| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03177/И |
| Дугаар | 183/ШШ2021/02355 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/02355
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/02355 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... дүүрэг, ... дүгээр хороо, ...... тоот хаягт оршин суух Б овогт М.М /РД:......./-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..... дүүрэг, ...дүгээр хороо, .........., .... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух Ц овогт Д.П /РД:........./-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.М нь Д.Птэй 2010 онд танилцаж, 2012 онд нэг гэрт хамтран амьдарч, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү Б төрсөн. Хүүгээ төрөхөд нь Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авахдаа эцгээр нь овоглосон. Д.П нь архины хамааралтай хүн. Мөн гэр бүлээс гадуурх харилцаатай удаа дараа байсан ба тухайн үеийн хүүхэн нь нэг бус удаа намайг гэрээсээ хүүгээ аваад яв гэж хүртэл дарамталж байсан. Дарамтаас болж хэд хэдэн удаа салж, заримдаа би хүүгээ аваад явж, мөн хүүгээ орхиж хүртэл салж байсан. Бүр сүүлдээ ээжтэйгээ нийлж, архидан согтуурч байх үедээ миний нүүрийг ээж нь маажиж, хэлэх хэлэхгүйгээр хэлж байхад хараад хэвтэж байсан. Энэ үед хүү хүртэл харж байсан. Хүү минь айж, намайг өмөөрч, боль гэхэд нь аав нь хүүг загнаж байсан. Энэ мэтчилэн удаа дараа дарамталж, хөөж, гар хүрч, хэлэх хэлэхгүйгээр хэлж байсан учраас хамт амьдрах боломжгүй болсон. 2021.02.23-ны өдөр хүүгээ аван айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Д.П нь цуг амьдарч байх үедээ ажил бараг хийж байгаагүй, ажил хийсэн ч гэртээ болон хүүхэддээ огт зарцуулж байгаагүй. Одоо хүү П.Б минь 3 дугаар ангийн сурагч болсон учраас хичээлийн хэрэгсэл, хувцас, бас бус зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймээс 2013.01.28-ны өдөр төрсөн П.Бд эцгээс нь тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Мтай 2010 онд танилцаж, 2012 онд нэг гэрт амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаанд 2013.01.28-ны өдөр хүү П.Б төрсөн. Төрснөөс нь хойш М.М нь 2016 он хүртэл хүүгээ харж гэртээ байсан. М.М нь мэргэжил байхгүй учраас миний эцэг эх мөнгөний туслалцаа үзүүлж, Чухал амжилт сургалтанд оёдолчин мэргэжилтэй болсон. Мөн оёдлын машин болон хэрэгсэл авч өгсөн. Хамтран амьдрах хугацаанд миний бие эхнэр, хүү хоёроо идэж, уухаар дутаагаагүй. 2017 онд М.М нь Турк улс руу 2 жил гаран амьдрах хугацаанд хэд хэдэн удаа утсаар ярьсан. Хүүгээ мартсан. 2019 онд М.М Монгол улсад ирж, нөхөр болох надтай уулзалгүйгээр хүүгээ авч явсан. Багануур аймагт эгч дээрээ очиж 3 сар амьдарч байгаад чадахгүйн улмаас миний бие хүү, эхнэр хоёрыг гэртээ авч ирсэн. 2021.02.05-ны өдөр М.М надтай амьдарч чадахгүй гээд явсан. Одоо миний хүү П.Б нь гэр хороололд харж хандах хүн байхгүй. М.М нь өглөө гараад орой ажлаасаа тардаг. Миний бие болон сэтгэл санаа зовж, хүүтэй минь хүртэл уулзуулахгүй байна. Би 2021.08.28-ны өдрөөс барилгын салбарт ажил хийж байх үедээ гэмтэж, одоогоор ажилгүй байгаа. Гэхдээ хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Д.Пд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
М.М, Д.П нар нь 2012 оноос хамтран амьдарч, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү П.Бын эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.М нь хүү П.Бд хуульд заасан тэтгэлэг тогтоолгож, эцэг Д.Пгээр тэжээн тэтгүүлэхээр шаардсаныг хариуцагч нь зөвшөөрсөн тайлбарыг гаргаж энэ асуудлаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлд зааснаар дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаагүй тул 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин П.Быг эх М.Мын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр хүү П.Быг эцэг Д.Птэй уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү П.Быг эх М.Мын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү П.Быг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Пгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Д.П нь хүү П.Бтай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Мд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М олгож, хариуцагч Д.Пгээс хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 37 030 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б. МӨНХЖАРГАЛ