааж өгөх боломжгүй бол үнийг төлнө гэж заасны дагуу зөвхөн энэ 2 тал хоорондоо учраа олоод шийдэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх гэрч Х.Оын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Х.Гд холбогдуулан талуудын хооронд 2020 оны 08 сарын 26-ны өдөр, 2020 оны 9 сарын 02-ны өдөр тус тус байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, *** тоот, 54,82 мкв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр, ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, 54 тоот, 71,2 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгохоор шаардсныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, 54 тоот, 71,2 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, багасгасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2020 оны 08 сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч Б.О нь ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, *** тоот, 54,82 мкв 1 өрөө орон сууцыг, 60 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Х.Г төлбөрийн 60 000 000 төгрөгийг бүрэн төлж дууссанаар, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 4-6/
Дээрх гэрээний дагуу 2020 оны 09 сарын 09-ний өдөр өмчлөх эрх Х.Гн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна./хх-ийн 62/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Х.Г нь Наадам центрийн урд байранд байрлах ББСБ-ын захирал бөгөөд мөнгөний яаралтай хэрэг гараад өөрийн өмчлөлийн 2 байрыг барьцаалж, зээл авахаар уулзсан. Ингээд Х.Г манай ББСБ нь авто тээврийн хэрэгсэл барьцаалж зээлийн үйлчилгээ үзүүлдэг юм, харин үл хөдлөх хөрөнгийн хувьд Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байж зээлийн үйлчилгээ үзүүлдэг гэснийг дагуу дээрх 2 гэрээг байгуулсан. ...орон сууцаа худалдах зорилгоор бус барьцаалж мөнгө зээлсэн бөгөөд Х.Г нь 1 өрөө орон сууцыг бусдад худалдаж, бидний өмчийг зарсан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2, 56.1.3-т заасны дагуу энэ гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл. гэж тайлбар гаргасныг,
хариуцагч тал ...2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.О нь Х.Гтай уулзаад надад 60 000 000 төгрөгийн яаралтай хэрэгцээ байгаа учраас та надад байгаа ......... дүүргийн 11 дүгээр хороо, ......... гудамж, *** байрны *** тоот хаягт байрлалтай, 54.82 м.кв 1 өрөө байрыг худалдаж аваач гэсэн агуулгаар хүсэлт гаргасан. Түүний дагуу Х.Г нь орон сууцыг худалдаж авсан. Нэг өрөө байрны хувьд хууль ёсны дагуу худалдан авч, өмчлөгч нь болсон. гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тогтооход нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай байдаг ба нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х.Гд дээрх орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдах зорилготой байсан уу, эсвэл уг байрыг барьцаалж, 60 000 000 төгрөгийн зээл авах хүсэл зоригтой байсан уу гэдэг нь чухал юм.
Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.
Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрч Х.Оын мэдүүлэг болон хариуцагч Х.Гн дансны хуулга зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.О нь орон сууцаа барьцаалж, зээл авах хүсэл зоригийг хариуцагч Х.Г хүлээн авч тэдний хүсэл зоригийн илэрхийлэл Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр илэрхийлэгджээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Х.Гн ...... тоот дансанд гэрч Х.Оын ..... тоот данснаас 2020.09.26-ны өдөр 3 000 000 төгрөгийг, 2020.10.26-ны өдөр 3 000 000 төгрөгийг, 2021.02.25-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ нь талуудын хооронд 60 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлж, хүүг сар бүр төлж байсан гэх үйл баримтыг нотолж байгаагийн дээр, зээл авах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж барьцаалсан худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах болсон шалтгаанаа хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтээр уг орон сууцыг худалдаж авсан гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
Хариуцагч Х.Г нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2021 оны 03 сарын 02-ны өдөр Т.Бд 25 000 000 төгрөгөөр, иргэн Т.********* нь 2021 оны 03 сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу 72 000 000 төгрөгөөр иргэн О.С, Ц.Н нар нь Худалдаа, хөгжлийн банкны зээлээр худалдан авсан байх ба хэрэгт эдгээр баримтууд авагдсан байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ., мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. гэж зааснаар О.С, Ц.Н нарыг ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, *** тоот, 54,82 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээр байна.
Эдгээрээс дүгнэхэд Х.Г нь хэлцлийн үндсэн дээр ......... дүүргийн 11 дүгээр хороо, ......... гудамж, *** байрны *** тоот хаягт байрлалтай, 54.82 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болсон боловч талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Б.О нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй хэдий ч тухайн орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд О.С, Ц.Н нараас шилжүүлэх боломжгүйн дээр, мөн хэрэгжих боломжгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О, Х.Г нарын хооронд 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Оийн ......... дүүрэг, ..... хороо, 17021 ...... гудамж, *** байр, *** тоот, 54,82 мкв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ггаас улсын тэмдэгтийн хураамжинд 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ